Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Голден парк хотхоны 105 дугаар байр, 168 тоотод оршин байх, Алс оршихуй ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Чандмань консалтинг ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ариунтуяа, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Ж.Ариунтуяа нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Чандмань консалтинг ХХК-тай захиалгаар, жуулчин, аялагч, амрагч нарт зориулан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан-гийн гудамжны Оргил шилтгээн-ий 2 давхарт байрлах Ред драгон ресторанд нийтийн хоол, рестораны үйлчилгээ үзүүлж, төлбөр 379.484 төгрөг болсон.

Тус компани үйлчилгээг бүрэн авсан боловч гэрээний дагуу төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Захиалагч төлбөрийг тухайн зочин /жуулчин/ ресторанаас төлбөр тооцоо хийн гарснаас 7 өдрийн дотор гүйцэтгэгчийн ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн зохих төлбөрийг төлөх ба ийнхүү төлөөгүй хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алдангийг гүйцэтгэгчид нэмж төлнө гэж заасны дагуу алданги тооцоход 559.059 төгрөг болсоныг нэхэмжлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд Чандмань консалтинг ХХК-ын хаягыг тодруулж, эрэн сурвалжлуулж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Алс консалтинг ХХК, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Чандмань консалтинг ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Чандмань консалтинг ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 09734 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Алс оршихуй ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, хаана үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тогтоохыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3.Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахЭ.Дарханцэцэгт үүрэг болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.