| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02266/И |
| Дугаар | 2187 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2187
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах Орчлон-10 СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 51 дүгээр байрны 17 тоотод оршин суух Дархан овогт Баяртайгийн Пүрэвт холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 270.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 оны 04 дүгээр сараас тус 51, 53 дугаар байруудыг хүлээн авсан иргэн Б.Үүрцайх миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдон зохих хууль тогтоомжийн дагуу ажилладаг.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 148.2.3 дахь хэсэгт заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.
Иймээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардахад төлөхгүй байгаа тул Орчлон-10 СӨХ-ны гишүүн, сууц өмчлөгч 51 дүгээр байрны 17 тоотын оршин суугч Б.Пүрэвээс тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 2014 оны 8-12 сар, 2015 оны 5, 6 дугаар сар, 2017 оны 5 дугаар сар, нийт 270.515 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Б.Пүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Орчлон-10 СӨХ-ноос нэхэмжилж байгаа дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 270.515 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 39.085 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 231.430 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, төлсөн баримтуудаа хэрэгт өгсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Орчлон-10 СӨХ, хариуцагч. Б.Пүрэвээс дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 270.515 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Пүрэв нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 270.515 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хэрэглэгчийн хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 270.515 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 8.760 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4.380 төгрөг, улсын төсвөөс 4.3802 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Орчлон-10 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Дархан овогт Баяртайгийн Пүрэвт холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 270.515 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Пүрэвээс улсын тэмдэгтийн хураамж 4.380 төгрөг, улсын төсвөөс 4.380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.