Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

Зөрчил гаргагч 1980 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-2, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 - 55 тоотод оршин суух, Бөхчин овогт Бөхчулууны Сүхбаатарыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах дэслэгч Н.Ганзориг, зөрчил гаргагч Б.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 - 55 тоотод оршин суух, Бөхчин овогт Бөхчулууны Сүхбаатар удаа дараа эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн байсан ба архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулан хэрүүл маргаан зодоон үүсгэн, агсам согтуу тавьж, иргэдэд түгшүүр төрүүлж танхайран зөрчил гаргасан байх тул Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулахаар материалыг нь хүргүүлэв гэжээ.

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах дэслэгч Н.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж, эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Зөрчил гаргагч Б.Сүхбаатар удаа дараа архидан согтуурч, иргэдэд түгшүүр төрүүлж танхайрдаг. Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт-ээр 2-3 дугаар зэрэгт хамаарагдахаар тогтоогдсон бөгөөд эмч нар албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн ар гэрийнх нь зөрчил гаргагчийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан гэв.

 

Зөрчил гаргагч Б.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явъя гэж өөрөө хүсэлт гаргаж дэмжиж байгаа. Нэг архи уухаараа өөрөө мэдэхгүйгээр олон хоногоор үргэлжлүүлэн уудаг.

Иймээс эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Б.Сүхбаатар архи ууж, согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж,архинаас хамааралтай болсон болох нь согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, хүсэлт гаргагч, зөрчил гаргагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Цагдаагийн хэлтсийн удаа дараа Эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, Зөрчлийн тэмдэглэл, Ар гэрийн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Сүхбаатарыг архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдэд зааснаар зөрчил гаргагч хөдөлмөрийн чадвартай зэргээс дүгнэхэд, архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.

Б.Сүхбаатарын талаар эрх бүхий эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан комиссийн Архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлт, Цагдаагийн хэлтэст Эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг баримтууд нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэждүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Бөхчин овогт Бөхчулууны Сүхбаатарыг албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.

2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

3.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Б.Сүхбаатарыг албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

4.Б.Сүхбаатарыг албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэнтооцсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.