| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/1301/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1376 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1376
2021 12 09 2021/ШЦТ/1376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Ц.Батболд,
Хэлмэрч П.Сайнбаяр, М.Өнөрчулуун,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Б-ын Б-д холбогдох эрүүгийн шүүх 2106 02379 1914 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 365 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 685 дугаартай магадлалаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, Ш овогт Б-ын Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр хохирогч Б.О-ы эзэмшлийн Эл Жи Экс 5 загварын гар утсыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах зорилгоор булаацалдах хувцаснаас нь зуурах, ноцолдох зэргээр хүч хэрэглэн хууль бусаар авч, хохирогчид 150.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Ёстой аюултай юм байна. Энэ зүйл архи ууссанаас л болсон. Дахиж архи уухгүй гэдгээ амлаж байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О-ы өгсөн мэдүүлэг /хх-7-11/, гэрч Б.Лхашидын өгсөн мэдүүлэг /хх-19/, гэрч Ж.Шижиртийн өгсөн мэдүүлэг /хх-14/, Б.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-76-77/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-30/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-28/, шүүгдэгч Б.Б-ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-54/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр хохирогч Б.О-ы эзэмшлийн Эл Жи Экс 5 загварын гар утсыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах зорилгоор булаацалдах хувцаснаас нь зуурах, ноцолдох зэргээр хүч хэрэглэн хууль бусаар авч, хохирогчид 150.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О-ы өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр. Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр айл руу очих гээд явж байгаад нэг хэлгүй, настай, мөн 40 орчим насны гээд 3 эрэгтэй хүнтэй таарсан. Хөгшин эрэгтэй нь “ганц юмны мөнгө өгчих цуг ууя” гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Тухайн үед намайг тэд нарыг зөрөөд цааш явж байхад хэлгүй хүн нь сонин авиа гаргаад байхаар нь би ойлгохгүй байна гээд түүнтэй тэврэлдээд цааш явсан. Тэгээд цааш явж байгаад халаасандаа гараа хийтэл миний баруун талын халаасанд байсан Эл жи экс 5 маркийн гар утас байхгүй болчихсон тул би шууд эргэж хараад тэр надтай тэврэлдсэн хэлгүй эрэгтэйгээс утсаа нэхэхэд тэр надад миний алга болсон гар утсыг гаргаж өгсөн. Би гар утсаа аваад цааш явах гэтэл тэр хэлгүй залуу намайг явуулахгүй надтай ноцолдоод байсан. Хэлгүй залуугийн араас нөгөө хөгшин эрэгтэй бас ирээд хажууд зогсоод “чи байж бай” гээд яриад байсан. Гэхдээ тэр эрэгтэй бид хоёрыг салгах гэж оролдсон. Миний биед халдсан зүйл байхгүй. Намайг тэр хэлгүй эрэгтэй чирсээр байгаад автобусны буудлын сандал дээр хүчээр суулгаад миний Эл Жи Экс 5 маркийн гар утсыг булааж авсан. Тэгээд тэд нар хэлгүй болон хөгшин хүн хоёр зам гараад яваад өгсөн. Хөгшин эрэгтэй нь миний гар утсыг хүчээр авсан үйлдэлд оролцоогүй. Мөн тухайн үед би 0,5 литрийн Хараа нэртэй архи гэртээ байхдаа уусан байсан тул хэрэг болсон үед болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Би гар утсаа эргүүлэн авсан. Миний гар утсыг дуудлагаар ирсэн хоёр цагдаа олж өгсөн. Миний утсыг дээрэмдсэн хүн хүнд 20.000 төгрөгөөр зарсан байсан. Миний биед гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй.” /хх-7-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхашидын өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн ахлах дэслэгч Г.Алтанбаяртай хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүн дээрэмдүүллээ” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцсийн орчим “Шинэ хүнс" хүнсний дэлгүүрийн үүдэнд очиход Орхон гэх эрэгтэй гар утсаа нэг хэлгүй хүнд дээрэмдүүлсэн гэсэн тул шуурхай ажиллаж, газар дээр нь тус дээрэмдсэн гэх хүмүүсийг олж тогтоосон ба тус хүмүүс нь Б.Б гэх 35 орчим насны эрэгтэй, Х.Шижирт гэх 50 орчим насны эрэгтэй хүмүүс байсан. Дээрэмдсэн гэх гар утсыг Б.Б авч, Шижиртээр заруулсан ба Х.Шижирт нь өөрийн танил хүнд зарсан гэсэн тул Г.Алтанбаяр бид хоёр Х.Шижирт, Б.Б, Б.О- нарыг дагуулж яваад алдагдсан гэх эд зүйлийг эзэнд нь буцаан өгсөн. Хохирогч Б.О-ыг дагуулаад дээрэмдсэн гэх хүмүүсийг хайхад Шижирт гэх хүнийг энэ хүн дээрэмдэхэд байсан гэж зааж байсан ба Х.Шижиртийг барихад Х.Шижирт нь хэлгүй хамт байсан гээд бид нарт Б.Б-ыг зааж өгсөн. Х.Шижирт гэх хүн тухайн хэрэг болох үед би өөрийн хүнд зарсан гар утсыг мэдэхгүй байна, хэлгүй надад өгөөд зарчих гэсэн гэх яриа өгүүлэлтэй байсан. Б.Б нь ярьж чадахгүй учир ач холбогдолтой зүйл бид нарт илэрхийлээгүй. Х.Шижирт гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Согтолтын зэрэг нь дунд зэрэг байсан.” /хх-19/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Шижиртийн өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр Б.Б гэх залуутай тодорхой зорилгогүй хамт сууж байсан байсан ба тухайн үед би нэлээн халамцуу байсан. Нэг харсан Б.Б миний мэдэхгүй эрэгтэй хүнтэй хамт юм яриад хөөрөлдөөд байсан. Би тухайн үед согтуу байсан учир юу болоод байгааг сайн мэдээгүй. Би Б.Б-тай уулзаад байсан хүний тухай юу ч мэдэхгүй. Нэг мэдэхэд Б.Б надад нимгэн хар, нүүр нь хагарчихсан гар утас өгсөн. Тэр утсыг Б.Б надад зарж, хамт архи ууцгаая гэсэн тул танил Батсайхан гэх эрэгтэйд 15.000 төгрөгөөр зарж архи уусан. Тухайн гар утсыг би, цагдаа нар болон Б.Б, гар утасны эзний хамт явж Батсайханаас буцаан авч эзэнд нь өгсөн. Тухайн үед би согтуу байсан учраас гар утастай холбоотой хэрэг болох үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Камерын бичлэгт гарч байгаа толгойндоо алчууртай нь Б.Б байна, харин улбар шар бэлтгэлийн цамц өмссөн, саравчтай малгайтай эрэгтэй нь гар утасны эзэн байна.” гэх мэдүүлэг.” /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ы яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 30 минут орчмын үед би их согтуу байсан ба Баянзүрх дүүргийн 27 дугаар рхороо Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр зүс таних хөгшин хүнтэй хамт архи ууж байсан. Намайг автобусны буудал дээр байхад улбар бэлтгэлийн цамцтай, саравчтай малгайтай эрэгэй надтай тааралдсан. Тэр эрэгтэй гарын шуун дээррээ шархтай байсан ба би түүнтэй ярилцаж байгаад түүний барьж ясан утсыг хүчээр авсан. Би тухайн хүчээ аьсан гар утсаа хамт явж байсан хөгшин эрэгтэйдээ өгч заруулсан. Тэр хөгшийн эрэгтэй гар тусын нэг хүнд 15.000 төгрөгөөр зараад бид хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болж тус 15.000 төгрөгөөр 0.75 литрийн архи худалдаж аваад байж байхад цагдаа нар ирээд бид хоёрыг барьсан. Миний гарандаа шархтай эрэгтэйгээс авдаг гар утасны нэрийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан хар өнгөтэй муу хуучин гар утас байсан.” /хх-76-77/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-28/,
“Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-30/,
Шүүгдэгч Б.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбатын зүгээс гаргасан: “...Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байна. Өмгөөлөгчийн зүгээс хүч хэрэглээгүй архи уусан үедээ булааж авсан гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүгдэгч Б.Б-ы зүгээс хохирогчийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл, зургийн үзүүлэлт /хх-22-28/-ээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хүч хэрэглэж гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгох ба шүүгдэгч Б.Б нь хохирогчийн гар утсыг авахын тулд түүний эсэргүүцсэн үйлдлийг няцааж, хохирогчийг түлхэж бие махбодид нь халдсан байх тул түүний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр хохирогч Б.О-ы эзэмшлийн Эл Жи Экс 5 загварын гар утсыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах зорилгоор булаацалдах хувцаснаас нь зуурах, ноцолдох зэргээр хүч хэрэглэн хууль бусаар авч, хохирогчид 150.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.О-ы өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Лхашид, Ж.Шижирт нарын өгсөн мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б-ы 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр хохирогч Б.О-ы эзэмшлийн Эл Жи Экс 5 загварын гар утсыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах зорилгоор булаацалдах хувцаснаас нь зуурах, ноцолдох зэргээр хүч хэрэглэн хууль бусаар авч, хохирогчид 150.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулан тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан үндэслэлээр буюу сэжигтэн, яллагдагч нас барсан үндэслэлээр Х.Шижиртэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-ы хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О- нь “....гар утсаа буцаан авсан...санал гомдол байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС