Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          11                                       2022/ШЦТ/186

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,   

улсын яллагч Г.Мижиддорж,

шүүгдэгч С.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ө т холбогдох эрүүгийн 2210004130216 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн төгсөх дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт .........................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Ө  /РД:............../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ө  нь 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 03-04 цагийн орчимд ............байрны гадна хохирогч Н.Д г хүн амьтан хоргоолоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр биед нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч С.Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Н.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө найз Тан Тэмүүлэн, Баяраа нарын хамтаар паркийн урд талд байдаг Рбааранд орж үйлчлүүлж байгаад явах гээд гарсан. ...би гарахад нэг залуу намайг унагаасан, хэн унагаасныг мэдээгүй... Тан Тэмүүлэн ах 2 гадна зогсож байхаар нь намайг нэг хүн унагаачихаад яваад өгсөн гэхэд ямар хүмүүс унагаасан юм гээд буцаж ороод хайхад олдоогүй учраас буцаад гарахад 3 залуу мөн үү гэхээр нь биш байна аа гээд араас Тэмүүлэнг ах уучлаарай хүн андуурчихлаа гэхээр нь би хажуугаас нь юу болсон талаараа хэлэх гээд хөөе хөгшөөн гэхэд нэг хар куртиктэй залуу нь намайг шууд нүүр лүү мөргөөд курткины малгайгаар бүтээгээд нилээн хэдэн удаа цохиж байгаад салахаар нь доошоо хараад хамрынхаа цусыг тогтоож байхад бүгд зугтаагаад яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)
  3. Гэрч Х.Наранбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 00:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч Паркийн эсрэг талд Рөүд нэртэй газар найзууд болох С.Ө , Чухал, Сэржбүдээ нартай уулзахаар ирсэн юм. Тэгээд Рөүд нэртэй лоунжид сууж байгаад 03:00 цаг өнгөрч байхад гарсан. Тэр газрын үүдэн дээр нь гараад зогсож байтал 3 залуу ирээд нэг бүдүүн залуу нь бид нар луу нэг нэгээр нь хуруугаараа чичээд энэ юм уу энэ юм уу писда гэж хэлэхээр нь гайхаад манай найз Чухал очоод таньдаг юм уу гэж асуухад тэр бүдүүн залуу яасан писдануудаа гэтэл цаанаас нь өндөр туранхай нэг залуу хүрч ирээд манай найз Чухалыг түлхээд Чухал хойшоо түлхэгдээд тэр залуутай цохилцож эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2367 дугаартай:

“Н.Д  нь биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

5. Шүүгдэгч С.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз нарынхаа хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Рөүд-68 бааранд орж үйлчлүүлж байгаад гарахаар болоод доор хаалганы орчим хувцасаа өмсөөд байж байтал цаанаас үл таних 3 залуу ирээд нэг залуу бид нар луу хуруугаараа чичлээд энэ писда юу энэ писда юу гээд заагаад байсан. Тэгэхээр нь гайхаад хүн андуураад байгаа юм бишүү гэтэл уг залуу манай найзтай барьцалдаад авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө  нь 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 03-04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Рбайрны гадна хохирогч Н.Д г хүн амьтан хоргоолоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Ө  нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хүн амьтан хоргоолоо гэх шалтгаанаар хохирогч Н.Д г толгойгоороо мөргөх, цохих зэргээр гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нүүрэн тус газарт нь алгадах идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч С.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Д гийн “...миний бие 2022 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө зодуулж хамар болон шүдэндээ гэмтэл авсан миний биед хохирол учруулсан С.Ө  хохирлыг минь барагдуулж өгсөн тул миний зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 65 дахь тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Ө  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...25 настай, эрэгтэй дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн төгсөх дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ө ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

              Харин шүүгдэгч С.Ө ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч С.Ө т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ө ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ө т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч С.Ө т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Ө т сануулсугай.       

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ө т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР