Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1123

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Э.Н /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Даваа,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Нн гаргасан давж заалдах гомдлоор Э.Нд холбогдох 1808026570951 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Э-ы Н, 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан ........ тоотод оршин суух, /РД: ............/,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /Эрдэнэчулууны Чунт нэрээр/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын  хорих ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 51 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилээр тогтоосон,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялд багтаан, биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоож, ялаа эдэлсэнд тооцсон.

 

Э.Н нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-16 тоотод байрлах иргэн Г.Доржсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, пальто, үүргэвч, хөөрөг, гутал зэрэг хөрөнгийг хулгайлан авч бусдад 268.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагын 2-10 тоотод байрлах иргэн Д.Долгорсүрэнгийн гэрт хууль бусаар  нэвтэрч, 50 метр урттай цахилгааны утас, оймс, эртний аравч, 2 хайрцаг тамхи, “Уртнасан”, “Цагаандарь эх” гэсэн хоёр зурмал бурхан зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.911.800 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүгийн 7 дугаар хороо Монлаагийн 06-23 тоотод байрлах иргэн Ё.Наранцэцэгийн гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн гинж, мөнгөн кольцо, дээжний цөгц, бэлэн 20.000 төгрөг, эмээлийн мөнгөн даруулга, хонины мах зэрэг 179.800 төгрөгийн хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овгийн Э-ы Нг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Нн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Э.Нн урьдчилан цагдан хоригдсон 64 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.Нгээс 268.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-16 тоотод оршин суух /АЮ83090413/ Г.Доржсүрэнд, 1.911.800 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг 2-10 тоотод оршин суух /АП47041069/ Д.Долгорсүрэнд тус тус олгож, Э.Нн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Д.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  910 дугаар шийтгэх тогтоолын зарим заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

            Би 3 удаагийн үйлдэлд ял шийтгүүлсэн. Эдгээрээс хөөрөг, бурхан хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа, харин Наранцэцэгийн гэрээс эд зүйл аваагүй, Долгорсүрэнгийн гэрээс утас, аравч аваагүй. Мөн шүүх хуралдаанд намайг  ял шийтгэсэн эсэхийг шалгасан нотлох баримт буруу байгаа талаар саналаа хэлэхэд хүлээж аваагүйд гомдолтой байна. Ял шалгах хуудсанд бичигдсэн эхний 4 удаагийн шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэж буруу бичигдсэн. Тухайн өдөр шүүх хурал хийж уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн мэт бичигдсэн нь ял шийтгэлийн тоог нэмэгдүүлж, миний эрх зүйн байдлыг дордуулж, ял хүндрэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Би бусдад 2.179.800 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон, хохирлоо төлөх буюу бусдын барьцаанд тавьсан бурхнаа авч өгөх боломж гараагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч хүлээж аваагүй. Шүүх надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Э.Н нь урьд хулгайн хэргээр олон удаа шийтгүүлсэн гэж дүгнэсэн болохоос ял шалгах хуудас зөв бичигдсэн эсэх, хэрэв буруу бол яаж зөвтгөх асуудлыг огт анхаараагүй. Шүүх миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой, буруу нотлох баримтанд дүгнэлт өгч ялын бодлогыг хүндрүүлсэн тус шүүхийн тогтоол хууль ёсны болж чадаагүй учраас анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 910 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, ял шийтгэгдсэн баримт  зөв эсэхийг тодруулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Нн өмгөөлөгч Д.Даваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Н давж заалдах гомдолдоо “ял шалгах хуудаст бичигдсэн ял шийтгэлийн талаар  маргаантай байгаа, ял шалгах хуудаст бичигдсэн эхний 4 удаагийн ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа” гэж бичсэн. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Н “2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг эдэлж дуусаад, 2009 онд суллагдсан. Үүнээс хойш гэмт хэрэг үйлдээгүй” гэж хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Ял шалгах хуудаст техникийн шинжтэй алдаа гаргасан байх гэж ойлгож байна. 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар Э.Нд ял, шийтгэл оногдуулаагүй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг давж заалдах гомдолд бас дурдсан. Уг тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад, “Э.Н нь оногдуулсан ялыг биечлэн эдэлж дууссан болохыг дурдсугай” гэсэн байна. Үүнийг 2006 онд оногдуулсан 3 жилийн хорих ялыг багтааж шийдсэн гэж ойлгож байна. Шүүгдэгчид шийтгэх тогтоолыг тайлбарлаж өгөөгүй. Э.Н нь 3 удаагийн хулгайн үйлдэлд ял шийтгүүлсэн, Наранцэцэгийн гэрээс хулгай хийхээр завдсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, бас Долгорсүрэнгийн гэрээс цахилгааны утас аваагүй гэж гомдолдоо дурдсан. Иймд Э.Нн давж заалдах гомдолдоо дурдсан асуудлыг тунгааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял шийтгэгдсэн байдлыг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрдэнэчулууны Нд холбогдох хэргийг ханалттай шалгаж тогтоосон бөгөөд урьд ял шийтгүүлж байсан бүх таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолууд хэрэгт авагдсан байгаа. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялд багтаан, биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоож, ялаа эдэлсэнд тооцсон. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Э.Н нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүгийн 7 дугаар хороо Монлаагийн 06-23 тоотод байрлах иргэн Ё.Наранцэцэгийн гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн гинж, мөнгөн кольцо, дээжний цөгц, бэлэн 20.000 төгрөг, эмээлийн мөнгөн даруулга, хонины мах зэрэг 179.800 төгрөгийн хөрөнгийг хулгайлахыг завдсан,

2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-16 тоотод байрлах иргэн Г.Доржсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, пальто, үүргэвч, хөөрөг, гутал зэрэг хөрөнгийг хулгайлан авч бусдад 268.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагын 2-10 тоотод байрлах иргэн Д.Долгорсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, 50 метр урттай цахилгааны утас, оймс, эртний аравч, 2 хайрцаг тамхи, “Уртнасан”, “Цагаандарь эх” гэсэн хоёр зурмал бурхан зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 1.911.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Г.Доржсүрэнгийн “...пальто, үүргэвч, хөөрөг, гутал зэрэг эд зүйлээ хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /1хх-16-17/,

хохирогч Д.Долгорсүрэнгийн “... “Уртнасан”, “Цагаандарь эх” хоёр зурмал бурхан, 50 метр цахилгааны утас, эртний аравч, 2 ширхэг алтан навч тамхи, “Тод” гэсэн 2  шинэ оймс, 3400 төгрөг алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-127-128/,

хохирогч Ё.Наранцэцэгийн “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд манай хүү Мөнхбат над руу утсаар залгаад “гэрт хулгай орчихсон байна, хурдан хүрээд ир” гэж дуудсан. ...Гэртээ очиход манай гэрт нэг танихгүй хүн согтуу байдалтай хөлөө жийгээд суусан, хөлдөөгч онгойлгоод уутанд мах хийгээд тавьчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-75-76/,

шүүгдэгч Э.Нн “...Согтуу байсан болохоор юу хийж байснаа санахгүй байна. Тэр айл руу ороод эрэгтэй хүүхдийн хромон гутал, эмэгтэй хүний хар түрийтэй гутал, хар үүргэвч, цагаан өнгийн хөөрөг авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-57-58/,

“...2018 оны 8 дугаар сарын 20-ны өглөө Тэмүүжинтэй 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. ... Намбарынх руу явж байгаад замдаа тасарчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаа намайг сэрээсэн. Сэрээд хартал танихгүй айлд хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-106-107/,

“...Би тухайн үед согтуу л явсан байх гэж бодож байна. Сайн санахгүй байна. ...Миний гарын мөр байгаа юм чинь хулгай хийсэн л гэсэн үг байх. Түүнээс би энэ хаяг болоод эдгээр алдагдсан эд зүйлсийн талаар санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-149-151/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон гарын хээ бэхжүүлэн авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд /1хх-7, 65-67, 117-118/, /1хх-8-9, 31-35, 69-71, 85-39, 119-120, 137-139/,

эд хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх-25-26, 80-81/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг  тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Нн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл нийт 3 удаагийн үйлдлээр  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж 2.359.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Нг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Э.Нд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд  тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Н нь “...хохирогч Ё.Наранцэцэгийн гэрээс эд зүйл аваагүй, хохирогч Д.Долгорсүрэнгийн гэрээс утас, аравч аваагүй. ...Мөн намайг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэж буруу дүгнэлт хийж миний эрх зүйн байдлыг дордуулж, ял хүндрэхэд нөлөөлсөн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Э.Н нь хохирогч Ё.Наранцэцэгийн гэрээс эд зүйл аваагүй, Д.Долгорсүрэнгийн гэрээс утас, аравч аваагүй гэж мэтгэлцэж байгаа ч хохирогч Д.Долгорсүрэнгийн “...50 метр цахилгааны утас, эртний аравч...зэрэг зүйлээ алдсан. ...” гэх мэдүүлэг, хохирогч Ё.Наранцэцэгийн “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед ...гэртээ очиход манай гэрт нэг танихгүй хүн согтуу байдалтай хөлөө жийгээд суусан, хөлдөөгч онгойлгоод уутанд мах хийгээд тавьчихсан байсан...цагдаа нар ирээд, нөгөө залуугийн  хувцсыг нэгжээд үзэхэд халааснаас нь дуураймал 2 гинж, мөнгөн гинж, кольцо, дээжний цөгц, эмээлийн мөнгөн даруулга зэрэг гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Нн “...Би тухайн үед согтуу л явсан байх гэж бодож байна. Сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг, “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өглөө Тэмүүжинтэй 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. ... Намбарынх руу явж байгаад замдаа тасарчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаа намайг сэрээсэн. Сэрээд хартал танихгүй айлд хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Э.Нг эрүүлжүүлж, мөрдөгч н.Цогтбаярын удирдсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн талаархи илтгэх хуудас 1хх-7/, “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагын 2-10 тоот хашаанд хулгай орсон гэх хэргийг газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр нь Эрдэнэчулууны Нн зүүн гарын дунд болон ядам хурууны хээнүүдтэй тохирч  байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/199 дүгээр дүгнэлт /1хх 137/ зэргээр гомдлын үндэслэл  няцаагдаж байна.

 

Түүнчлэн Э.Нн урьд ял шийтгэгдэж байсан таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд хэрэгт авагдсан, тэрээр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,  уг ялыг 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялд багтаан, биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоож, ялаа эдэлсэнд тооцсон байх ба хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор  нотолсон хэргийн үйл баримт,  хууль зүйн дүгнэлт зэргийг давж заалдах шатны шүүх өөрчлөх эрхгүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Нн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин хавтас хэрэгт Э.Нг шүүхэд шижлүүлэх тухай шүүгчийн захирамжийн оронд А.Бүрэнбаатарыг шүүхэд шилжүүлсэн захирамжийг үдэж, эмхэтгэсэн байх бөгөөд оролцогчдод хурлын тов мэдэгдэж, тэдгээр нь товлосон хугацаанд ирж анхан шатны шүүх хуралдаан хийгдсэн байх тул агуулгын хувьд Э.Нг шүүхэд шилжүүлж, хэлбэрийн хувьд өөр захирамж хэрэгт хавсаргасан гэж үзэхээр байна. Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих...” зөрчилд хамаарахгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалаар анхааруулан тэмдэглэж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Нн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН