Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          18                                       2022/ШЦТ/197

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч С.УуА.Г ,

шүүгдэгч С.Ю  нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ю д холбогдох эрүүгийн 2210000000021 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, урьд

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах шийтгэлээр,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, С.Ю  /РД:............./.

                      

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ю  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн баруун талын автомашины зогсоол дээр ......улсын дугаартай “Мерседес бенз эс250” маркийн автомашин дотор хохирогч А.Г тай “намайг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас түүний баруун гуя хэсэгт хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч С.Ю гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч А.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би өөрийнхөө 08-05 УБЯ дугаартай Мерседес бенз маркийн машиндаа сууж байсан юм. Машин дотроо хүмүүстэй архи уусан. Хэн байсан талаар санахгүй байна. Би ойрын 2-3 хоног архи уусан болохоор хэн хэнтэй архи ууснаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь гуянаас цус гараад явж чадахгүй байсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
  3. Гэрч П.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид А.Г ын 08-05 УБЯ дугаартай цагаан машинтай явсан. Тэд нар анх над дээр ирэхдээ л согтуу ирсэн. Зогсоол дээр ирээд С.Ю  дэлгүүр ороод 1 шил 0,75 гр-ын хар Икс нэртэй архи авч ирж түүнийг машин дотор хувааж уусан. Арын суудал дээр С.Ю , А.Г  2 сууж байсан. Архи талдаа ч ороогүй байхад С.Ю , А.Г  2 маргалдаад хэн хэнийхээ үгийг даахгүй байгаа ч юм уу аль эсвэл өмнө нь хэлсэн үгэнд нь гомдоод ч байгаа юм уу мэдэхгүй А.Г  үг хаяад муудалцаад байсан. Сүүлдээ бие биенээсээ уучлалт гуйгаад одоо энэ яриагаа болъё гээд тэврэлдээд байсан. Тэгж байснаа дахиад л С.Ю  уурлаад машинаас буунгуутаа эргэж хараад А.Г ыг хутгалчихсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)
  4. Гэрч Б.Жавхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Арын суудлын голд нь А.Г  суугаад баруун талд нь С.Ю  суугаад зүүн гар талд нь Түвшинжаргал сууж байснаа С.Ю  буугаад ойролцоох дэлгүүрээс архи авч ирсэн. Нэг шил архи авч ирээд уусан. Энд ирэхээс нь өмнө л С.Ю , А.Г  хоёр маргалдаад байсан. Хэрэлдээд л инээлдээд биенээсээ уучлалт гуйгаад тэврэлдээд явж байснаа С.Ю , гэнэт машинаас буусан. Тэгээд явах гэж байгаа юм байхдаа гэж бодтол эргэж хаалга онгойлгоод суух гэж байх шиг байсан чинь сонин таг хийх чимээ гараад А.Г  андаа намайг хутгалчихлаа гэсэн. Эргээд хартал баруун талын гуяа дарчихсан цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №857 дугаартай:

“А.Г ын биед баруун гуяны 4 толгойт булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

6. Шүүгдэгч С.Ю гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Жавхай, Энхманлай 2 ахтай уулзахаар Сансар дээр яваад очсон. Яваад очиход цагаан өнгийн бенз машин дотор Жавхай, Энхманлай хоёроос гадна Ганбаа гэх ахтай танилцсан. Машин дотор нь 0,75 грамм архи авч уусан. Ингээд 2 шил архи уучихаад Жавхай ах бол уугаагүй. Ингээд 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн хажууд ирээд Энхманлай ах хувцасаа солино гэж хэлээд гэр лүүгээ орсон. Тэр хооронд дахин 075 граммын архи авч уусан. Тэр үед Ганбаа ах зүгээр байхад намайг алгадаад байсан чи ер нь яадаг бацаан нь гэж 2,3 удаа алгадсан. Би ахаа уучлаарай гэж хэлсэн. Тэгээд намайг дахин алгадахаар нь машины баруун талын хаалганы хавтаст үзүүртэй хутга ирэлдэг хуурай байхаар нь аваад баруун хөл рүү нь хатгаж аваад машинаас буугаад айгаад шууд зугтаагаад гэр лүүгээ харьсан. ...гарт баригдсан төмрөөр хөл рүү нь хатгаад тэгээд яа яа гэхээр нь буугаад айгаад зугтсан бөгөөд гар хутга эрэлдэг төмөр байсан бөгөөд шууд тус сургуулийн ертөнцийн зүгээр баруун тийш гүйж байхдаа хаясан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 71-83, 107-126, 154-171 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ю  нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн баруун талын автомашины зогсоол дээр ......улсын дугаартай “Мерседес бенз эс250” маркийн автомашин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Г ын гуя хэсэгт “намайг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Ю  нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Г ын гуя руу хутгаар хутгалж гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хутгаар гуя руу нь хутгалах идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч С.Ю г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А.Г ын “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Ю  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ю г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.

              Мөн шүүгдэгч С.Ю д урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн сольж шийдвэрлэжээ.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ял болон энэ тогтоолоор 320 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусд нь эдлүүлэх нь зүйтэй.

              Харин шүүгдэгч С.Ю гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч С.Ю д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.Ю г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Ю г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ю д Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 26 хоногийн хорих ял болон энэ тогтоолоор 320 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.

4. С.Ю д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Ю д сануулсугай..       

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ю д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР