Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 8 дугаар байр, 16 тоотод оршин суух, Цагаан арслан овогт Эрдэнэбатын Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Д.Мядагмааг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Э.Мөнхтуяа нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Д.Мядагмаагийн өөрийнх нь хүсэлтээр 1.400.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг өгсөн. Хариуцагч Д.Мядагмаа нь тухайн бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо болох 1.400.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгөхөөр тохиролцож, гоо сайхны бараа зээлээр авсан. Ингээд тухайн бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог хариуцагч Д.Мядагмаагаас нэхэхэд өөр хүнд бараа бүтээгдэхүүнийг өгөөд мөнгөө авч чадахгүй байна гэж маш олон шалтаг хэлж, утсаа авахгүй эсвэл утасныхаа дугаарыг сольж, гоо сайханы барааны үнийг төлөхгүй өдийг хүрлээ. Д.Мядагмаагаас 1.400.000 төгрөгийг нэхэмжилж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 07537 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Мядагмаа нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамж, 4 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Мядагмааг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Э.Мөнхтуяа, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Д.Мядагмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Д.Мядагмаа иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 07537 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Даваадоржийн Мядагмааг эрэн сурвалжилсугай.

 

2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3.Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахЭ.Дарханцэцэгт үүрэг болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.