Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0410

 

2015 оны 8 сарын 27 өдөр

Дугаар 410

Улаанбаатар хот

 

“Д” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр шийдвэртэй, “Д” ХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Д” ХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжаар 3.2 га газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 0008024 дугаар бүхий газар эзэмших гэрээ байгуулан 20 жилийн хугацаатайгаар уг газрыг эзэмшин үйлдвэрлэлийн барилга барьж үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл манай компанийн энэхүү газар дээр давхардуулан 2009 онд аймгийн Засаг дарга 137 дугаартай захирамжаар “Н” ХК-д газар олгочхоод 2012 онд манай компанид 88 дугаар захирамжаар олгогдсон газрыг газрын төлбөрөө төлөөгүй, уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр аймгийн Засаг дарга 2019 дугаартай захирамж гарган хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Аймгийн Засаг даргын 2009 оны 137 дугаартай захирамж болон 2012 оны 2019 дугаартай захирамжууд нь манай компанийн эрх ашгийг зөрчсөн үндэслэлгүй гарсан тул бид Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс аймгийн Засаг даргын 2009 оны 137 дугаартай захирамж болон 2012 оны 219 дугаартай захирамжуудыг хүчингүй болгосон. Ингэснээр манай компанийн тус газрыг эзэмших эрх хэвээр үргэлжлэхийг шүүхээс тогтоосон. Үүний дагуу өнөөдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Гэтэл аймгийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А/53 дугаартай захирамж гарган ... “Д” ХК нь 1997-2015 он хүртэл хугацаанд газрын төлбөрөө төлөх 25 907 155,03 төгрөгийг төлөөгүй, захирамжийн хавсралтад нэр дурдагдаагүй байхад газар эзэмшсэн, аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшсэн гэсэн үндэслэлүүдээр манай компанийн газар эзэмших 0008024 дугаартай гэрчилгээ, 0044 дугаартай газар эзэмших гэрээ болон газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Манай компани үүнийг эс зөвшөөрч байна. Аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/53 дугаартай захирамжийн үндэслэл болсон дээрх асуудлууд нь урьдын шүүх хуралдаанаар буюу аймгийн Засаг даргын 2009 оны 137 дугаар захирамж болон 2012 оны 219 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэлэлцэх үед хангалттай яригдаж тэдгээр нь үндэслэлгүй болохыг Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/29 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаартай магадлал, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай захирамж, тус шүүхийн 02 дугаартай гүйцэтгэх хуудас зэргээр нотлогдоно.

Иймд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/53 дугаартай захирамж нь шүүхээс нэгэнт газар эзэмших эрхтэй болохыг тогтоосоор байхад шат шатны шүүхийн шийдвэрийг илтэд үл хүндэтгэсэн төдийгүй, ямар ч үндэслэлгүйгээр захирамж гарган манай компанийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/53 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн Дархан сумын 13 дугаар баг, хуучнаар “Э” ХК үйлдвэрлэлийн зориулалтаар 2004 онд олгогдсон 0008024 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 0044 улсын бүртгэлийн дугаар бүхий газар эзэмших гэрээг болон газар эзэмших эрхийг Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжаар 20 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн. Газар эзэмших гэрээг 2015 оны 03 дугаар сарын 19-ний байдлаар дүгнэн үзэхэд дараах зөрчил илэрсэн. Үүнд:

а/ Эрхийн гэрчилгээ эзэмшигч “Д” ХК нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчиж газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, орон нутгийн төсөвт газрын төлбөрөөр 1997-2015 он хүртэлх хугацаанд нийт 25 907 155.03 төгрөгийн үлдэгдэлтэй.

-2000 онд Дархан-уул аймаг дахь Сум дундын шүүгчийн 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын газар зохион байгуулалтын албыг төлөөлөн аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй 2 060 000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарч байсан.

-2001 он Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албаны мэргэжилтэн агсан А.М, “Э” ХК-ийн ахлах нягтлан бодогч Л.Б нар 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар бүхий газар эзэмших гэрээний дагуу тооцоо нийлсэн акт үйлдэж 1997-2000 он бүхэлдээ, 2001 оны эхний улирлын газрын төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй 1931520 төгрөгийг 2001 оны 08 дугаар сарын 20-ны дотор барагдуулахаар харилцан тохиролцсон боловч газрын төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулаагүй.

-2012 онд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын байцаагч Г.Н-н гаргасан газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо №2012/29 тоот акт протоколдоо 1997-2012 оны эхний 1 дүгээр улирал хүртэл “Э” ХК-ийн газрын төлбөрийн төлөгдөөгүй байгаа нийт үлдэгдэл 16239155 төгрөг байгааг тогтоосон.

-2014 онд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №2014/447 тоот газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “Э” ХК-ийн 1997-2014 оныг дуусталх газрын төлбөрийн үлдэгдэл 25 907 155.03 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний дотор төлж барагдуулахаар тогтоосон акт,

-2015 онд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 185 дугаар албан тоотоор Дархан сумын төсөвтэй харьцах 2050161 тоот регистрийн дугаартай “Д” ХК-ийн газрын төлбөрөөр 2008 онд 200 000 төгрөг, 2009 онд 1000 төгрөг нийт 201000 төгрөгийг тушаасан талаар нотолгоо гаргасан.

-2015 онд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 04 дүгээр тушаалын дагуу байгуулагдсан газрын эрх зүйн байдлыг шийдвэрлэх ажлын хэсгийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Д” ХК нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д тус тус зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүйг үндэслэн 2004 онд олгогдсон 0008024 дугаар бүхий газар эзэмших гэрээг болон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн.

б/ Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжийн хавсралтын жагсаалтад “Д” ХК-ийн нэр байршил, талбайн хэмжээ, зориулалт тусгагдаагүй байхад 2004 онд 0008024 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгон баталгаажуулсан нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох гэх заалтуудыг болон бусад холбогдох хууль тогтоомж зөрчсөн.

-Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарсан 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Э” ХК Дархан сумын Засаг даргын 2004 оны 88 дугаар захирамжийг үндэслэн 2004 онд олгогдсон 0008024 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээний газар эзэмшлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн. Тус хуралдаанаар “Д” ХК-ийн нэр байршил, талбайн хэмжээ, зориулалт тусгагдаагүй байхад 2004 оны 0008024 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгон баталгаажуулсан нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэх заалтыг болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах асуудлыг аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлүүлэхээр 100 хувийн саналаар шийдвэрлэсэн.

-Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 2/320 дугаар албан тоотоор аймгийн Засаг даргад тус сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжийн хавсралтад “Э” ХК-ийн нэр, байршил, талбайн хэмжээ тусгагдаагүй, 2004 онд олгогдсон 0008024 дугаар бүхий газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгосон байдал нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3.7 дахь заалтуудыг зөрчсөн. Аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ үү гэж хүсэлт гаргасан. Аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн заалтыг баримтлан “Д” ХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзэн аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.3.2 дахь заалтын дагуу сумын Засаг даргын саналыг авсны үндсэн дээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Аймгийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг зөрчин Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжийг ашиглан 0008024 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 0044 улсын бүртгэлийн дугаар бүхий газар эзэмших гэрээг олгож зөрчил гаргасныг тус тус үндэслэн Дархан сумын 13 дугаар баг, өмнөд үйлдвэрийн районд “Д” ХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 2004 онд олгогдсон 0008024 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, 0044 улсын бүртгэлийн дугаар бүхий газар эзэмших гэрээг болон газар эзэмших эрхийг 2015 оны 03 дугаар сарын 2/230 дугаар албан тоотоор Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3.7 дахь заалтуудыг зөрчсөн. Аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ үү гэж хүсэлт гаргасан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7, 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “Д” ХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/53 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн 31 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Д” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/53 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “Д” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс үндэслэлгүй дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

1.”Д” ХК нь 2004 онд олгогдсон 0008024 дугаарын гэрчилгээ, газар эзэмших гэрээний үндсэн дээр 3.27 га газрыг эзэмшиж байсан нь нотлогдсон

2.Уг газар нь 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа бөгөөд энэхүү барьцааны гэрээний үүрэг биелэгдэж дуусгавар болоогүй.

3.Уг газар нь 2007 онд шүүгчийн 88 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлэгдсэн. Энэхүү битүүмжлэл нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.

4.”Д” ХК нь 2004 онд 3.27 га газрыг эзэмших эрх үүсгэж гэрээ байгуулж гэрчилгээ олгогдсон болохыг Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дугаартай шүүхийн шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаар магадлал, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай захирамж тус шүүхийн 02 дугаартай гүйцэтгэх хуудас зэргээр нотлогдож байгаа ба үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

5.Засаг дарга 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаар захирамжаар “Д” ХК 3.27 га газрыг хүчингүй болгосон атлаа хоёр сарын дараа буюу 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 332 дугаартай захирамжаар урьд нь эзэмшиж байсан, Капитал банкны барьцаанд битүүмжлэгдсэн байгаа 3.27 га газрын хэмжээг багасгаж, 2.34 га газрыг олгож шийдвэрлэхдээ ямар нэгэн үндэслэл дурдаагүй. Дээрх 2.34 га газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ өгдөггүй, газар эзэмших гэрээ хийдэггүй.

6.Засаг дарга 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаартай захирамжаар тус газарт “Н” ХК-д 1.4 га газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн энэ үед “Д” ХК-ийн 3.27 га газар эзэмших эрх хүчинтэй байсан. “Н” ХК-д олгосон 1.4 га газар нь “Д” ХК-д олгогдсон 3.27 га газартай давхцаж байгаа нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй болохыг нотолж байх тул Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/53 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Д” ХК-д тус аймгийн Дархан сумын 13 дугаар баг, өмнөд үйлдвэрийн бүсэд байршилтай Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон гэх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгожээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Д” ХК-д дээрх 88 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байх ба харин уг 88 дугаар захирамжийг үндэслэж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Хариуцагч Дархан-уул аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7 дахь хэсэгт “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар захирамжийн хавсралтын жагсаалтад “Д” ХК-н нэр байршил, талбайн хэмжээ тусгагдаагүй байхад газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь Газрын тухай хууль зөрчсөн гэж үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Д” ХК нь 1997 оноос хойш газар эзэмшиж, ашиглаж байх хугацаанд газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж байгаагүй /нийт 25.907.155 төгрөг төлөхөөс 2008 онд 200.000 төгрөг төлсөн/ болох нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /х-110/ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч маргаж буй актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нэг үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

 Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Д” ХК-н /хуучин нэр нь “Э”/  газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжийн “Э” ХК-д холбогдох хэсэг, мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжийн “Н” ХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан маргаан бүхий А/53 дугаар захирамжийн үндэслэл болсон асуудлууд нь урдын шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тушаалаар газрын эрх зүйн харилцааг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, аймгийн нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөр төлсөн байдал болон газар эзэмших гэрчилгээ, гэрээний асуудлын тухай авч хэлэлцэж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчилд буюу А/29 дүгээр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэнээс өөр зөрчилд холбогдуулан хариуцагч Дархан-уул аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу эрх хэмжээний хүрээнд маргаж буй А/53 дугаар захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

             

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ