Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Б.Сансарбаяр,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн *******-д холбогдох эрүүгийн 2124000930098 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ....... оны ...... дугаар сарын ......нд....... аймгийн ....... сумд төрсөн, ........ настай, ......... ............. боловсролтой, ......... мэргэжилтэй, мал малладаг, ........ аймгийн ............. сумын ........багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, А овгийн *******-д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн нутаг Овооны өвөр гэх газарт Т.С-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч Т.С-н: “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А, Ж бид гурав Баянцагаан багийн нутаг Шугуйн ам гэх газар байх Р гэх айлд очсон. Тэгээд Ж өвөлжөөнөөсөө өвс ачихаар А-н машиныг унаад явсан. Харин А бид хоёр Р гэх айлд Ж-г хүлээгээд үлдсэн. Ж 17 цагийн үед өвсөө ачаад ирсэн. Тэгээд А бид хоёр А-н гэр рүү явахаар яг хөдлөх гээд машиндаа сууж байтал Ц, Ү, М, А нар мотоциклтой ирсэн. Намайг машиндаа сууж байсан чинь Ү ирээд намайг ах хоёулаа нэг уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад ирсэн чинь миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд М, А нар ирж салгасан... *******-д зодуулсны улмаас миний хамрын хянганы яс хугарч мөгөөрөс нь цааш чихэгдсэн байсныг гаргуулж эмчилгээ хийлгүүлсэн...надад учруулсан хохирол болох 960.400 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 33-р хуудас/,

Гэрч Д.Д-н: “...Тэр өдөр би М гэх залуутай хамт мотоциклоор Шаврын голоос хөдлөөд Яруу сумын гаралтай Р гэх айлын гадаа очсон. Би мотоциклоос буугаад шууд айлд орсон, айлд цай уугаад гараад ирсэн чинь Т.С, ******* нар зодолдсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

              Гэрч Ц.М: “... Тэр өдөр буюу 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн дүүтэйгээ хамт гэрээсээ адуунд явах гэж гараад А-тай айлын гадаа уулзсан юм. Би А ахтай мөн эхнэр С эгчтэй хамт машинд нь наймаа хийх талаар яриад байж байтал машины ард 10 гаруй метрийн зайд хүмүүс маргалдах, зодолдох чимээ гарсан. Тэгээд бид нар машинаас буугаад гүйгээд очтол Т.С газарт дээшээ хараад унасан байдалтай Т.С-н дээр нь ******* гараад суучихсан заамдаж зуурсан байдалтай байхаар нь А ах бид хоёр очиж тэр хоёрыг салгасан...Т.С-н хамар нь хавдсан цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000000381 дугаартай: “... Иргэн Т.С-н хамрын хянга ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн Т.С-н биед үүссэн дээрх гэмтлүүд нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой...Иргэн Т.С-н биед үүссэн дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас, толгойн томографийн шинжилгээний дүгнэлт, 

 

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Завхан аймгийн Цагдаагийн газрын А овгийн ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18ы өдрийн 85 дугаартай: “...******* нь ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Архи тамхи хэрэглэдэггүй, төлөв дагуу зантай, манай багийн байнгын оршин суух, үндсэн иргэн мөн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/

******* /РД:ИМ98120217/-гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

******* /РД:ИМ98120217/-гийн 2018 оны 5 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно. Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн байна.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн нутаг Овооны өвөр гэх газарт Т.С-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.С-н: “...******* миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохьсон..., миний хамрын хянганы яс хугарч мөгөөрөс нь цааш чихэгдсэн...” гэсэн,

Гэрч Д.Д-н: “...Т.С, ******* нар зодолдсон байдалтай байсан...” гэсэн,

              Гэрч Ц.М: “...Т.С газарт дээшээ хараад унасан байдалтай Т.С-н дээр нь ******* гараад суучихсан заамдаж зуурсан байдалтай..., Т.С-н хамар нь хавдсан цус гарсан байдалтай байсан...” гэсэн,

 “... Иргэн Т.С-н хамрын хянга ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Т.С-н биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас, толгойн томографийн шинжилгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн түүнчлэн шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16 цагаас 17 цагийн хооронд М, Д, А бид дөрөв 2 мотоциклтой морины сүүлнээс төмөр утас салгаж авахаар уруудаад манай нагац эгчийнд очсон. Тэднийд очоод А доод талынх нь айлаас мотоцикл авахаар яваад Д манай эгчийнх рүү орсон. М А-тай уулзаад адуу зарах талаар ярилцаад зогссон. Би С-г машин дотор сууж байхлаар нь очоод уулзаад та дээр намайг ална, явгална гээд байсан гээд хэлсэн чинь чи муу бацаан намайг тэгээд яадаг юм, чамайг явгална шүү гэж хэлээд миний бүснээс бариад авсан. Тэгэхлээр нь би С-г хавирч унагаад түүний нүүр рүү нь зүүн гараараа 3 удаа цохьсон. Тэгсэн М, А нар ирээд бид хоёрыг салгасан...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч хохирогчид төлөх хохирлоо төлсөн болох нь:

Хохирогч Т.С-н “...Яллагдагч ******* нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан тул би яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн, одоо миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч *******-н “...Яллагдагч ******* би учруулсан хохилоо сайн дураараа төлж хохирогч Т.С-тай сайн дураараа эвлэрсэн. Т.С-д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хүлээлгэж болох эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч  ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

5. Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОТГОНХИШИГ