Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Я.П холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......... оны .......... дугаар сарын ...........нд ....... аймгийн ..... суманд төрсөн, ......... настай, .........., ...........боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ......... аймгийн ...........сумын .......... багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, .............регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Х овгийн Я.П-т.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Хар бургаст гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.2385 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү Бонго пронтер маркийн ........... ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж ойн санд 442.255 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Иргэний нэхэмжлэгч Л.О-н: “...Тухайн иргэний ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Я.Ш-н: “...Миний машиныг 11 сарын эхээр 2 хоног хэрэглээд өгсөн, машиныг авахадаа мод бэлтгэх гэж байна гэж хэлээд авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28-р тал/,

Гэрч М.Д-н: “...Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн иргэн Э гэх хүн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14 цаг өнгөрч байхад ойгоос хэрэглээний мод бэлтгэх тухай хувийн өргөдлөө сумын Засаг даргын орлогч Б.Д-р цохолт хийлгэж ирсэн юм. Тэгээд би тухайн хүний өргөдөл, цохолтыг үндэслэн 22-001832 дугаартай хэрэглээний 5 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг иргэнд олгож байсан. Тухайн иргэн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14:00 цаг өнгөрч байхад эрхийн бичгээ надаас авсан учир ямар ч байсан тухайн өдөр модоо бэлтгэж амжаагүй гэж бодож байна. Манай байгаль хамгаалагч нар Идэр голын хяналтын постонд хуваарийн дагуу ажиллаж байгаа учир Улаантолгой, Рашаант, Баян-Улаан багуудаас мод бэлтгэн ирж байгаа иргэдийн эрхийн бичигт хяналт тавин ажиллаж байгаа...Тухайн иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заасан газраас заагдсан хугацаанд тухайн бэлтгэх ёстой модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр модоо бэлтгэж, эрхийн бичигт заасан хугацаанд тээвэрлэн оруулж ирэх ёстой..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-р тал/,

Гэрч О.Э-н: “...Би Тосонцэнгэл суманд өөрийн хашаандаа хувьдаа модоор байшингийн их бие хана босгоод 2 жил болж байгаа юм. Манай хүргэн *******-н сургуулийн насны 2 хүүхэд Тосонцэнгэл сумын төвд байдаг юм. Би *******-г 2021 оны 10 дугаар сарын 20-нд үеэр ирэх үеэр би байшингийн таамбар, нуруу босгоход хэрэглээний хэдэн мод хэрэгтэй байдаг гээд хэлсэн юм. Тэгсэн тэр үед ******* надад та гоожингоо авчихвал би малд явах үедээ танд 4 метрийн хэдэн мод хийгээд өгье гэж хэлж байсан юм. Манай хүргэн ******* 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өглөө 09 цагийн үед миний 91115863 дугаарын утас руу залгаад би өнөөдөр танд хэдэн мод бэлтгээд өгье та гоожингоо авчхаарай гэж хэлсэн юм. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр сумын Засаг даргын тамгын газар ороод байгаль хамгаалагчаас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах гэтэл байгаль хамгаалагч Г.Г надад хэрэглээний мод бэлтгэх гэж байгаа иргэд хувийн өргөдлөө бичээд сумын засаг даргын орлогчоор цохолт хийлгэсний дараа бичнэ гэж хэлсэн юм. Тэгсэн тэр өдөр сумын засаг даргын орлогч байхгүй гадуур ажилтай байж таараад би эрхийн бичгээ авч чадаагүй юм. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах хувийн өргөдлөө бичээд сумын засаг даргын орлогч Б.Д-р цохолт хийлгүүлээд өдөр 14 цаг өнгөрч байхад байгаль хамгаалагч М.Д-с 22001832 дугаартай хэрэглээний 5 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. Харин би 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүргэн ******* руу утсаар залгаад би мод бэлтгэх эрхийн бичгээ авчихлаа шүү гэж хэлсэн юм...******* 2021 оны 11 дүгээр сарын 2-ны орой 21 цагийн үед над руу утсаар залгаад би 4 метрийн урттай 285 ширхэг мод бэлтгэчихлээ, та гоожингоо авсан уу гэж асуухаар нь би өнөөдөр авч амжсангүй гээд хэлж байсан. Тухайн моднуудыг хүргэн ******* Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг “Хар бургаст” гэх газрын ойгоос 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр бэлтгэсэн гэж надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р тал/,

Гэрч О.Н-н: “...Манай нөхөр ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Хар бургаст гэх газраас ганцаараа хэрэглээний 4 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий мод бэлтгэсэн гэж тэр өдөр надад хэлсэн юм. Харин манай нөхөр ******* 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Тосонцэнгэл сумын төв рүү ойгоос бэлтгэсэн модоо тээвэрлэж явахаар болоод намайг хамт мод ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Хар бургаст” гэх газарт нөхрийнхөө хамт очоод тэнд ойгоос бэлтгэсэн байсан 4 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг автомашин дээр ачилцаж байсан юм. Тухайн үед манай нөхөр 25 ширхэг модоо хадам дүү Я.Ш-н цагаан өнгийн улсын дугаар мэдэхгүй ачааны автомашинд ачаад Тосонцэнгэл сумын төв рүү явж байсан юм. ******* тэр өдөр ойгоос мод бэлтгэхээс өмнө сумын төв рүү манай ах Э руу утсаар залгаад гоожин аваадхаач гэж хэлчхээд модондоо явж байсан юм. Харин тухайн өдөр манай нөхрийг модонд явсан хойгуур манай ах О.Э манай гэрийн утас руу залгаад гоожин авах гэсэн бүтэхгүй байна гээд хэлсэн юм...” гэх мэдүүлэг IХХ-ийн 38-р тал/,

Гэрч С.М-н: “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Д гэх хөрөө рамны хажуугаар өнгөрөөд явахад Бонго пронтер маркийн 35-86 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн автомашин дээр мод аччихсан надтай зөрсөн. Тэгээд би хөрөө рамны хашааны хажуугаар өнгөрөөд эргээд явж байтал Бонго пронтер маркийн 35-86 ЗАА улсын дугаартай автомашин нь модоо буулгачихсан явж байхаар нь араас нь очоод бичиг баримтыг нь шалгахад 25 ширхэг ойролцоогоор 3-4 метрийн урттай мод байсан. Тэр үед би жолооч *******-с мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу гэж асуухад нэг хоногийн өмнө гоожингоо авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай: "...Иргэн *******-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний хуурай, мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь 2,20 см-ээс дээш урттай мод хэрэглээний модны ангилалд хамаарна. Уг моднууд нь 2,2385 метр, куб хэрэглээний хуурай мод байна. Иргэн *******-н ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой. Мод бэлтгэсэн гэх Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Хар бургаст гэх газар нь Ойн сангийн 2-р мужлалд хамаарч байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр, куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. *******-н ойгоос бэлтгэсэн хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний хуурай модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197.568 төгрөг болж, бэлтгэсэн мод 2,2385 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 442,255 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт  ХХ-ийн 59-60-р тал/

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Х овгийн Я.П нь ял шийтгэн эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 301 дугаартай: “...Я.П ИЗ79053014 нь ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 93-р хуудас/

*******-н 2020 оны жилийн эцэст хариуцан тоолуулсан малын тоо,

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “...Танай өрх “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар “Нийгминй хамалжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409,679 босго шугамаас доогуурт багтсан байна...” гэсэн тодорхойлолт,

Гэрч О.Э-н “...*******-н хувийн зан байдлын тухайд төлөв даруу зантай, хүнтэй эвсэг харьцаатай, нийтэч, хүнд тусархуу зан байдалтай, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Улаан энгэр” гэх газарт өвөлжөөндөө мал малладаг, эхнэр 3 хүүхдийн хамт хөдөө байдаг...” гэсэн мэдүүлэг,

Х овгийн Я.П-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

            Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Б.П нь 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Хар бургаст гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.2385 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү Бонго пронтер маркийн 35-86 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 442.255 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 09 дугаартай улсын байцаагчийн акт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт,

гэрч О.Э-н “...******* 2021 оны 11 дүгээр сарын 2-ны орой 21 цагийн үед над руу утсаар залгаад би 4 метрийн урттай 285 ширхэг мод бэлтгэчихлээ, та гоожингоо авсан уу гэж асуухаар нь би өнөөдөр авч амжсангүй гээд хэлж байсан. Тухайн моднуудыг хүргэн ******* Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг “Хар бургаст” гэх газрын ойгоос 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр бэлтгэсэн гэж надад хэлсэн...” гэсэн,

Гэрч М.Д: “...тухайн иргэн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14:00 цаг өнгөрч байхад эрхийн бичгээ надаас авсан учир ямар ч байсан тухайн өдөр модоо бэлтгэж амжаагүй гэж бодож байна..." гэсэн,

Гэрч О.Н-н: “...2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Хар бургаст” гэх газарт нөхрийнхөө хамт очоод тэнд ойгоос бэлтгэсэн байсан 4 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг нөхрийнхөө хамт автомашин дээр хамт ачилцаж байсан юм...” гэсэн,

Гэрч С.М-н: “...бичиг баримтыг нь шалгахад 25 ширхэг ойролцоогоор 3-4 метрийн урттай мод байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.  

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Хар бургаст гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.2385 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Шүүгдэгч *******-н хууль бусаар мод бэлтгэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байх ба шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.П-н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хадам ах Э-той утсаар мод бэлтгэх тухайгаа яриад гоожин аваад өгөөч гэж ярих үед Э гоожин авах боломжтой юм байна гэж хэлэхээр нь би Ш дүүгийн 35-86 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багаас ганцаараа гарсан. Тэгээд би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг Хар бургас гэх газраас 35-86 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 25 ширхэг шинэс төрлийн хуурай модыг тээвэрлэн Тосонцэнгэл сумын төв рүү орж ирсэн... Тухайн үед би мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэсэн...” /хх-ийн 75-76-р хуудас/ гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 442,255 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 442,255 төгрөг гэж үзнэ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,326,765 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлоо шүүгдэгч нь төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь:

“...2021 оны 11 дүгээр сарын 30...”-ны өдрийн төрийн сангийн 100090455405 дугаартай дансанд 1,326,765 төгрөгийг *******-с төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...” шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын эвлэрсэн талаархи баталгаа, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх талаархи хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул уг автомашиныг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, Бонго пронтер маркийн 35-86 ЗАА улсын дугаартай автомашины үнэ болох 1.000.000 төгрөг,  мод цагаалахдаа ашигласан 1 тооны нас гүйцсэн, хүрэн зүсмийн морь,  хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн шар бариултай цагаан цэнхэр өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,2385 м3 эзэлхүүнтэй шинэс төрлийн 25 ширхэг модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 2,2385 м3 эзлэхүүнтэй, хэрэглээний хуурай 25 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны нас гүйцсэн, хүрэн зүсмийн морь зэргийг битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 46 дугаартай,

Шүүгдэгчийн өмчлөлийн мухар хүрэн зүсмийн 1 тооны нас гүйцсэн үнээ, 1 тооны мухар хар зүсмийн хайнагийн үнээ, 1 тооны эвэртэй хар зүсмийн хайнагийн үнээг тус тус битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 45 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Я.Пзөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-86 ЗАА улсын дугаартай “Бонго-пронтер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1,000,000 төгрөг, мод цагаалахдаа ашигласан 1 тооны нас гүйцсэн, хүрэн зүсмийн морь,  хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн шүүгдэгчийн өмчлөлийн шар бариултай цагаан цэнхэр өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,2385 м3 эзэлхүүнтэй шинэс төрлийн 25 ширхэг модыг тус тус улсын орлого болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сурыг устгасугай.

 7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай “... хууль бусаар бэлтгэсэн 2,2385 м3 эзлэхүүнтэй, хэрэглээний хуурай 25 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны нас гүйцсэн, хүрэн зүсмийн морь зэргийг битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 46 дугаартай,

шүүгдэгчийн өмчлөлийн мухар хүрэн зүсмийн 1 тооны нас гүйцсэн үнээ, 1 тооны мухар хар зүсмийн хайнагийн үнээ, 1 тооны эвэртэй хар зүсмийн хайнагийн үнээг битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 29ий өдрийн 45 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОТГОНХИШИГ