Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1348 тоотод оршин суух, Боржигон овогт Зоригтын Энхбаяр, Боржигон овогт Зоригтын Анхбаяр нарын овог зөвтгүүлэх тухай хүсэлтийг 2017оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Хүсэлт гаргагч З.Энхбаяр, З.Анхбаяр хүсэлтэндээ : Бидний төрсний гэрчилгээн дээр эх Гувааны Энхтуяагийн нэрийг Гуаны Энхтуяа гэж буруу бичснээс үүдэн миний ээж 4 хүүхэдтэй, 50 настай тэтгэвэрт гарах гэтэл овог буруу бичигдснээс тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байгаа учраас төрсний гэрчилгээний овгийг зөвтгөж өгнө үү, гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Би 4 хүүхэд төрүүлсэн. 50 настайдаа өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл том хоёр хүүгийн минь төрсний гэрчилгээн дээр миний аавын нэрийг буруу бичсэнээс болж тэтгэвэртээ гарч чадахгүй байгаа тул хүү З.Анхбаяр, З.Энхбаяр нарын төрсний гэрчилгээн дээрх миний овгийг Гуваан болгож зөвтгөж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч З.Анхбаяр, З.Энхбаяр нар төрсний гэрчилгээний овгийг зөвтгүүлэх шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар эрх зүй ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ шүүхэд гарган, шаардах эрхтэй байна.

З.Анхбаярт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас олгосон 35 дугаартай төрсний гэрчилгээ, З.Энхбаярт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас олгосон 112 дугаартай төрсний гэрчилгээнүүдэд эхийн эцгийн овгийг Гуваан гэхийг Гуан гэж буруу бичсэн болох нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, гэрч Г.Сүхбаатарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх дээрх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Зоригтын Энхбаяр, Боржигон овогт Зоригтын Анхбаяр нарын Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас олгосон 35, 112 дугаартай төрсний гэрчилгээний эхийн овог Гуваан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.