| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
улсын яллагч Б.Сансарбаяр,
шүүгдэгч *******,
нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн *******-т холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ........оны . дүгээр сарын ........-нд ... аймгийн....... суманд төрсөн, .......настай, ......., ......... боловсролтой, ........ мэргэжилтэй, мал малладаг, .....аймгийн ...... сумын ............ багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, ...........регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овгийн *******-т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн Нуурын зах гэх газарт оршин суух А.Б-н гэрийн гадна согтуугаар М.Л-тай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь төмрөөр 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун чамархайн дээд хэсгийн хуйханд шарх, зүүн чамархайн орой хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч М.Л-н: “...2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр би Б гуайнд яваад ортол тэднийд Б, Б, М, Х нар архи уусан бололтой сууцгааж байсан. Тэднийд ороод цай уугаад сууж байтал М надаас “...би хоёр үхэр алдчихсан, чи тэр хоёр үхрийг гэрчилж өгч чадах уу...” гэхлээр нь би “ би хулгай хийгээгүй, та нарын гэрч болж чадахгүй..” гэж маргалдаад би түүн рүү салаавч гаргасан. Тэгсэн М над руу аяга аваад шидсэн боловч оноогүй. Тэгсэн Б-н эхнэр нь та нар гарч зодолд гээд бид хоёр гэрээс гарсан. Би гэрээс гараад М-г газарт хавсарч унагаагаад дээр нь гараад суутал Б та нар больцгоо гээд намайг татаад босгохоор нь би цааш мотоцикл руугаа явж байтал миний хойноос М юм шидээд толгой руу оносон. Тэгээд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан..., “... би энэ асуудлын улмаас үүссэн хохиролоо бүрэн барагдуулж авсан, одоо надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Гэрч Н.Б-н: “...2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр би үхэр хайж яваад Б-д очиход М бас ирж байсан. Тэднийд ороод байж байтал Б-н эхнэр Х тогоо нэрж байхаар нь М бид хоёр 2 аяга монгол архи уучихаад сууж байтал гаднаас Л нэлээн халамцуу орж ирсэн. Тэгээд сууж байтал М үхэр алдсан Л-г авчихлаа гэж хардаад байгаа бололтой хоорондоо ярьж байснаа маргалдаад Л М рүү салаавч гаргасан чинь урдаас нь М аяга аваад шидчихсэн. Тэгээд юу болоод байгаа юм айл буулгалаа та нар гар гэхэд тэр хоёр гадагшаа гарсан. Би хойноос нь гартал нөгөө хоёр маргалдаж хэрэлдээд барьцалдаад авсан. Тэгээд ноцолдож газарт унаад М-г Л дараад суучихаар нь би татаж босгоод явж байтал М хэвтэж байсан газраасаа жижиг төмөр аваад шидчихсэн, тэгээд Л-н толгойноос цус гараад би Х эгчийн хамт түүний толгойноос гарч байсан цусыг нь тогтоох арга хэмжээ авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч В.Х-н: “...Б, Б, М нар миний нэрсэн архинаас 1 литр орчим хэмжээтэйг ууж дуусгаад явах гэж байтал гаднаас Л нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд тэд хоорондоо юм ярьж байгаад М Л-д хандаад ах нь өнгөрсөн жил 2 тооны үхрээ алдчихсан, мэдсэн дуулсан юм байна уу гэж асуусан чинь Л би мэдээгүй, чи надруу хулгай шаалаа гээд хоёр удаа салаавч гаргасан, тэгсэн М Л руу аяга аваад шидчихсэн. Тэгээд босоод ирэхлээр нь та нар гарч зодолд гэж хэлтэл Б нөгөө хоёрыг дагуулаад гарсан...Би хойноос нь гараад иртэл Л-н толгойн хэсгээс цус гарчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч Н.Б-н: “...М ирээд түүний хойноос Б орж ирээд бид гурав манай эхнэрийн нэрсэн монгол архинаас 1 литр гаруй хэмжээтэй уучихаад М явах гэж байтал гаднаас Л нэлээн согтуу орж ирсэн. Бид нар юм ярьж сууж байгаад М Л-д хандаад ах нь өнгөрсөн жил 2 тооны үхэрээ алдчихсан мэдсэн дуулсан юм байна уу, мэдэж байвал хэлээд өгөөч гэж асуусан чинь Л би мэдээгүй, чи над руу хулгай шаалаа гээд салаавч гаргасан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад М Л руу аяга аваад шидчихсэн, тэгээд босоод ирэхлээр нь та нар гарч зодолд гээд хэлтэл Б нөгөө хоёрыг дагуулаад гадагш гарсан. Тэгээд удаа ч үгүй манай эхнэр хойноос нь Л-н толгойноос цус гарчихсан байна гээд орж ирээд буцаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 000000342 дугаартай: “... М.Л-н биед гэмтэл учирсан байна. Баруун чамархайн дээд хэсгийн хуйханд шарх, зүүн чамархайн орой хэсгийн хуйханд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хохирогч нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. М.Л-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 50-р хуудас/
мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
Х овгийн *******-н иргэний үнэмлэхний хуулбар,
Завхан аймгийн Цагдаагийн газрын Х овгийн ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,
Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 77 дугаартай: “...Иргэн ШЖ70091711 тоот регистрийн дугаартай ******* нь ам бүл-8, эхнэр хүүхдүүдийн хамт багтаа байнга оршин суудаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно. Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байна.
Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн Нуурын зах гэх газарт оршин суух А.Б-н гэрт согтуугаар М.Л-тай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь төмрөөр 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун чамархайн дээд хэсгийн хуйханд шарх, зүүн чамархайн орой хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Л-н: “... би цааш мотоцикл руугаа явж байтал миний хойноос М юм шидээд толгой руу оносон. Тэгээд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан... гэсэн,
Гэрч Н.Б-н: “ ... М хэвтэж байсан газраасаа жижиг төмөр аваад шидчихсэн, тэгээд Л-н толгойноос цус гараад байсан, цусыг нь тогтоох арга хэмжээ авсан...” гэсэн,
Гэрч В.Х-н: “......Би хойноос нь гараад иртэл Л-н толгойн хэсгээс цус гарчихсан зогсож байсан...” гэсэн,
Гэрч Н.Б-н: “...манай эхнэр Л-н толгойноос цус гарчихсан байна гээд орж ирсэн...” гэсэн
“... М.Л-н биед гэмтэл учирсан байна. Баруун чамархайн дээд хэсгийн хуйханд шарх, зүүн чамархайн орой хэсгийн хуйханд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...., М.Л-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тэднийд 14 цагийн орчимд очсон, тэднийх намайг очиход тогоон дээрээ монгол архи нэрж байсан. Тэр архинаас нь 2-3 аягыг уугаад байж байтал Л гаднаас нэлээн халамцуу орж ирсэн. Түүнийг ороод ирэхлээр нь мэнд мэдчихээд чи залуу хүүхэд юунд болчимгүй юм хийж байдаг юм бэ, элдэв асуудалд холбогдоод гээд хэдэн үг хэлсэн чинь миний урдаас салаавч гаргаад бид хоёр муудалцаад гадагшаа гараад барьцалдаж автал Л намайг газар унагаад би түүний доор ортол намайг хэд хэдэн удаа цохьсон, тэгсэн Б гэх залуу бид хоёрыг салгаад Л-г цааш аваад явсан. Тухайн үед миний нүд юм харахгүй болоод би газраас босох гээд тэмтэрч байтал миний гарт төө хэмжээтэй төмөр таарахлаар нь би тэр төмрийг аваад Л-н хойноос шидсэн. Тэгсэн түүний толгой хэсэгт оносон байсан...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирлоо төлсөн болох нь:
Хохирогч М.Л-н “...******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, надад учруулсан хохилоо бүрэн барагдуулсан тул яллагдагч *******-тэй сайн дураараа эвлэрсэн, одоо миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч *******-н “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч М.Л-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 сантиметрийн урттай төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 сантиметрийн урттай төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ