| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0082/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогтой Ж.Б-т холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .......... оны ....... дугаар сарын .........-нд ....... аймгийн ......... суманд төрсөн, ............. настай, ........, ............. боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ аймаг .... сумын ....... багт оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овогтой Ж.Б-т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-нд Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Баянзүрх” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4,188 метр куб түлшний модыг бэлтгэж, Kia trade маркийн 76-64 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 706.327,14 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...Иргэн *******-н ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Гэрч С.Т-н “...Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг Баянзүрхийн тахир халзан гэх газарт хонио хариулаад явж байгаад Баянзүрх гэх газарт машин байхаар нь мотоциклтойгоо очтол тэнд ******* ах машинтайгаа оччихсон О гэх хүний хамт галын түлээний модыг ачаад байж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
Гэрч Б.О-н “...Бид хоёрыг мотоциклтой явж байхад ******* гэх айлын гадаа галын мод аччихсан түүний өөрийн эзэмшлийн ачааны автомашин зогсож байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө айлд очсон улсын байцаагч Ж.Г, Багийн Засаг дарга Б.П нар “Цагаан толгой” гэх газарт М.Б бид хоёрын араас ирж уулзсан юм. Харин тэр үед манай БОХ-ын улсын байцаагч Ж.Г надаас иргэн ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр галын түлээний мод бэлтгэсэн байна, тухайн иргэн чамаас мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэхэд нь миний зүгээс ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хариулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
Гэрч Ж.Г-н “...Тухайн үед миний зүгээс *******-н гэрийнх нь гадна байгаа галын түлээний модонд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос бэлтгэсэн байсан юм. Тухайн моднуудыг ******* өөрөө ойгоос бэлтгэж, тээвэрлэсэн болохыг газар, дээр нь тогтоосон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай “...Иргэн *******-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь MNS 5413:2011 Монгол улсын стандартаар түлшний мод нь 5-24 см голчтой 2,20 см хүртэл урттай мод түлшний модонд хамаарах. Уг моднууд 4,188 метр, куб түлшний хуурай мод байна. Иргэн *******-н ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн модыг 2021 оны 7 сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой. Мод бэлтгэсэн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Баян зүрх” гэх газар ойн сангийн 1 дүгээр мужлалд хамаарна. Байгалийн цогцолборт газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. *******-н ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ. БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1 дүгээр мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж, бэлтгэсэн мод 4,188 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 706,327.14 төгрөг болж байна. Иргэн хүн ойгоос түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлттээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх. Мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэж болохгүй. Иргэн ******* ойгоос босоо модыг огтлох замаар мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 20-1.4, 20-2.1, 35-4-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-52-р хуудас/
Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Ж.Г-н 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-04-335/03 дугаартай “...Экологи-Эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 32 тоот дүгнэлтээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын нэг дүгээр хавсралтаар баталсан нэг шоо.метр модны “Экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр бүх төрлийн хуурай модны 1 дүгээр мужийн 1 шоо.метр шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь түлээний босоо хуурай модонд -168,655 төгрөг байхаар тогтоосон боловч тайлбарын дагуу түлээний мод -1,0 итгэлцүүрээр үржүүлэхэд 168,655х1=168,655 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн түлээний мод 4,188м3-ээр үржүүлэхэд 168,655х4,188м3=706,327.14 төгрөг болж байна” гэж тогтоосон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”-ийн дагуу 706,327.14Х3=2,118,981.42 төгрөгийг иргэн *******-р нөхөн төлүүлэх, актаар тогтоосон төлбөр болох 2,118,981.42 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж бүрэн барагдуулахыг иргэн *******-т сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
Х овогтой Ж.Б нь урьд нь ял шийтгэх эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Х овогтой Ж.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Гэрч Т.Б-н “...******* нь эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт мал маллаж амьдардаг, нэг хүүхэд нь гэрлэж тусдаа гарсан, харин одоо хамт байгаа нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, эхнэртэйгээ хамт мал маллаж амьдардаг, амьдралын түвшин дундаж, боломжийн амьдралтай. Тэднийх ойролцоогоор 300 орчим малтай...” гэсэн мэдүүлэг,
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “...Танай өрх “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдаж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/137 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 670 босго шугамаас доогуурт багтсан байна...” гэсэн тодорхойлолт зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Баянзүрх” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4,188 метр куб түлшний модыг бэлтгэж, Kia trade маркийн 76-64 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 706.327,14 төгрөгний хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь :
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 09 дугаартай улсын байцаагчийн акт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт,
гэрч Ж.Г-н “...Тухайн үед миний зүгээс *******-с гэрийн гадна байгаа галын түлээний модонд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос бэлтгэсэн байсан юм. Тухайн моднуудыг ******* өөрөө ойгоос бэлтгэж, тээвэрлэсэн болохыг газар дээр нь тогтоосон юм...”, гэсэн,
гэрч С.Т-н “...******* ах машинтайгаа оччихсон О гэх хүний хамт галын түлээний модыг ачаад байж байсан юм...” гэсэн,
Гэрч Б.О-н “...******* гэх айлын гадаа галын мод аччихсан түүний өөрийн эзэмшлийн ачааны автомашин зогсож байсан юм..., “... мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэхэд нь ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хариулсан юм...” гэсэн,
гэрч Ж.Г-н “...галын түлээний модонд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос бэлтгэсэн байсан юм....” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Өөрөөр хэлбэл зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.
Хууль бусаар мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Баян зүрх” гэх газрын ой нь байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай “...Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Баян зүрх” гэх газар ойн сангийн 1 дүгээр мужлалд хамаарна. Байгалийн цогцолборт газар нутагт хамаарна....” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэтэл шүүгдэгч дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Баянзүрх” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4,188 метр куб түлшний модыг бэлтгэж, Kia trade маркийн 76-64 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд мод бэлтгэх эрхийн мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.
Шүүгдэгч *******-н хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч *******-н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын нуур багийн нутагт байрлах Баянзүрх гэх газраас 7 ширхэг босоо мод огтолж унагасан. Мөн 3-4 ширхэг унанги модыг тайрч бэлтгээд Урд булаг нэртэй газар өөрийн эзэмшлийн 76-64 ЗАА улсын дугаартай KIA Trade маркийн тээврийн хэрэгслээр ачиж буулгасан юм...” /хх-ийн 73-74-р хуудас/ гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 706.327 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 706.327 төгрөг гэж үзнэ.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,118,981 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч хохирогчид төлөх хохирлын зарим хэсгийг төлсөн мөн зарим хэсгийн нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь:
2021 оны 11 дүгээр сарын 29...”-ний өдрийн төрийн сангийн 100091500914 дугаартай дансанд 706,328 төгрөгийг *******-с төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...”,
“...Яллагдагч ******* би 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Баянзүрх” хэмээх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 32 тоот дүгнэлтээр ойн санд 706,327.14 төгрөгийн хохирол учирч үүнийг 3-аар үржиж 2,118,982.42 төгрөгөөс
2021 оны 11 дүгээр сары 25-нд 706,327 төгрөг,
2022 оны 12 дугаар сарын 25-нд 706,327 төгрөг,
2023 оны 12 дүгээр сарын 25-нд 706,327 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулахаар иргэний нэхэмжлэгч бид харилцан тохирлоо...” гэсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь ******* нь ойн санд учруулсан хохирол болох 2,118,981 төгрөгөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-нд 706,327 төгргийг төлсөн нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хаан банкны гүйлгээний баримтаар нотлогдож байх тул нийт хохирол болох 2,118,981 төгрөгөөс 706,327 төгрөгийг хасаж тооцон, үлдэх хохирол болох 1,412,654 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан *******-н өмчлөлийн шар алаг өнгийн моторт хөрөө, тээвэрлэсэн 76-64 ЗАА улсын дугаартай Kia trade маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.8 метрийн урттай 4,188 метр куб 42 ширхэг модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 4,188 м3 эзлэхүүнтэй, 1,8 метрийн урттай, 42 ширхэг мод битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугааргүй,
76-64 ЗАА улсын дугаартай Kia trade маркийн тээврийн хэрэгсэл, 1 тооны нас гүйцсэн, сартай зүсмийн хүрэн морь, 1 тооны нас гүйцсэн хээр зүсмийн гүү зэргийг битүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой Ж.Б-г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 1,412,654 төгрөгийг шүүгдэгч *******-с гэрээнд заасан хугацаанд гаргуулж, улсын орлого болгож, эвлэрлийн гэрээг хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн шар алаг өнгийн цахилгаан хөрөө, “Kia Trade” маркийн 76-64 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 4,188 метр куб эзлэхүүнтэй, 42 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “4,188 м3 эзлэхүүнтэй, 1,8 метрийн урттай, 42 ширхэг мод” битүүмжилсэн дугааргүй, 76-64 ЗАА улсын дугаартай Kia trade маркийн тээврийн хэрэгсэл, 1 тооны нас гүйцсэн, сартай зүсмийн хүрэн морь, 1 тооны нас гүйцсэн хээр зүсмийн гүү зэргийг битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь эсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ