Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

    2022       03             07                                     2022/ШЦТ/155

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,   

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А т холбогдох эрүүгийн 2110021920034 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнд машин механизмын жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.А  /РД:..................../.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө .................. тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Л.э ыг бусадтай хардсан шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  1. Шүүгдэгч Б.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  1. Хохирогч Л.э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр Б.А ын хамт гадуур явж байгаад орой 19 цагийн орчим байхаа гэртээ ирсэн. Гэртээ ирэх замаараа дэлгүүрээс бид хоёр 2,5 литрийн том пиво 3 ширхэгийг авсан. Гэртээ орж ирээд тэрийгээ хувааж уусан. Ууж байх явцдаа миний өмнөх амьдралыг яриад, чи бараг тэрэнтэй уулзаж барьдаг энэ тэр гэж хэлээд цохиж авсан. Ер нь бол хардалтаас болоод л цохьсон. Б.А ын аав үе үе намайг шалгаж ирдэг ерөнхийдөө жаахан хавчаад байдаг. Тэгээд тэр өдөр 23 цагийн үед намайг зодож эхэлсэн бөгөөд миний хамар луу гараараа 2 удаа байхаа цохиод миний хамраас цус гаргасан. Би өөрөө цусаа угаасан. Тэгэнгүүт нь би шууд гарч гүйгээд машиндаа суутал түлхүүрээ гэртээ үлдээчихсэн байсан. уг нь машинаа унаж хөдлөөд цагдаа дуудаж гэж байсан юм. Гэрт байхад Б.А  утсаар яриулахгүй байсан юм. ...Б.А  хаачих гэж байгаа юм цагдаа дуудахнуу гээд дахиад миний хацар луу 2 удаа цохиж, зүүн шилбэний арын булчин руу 2-3 удаа өшиглөж авсан. Ер нь миний нүүр лүү цохиод байсан. Удаа цохисныг санахгүй байна. Би Б.А ыг унтуулах гэж гуйсан. Бараг 3-4 цаг юм яриад цохиод байсан. ...миний нүүр, хамар луу нилээн хэдэн удаа цохиж авсан. Яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Зөндөө л цохиод байсан. миний баруун зүүн гарын булчин, зүүн шилбэний арын булчин хөхөрч хавдсан. Толгой битүү хавдар болсон байсан. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан. Дотор талдаа улаан туяа гүйсэн байсан.. ...Б.А  намайг өмнө нь 5 удаа зодож байсан. Харин би 3 дахь удаад нь цагдаад дуудлага өгч шалгуулж байсан. Хамгийн анх одоогоос 3 жилийн өмнө 2018 онд санагдаж байна, яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Өмнө нь амьдарч байсан Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 6-159а тоотод байхад гаднаас согтуу орж ирээд хэрүүл хийгээд миний толгой руу 2 удаа санагдаж байна цохиж авахаар нь би гараад гүйх гэтэл миний үснээс зулгаасан. Тэр үед би гарч гүйгээд Б.А ын аав ээж хоёрын гэрт очсон. Дараа нь 2020 оны хавар 4 сард байх би гэртээ байж байхад Б.А  гаднаас согтуу орж ирэхээр нь би хаагуур яваад байгаа юм гэхэд намайг чи юу гээд байгаа юм гээд цохиод эхэлсэн. ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11375 дугаартай:

“-Л.э ын биед хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салст, хоёр хацар, шанаа, хоёр бугалга, цээж, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал

4. Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай эхнэр хүүхдээ авахаар цэцэрлэг рүү явсан. ...бид хоёр хүүхдээ унтуулчихаад авч ирсэн пивоноос нь ууж эхэлсэн. ...манай эхнэр согтчихоод өмнөх амьдралаа яриад уйлаад байхаар нь би “тэр чинь ямар хамаатай юм бэ, одоо наадахаа ярихаа боль гэтэл над руу дайраад байсан. Тэгэхээр нь би гарын алганы ар талаараа 2 удаа алгадаад толгой руу нь  2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал).

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 8-216 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Л.э ыг бусадтай хардсан шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салст, хоёр хацар, шанаа, хоёр бугалга, цээж, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. Мөн уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэрэг хамаарна. ...” гэж,

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заажээ.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр шүүгдэгч Б.А , хохирогч Л.э  нар нь дундаасаа хүүхэдтэй бөгөөд хамтран амьдардаг болох нь тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн харилцаатай гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 8-216 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Л.э ыг бусадтай хардсан шалтгааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хамтран амьдрагч Л.э ад гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд гараараа цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчид гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд “бусдын эрх, ...эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд уг хохирол, гэм хорыг хариуцан арилгахаар зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...миний бие Л.э  нь нийт 370.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 93 дахь тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.А  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /...31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнд машин механизмын жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Харин шүүгдэгч Б.А ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.А т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А ыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А т оногдуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Б.А т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.А т сануулсугай. 
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР