Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

улсын яллагч Б.Чулуунхүү,

хохирогч Н.Г,

хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга

шүүгдэгч *******

нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой *******-д холбогдох эрүүгийн..... дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын .......-нд .......... аймгийн ........ суманд төрсөн, ........ настай, .........., ......... боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........ аймгийн .... сумын ....... багийн Х................. тоотод оршин суух,  Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.080.000  төгрөгөөр торгох, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овогт *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажилагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  “... 2021 оны 05 дугаар сарын 24-ний орой 20-21 цагийн орчим адуундаа явж байгаад гэртээ харих гээд Тосонцэнгэл сумын Шинэ хороолол гэх газар мотоциклтой явж байсан. Тэгтэл тэр хавьд эзгүй нураад унасан хашаан дотор машинтай хүмүүс байхаар нь би хажуугаар нь өнгөрөх гээд явж байгаад зүс таньдаг Б, Л, Б бас нэрийг нь мэдэхгүй нийт 4 хүн машиндаа архи уугаад сууж байсан болохоор очсон. Би өдөр болгон мориндоо явахдаа тэр хашаагаар дайрч явдаг байсан. Тэгээд зогсоод мэнд мэдээд байж байтал наашаа ороод ирээд суучих гэхээр нь би машинд нь ороод суусан. Тэгээд юм яриад сууж байгаад Б гэх залуутай маргалдаж эхэлсэн. Өмнө нь буюу 2020 оны сонгуулийн үеэр Б манай нэг нагац ахыг зодсон талаар ярилцаж байгаад маргаан эхэлсэн. Тэгтэл машины жолооч гэх залуу та нар гарч учираа ол гээд Б бид хоёрт хэлэхээр нь Б бид хоёр машинаас гарсан. Машинаас гарахдаа би дээлийнхээ хормой дээр гишгээд унасан. Тэгтэл Б машины жолоочийн хажуу талын урд суудал дээрээс бууж ирээд миний нүүр рүү өшиглөөд эхэлсэн. Тэгээд би манараад Б энэ Б-г аваач гэж хэлсэн боловч хэн нэгэн надаас салгаж аваагүй.  Б намайг хэд хэд өшиглөж байгаад цааш явахаар нь би мөлхөөд хашааны сүүдэр дагаад зугтсан. Бд зодуулсны улмаас миний зүүн нүдний доод хана цөмөрч хугарсан, 2 нүдний дээд доод зовхины зөөлөн эдүүд няцарч гэмтсэн. Үүний улмаас би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гавал тархины тасагт 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж зүүн нүдэндээ хагалгаа хийлгүүлсэн. Түүний дараа 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөн Улаанбаатар хот руу явж нүд болон шүднүүдээ дахин үзүүлсэн. Би өөрт учирсан гэмтлийг эмчлүүлж, оношлуулах, дүгнэлт гаргуулахаар Тосонцэнгэл сумаас нийтдээ 3 удаа Улаанбаатар хот руу явсан. Энэ хэргийн улмаас надад  эмчилгээ хийлгүүлэх төлбөр, ирж явахдаа зарцуулсан шатахууны төлбөр, хагалгаа хийлгүүлэх болон эм тарианы төлбөр гээд нийт 2.516.290 төгрөгийн хохирол надад учирсан. ******* намайг Завхан аймгийн Улиастай сум руу явж эмчилгээ, оношлогоо хийлгүүлэхэд 100.000 төгрөг, Улаанбаатар хот руу явж хагалгаанд орж, эмчилгээ хийлгүүлэхэд  500.000  төгрөг тус тус өгсөн. Би одоо түүнээс эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгүүлэхээр явсан шатахуун, жолоочийн хөлс зэрэг 1.916.290 төгрөгийн хохиролыг нэхэмжилнэ. Мөн намар нөхөн сэргээх эмчилгээ дахин хийх шаардлагатай эмнэлгээс дуудсан цагт ирж нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаарай гэсэн тийм учраас би дахин эмчилгээнд явах шатахууны болон эмчилгээний зардалд зарцуулах 1.000.000 төгрөгийг нэмээд нийт 2.916.290 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ. ******* миний толгой руу 7-8 удаа хөлөөрөө өшиглөсөн, би *******-д 3 удаа өшиглүүлээд бие эвгүй оргиод, юу болоод байгааг ойлгохоо болиод, болиочээ гэж хэлсэн боловч намайг өшиглөсөөр л байсан. Би *******-тэй машин дотор маргалдаж муудалцаагүй мөн зодолдоогүй, намайг өөр хэн нэгэн цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 47-49, 53, 56-р хуудас/

Гэрч Б.Б-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, Б-тэй таараад уулзаад байж байсан чинь Б, Л нар хүрч ирсэн. Б гэртээ ороод дээд талаас нь бага зэрэг уусан тал шил архи гаргаж ирснийг нь аваад бид нар эмнэлгийн цаад талд очиж задлаад Б, Б, Л нар нөгөө архинаас бага зэрэг ууцгаагаад сууж байсан чинь бид нар дээр Г мотоцикл уначихсан согтуу ирсэн. Тэгээд тэр хэд нөгөө архиа хувааж уугаад нилээн согтоцгоосон бололтой бййсан, Г нь бид нар руу уурлаад та нартай зодолдоно, ална та нарыг гээд дайраад байхаар нь  би бууж утсаар ярьчихаад ороод ирэхэд урд суудалд сууж байсан Б-г толгойны ар хэсэг рүү 2 удаа цохьсон, тэгээд Б, Г нар машинаас буугаад дээр дороо ороод ноцолдоод байхлаар нь бид гурав машинаас бууж тэр хоёрыг салгасан чинь Г уурлаад мотоциклоороо гэр рүүгээ явчихсан. Тэндээс би нөгөө гурвыг гэр гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан, тэгээд гэртээ ороод хэвтэж байсан чинь Г эхнэр, хүүхдээ дагуулчихсан манайд орж ирээд би танай гэр орныг шатааж, голомтоор чинь устгана гээд загнаж байгаад буцаад явсан, түүнээс хойш үүр цайхын багцаанд ирж цонх нүдэж байгаад явсан, сүүлд ирэхэд нь хаалгаа тайлж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 67-68-р хуудас/

Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөөнөөс сумын төв орж ирээд Б, Б, Л бид нар уулзаад эмнэлгийн цаад талын эзэнгүй хашааны гадна талд зогсоод Б ахын гэрээсээ гаргаж ирсэн нэг тал шил архийг хувааж уугаад сууж байтал бид нар дээр Г мотоциклтой нилээн согтуу ирсэн. Тэгээд бид нартай юм ярьж суугаад нөгөө архинаас хувааж уугаад байж байтал бид нар руу та нарыг ална гээд томроод байсан. Машины урд талын жолоочийн суудал дээр Б, хажуугийн суудал дээр Б, харин хойд талын суудал дээр Г, Л хоёрын дунд би сууж байсан юм. Тэгсэн чинь Б ахын хойд талаас Г чи их том пизда гэсэн гээд Б ахын толгой руу 2 удаа цохьсон, тэгсэн Г, Б ах хоёр машинаас буугаад газар ноцолдоод өнхрөөд байсныг нь Л, Б бид гурав салгасан, тэгээд удаа ч үгүй Г мотоциклоо асааж унаад явсан. Тэндээс Б бид гурвыг гэр гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 70-71-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000000177 дугаартай: “...үзүүлэгч Н.Г-н биед ухархайн дотор хананы зүүн талдаа цөмөрсөн хугарал, 2 нүдний дээд доод зовхи, зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Үзүүлэгч Н.Г-н биед учирсан гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Үзүүлэгч Н.Г-н биед учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2021.05.25-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 82-83-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний шинжээч нарын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 600 дугаартай “...Н.Г-н биед зүүн нүдний ухархайн доод болон дотор хананы далд хугарал, хугарлыг засч металл имплант суулгасан мэс ажилбар /2021.06.07/, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 05 сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Н.Г-н биед учирсан зүүн нүдний ухархайн хананы далд хугарал, 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.05.31-ний өдрийн 000000177 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт,

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар, хохирлын талаархи баримтууд, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн толгойн томографийн шинжилгээний дүгнэлт, MED TRAUMA HOSPITAL-ийн дүрс оншилгооны шинжилгээний хариу, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчтний түүх, эмч нарын зөвлөгөөний шийдвэр,

*******-н Хас, Хаан банкны харилцах дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд болно. 

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн байна.

Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн Н.Г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Н.Г-н “...Б-д зодуулсны улмаас миний зүүн нүдний доод хана цөмөрч хугарсан, 2 нүдний дээд доод зовхины зөөлөн эдүүд няцарч гэмтсэн байна гэсэн. Үүний улмаас би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гавал тархины тасагт 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж зүүн нүдэнд хагалгаа хийлгүүлсэн...” гэсэн,

гэрч Б.Б-н: “...Би машины гадна талд гараад утсаар ярьж байгаад буцаад ороод ирсэн чинь Г, Б нар маргалдаад Г Б-н толгой руу цохиод хоёулаа машинаас буусан. Машинаас буугаад дээр доороо ороод л ноцолдоод байсан...” гэсэн,

 гэрч Л.Б-н: “...Б ахын хойд талаас Г чи их том пизда гэсэн гээд Б ахын толгой руу 2 удаа цохьсон, тэгсэн Г, Б ах хоёр машинаас буугаад газар ноцолдоод өнхрөөд байсныг нь Л, Б бид гурав салгасан...” гэсэн мэдүүлэгүүд,

“...Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн толгойн томографийн шинжилгээний дүгнэлт, MED TRAUMA HOSPITAL ийн дүрс оншилгооны шинжилгээний хариу, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчтний түүх, эмч нарын зөвлөгөөний шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус заан баталгаажуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн, уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн нь түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Мөн түүнчлэн шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед эмнэлгийн цаана эзэнгүй хашаанд би найз болон таньдаг хоёр дүүгийн хамт уулзаад гэрээсээ авсан тал шилтэй архийг уугаад сууж байхад Н.Г бид нар дээр согтуу ирсэн. Тэгээд түүнтэй ойр зуур юм яриад байж байтал гэнэт над руу дайраад чамайг ална гээд намайг хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ, боль гэхэд чамтай алалцана гээд байсан. Бид хоёр машинаас буугаад дээр доороо орж зодолдсон. Н.Г намайг хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Би ч түүнийг цохиж өшиглөсөн. Тэгээд Н.Г яваад өгсөн. Шөнө манай гадаа ирж янз бүрээр хэлж, орилж  байгаад явсан. Би өглөө нь хамт явсан Б.Б руу утсаар ярихад Н.Г бас ирээд ална шатаана гэж байгаад явсан гэж хэлсэн. Улмаар би Н.Г очиж уулзаад түүнээс уучлалт гуйсан боловч хүлээж аваагүй. Би Н.Г-г зүгээр байхад гэрээс нь дагуулж авч ирээд зодоогүй. Зодооныг Н.Г өөрөө эхлүүлсэн. Харин би түүний биед гэмтэл учруулсан...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Хохирогч, түүний өмгөөлөгч нар нь хохирогчийн эмчилгээний зардал болон эмчилгээнд явсан, ирсэн унааны зардалд 1,916,290 төгрөг, цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай учраас нөхөн сэргээх эмчилгээнд дахин явахад шатахууны болон эмчилгээний зардалд зарцуулах 1,000,000 төгрөг, нийт  2,916,290 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Харин хохирогч Н.Г нь Улиастай сум руу явж эмчилгээ, оношлогоо хийлгүүлэхэд 100.000 төгрөг, Улаанбаатар хот руу явж хагалгаанд орж, эмчилгээ хийлгүүлэхэд  500.000  төгрөг нийт 600.000 төгрөгийг шүүгдэгч *******-с авсан талаараа маргахгүй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн 37 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хохирлыг төлөхөд татгалзахгүй, маргах зүйлгүй гэж,  харин хавтаст хэргийн 38 дугаар хуудас дахь зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хохиролоос хасаж тооцуулах хүсэлтэй байгаа талаараа тайлбарлажээ.

Хавтас хэргийн 37 дугаар хуудсанд 12 ширхэг нийт 1,293,536 төгрөгийн хохирлын баримт авагдсан бөгөөд энэхүү хохирлыг шүүгдэгч тал төлөхөд татгалзах зүйлгүй, маргахгүй гэсэн байх тул маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлаггүй байна гэж үзээд дээрх 1,293,536 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Харин хавтас хэргийн 38 дугаар хуудсанд 11 хуудас, 642,754 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд үүнээс:

Шунхлай трейдинг ХХК-наас 140,691 төгрөгийн шатахуун, Таван дэлбээ ШТС-аас 30,000 төгрөгийн шатахуун, Петростар ШТС-аас 45,045 төгрөгийн шатахуун, Тариат-84 ШТС-аас 48.000 төгрөгийн шатахуун, Redpoint ШТС-аас 2021 оны 7 сарын 25-ны өдөр 41,418 болон 45000 төгрөгийн шатахуун, 2021 оны 5 сарын 30-ны өдөр 79,550 төгрөгийн шатахуун, Архангай Хотонт-58 ШТС-аас  65,460 төгрөгийн шатахуун худалдан авсан нийт 495,164 төгрөгийн үнийн дүн бүхий 8 хуудас /Е-баримт/ нотлох баримтууд нь хэн, хаанаас ямар зориулалтаар бүтээгдэхүүн худалдан авсан нь ойлгомжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул дээрх 495,164 төгрөгийн нэхэмжлэлийг  хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. 

Мөн 38 дугаар хуудсанд байгаа  “Эрдэнэ бэрээмиг” эмийн сангаас 16,240 төгрөгийн Амоксиклав эм, Интерфарм импорт ХХК-наас 1350 төгрөгийн диклоденк эм, Дуб ХХК-нд Толгойн дүрс оношилгооны үзлэг хийлгэсэн 130.000 төгрөг шилжүүлсэн гэх нийт 147,590 төгрөгийн 3 хуудас баримт /е-баримт/ нь нотлох баримтын шаардлага хангасан, хохирогч Н.Г-н амбулаториор эмчлүүлэгсдийн картанд эмч зааж, бичсэн эмийг хохирогч худалдан авсан, эмчилгээ хийлгэсэн, түүний нэр баримтад бичигдсэн байх тул  дээрх 147,590 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад асуугдсан гэрч Д.Ц нь “... Н.Г нь *******-д зодуулаад Улаанбаатар хотруу эмчилгээнд явахад унаа хэрэгтэй байна та яваад өгөөч гэхээр нь би өөрийнхөө  Toyota-Hiluxe  маркийн машинаар явж өгсөн. Н.Г нь надад Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотруу явахдаа 180,000 төгрөгний, буцаж ирэхдээ 200.000 төгрөгний бинзен хийж өгсөн бөгөөд  явсан үйлчилгээний хөлсөнд 200.000 төгрөг бэлэн өгсөн...” гэж мэдүүлсэн байх тул дээрх 580.000 төгрөгийн хохирогч эмчилгээнд явах замын зардалд зарцуулсан гэж үзэж мөн шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогч нь цаашид гарах нөхөн сэргээх эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, шүүх тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах, энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Иймд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол болох хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 2,021,126 /1,293,536+147,590+580,000/ төгрөгнөөс өмнө нь шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээнд зарцуулахаар өгсөн 600.000 төгрөгийг хасаж,  шүүгдэгч *******-с 1,421,126 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 495,164 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үнэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогчид төлөх хохирлоо нөхөн төлсөн болох нь:

Шүүгдэгч,  түүний өмгөөлөгч нь  гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 өдрийн завсарлах хугацаа авч дээрх хугацаандаа хохиролд 1,450,000 төгрөгийг хохирогч Н.Г-н 5084046021 тоот дансанд төлсөн болох нь Хаан банкны  гүйлгээний баримт, хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй бөгөөд хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин Монгол Улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, мөн хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирол төлсөн баримт, хохирогчийн тайлбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т  “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг 2021 оны 05 дугаар сард үйлдсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...гэж заасан байх тул  шүүгдэгч *******-д  оногдуулсан торгуулийн ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмчлөлөөс Ipone 11 promax  загварын гар утсыг  битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын  2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч Н.Г-д 1,450,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г нь цаашид нөхөн сэргээх эмчилгээнд шаардагдах зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын  2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОТГОНХИШИГ