| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Б.П-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...........-нд ........ аймгийн ..........суманд төрсөн, ...... настай, ............, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 5 хүүхдийн хамт ....... аймаг ....... сумын ...........багт оршин суудаг, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Б овогтой Б.П.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Элстийн хаяа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.772 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, ойн санд 547.658 /таван зуун дөчин долоон мянга зургаан зуун тавин найман/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Иргэний нэхэмжлэгч О.О-н “...Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,
Гэрч Л.П-н “...Манай ах ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө надтай уулзаад хамт модонд яваад өгөөч мод бэлтгэх эрхийн гоожинг манай эхнэр авчихна, ямар нэгэн асуудал байхгүй гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд “Серес” маркийн 89-20 ЗАА улсын дугаартай автомашинаар Рашаант баг руу модонд яваад Их даваа гэх газраар даваад цааш уруудаж буугаад дахиад зүүн тийшээ өгсөж явсан. Тэнд мод бэлтгэж байтал экологийн цагдаа ирж шалгасан. Тэгээд манай ах бид хоёрыг мод бэлтгэх ажлаа боль наад мод бэлтгэж байгаа газар чинь Их-Уул сумын нутаг дэвсгэр байж магадгүй сумын төв рүү ороод мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуулаарай гэж хэлээд явсан. Манай ахын мод бэлтгэж байсан тухайн газрыг Их-Уул сумын Зарт багийн нутаг Элстийн хаяа гэдэг газар байгаа юм. Угаасаа манай ахын мод бэлтгэсэн газрын ойролцоо манай ахын хадам аавын өвөлжөө байгаа гээд байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,
Гэрч Б.Т-н “...Миний зүгээс Тосонцэнгэл сумын иргэн ******* гэх хүнд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй..., Тосонцэнгэл сумын нутгаас мод бэлтгэх эрхийн бичгээр Их-Уул сумаас мод бэлтгэж болохгүй. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64р хуудас/,
Гэрч П.М-н “...Манай нөхөр ******* тэр өглөө модонд явхаасаа өмнө надад за чи миний нэр дээр Рашаант багийн нутаг “Их даваа” гэх газраас галын мод бэлтгэнэ гэж хэлээд мод бэлтгэх эрхийн бичиг авчихаарай гэж хэлээд явсан юм. Тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15:00 цагийн үед сумын засаг даргын тамгын газар орж байгаль хамгаалагч Л.Г-с 221108648 дугаартай түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг нөхрийнхөө нэр дээр авч байсан юм. Тухайн мод бэлтгэх эрхийн бичигт Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Их даваа гэх газраас мод бэлтгэхээр заасан байсан юм...Миний хувьд сүүлд нөхрийнхөө ойгоос бэлтгэсэн байсан моднуудыг сумын төвд оруулж ирсэн хойно нь хархад 4 метрийн урттай 9 ширхэг, 2 метрийн урттай 20 орчим ширхэг модыг бэлтгэсэн байсан юм. Манай нөхөр 2021 оны 09 дүгээр сард Их-Уул сумаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/,
Гэрч Л.Г-н “...******* гэх хүний эхнэр П.М гэх эмэгтэй 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр надаас №21-108648 дугаартай 20 метр куб түлээний модын эрхийн бичгийг бичүүлж байсан юм. Тухайн эрхийн бичигт мод бэлтгэх газар нь Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Их даваа” гэх газраас бэлтгэхээр байсан юм...Миний бичиж өгсөн дээрх мод бэлтгэх эрхийн бичгээр Их-Уул сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэж болохгүй ойн тухай хуулиар хориотой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд модоо бэлтгэж тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/
Гэрч С.О-н “...Тухайн иргэний зүгээс 2021 оны 09 дүгээр сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй. Хуулиар хориотой зөвхөн эрхийн бичигт заагдсан хугацаанд модоо бэлтгэж тээвэрлэх ёстой. Түүнээс Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх эрхийн бичгээр Их-Уул сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэнэ гэсэн ойлголт огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-н 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай “...Иргэн *******-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний хуурай мод байна. Түлшний мод нь өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, ан цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Уг мод хэрэглээнд ашиглаж болох мод байна. Уг моднууд нь 2,772 метр, куб хэрэглээний хуурай мод байна. Иргэн *******-н ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Мод бэлтгэсэн “Элтсийн хаяа” гэх газар нь нутаг дэвсгэрийн хувьд Их-Уул суманд хамаарч байна. Хэргийн газрын үзлэгээр GPS төхөөрөмжөөр тогтоосон N48.30.58.4, E098.23.36.8 N48.31.008 E098.23.35.0 цэгээр мод бэлтгэсэн газар нутаг нь Их-Уул суманд хамаарч байна. Мод бэлтгэсэн Их-Уул сумын “Элстийн хаяа” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. *******-н ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ. БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 2,772 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 547,658 төгрөг болж байна. Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх эрхийн бичгээр өөр сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэж болохгүй. Хэрэв мод бэлтгэсэн тохиолдолд тухайн үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Иргэн хүн ойгоос босоо модыг огтлох замаар мод бэлтгэж болохгүй. Түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний модыг бэлтгэж болохгүй. Иргэн *******-н ойгоос босоо модыг огтлох замаар мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 20-1.4, 20-2.1, 35-4-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-80-р хуудас/,
Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хэлтсийн улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ш-н 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-04-328-10 дугаартай “...******* нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн 2,772 м.куб түлээний хуурай хэрэглээний модонд Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-н 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтээр тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ 547,658 /таван зуун дөчин долоон мянга зургаан зуун тавин найм/ төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх заалтыг үндэслэн 1,642,956 төгрөгийн нөхөн төлбөр тавив. ******* нь зөвшөөрлийн эрхийн бичиггүй хуурай, хэрэглээний 2,772 м.куб шинэс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т зааснаар хурааж шийдвэрлэв. ******* нь нөхөн төлбөр болох 1,642,956 төгрөгийг Хаан банкны 100090800914 дугаарын төрийн сангийн дансанд тушааж тасалбарын нэг хувийн БОХ-ын улсын байцаагчид өгөхийг мэдэгдэв...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 26-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
Б овогтой Б.П нь урьд нь ял шийтгэх эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/295 дугаартай: “...******* /ИЦ87080674/ нь тус багийн Баян-Улаан хороо 11-1100 тоотод оршин суудаг нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/
Б овогтой Б.П-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Элстийн хаяа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.772 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, ойн санд 547.658 төгрөгний хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 07-04-328-10 дугаартай улсын байцаагчийн акт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт,
гэрч Л.П-н “...******* нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө надтай уулзаад хамт модонд яваад өгөөч мод бэлтгэх эрхийн гоожинг манай эхнэр авчихна, ямар нэгэн асуудал байхгүй гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд “Серес” маркийн 89-20 ЗАА улсын дугаартай автомашинаар Рашаант баг руу модонд яваад Их даваа гэх газар мод бэлтгэж байтал экологийн цагдаа ирж шалгасан. П нь хөрөөгөө асгаагаад 7-8 ширхэг мод огтолж, 4 метрийн урттай тайрч 9 ширхэг мод, 2-3 ширхэг унанги модноос 2 метрийн урттай 2 ширхэг мод бэлтгэсэн модыг бэлтгэхдээ Серес маркийн 89-20 ЗАА дугаартай автомашинаар цагаалж бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.
Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.
Гэтэл шүүгдэгч нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Элстийн хаяа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.772 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд мод бэлтгэх эрхийн бичигт заагдсанаас өөр газраас мод бэлтгэсэн байна.
Шүүгдэгч *******-н хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч *******-н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Элстийн хаяа” гэх газраас 8 ширхэг босоо мод, 3 ширхэг унанги модыг 4 метрийн хэмжээтэй 9 ширхэг, 2 метрийн хэмжээтэй 21 ширхэг нийт 30 ширхэг мод огтолж бэлтгээд 89-20 ЗАА улсын дугаартай “Серес” маркийн автомашинд ачиж байхад экологийн мөрдөгч М.А ирээд шалгасан..., ... мод бэлтгэхэд шар алаг цахилгаан хөрөө, 89-20 ЗАА улсын дугаартай “Серес” маркийн тээврийн хэрэгсэлийг ашигласан..., Тухайн үед би мод бэлтгэх эрхийн бичгийг эхнэрээ бичүүлчихээрэй гэж хэлээд эрхийн бичиг аваагүй явчихсан байсан юм. Би тэр өдөр өөрийн төрсөн дүү *******-г модонд дагуулж явсан бөгөөд түүнд хэлэхдээ эгч чинь мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан байгаа гэж хэлсэн...” /хх-ийн 90-91-р хуудас/ гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 547,658 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 547,658 төгрөг гэж үзнэ.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,642,956 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохролоо шүүгдэгч нь төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь:
“...2021 оны 11 дүгээр сарын 08...”-ны өдрийн төрийн сангийн 100090800914 дугаартай дансанд 1,642,956 төгрөгийг *******-с төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...” иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан буюу мод бэлтгэж цагаалсан тээврийн хэрэгсэл, модыг тайрч бэлтгэсэн хөрөө зэрэг нь түүний өмчлөлийн эд хөрөнгө болох нь №03241999 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр, шүүгдэгч, гэрч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.П-н өмчлөлийн 89-20 ЗАА улсын дугаартай “Серес” маркийн автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шар өнгийн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,772 метр куб, 30 ширхэг модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 35 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Б.П-г зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Серес” маркийн 89-20 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэсэн шар алаг өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 2,772 метр куб эзэлхүүнтэй, 30 ширхэг шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ