Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0264

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч П.Ц*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтөр, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О*******, гуравдагч этгээд Ц.Э******* нарыг оролцуулан П.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 277 дугаар захирамжийн хамаарах хэсгийг, мөн захирамжийг гаргахад үндэслэсэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар эзэмших эрхийн хууль бус бүртгэлийг хүчингүй болгож П.Ц******* миний хуулиар олгогдсон газар эзэмших эрхээ тэргүүн ээлжинд эдлэх эрхийг хангаж өгнө үү гэжээ.

2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-нд нэг талаас нэхэмжлэгч П.Ц*******, нөгөө талаас Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О*******, мөн нөгөө талаас гуравдагч этгээд Ц.Э******* нар хороондоо харилцан тохиролцож эвлэрлийн байгуулжээ.

Монгол улсын Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон дараах ерөнхий нөхцөлийн заалтууд болон эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэжээ.

Уг гэрээний хоёрт: Гэрээний ерөнхий нөхцөл

2.1. энэхүү гэрээний зорилго нь иргэн П.Ц*******ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн Ч.С*******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй захиргааны хэргийг эвлэрлийн үндсэн дээр харилцан тохиролцож шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2.2. Гэрээний 2.1-д дурдсан нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд доорх тохиролцоонд хүрэв.

2.3 Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо Хайрханы 6 дугаар гудамжны 216 тоот газрын давхцалын арилгаж, тухайн газарт нэхэмжлэгч П.Ц*******эд ..... м.кв газрын газар эзэмших эрх, гуравдагч этгээд Ц.Э*******ын .... м.кв газрын өмчлөх эрхийн талбайн өөрчилж олгох.

2.4. Нэхэмжлэгч иргэн П.Ц******* нь гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус эс зөвшөөрөх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, 31 дүгээр хорооны Хайрханы 6 дугаар гудамжны 216 тоот байрлах иргэний ахуйн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай одоо байгаа хашааны дагуу үргэлжлүүлэн эзэмших нөхцөлөөр эвлэрч байна.

2.5. Гуравдагч этгээд Ц.Э******* нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 6 дугаар гудамжны 212 тоот газрын кадастрын зургийг давхцалыг арилган өөрчилж нэхэмжлэгч П.Ц*******ийн газар эзэмших эрхтэй давхцахгүй байхаар тохиролцов.

Гурав. Бусад зүйл.

3.1. Гэрээн нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

3.2. Гэрээг 4 хувь үйлдэх ба талууд нэг нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд өгнө.

3.3. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж, маргаантай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шйидвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэрэ******* заасан асуудлаар талууд дахин ямар нэгэн маргаан, гомдол, нэхэмжлэл гаргахгүй болно.

3.4. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдэж Захиргааны хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

3.5. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* гуравдагч этгээд Ц.Э*******ын газар өмчлөх эрхийн талбай өөрчилж байгаа асуудлыг Нийслэлийн Засаг даргад өргөн барьж шийдвэрлүүлэх гэжээ.

Харин нэхэмжлэгч П.Ц******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О*******, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* мөн гуравдагч этгээд Ц.Э******* нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

П.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 277 дугаар захирамжийн хамаарах хэсгийг, мөн захирамжийг гаргахад үндэслэсэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар эзэмших эрхийн хууль бус бүртгэлийг хүчингүй болгож П.Ц******* миний хуулиар олгогдсон газар эзэмших эрхээ тэргүүн ээлжинд эдлэх эрхийг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн П.Ц******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ц*******ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 277 дугаар захирамжийн хамаарах хэсгийг, мөн захирамжийг гаргахад үндэслэсэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар эзэмших эрхийн хууль бус бүртгэлийг хүчингүй болгож П.Ц******* миний хуулиар олгогдсон газар эзэмших эрхээ тэргүүн ээлжинд эдлэх эрхийг хангаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР