Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ160

 

 

 

 

 

 

 

 

    2022       03             09                                     2022/ШЦТ/160

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,   

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э д холбогдох эрүүгийн 2110000001236 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.Э д /РД:.................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э  нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн цагаан хаалга орчмоос 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирэн Б.Т гийн айфон 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Э.Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрэгт холбогдохгүй ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
  3. Хохирогч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 08-ны 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн Туул өргөө хотхоноос гараад хойшоо алхаад явж байсан. Тэгээд үйлдвэрийн цагаан хаалганы орчим утсаараа явж байгаад утсаа халаасандаа хийгээд үсээ боох гэхэд боолт байгаагүй болохоор боогоогүй. Тэгээд гар утсаа халааснаасаа авах гэхэд байхгүй болсон байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)
  4. “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ХУ1-21-1069 дугаартай: “...ай фон 12 маркийн гар утсыг 1.850.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
  5. Шүүгдэгч Э.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр байж байгаад тэндээсээ такси бариад Хан-Уул дүүрэг орж органик захын наахан талд буучихаад цаашаа зах руу алхаж байтал хажуугаар үл таних хар курткатай охин зөрсөн. Тэгээд уг охиныг араас нь дагаж байгаад халааснаас нь ай фон 12 маркийн хар өнгөтэй гар утсыг авчихаад 13 дугаар хороолол орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э  нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн цагаан хаалга орчмоос 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирэн Б.Т гийн айфон 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээнээс дээш хохирлыг хохирогчид учруулсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Э  нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг гэдгийг мэдсээр байж хохирогч Б.Т гийн халааснаас түүний айфон маркийн гар утсыг зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч,хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн нь шүүгдэгчийг “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гэмт хэрэгт шалгагдаж байгаа ба уг хэргүүдийг нэмж нэгтгүүлэн шийдвэрлэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн саналыг шүүхэд гаргасан болов ч улсын яллагч “...прокурорын сангаас шүүгдэгч Э.Э д холбогдуулан шалгагдаж байгаа хэрэг байгаа эсэхийг шүүж үзэхэд шалгагдаж байгаа хэрэг байгаагүй. Мөн шүүгдэгчийг хоригдож байх хугацаанд цагдаагийн байгууллагаас ирж мэдүүлэг аваагүй, шалгагдсан гэх хэрэг дээрээ гэрчээр мэдүүлэг өгч тухайн хэрэг нь хэрэгсэхгүй болсон талаар шүүгдэгч өөрөө мэдүүлсэн. Иймд нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэсэн,

Шүүгдэгч шүүх хуралдаанд “...өөр холбогдсон хэрэг байхгүй. Сүхбаатар дүүргийн цагдаа дээр байсан хэрэг хэрэгсэхгүй болсон. ...эндээс хурдан гармаар байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж оролцов.

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт шүүгдэгчийг өөр гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан талаарх баримт байхгүй байх тул шүүх нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Э д холбогдох хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т д 1.850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...хүлээн авсан гар утас миний гар утас мөн байна. өөрийн утсыг хүлээн авсан тул гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Э  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Харин шүүгдэгч Э.Э ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

           

            Шүүгдэгч Э.Э  нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 40 хоног цагдан хоригдсон ба Э.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э д хорих ял онгдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э  нь энэ хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 40 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Э.Э д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Э.Э  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хээг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд сануулсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 
  9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР