| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 24.2.3., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2124000000093 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: **************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужирт толгойн ар” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.465 метр куб хуурай, шинэс төрлийн түлшнийй модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн “Пронтер” маркийн автомашинаар тээвэрлэн ойн санд 584,389 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужирт толгойн ар” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.465 м3 хуурай түлшний мод бэлтгэж, 53-23 ЗАН улсын дугаартай “hyuidai porter” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 584,389 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч Б.Б “...Иргэн *******ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 38/,
Гэрч М.Э: “...Манай нөхөр ******* 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой” гэх газрын арын модноос гэртээ галын түлээний модоо ганцаараа бэлтгэж байсан юм. Манай нөхөр ойгоос бэлтгэсэн дээрх моднуудаа 07 дугаар сард “Хужир толгой” гэх газарт гэрийнхээ ойролцоо шавар намгаас гаргаад хураачихсан байсан юм. Тэгсэн 2021 оны 07 дугаар сарын 21, 22-ны үед байх манай нөхрийн ойгоос бэлтгэж хураасан байсан дээрх моднуудын хажууд сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн автомашин зогсчихсон машины хажууд манай Баян-Айраг багийн засаг дарга Б, байгаль хамгаалагч Б.О хоёр байхыг би тэр үед дурандаж харсан юм. Миний зүгээс тэр үед сумаас ирсэн дээрх хүмүүстэй уулзаагүй юм. ...Манай нөхөр модыг бэлтгэхдээ улаан өнгийн бензинээр ажилладаг хөрөөг ашигласан. Мөн тухайн моднуудыг тээвэрлэхдээ өөрийн эзэмшилд байсан “Портер” маркийн улсын дугаарыг мэдэхгүй автомашинаар тээвэрлэж байсан юм. Манай нөхөр тухайн автомашинаа Тосонцэнгэл суманд байдаг Г гэх хүнд 2021 оны 08 дугаар сард худалдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 21/,
Гэрч Ж.Г: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур, багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт сумын засаг даргын тамгын газрын “Хантар” маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклтой хяналт шалгалтаар ажилласан юм. Хяналт шалгалтаар явах үед 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой” гэх газарт галын түлээний модыг бэлтгэж хураасан байсан юм. Тэгсэн тухайн моднуудыг Баян-Айраг багийн иргэн ******* залуу ойгоос бэлтгэсэн байсныг тэр үед хяналт шалгалтаар мотоциклтой явсан манай байгаль хамгаалагч Б.О өөрөө олж мэдсэн байсан юм. Тухайн үед бид нар ******* ойгоос бэлтгэсэн гэх галын түлээний моднуудыг харчихаад тэндээс явж байсан юм. Түүнээс яг миний хувьд тэр өдөр ******* таарч уулзаагүй юм. *******ийн дээрх ойгоос бэлтгэсэн гэх моднууд нь 1.50 метрийн урттай тайрч бэлтгэсэн хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Тухайн моднуудыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр ойгоос бэлтгэсэн болов уу гэмээр шинэ хөрөөний оромтой моднууд байсан юм. Миний зүгээс *******ийг мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг байгаль хамгаалагч Б.О тэр үед асуухад манай байгаль хамгаалагч тухайн иргэнийг ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж надад хэлсэн юм. Тэгэхээр ******* нь 2021 оны 07 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болж таараад байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,
Гэрч Б.П: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б нарын хамт сумын засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар бид нарыг явах үед 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Айраг багийн нутаг “Хужир толгойн ар” гэх газарт галын түлээний модыг бэлтгэж хураасан байсан юм. Тухайн өдөр байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б хоёр мотоциклоор бид нараас түрүүлж яваад тэр “Хужир толгойн ар” гэх газарт байсан модыг очиж үзсэн байсан юм. Тэгсэн тэр моднуудыг Баян-Айраг багийн иргэн ******* гэдэг хүн ойгоос бэлтгэсэн байна гэж байгаль хамгаалагч Б.О тэр үед БОХ-ын улсын байцаагч Ж.Г бид хоёрт хэлж байсан юм. Тухайн моднууд 1.50 метрийн урттай тайрч бэлтгэсэн хуурай, галын түлээний моднууд байсан юм. тэр моднууд ойролцоогоор нэг “Портер” маркийн автомашин болох хэмжээний моднууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 26/,
Гэрч Б.О: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, Баян-Айраг багийн засаг дарга М.Б нарын хамт сумын засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашин, мотоциклоор Тэлмэн сумын Өгөөмөр Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар ажиллах хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужир толгой” гэх газарт түлээний мод бэлтгэсэн байсныг очиж үзсэн юм. Тухайн моднууд нь 1.50 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Тухайн моднууд нь ойролцоогоор 1 портер галын түлээ болохоор харагдаж байсан юм. Тухайн үед дээрх галын түлээний модыг Тэлмэн сумын Баян-Айраг багийн иргэн ******* гэх хүн ойгоос бэлтгэсэн байсныг би тэр үед өөрөө олж мэдсэн юм. Тэгээд тухайн моднуудыг ******* гэх хүн ойгоос бэлтгэсэн байна гэж тэр үед хамт хяналт шалгалтаар явж байсан сумынхаа БОХ-ын улсын байцаагч Ж.Г, Нуур багийн засаг дарга Б.П нарт хэлж байсан юм. Тухайн иргэн 2021 оны 07 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 28/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаартай “...Иргэн ******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Уг моднууд нь 3,465 метр куб түлшний хуурай мод байна. *******ийн ойгоос моднууд цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн моднуудыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ойгоос бэлтгэсэн байх боломжтой. Мод бэлтгэсэн гэх “Хужирт толгойн ар” гэх газар нь ойн сангийн 1 дүгээр мужлалд хамаарч байна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. *******ийн ойгоос бэлтгэсэн түлшний модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ түлшний хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1 дүгээр мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 168,655 төгрөг итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж бэлтгэсэн мод 6,4667 метр, кубээр үржин экологи эдийн засгийн засгийн үнэлгээ нь 584,389 төгрөг болж байна. *******ийн ойгоос босоо модыг огтлох замаар мод бэлтгэсэн үйлдэв нь Ойн тухай хуулийн 20-1.4, 20-2.1, 35-4-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 9-10/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 95 дугаартай “... Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Цагдуул, Хужирт толгой, Нуур багийн Хөх толгой гэх газрууд нь Монгол Улсын Их хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай тушаалаар батлагдсан Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газар нутагт хамрагддаг болно...” гэсэн албан тоот зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч *******: “...Би Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Хужиртын толгой ар” гэх газраас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд галын түлээний мод бэлтгэсэн. Гал түлээний мод бэлтгэхдээ ганцаараа модоо цагаалсан. Тухайн үед би 1.50-1.60 метрийн урттай 58 ширхэг модыг цагаалсан. Мод цагаалах үедээ би өөрийн эзэмшлийн цагаан, улаан хосолсон өнгөтэй цахилгаан хөрөөг ашигласан. Тэр үед би өөрийн эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгслээр цагаалсан модоо уулын бэл рүү тээвэрлэн тэнд буулгасан юм...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужирт толгой ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3,465 м3 түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.
Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан шууд хохирол болох 584,389 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Хужирт толгой ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3,465 м3 түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 63/ тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч ******* 3,465 м3 түлшний хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 584,369 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,753,167 төгрөгийн хохирол ойн санд учирсан байна. Шүүгдэгч ******* нь ойн санд учруулсан хохирлоос 584,389 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, үлдсэн 1,168,778 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болох нь иргэний нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан шууд хохирол болох 584,389 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь түүний “...Цагаан улаан хосолсон өнгөтэй цахилгаан хөрөө нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн, гэрч Энхзаяагийн “...Манай нөхөр мод бэлтгэхдээ өөрийн улаан өнгийн бензинээр ажилладаг хөрөөг ашигласан...” гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “hyuidai porter” маркийн 53-23 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Г өмчлөлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Б.Г “...Би 2021 оны 08 дугаар сард иргэн ******* гэх хүнээс 53-23 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг эвдэрсэн байсан учраас 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг машиныг авах үедээ тээврийн хэрэгслийн мөнгийг бүрэн барагдуулсан...” гэсэн /хх 38/, гэрч М.Э “...Манай нөхөр автомашинаа Тосонцэнгэл суманд байдаг Ганзориг гэх хүнд 2021 оны 08 дугаар сард худалдсан юм...” гэсэн, шүүгдэгчийн “...Би 08 дугаар сард машинаа Г гэдэг хүнд зарсан. Мөнгийг бүгдийг авсан. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй байгаа...” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “hyuidai porter” маркийн 53-23 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний өмчлөлийнх биш байх тул тээврийн хэрэгслийг өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн “...“hyuidai porter” маркийн хөх өнгөтэй тээврийн хэрэгсэл, 1, 1999 онд үйлдвэрлэгдсэн 3 хүний суудалтай хэвийн ажиллагаатай комиссын үнэлгээ 1,500,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр “hyuidai porter” маркийн 53-23 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгөтэй цахилгаан хөрөө, тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэглээний 3.465 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 584,369 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү овогт ******* зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “hyuidai porter” маркийн 53-23 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Г буцаан олгож, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан алаг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3.465 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 584,369 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ойн санд учруулсан хохиролд 1,168,778 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргад олгосугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ