Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/325

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0184/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Э-ийн У-т холбогдох эрүүгийн 1818002440162 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Э-ийн У /РД: ................../, 19..... оны .... дугаар сарын ....-нд ...... аймгийн ........ суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., эхнэр, ..... хүүхдийн хамт ....... аймгийн ....... сумын ...... дугаар багийн ....... ..... дугаар хэсгийн ...... дугаар гудамж .... тоотод оршин суух, оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай, урьд ...... аймаг дахь ...... дундын ..... дүгээр шүүхийн ...... оны .... дугаар сарын ......-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

...... аймаг дахь ...... дундын шүүхийн ........ оны ....... дүгээр сарын ........-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.У нь ..... оны ..... дугаар сарын ......-ний өдөр ...... аймгийн ..... сумын ..... дугаар баг, ...... дугаар байр, ...... тоотод өрөө түрээслэн амьдардаг иргэн Р.Ц-ын өрөөнөөс түүний эзэмшлийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.У-ын өгсөн: .... оны ..... дугаар сарын ......-ний орой ...... цагийн үед ..... аймгийн ...... сумын ..... дугаар баг, ..... дугаар байрны ...... тоотод очсон. Байрны түлхүүр дөрвөн хүнд байдаг. Би уг байранд өмнө нь амьдардаг байсан бөгөөд засвар хийх ёстой байсан. Учир нь хэрэг болохоос өмнө байрны эзэн намайг байрны хаалга, цонхыг засаад өгөөрэй, эд зүйлээ аваарай гэж хэлж байсан. Мөн уг байранд миний ганц хоёр эд зүйл байсан. Би угаалтуураа хүнд зарна гэж хэлсэн байсан учраас авахаар очсон. Тэгээд угаалтуураа авах гэсэн боловч боолтыг нь тайлах түлхүүрээ орхиод ирсэн байсан. Тиймээс зурагтын шилэн тавиураа авсан. Тавиурыг авахдаа хохирогч Р.Ц-ын зөөврийн компьютерыг авсан. Гэмшиж байна. Миний буруу гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Р.Ц-ын өгсөн: ..... оны ..... дугаар сарын .....-ны өглөө ажилдаа явахаар өөрийн хар өнгийн, “Сони” маркийн, курсорыг баруун, зүүн тийш зөөдөг товчлуур нь унасан зөөврийн компьютероо гэрээсээ хайгаад олоогүй. Би ..... оны .... дугаар сарын.....-ний өдөр нөөтбүүкээ өөрийн түрээсэлж амьдардаг өрөөний ширээн дээр орхиод явсан. Манай өрөөний хаалганы түлхүүр жаахан муу цоож байсан, татахад нь онгойсон байж магадгүй. Манай өрөөний түлхүүр Э.У-т байх ёсгүй. Би зөөврийн компьютероо буцааж авсан тул надад санал гомдолгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Гэрч Т.А-ийн өгсөн: Би ..... оны ..... дугаар сарын сүүлээр...... аймаг явчхаад ирэхэд Р.Ц ах “миний өрөөнд байсан зөөврийн компьютер алга болсон” гэж хэлсэн. Э.У над руу байнга утсаар “ийм юмаа авах гэсэн юм, гэртээ байна уу? хаана байна вэ?” гэж ярьдаг байснаа зөөврийн компьютер алга болсноос хойш утсаар огт ярихаа больсон гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 “Капитал зууч” ХХК-ний ..... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн “иргэн Р.Ц-ын эзэмшлийн “Сони” маркийн 19 инчийн хуучин зөөврийн компьютер 500.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.У-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч нь ..... сумын ...........дугаар баг, .... дугаар байр, ........ тоот байрны түлхүүрийн нэг хувь шүүгдэгчид байдаг. Э.У нь тухайн байранд нэвтэрч завсар хийх боломжтой байсан. Хэргийн нөхцөл байдлыг харахад хүний эд зүйлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлсан гэж үзэх боломжгүй байх тул Э.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж өгнө үү хэмээн мэтгэлцэж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа ба шүүгдэгч Э.У нь хохирогч Р.Ц-н түрээсэлж байсан өрөө цоожтой байхад нэвтэрч зөөврийн компьютерыг авсан болох нь хохирогч Р.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай өрөөний хаалганы түлхүүр жаахан муу цоож байсан, татахад нь онгойсон байж магадгүй. Манай өрөөний түлхүүр Э.У-т байх ёсгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.У-ын ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр ......... аймгийн ........ сумын ..... дугаар баг, ..... дугаар байр, ..... тоотод өрөө түрээслэн амьдардаг иргэн Р.Ц-ын гэрт нэвтэрч түүний эзэмшлийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Ц-т 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрийн эзэмшлийн “Сони” маркийн зөөврийн компьютерыг буцаан авсан тул санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Би зөөврийн компьютероо буцааж авсан тул надад санал гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/-ээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.У нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №58/18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь урьд ......... аймаг дахь ...... дундын ....... дүгээр шүүхийн ........ оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ......... аймаг дахь Сум дундын шүүхийн ........оны ...... дүгээр сарын ..........-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно.

Мөн шүүгдэгч Э.У нь оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагддаг болох нь хэрэгт авагдсан Сэтгэцийн эмч, хүний их эмч Б.Т-гийн “Э.У нь оюун ухааны хүндэвтэр хомсдол шинж тэмдгийн уналттай, эссш IQ-47%, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг” гэх тодорхойлолт /хх-ийн 88/, Сэтгэцийн эмч, хүний их эмч М.Г-ийн ... оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай “Э.У-ын IQ-47%” гэх сэтгэл зүйн оношилгоо /хх-ийн 89/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №58/18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97/-ээр, шүүгдэгчийн төрсөн охин У.А нь хөгжлийн бэрхшээлтэй ба Э.У нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа төрлөөр нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагддаг болох нь хэрэгт авагдсан У-ын А-н төрсний гэрчилгээ /хх-ийн 35/, Э.У-н ........ дугаартай тэтгэмжийн дэвтэр /хх-ийн 37/, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын ..... оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ...... дугаартай шийдвэр /хх-ийн 38, 39/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчийн өөрөө оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй, төрсөн охин нь хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Э.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.У-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.У-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР17