Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00361

 

Ц.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00249 дүгээр шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалтай,

Ц.Жын нэхэмжлэлтэй,

Нт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Чагнаадоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нгийн Техник хангамжийн тасгийн түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд Нгийн дарга 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б/127 тоот /намайг хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 12 дугаар сарын 01-ний өдрөөс миний хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн утга агуулга бүхий/ тушаалыг надад танилцуулж, мөн өдөр миний ажлыг хүлээлцсэн. Гэтэл уг тушаалын огноо, дугаар нь адилхан боловч тушаалын үндэслэл, утга агуулга өөрчлөгдсөн тушаалыг надад хүлээлгэж өгсөн.

Миний хувьд улсад 20 жил ажиллаж хөдөлмөрлөж байгаа бөгөөд Нт 7 жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөж байна. Миний ажлын ажиллах нөхцөл 24 цагийн ээлжинд гараад 72 цаг амарч ажилладаг. Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нгийн удирдах газраас зохион байгуулсан эмнэлгийн тасаг, нэгжийн дунд гар бөмбөг, теннисний тэмцээнд тасгаа төлөөлж оролцсон. Тухайн тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр тасралтгүй үргэлжилсээр 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шөнийн 02 цагт аваргаа шалгаруулж шагнал гардуулж, тэмцээн дууссан. Би тухайн тэмцээнээс Нгийн гар бөмбөгийн шилдэг тамирчнаар шалгарч алтан медаль, теннисний төрлөөс мөнгөн медаль авч амжилттай оролцсон. Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өглөөний 09 цагт ээлжийн ажилдаа гарахаар очсон боловч манай тасгийн эрхлэгч намайг та олон жил тасгийн нэрийг гаргаж тэмцээн уралдаанд нойр хоолгүй оролцож амжилт гаргалаа, өөрийнхөө мэдлийн нэг удаагийн шагналын чөлөө олгоё, та амар гээд надад чөлөөний хуудас бичиж өгсөн. Бүх тасгийн эрхлэгч нар нэг өдрийн чөлөө өгөх эрхтэй байдаг. Миний оронд алсын дуудлагын жолооч Баасанхүү ажилд гарсан, энэ хугацаанд ямар нэг зөрчил гараагүй. Гэвч ажил олгогч намайг үндэслэлгүйгээр ажил тасалсан, үүрэг даалгавар биелүүлээгүй, ажилдаа согтуу ирсэн гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Намайг ажилдаа гарахаар ирэхдээ архи уусан, согтуу байснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэх хуурамч баримт шүүхэд гаргаж өгсөн байсан. Тэр баримтыг огт хараагүй, яагаад миний гарын үсэг зурагдсаныг мэдэхгүй.

Ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байгаа тул намайг Нгийн Техник хангамжийн тасгийн яаралтай түргэн тусламжийн жолоочийн үүрэгт ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцож гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Чагнаадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ц.Ж нь Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргаж, 3 хоног ажил тасалсан, ажлын байранд согтуу байсан.

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хурууны хээгээр цагаа бүртгүүлээгүй, тасгийн эрхлэгч нь өөрийн мэдлээ хэтрүүлэн чөлөө олгосон, чөлөө олгохдоо тушаалаар заасан хавсралтын дагуу тасгийн эрхлэгчийн чөлөөний хуудас олгоогүй, стандарт бус чөлөөний хуудсыг нөхөн бичилт хийж удирдлагын багийн хурал дээр баримт бүрдүүлэн авч орж ирсэн.

Удирдлагын багийн хурал дээр жолооч Ц.Ж нь ажилдаа согтуу ирснээ хүлээн зөвшөөрсөн. Тасгийн хурлаар хэлэлцэж өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь ажлын ноцтой зөрчил гаргасныг гэрчилж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон дотоод журмын 19.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Тасгийн эрхлэгч нь би чөлөө олгосон гэж шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн. Үнэхээр согтуу байсан нь нотлогдохгүй байгаа бол тэрээр 2 ба түүнээс дээш өдөр хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан гэх үндэслэл байгаа.

Тухайн үед Хүний нөөц сургалтын албаны дарга болон эмнэлгийн удирдлагад танилцуулаагүй, цалин олгох цагийн бүртгэлд чөлөө олгосон баримт байгаагүй нь хуурамчаар бүрдүүлснийг баталж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд заасан утга агуулга өөрчлөгдөөгүй. Архи ууж хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн гэх үг нэмэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00249 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хурмаст овогт Цэрэнгийн Жүгдэрнамжилыг Нгийн Техник хангамжийн яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 954 000 /нэг сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Жд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Жын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс илүү төлсөн 23 986 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46 214 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.         

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,

Хариуцагч Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 414 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Чагнаадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс манай байгууллагыг хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтыг үндэслэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн хэмээн буруутгадаг.

Хэрэгт нотлох баримтаар Ц.Жийн 3 хоног ажил тасалсан үйл баримт болон ажил гүйцэтгэх өдрөө ажлын байранд согтуу байсан үйл баримтыг нотлох өөрийнх нь гарын үсгээ зурж зөрчлөө хүлээн зөвшөөрсөн баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсний дээр Ц.Жтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмыг бүрэн эхээр нь нотлох баримтын шаардлага хангуулан мөн шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эндээс хөдөлмөрийн гэрээний заалтыг хамтад нь зохицуулсан агуулга байгааг төвөггүй харж болно.

Тухайн дотоод журмын 12.4 дэх заалт нь “МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 9.1.17-9.1.26-д, 4.6.2е, хөдөлмөрийн гэрээний 4.4.3 дахь заалтуудад дурдагдсан “ноцтой зөрчил” гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлаас халж ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж хувийн хэрэгт тэмдэглэнэ" гэсэн заалт юм.

Тодруулбал, “ноцтой зөрчил” гэх ойлголтод хуулиар, журмаар, гэрээгээр зохицуулсан бүх зохицуулалтыг хамтад нь нэгтгэн нэг заалтаар зохицуулж, ийнхүү хамтад нь нэгтгэсэн нэг заалтыг үндэслэн “ноцтой зөрчил” гаргагчид шийтгэл оногдуулахаар хамт олны хурлаар хэлэлцэн батлуулж мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд энэхүү заалтыг баримталсныг хангалтгүй хэмээн шүүх үзэж, Хөдөлмөрийн гэрээний заалтыг олж харахгүй, хариуцагчийг хууль зөрчсөн хэмээн шат шатны шүүхээс буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн Ц.Ж нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үндэслэлд хамаарах ямар ноцтой зөрчил” гаргасан болохыг Нгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын  сарын 12-ны өдрийн Б/127 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын 1 дэх заалтад “Ц.Ж нь ажилдаа согтуу ирж хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан хэмжээн шийтгэл ногдуулсан үндэслэлийг ажил олгогч тушаалдаа тодорхой заасан.

Дээрх нөхцөл байдлуудтай холбоотойгоор Ц.Жаас гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай үүргийн хүрээнд ажилтны сахилга хариуцлага, дэг журмыг сахиулах хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлдгийн хувьд Ц.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан үйлдэл нь ажил олгогчийн зүгээс хийсэн хуульд нийцсэн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс дээрх үйл баримтуудыг нотлох баримтууд, тодруулга, тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс ажилтан Жүгдэрнамжилын ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан үйл баримтыг үнэлсэн ч үүнтэй холбоотойгоор дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй бол давж заалдах шатны шүүх Жүгдэрнамжилд тасгийн эрхлэгч чөлөө олгосон үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй хэмээн манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулан дүгнэлт гаргажээ.

Түүнчлэн хуулийн холбогдох заалтыг хэрэглэх талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж дүгнэхдээ манай байгууллагаас хууль, дотоод журам, гэрээний заалтыг дотоод журамдаа нэгтгэж нэг заалтад багтаан хэрэглэж хэвшсэн байдлыг хууль хэрэглээний хувьд зөв буруу явж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй байна. Манай байгууллагын хувьд өөрийн гэсэн дотоод журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоод журмын заалтад хөдөлмөрийн гэрээнд заасан, хуульд заасан бүх зөрчлийн агуулгын нэгтгэн зохицуулсан нь алдаатай зохицуулалт болсон гэж үзэхгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлэлгүй хариуцагчийг буруутган Ц.Жийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00249 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Ц.Ж нь Нт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Ц.Жыг Нгийн Техник хангамжийн яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 954 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Жыг Нгийн Техник хангамжийн яаралтай түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байхад нь Нгийн даргын  2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг үндэслэн “...ажилдаа согтуу ирж, хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан...” гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ц.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нгийн удирдах газраас зохион байгуулсан спортын тэмцээнд тасгаа төлөөлж оролцсон, тэмцээнд амжилттай оролцож шилдэг тоглогч болсон бөгөөд тэмцээн 19-ний шөнийн 04 цагт дууссан байна.

Ц.Ж 11 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагт ажилдаа ирсэн боловч тасгийн эрхлэгч түүнийг тэмцээнд амжилттай оролцсон, нойр хоолгүй удаан хугацаагаар тэмцээн үргэлжилсэн гэх үндэслэлээр тухайн өдрийн ажлаас чөлөөлсөн, захиргаа ажилтныг энэ өдөр ажилдаа согтуу ирсэн, ажил тасалсан гэх үндэслэлээр ажилтанд хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулжээ.

Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

Анхан шатны шүүх ажилтныг ажил тасалж ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх боловч ажил олгогч ажилтныг ажлаас халах шийтгэл ногдуулахдаа тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан тодорхой зохицуулалтыг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь буруу биш байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгаагүй байна.

Улмаар хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, анхан шатны шүүхийн нотлох баримт үнэлсэн алдааг засч, “...ажилтанд тасгийн эрхлэгч чөлөө олгосон тул түүнийг ажил тасалсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь 24 цаг ажиллаж 72 цаг амардаг бөгөөд 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөхдөө цаг заагаагүй тул тухайн ээлжээс чөлөөлсөн гэж үзнэ, ээлжийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй тул дараагийн ээлжинд гарахаас өмнөх буюу 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд ажил тасалсан гэж үзэхгүй...” гэх дүгнэлт хийж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.3.4.-т тасгийн эрхлэгч нар зайлшгүй тохиолдолд 1 өдрийн цалинтай чөлөө олгох ба жилд хоёроос илүү олгохыг хориглоно гэж заасан, ажилтан Ц.Ж нь тухайн жилд өмнө нь цалинтай чөлөө авч байгаагүй, ажил тасалсан гэх 11 дүгээр сарын 19-ны өдөр чөлөө өгсөн талаар тасгийн эрхлэгч Р.Мөнхбат Удирдлагын багийн хуралд танилцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Ц.Жыг ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй, улмаар хуваарийн дагуу ээлжинд гараагүй 2 өдрийг ажил тасалсанд тооцсон ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул “...ажилтан ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. 

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2019/00249 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч С.Чагнаадоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД