Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 125/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0488 |
Огноо | 2015-10-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0488
ЖР ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор ЖР ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О , Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О , Д.Д нарын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай *****дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулж, тус татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2014 ны 02 дугаар сарын 21-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өнгө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймгийн Цагдаагийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4/165 дугаар албан бичгийн дагуу Татварын улсын байцаагч Ц.О , Д.Д нар 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16140200008 дугаар томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг ЖР ХХК-ийн 2012 оны санхүүгийн баримтад шалгалт хийж гүйцэтгэсэн.
Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 774 дүгээр тушаалаар батлагдсан Татварын улсын байцаагчийн дүгнэлтийн шинэчилсэн загварын дагуу дүгнэлтийг бичсэн.
2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Татварын хяналт шалгалтын програм өөрчлөгдөж, Татварын хяналт шалгалтын акт, дүгнэлт нь хяналт шалгалтын Fishir програмаас хэвлэгддэг болсон. /Энэ үед Fishir програм бүрэн төгс ажиллаж эхлээгүй, дахин дахин шинэчлэгдэж байсан./ Fishir програм нь дахин засварлагдаж шинэчлэгдэхдээ тус дүгнэлтийн хуулийн заалт, зөрчлийн дүн нь буруу хөрвөж програмын алдаа гарсан. ЖР ХХК-ийн 2012 оны санхүү болон татварын тайлан бусад холбогдох бичиг баримт цагдаагийн газрын эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа болно.
ЖР ХХК-д татварын улсын байцаагч Ц.О , Д.Д нар нь тус хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч Л.Бийн олгосон хяналт шалгалт, хийх томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Энэ нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 5.1-д Татварын ерөнхий газар, түүний харьяа нэгжийн татварын газар хэлтсийн татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн дарга /татварын улсын ахлах байцаагч/ эсхүл түүний үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтан, татварын хяналт шалгалт хийх татварын улсын /ахлах/ байцаагчийг томилж, Татварын хяналт шалгалт хийх томилолт олгоно гэж заасан нь тус хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Л.Б нь хяналт шалгалт хийх байцаагчийг томилж, татварын хяналт шалгалт хийх томилолт олгодог эрх бүхий албан тушаалтан юм.
Иймд уг томилолт нь хууль зөрчөөгүй гэжээ.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Р.Батхишигийн 16140200008 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолт-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч,
Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 30 дугаар. зүйлийн 30.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.О , Д.Д нарын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *****дүгээр Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийг хянан хэлэлцэхдээ хэт нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Учир нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсанаар Ховд аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Татвар ногдуулах, төлөлтийг шалгасан тухай *****дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч юм.
Гэтэл 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлагын хувьд тус улсын байцаагчид нь хариуцагч биш юм. Гэтэл шүүхийн шийдвэрт дурдсанаар дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагын хувьд татварын улсын байцаагч хариуцагч болохоор дурджээ.
Ховд аймгийн татварын хэлтсийн дарга Г.Х нь шүүхэд хариуцагчаар хариу тайлбар өгч байсан нь тус маргаанд татварын улсын байцаагчаас гадна татварын хэлтсийн дарга хариуцагчаар оролцож байсан атал шүүх хуралдаанд оролцох эсэхийн шийдвэрлэлгүйгээр хэргийг хэлэлцсэн нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг нь хангуулж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар гаргах боломжоор хангах шаардлагатай байсан бөгөөд үүнийг орхигдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Шүүхээс дээрх байдлаар хариуцагчийн эрхээ хэрэгжүүлэх боломжоо хангахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хариуцагчийн зүгээс хяналт, шалгалтыг хэрхэн хийсэн талаар шүүхэд тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар тайлбар, нотолгоо үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурджээ.
Гэтэл шүүхээс хариуцагчид эдлэх боломжоор хангаагүй, дээрх эрхээ эдлэх боломжийг тайлбарлаж өгөөгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч ЖР ХХК-ийн захирал Н.Б татварын улсын байцаагчийн дүгнэлтийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж, удаа дараа ирж гардаж авахыг шаардсан боловч гардаж аваагүй.
Гэтэл гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсний дараа татварын маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд шүүхэд ч мөн адил нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлэн хандсан байтал шүүх хугацаандаа хандсан гэж илт буруу дүгнэж нэг талыг барьж шүүхийн шийдвэр гаргасан.
Мөн нэхэмжлэгч байгууллагад хяналт шалгалт хийх талаар мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас тухайн компанийн санхүүгийн баримт болон дансны хуулга нь баримт болж ирсэн. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын захиралтай шалгалтын явцад уулзаж тайлбар ярилцлага хийж байсан. Шүүх дээрх байдлуудад үндэслэлгүй дүгнэлт хийж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ЖР ХХК-аас Ховд аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О , Д.Д нарын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай *****дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах, тус татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Нэг. Ховд аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлагын тухайд:
ЖР ХХК-ийн 2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийлгэхээр Ховд аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 16140200008 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолт-ийг олгожээ.
Хариуцагчаас тухайн томилолтыг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.1-д заасны дагуу олгосон гэж тайлбарласан боловч энэ нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр уг тушаалыг баримтлан ЖР ХХК-д татварын хяналт шалгалт хийх томилолтыг үйлдэх боломжгүй байжээ.
Харин уг томилолтыг олгох үед Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд дүрмийн 2.2 /Улсын төсвийн орлого, хяналтын ажил эрхэлсэн нэгж /УТОХН/, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс болон татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгж /ХШАЭН/-ийн дарга нь Татварын улсын (ахлах) байцаагчдыг хяналт шалгалт хийлгэхээр томилохдоо дараахь бодлого, чиглэлийг баримтална/, 2.3.3 /УТОХН, Нийслэл, аймаг, дүүргүүдийн Татварын газар, хэлтэс болон ХШАЭН-ийн дарга нь хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагчийг томилж Татварын хяналт шалгалт хийх томилолт (Маягт ХШ № 01)-ыг тухайн үед нь олгоно/ дахь заалтуудаас үзвэл Ховд аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга нь Татварын хяналт шалгалт хийх томилолт-ийг олгох эрх хэмжээтэй байна.
Ховд аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Л.Бийн ажлын байрны тодорхойлолтын 3. Ажлын байрны гол үйл ажиллагаа хэсгийн 10-д Татварын хяналт шалгалт хийлгэхээр томилолт олгох, түүнд хяналт тавих-аар мөн заажээ.
Эдгээрээс дүгнэвэл анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт үндэслэн, түүнчлэн томилолтыг хуулиар бүрэн эрх олгогдоогүй байхад олгосон нь хууль бус гэж дүгнэсэн нь буруу байна.
Үүнээс гадна тухайн томилолтын дагуу шалгалтыг гүйцэтгэж, үйлдсэн улсын байцаагчийн дүгнэлтэд төлөвлөгөөт гэж тусгагдсан нь хариуцагчийн тайлбараас зөрүүтэй байгаа, мөн шалгалт хийсэн хугацааг томилолт олгосноос өөрөөр тусгасан зэрэг нь тухайн томилолтыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй.
Нөгөө талаар Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм-д заасан томилолт олгосон он, сар, өдөр, дугаар, хяналт шалгалт хийх Татварын улсын (ахлах) байцаагч, хяналт шалгалтад хамруулах татвар төлөгчийн нэр, хяналт шалгалт эхлэх, дуусах хугацаа, хяналт шалгалтын төрөл, томилолт олгосон албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарагдсан байгаа тохиолдолд уг томилолтыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хоёр. Татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *****дүгээр Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 /Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно/, 30.1.1 /татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх/-д татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглохоор заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ЖР ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтыг ямар нэг удирдамжгүйгээр хийсэн нь тогтоогдсон байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана гэж заасныг татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *****дүгээр дүгнэлт зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Үүнээс гадна 2014 оноос эхлэн ашигласан татварын хяналт шалгалтын Fishir програмаас дүгнэлтийг хэвлэхэд хуулийн заалт, зөрчлийн дүн нь буруу хөрвөж програмын алдаа гарсан гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 /Акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна/-д заасантай нийцээгүй, дүгнэлтийн үнэн зөв байх эсэх нь хариуцагчийн өөрийнх нь үйл ажиллагаатай хамааралтай байна.
Түүнчлэн хариуцагч Ховд аймгийн татварын хэлтсээс ЖР ХХК-д хяналт шалгалт хийх талаар ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ-д заасантай нийцэхгүй, нөхцөл байдлыг тодруулж судлах, холбогдох материалыг цуглуулах, алдаагаа залруулах боломж олгох, тэдний тайлбарыг сонсох зэрэг ажиллагааг хийхгүйгээр хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангаж ажиллаагүйгээс мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан татварын төлөгчийн татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, 17.1.7-д заасан татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх эрхийг зөрчсөн, эдгээр асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтыг баримтлан Ховд аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 16140200008 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолт-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай эж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР