| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0233/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/260 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/260
2022 03 15 2022/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Ц.Буянхишиг,
Хохирогч: Г.Э,
Шүүгдэгч: М.Э, түүний өмгөөлөгч Д.Ганбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа нар оролцсон эрүүгийн ............ дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.Э, 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Заяа проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, иргэний үнэмлэхийн лавлагаагаар .................тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ................... оршин суудаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж-281 “Хоймор оффис”-ын 4 давхар, 406 тоотод хохирогч Г.Эын нүүр хэсэгт нь гараараа цохиж “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Г.Э утсаар харилцагч компани руу залгаж орилж байсан. Би утсыг булааж авах гэж маргалдсан. Г.Э миний дээд талд сууж байсан. Би Г.Этай “чи намайг харилцагч байгууллагад минь эвгүй байдалд орууллаа” гэж хэлээд утсаа булаацалдсан. Би түлхээд утсаа булаацалдаж байхад Г.Э босч ирээд намайг алгадсан. Би зөрүүлээд нэг удаа алгадсан. Тийм л асуудал болж өнгөрсөн...” гэв.
Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2 байр давхардуулж зараагүй. Яагаад гэвэл би гэрээ хийдэг хүн биш, тухайн байгууллагын борлуулалтын ажилтан байсан. 2 захирал хоорондоо зөвшилцөлд хүрсний үндсэн дээр тухайн гэрээг хийсэн. Нөгөө байгууллагын борлуулалтын мэргэжилтэн миний хүсэлтийг аваагүй байж яагаад чиний хүсэлтийг авч байгаа юм бэ гээд уурлахаар би танай захирлууд зөвшөөрсөн байхад чи миний үйлчлүүлэгчдийн хажууд ингэж болохгүй гэж хэлээд гарсан чинь намайг байхгүй хооронд манай захирал дээр ирээд танай ажилтан чинь зарсан байрыг давхардуулан зарсан гэх асуудлыг ярьсан байсан. Тэр үед манай захирал над руу дайраад байсан. Тэгж байхдаа намайг алгадсан. Би захирлыгаа зөрүүлээд нэг удаа алгадсан чинь тэнд байсан манай 2 ажилтан бид хоёрыг салгах гэж байхад захирал дахиж нэг удаа ширүүн алгадаад миний гарыг барьсан. Тэгээд би цагаад очиж гомдол гаргасан. Гэрээ давхацсан асуудал байгаагүй. Гомдолтой байна. Тухайн үед миний нийгмийн даатгалын шимтгэл 6-12 дугаар саруудад төлөгдөөгүй байсан. Намайг улсын эмнэлэг хүлээж аваагүй болохоор Эм Жи Жи эмнэлэгт үзүүлсэн. Нэг удаа үзүүлэхэд 30.000-50.000 төгрөгийн төлбөртэй байсан. 1 сарын хугацаанд эмчилгээ хийлгээд одоо чихний наалт хийлгэсэн байгаа. Наалт нь түр хугацаагаар чих өвтгөхгүй байх зориулалттай. Хагалгааны зардлын баримтыг заавал мөнгөө төлж байж авдаг. Надад төлбөрийг төлөх боломж байхгүй. Надад цалинг минь өгөөгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол 2.200.000 төгрөгөөр хэнгэрэг нөхөх хагалгаанд ордог. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол 1.000.000 гаруй төгрөгийн үнэтэй байдаг. Одоо нийт 2.698.602 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв.
Эрүүгийн ................... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хохирогч Г.Эын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч М.Номууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Х.Дөлгөөний мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Н.Ариунзаяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч У.Гансүхийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шинжээч Г.Галиндэвийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Эгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
Хохирогч Г.Эын ЭМЖЖ чих хамар, хоолойн эмнэлэгт үзүүлсэн эмчийн бичгийн хуудас, баримтууд /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №632 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж-281 “Хоймор оффис”-ын 4 давхар, 406 тоотод ажлын маргаанаас болж хохирогч Г.Эын нүүр хэсэгт нь гараараа цохиж “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Г.Эын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....Заяа Пропортисийн ЛЛСИ”-ийн ерөнхий захирал Мягмарсүрэнгийн Энхзаяа нь надтай маргалдаж байсан ба миний нүүрний баруун талын хацар хэсэг рүү нэг удаа гараараа алгадсан. Дараа нь миний гар утсыг булааж аваад, улмаар зүүн талын хацар луу нэг удаа гараараа алгадсан ба дараа нь дахиад миний нүүрний баруун талын хацар, чих рүү гараараа нэг удаа шууд алгадсан. Тэгтэл миний баруун талын чих гэнэт дүнгэнэж өвдөж эхэлсэн. Дараа нь би уурандаа Энхзаяа гэх эмэгтэйг нэг удаа нүүрний зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа гараараа алгадсан. Тэгтэл Энхзаяа захирал намайг зөрүүлээд баруун талын хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Би хувийн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Цаашид гарах зардлыг баримтаар нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Номууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Борлуулалтын менежер Дөлгөөн нь захирал Энхзаяад Хабуул Эм Ай Ти ХХК-ийн борлуулалтын менежер Мягмарсүрэн нь Аптавн Виста гэсэн нэртэй барилгын төсөлд Заяа Пропертис ЛЛСИ-ийн борлуулалтын менежер Эрдэнэзул ёс бус харьцсан, ёс суртахууны доголдол гаргасан, Хабуул Эм Ай Ти ХХК-ийг захиалагчийн дэргэд луйварчин юм уу гэж хэлж нэр хүндэд халдсан зэрэг асуудлын талаар хэлсэн...захирал Энхзаяа Эрдэнэзулд “чи ингэж болохгүй” гэж хэлээд гар утсыг нь авах гэж байгаад санаандгүй Эрдэнэзулын баруун гарыг нь бага зэрэг түлхсэн. Дараа нь Эрдэнэзул суудлаасаа босч ирээд захирал Энхзаяагийн нүүрний зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа гараараа алгадсан. Дараа нь захирал Энхзаяа уурлаад Эрдэнэзулын нүүрний баруун талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Дөлгөөний мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....Тэгээд Мягмарсүрэн нь Энхзаяад борлуулалтын менежер Эрдэнэзулын талаар борлуулалтын алдаа гаргасан, ажлын хариуцлага алдсан талаар хэлсэн. Дараа нь Мягмарсүрэн нь хурлын өрөөнөөс гараад явсан. Дараа нь Эрдэнэзул хурлын өрөөнд орж ирсэн. Тэгээд захирал Энхзаяа Эрдэнэзулд ажлын алдаа гаргасан талаар загнаж эхэлсэн. Тэгээд Эрдэнэзул, захирал Энхзаяа нар хэрэлдэж эхэлсэн. Дараа нь захирал Энхзаяа Эрдэнэзулын биед нэг удаа гараараа зөвшөөрөлгүй биед нь хүрсэн.....Тэгтэл захирал Энхзаяа буцаж ирээд Эрдэнэзулын гарыг нь барьсан. Тэгээд тэр хоёр гар утсаа булаацалдаад байсан. Тэгээд Эрдэнэзул нь захирлын толгой руу санамсаргүй байдлаар барьж байсан утастай гараараа цохьсон. Дараа нь захирал Энхзаяа уурандаа Эрдэнэзулыг нэг удаа нүүрний баруун талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг,
Шинжээч Г.Галиндэвийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Эрдэнэзулын биед үзлэг хийхэд баруун чихний хэнгэргэн хальсыг багажны тусламжтайгаар харахад хэнгэргэн хальс цоорсон, цус хурсан байсан. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь нэг удаагийн алгадалтаар үүсэх боломжтой..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.... Би Г.Этай “чи намайг харилцагч байгууллагад минь эвгүй байдалд орууллаа” гэж хэлээд утсаа булаацалдсан. Би түлхээд утсаа булаацалдаж байхад Г.Э босч ирээд намайг алгадсан. Би зөрүүлээд нэг удаа алгадсан. Тийм л асуудал болж өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №632 дугаартай дүгнэлт: 1. Г.Эын биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэсэн дүгнэлт,
Хохирогч Г.Эын “ЭМЖЖ” чих хамар, хоолойн эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтууд зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э нь “Заяа Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тухайн компанид борлуулалтын менежер ажилтай Эрдэнэзулд “худалдан авагчдад байр давхардуулан худалдаж болохгүй” гэсэн ажлын шаардлага тавьж улмаар хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдаж, шүүгдэгчээс хохирогчийн толгойн баруун чихэн тус газар нь цохиж хүч хэрэглэсэн болохыг хохирогч Г.Э, гэрч М.Номуун, Х.Дөлгөөн, шүүгдэгч М.Э нараас тус тус мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Тодруулбал М.Э нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Г.Эын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эаас “....Чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай. Одоо нийт 2.698.602 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн бөгөөд шүүх хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан буюу эмчилгээний зардалд төлсөн 55.000 төгрөгийн /хх-ийн 36/ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Харин хохирогчийн нэхэмжилж буй 2.698.602 төгрөгийг нотолсон баримт байхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс дахин нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв.
Мөн хохирогч Г.Эын биед учирсан гэмтлийн шинж, нөхцөл байдал, хор уршиг бүрэн арилаагүй нөхцөл байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжилж шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурьдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч М.Эг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Эгаас 55.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Эд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Эын 2.698.602 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч Г.Эаас шүүгдэгч М.Эд холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН