Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1388

 

 

 

 

 

 

 

 

  2021        12          13                                   2021/ШЦТ/1388

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Х.Еркебулан,

хохирогч Б.Э,

гэрч Ц.Тунгалаг, М.Тодбаатар, Г.Алтанбаяр,

шинжээч эмч М.Аригуунтөгс,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Б-т холбогдох эрүүгийн 2106 00000 1780 дугаартай хэргийг шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Толгойтын 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх00000, хэрэг хариуцах чадвартай, Т овогтой М-ын Б.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр гудамжны 225 тоот нийтийн байранд хохирогч Б.Э-той хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “архины мөнгө өгсөнгүй” хэмээн маргалдаж, улмаар баруун хөлөөрөө хэвлий, давсаг тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд давсагны ханын урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Дарь-Эхийн 26 дугаар хорооны нийтийн байранд М.Тодбаатар ахын гэрт очсон. Намайг очиход тухайн өрөөнд Б.Э-, М.Тодбаатар, галч өвгөн Цогоо нар байсан. Тэгээд Б.Э ах намайг “наашаа суу” гэж хэлсэн. Тэдний гэрт бид нар архидан согтуураад доошоо галч өвгөний гэрт орж суусан. Би Б.Э-той хоёулаа байсан тохиолдол байгаагүй. Би гэрт нь шүлсээ хаясан зүйл байхгүй. Би Б.Э-ыг маргалдаж, зодож, цохисон зүйл байхгүй. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү... Би торгуулийн арга хэмжээг төлөх төлбөрийн чадвар байхгүй. Би санаатай өшиглөөгүй байхад яагаад ял өгсөн гэдгийг ойлгохгүй байна.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр би гэртээ байсан. Тухайн үед би ажилгүй амарч байсан. Би гэртээ архи ууж байсан нь үнэн. М.Б үнэн зөв мэдүүлж байна. М.Б манай хаалгыг шагайхаар нь би М.Б-ыг “ор” гэж хэлсэн. Манайд Тодоо, Цогоо нар архи ууж байсан нь үнэн. Тэгээд М.Б орж ирэхдээ архи уугаагүй эрүүл манайд орж ирсэн юм. Тэгээд М.Б орж ирээд бид нар хамт архи уусан нь үнэн. Тэгээд М.Б шээх гээд гараад буцаад орж ирэхдээ агаар, салхинд цохиулаад нэлээн согтуу болж орж ирээд манайд хувингийн таг дээр шүлсээ хаясан. Тэгээд бид хоёрын хооронд маргаан болсон. Түүнээс мөнгө, төгрөг болон хувийн асуудал өс хонзон бид хоёрын дунд байгаагүй. Доор өвгөний гэрт маргасан. Тэгээд би шалны модоор М.Б-ыг цохисон нь үнэн. Тэгээд доор өвгөнийд маргалдаж байхад М.Б ганц л удаа миний гэдсэнд өшиглөсөн. Би урьд нь хагалгаанд 2014, 2017 онд орж байсан нь үнэн. М.Б намайг өшиглөсөн нь үнэн боловч бид нар согтуу байсан болохоор тийм чанга бол өшиглөөгүй. Одоо надад гомдол санал байхгүй. Надад хохирол гомдол бүрэн барагдуулсан. Гэхдээ сая гэмтлийн эмнэлэгт очиход давсаг задарсан байна гэж хэлсэн. Гэхдээ давсаг задрахдаа өөр газраар өөр хэсэгт задарсан байсан. Би эхлээд М.Б-ыг цохисон нь үнэн. Би хорих ангид ял эдэлж байх хугацаандаа аваарт орсон нь үнэн. Түүнээс хойш эмчилгээ хийлгэж байсан. Сүүлийн үед бол эмчилгээ хийлгээгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Тунгалаг мэдүүлэхдээ: “...Би Б.Э-той 1 жилийн хугацаанд хамтран амьдарч байсан. Би М.Б-ыг бол сайн танихгүй. Манай нийтийн байранд амьдардаг М.Тодбаатар гээд айлд ирж байсан. Би Б.Э-оос салаад 3, 4 сар болж байна. Би өглөө гараад орой гэртээ харьдаг хүн. Би тэр өдөр ажлаа тараад явж байгаад Б.Э руу “ямар хоол хийх вэ” гэж асуух гэсэн чинь “чи яаралтай өвчин намдаах эм дээд доозоор аваад ирээч” гэж надад хэлсэн. Тэгээд би “яасан” гэсэн чинь “би хүнд гэдэс рүүгээ цохиулчихлаа, би босож чадахгүй байна” гэж надад хэлсэн. Тэгээд би нэг диклодинк эм хоёрыг аваад очсон. Тэгээд түгжрээд очсоор байтал эмнэлэг ирсэн байсан. Тэгээд эмнэлэг гэмтэл рүү авч явна гэж хэлсэн. Тэгээд би юм бэлдээд араас нь очсон чинь “хагалгаанд орно” гэж хэлсэн. Тэгээд би “ямар шалтгаанаар хагалгаанд орох болсон юм” гэж асуусан чинь надад “ямар нэг гарын үсэг зураг хүн хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би Б.Э-ын хамаатан садныг нь би мэдэхгүй. Би хамаатан садны хүн нь биш ч гэсэн би өөрөө даагаад авъя гэж хэлсэн. Тухайн үед М.Б цохисон гэж хэлсэн. Гэхдээ би яг М.Б цохисон гэдгийг хараагүй. Сүүлд нь бодоод байхад шатнаас унасан билүү шатан дээр хальт гишгэсэн гэж хэлэх шиг болсон. Гэхдээ тэрийг нь би хараагүй шат гэж ямар учиртай юм бол гэж гайхаад байгаа юм. Хэдийд нь хэвтэрт байхдаа шатны дээшээ гарсан юм миний ухаан санаанд орж гараад байгаа юм. Б.Э байнга худлаа ярьдаг. Намайг ч гэсэн энэ байдалдаа орооцолдуулаад явж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Тодбаатар мэдүүлэхдээ: “...Бид нар өглөө 2 шил архи уусан. Манай байранд Цогоо гээд хөгшин байдаг юм. Тэгээд М.Б орж ирээд “хоёулаа ганц шил архи ууя” гэж хэлсэн. Тэгээд жижүүр хөгшиний хамтран амьдардаг эмгэн байсан. Тэгээд Б.Э орж ирээд “мөнгө алга болчихлоо чи авсан байна” гээд М.Б-ыг зодоод унасан. Тэгээд би ажилдаа яваад ирсэн чинь эмнэлэг ирээд насилкин дээр Б.Э явсан. Тэгээд түргэний тэргэнд байхдаа “танай дүү М.Б намайг цохисон” гэж хэлсэн. Жижүүр өвгөн Цогоогийн гэрт уусан. Тухайн үед М.Б жоохон халсан байсан. Ирэхдээ архи уусан байсан. Тэгээд жижүүр өвгөн, Болор, бид 3 уусан.” гэв.

       

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Алтанбаяр мэдүүлэхдээ: “...15:00 цагийн үед дуудлага өгсөн. Энэ хоёр давхар нийтийн байр нэг давхарт нь М.Б гэх залуу нүүрэндээ шалбархайтай унтаж байсан. Тэгээд нэлээн согтуу болохоор босгоод юу болсон талаар асуусан. Тэгээд М.Б гээд залуу “би ах нар дээрээ нэг шил архи аваад тэгээд мөнгөний асуудлаас болоод маргалдсан” гэсэн. Тэгээд нэлээн олон хүнтэй архи уусан. Тэгээд хоёр давхарт байгаа хүн миний бичиг баримтыг авсан мөнгөний асуудалтай мэт ярьсан. Тэгээд би хоёр давхарт байгаа хүн дээр очиход орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд тэр хүнээс “босож ирж чадах уу” гэж асуухад “хэвлий хэсгээр өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй түргэний эмч ирсэн. Би зөрөөд явсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Аригуунтөгс мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. 8 дугаар сарын 7-ны өдөр мэс засалд орсон байдаг. Давсагны хананы урагдал гэмтэл авсан хүний хэвлийн доод хэсгээр өвдөх, улмаар хэвлийн хөндийд шээс орж, хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэж, зовиур бүр нэмэгдэнэ. Зовиур нэмэгдэхийн хэрээр атиралдаж унах, мөн явж чадахаа больж өвдөх зовиур илэрнэ. Мэс заслын тэмдэглэл хийх явцад хоёр урагдалтай байсан учир шинэ гэмтэл гэж үзнэ. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гэдэг нь өшиглөх, унах зэрэг аль аль нь үүснэ.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр гудамжны 225 тоот нийтийн байранд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9, 10-11/, хохирогч Б.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-15-20/, гэрч Д.Жавзандуламын өгсөн мэдүүлэг /хх-24-25/, гэрч М.Тодбаатарын өгсөн мэдүүлэг /хх-27-28/, гэрч Г.Алтанбаярын өгсөн мэдүүлэг /хх-70-71/, гэрч Ц.Тунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-72-73/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 7199 дугаартай дүгнэлт /хх-34-36/, шинжээч эмч М.Аригуунтөгсийн өгсөн мэдүүлэг /хх-78/, БЗДЦГ ЦХ-2 удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, М.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-21-22/, гэрч Д.Энхбаярын өгсөн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Ш.Цогтбаатарын өгсөн мэдүүлэг /хх-31-32/, шүүгдэгч М.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, шинээр ШШГЕГазрын 401 дүгээр ангийн захиргаанд өмгөөлөгч Д.Тамирын гаргасан хүсэлт 1 хуудас зэргийг шинжлэнг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр гудамжны 225 тоот нийтийн байранд хохирогч Б.Э-той хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “архины мөнгө өгсөнгүй” хэмээн маргалдаж, улмаар баруун хөлөөрөө хэвлий, давсаг тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд давсагны ханын урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э-ын өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 44 дүгээр гудамж, 225 тоот нийтийн байранд гэртээ байхад зүс мэдэх М.Б манай гэрт согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би “суу” гэсэн. Тэгсэн гэрт орж ирэнгүүт шүлсээ хаясан. Тэгэхээр нь би “чи айлд шүлсээ хаясан” гэсэн. Тэгэхэд “чамд ямар хамаатай юм, мөнгө өг” гээд гэдэс рүү удаа дараа баруун хөлөөрөө өшиглөсөн. Би шууд эвхрээд унасан. Тэгээд нөгөө М.Б гэдэг залуу гараад явсан. Би гэртээ хөдөлж чадахгүй шалан дээр орой 19 цаг хүртэл хэвтэж байхад эхнэр орж ирээд 103 дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Тэр үед М.Б нэлээн согтолттой байсан. Тэр үед миний давсаг руу 1 удаа өшиглөсөн. Би эмнэлэгт ирээд яаралтай давсагны хагалгаанд орсон. Дотуур цус их алдсан, “давсаг 2 язралттай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15-20/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Жавзандуламын өгсөн: “...Он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Нэг орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн гадна түргэн тусламжийн машин зогсож байсан. Машины дэргэд Цогоогийн эхнэр зогсож байсан. Тэгээд би “юу болсон юм бэ” гэхэд эхнэр нь “Цогоо л” гэсэн. Би тэгэхээр нь жижүүр өвөөг бас Цогоо гэдэг болохоор “яанаа өвөө” гэсэн чинь “бишээ манай нөхөр” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Тодбаатарын өгсөн: “...Б.Э миний амьдарч байгаа нийтийн байрны 2 давхарт эхнэртэйгээ хамт амьдарч байгаад өөр нийтийн байр руу нүүсэн сурагтай байсан. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. Намайг гэрт ирэхэд гадаа түргэн тусламжийн машин ирчихсэн, Насилкин дээр Б.Э-ыг өргөөд гаргаж байсан. Эрдэнэцогтын хажууд түүний эхнэр Тунгаа байж байсан. Тэгээд би туслах гээд машинд нь суугаад Гэмтлийн эмнэлэг рүү цуг явсан. Түргэн тусламжийн машинд Эрдэнэцогт надад хандаж хэлэхдээ “нөгөө дүү чинь орж ирээд намайг өшиглөсөн, би 3-4 цаг шээс гарахгүй хэвтлээ” гэж хэлсэн. Нөгөө дүү гэж М.Б-ыг хэлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтанбаярын өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр би цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Лхашидын хамт Сүлд-116 машинтай эргүүлийн чиглэлд 24 цаг үүрэг гүйцэтгэсэн. Тус өдөр 18 цагийн үед “Дарь-Эхийн нийтийн байранд зодоон болоод байна” гэж дуудлага мэдээлэл хүлээн авч, дуудлаганд очиж шалгахад М.Б гэх эрэгтэй хүн бусдад зодуулсан гэх бөгөөд түүний хамраас цус гарсан, нүүр ам нь хавдсан харагдаж байсан. М.Б-оос ямар хүнд зодуулсан тухай асуухад “хамт архи уусан нийтийн байрны ахад зодуулсан” гээд нэг эрэгтэй хүнийг зааж байсан. Тэр эрэгтэй нь тус байрны 2 дугаар давхарт өөрийнхөө амьдардаг өрөөндөө “босож чадахгүй байна, хэвлийгээр өвдөөд байна” гээд хэвтэж байсан. Яагаад өвдөөд байгаа талаар асуухад “М.Б сая миний хэвлий рүү өшиглөчихлөө, би шээж чадахгүй байна” гэсэн. Ингээд би тухайн нийтийн байранд байсан хэн нэгэн хүний утсаар 103 руу залгаад түргэн тусламж дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-70-71/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Тунгалагийн өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 07 цаг өнгөрөөд би ажилдаа явсан. Тэр өдөр ажил бага байсан учир би 16 цагийн үед ажлаа тарсан. Тэгээд би гэртээ харих гээд автобусанд суугаад явж байсан чинь Б.Э утсаар яриад “яаралтай өвчин намдаах эм хурдан аваад ирээч би үхлээ” гээд байсан. Тэгэхээр нь би гайхаад "яасан бэ юу болов” гэхэд “хүн намайг өшиглөөд гарлаа” гэсэн. Тэгээд би утсаа салгаад автобус дамжиж явсаар байгаад эмийн сан орж эмийг нь аваад гэртээ ирсэн. Нийтийн байрны гадаа иртэл 103 түргэн тусламжийн машин зогсож байсан. Түүнийг үзсэн 103-ын эмч “яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэсэн. Тэгээд би Тодоог гуйгаад бид хоёр машинтай нь хамт явсан. Тэгээд машин дотор явж байхдаа Б.Э-оос “юу болсон юм бэ” гэж асуухад Б.Э нь Тодоод хандаад “Яагаав, танайд ирээд байдаг М.Б бацаан намайг өшиглөсөн” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-72-73/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 7199 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Э-ын биед давсагны ханын урагдал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-34-36/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Аригуунтөгсийн өгсөн: “...Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 7083 тоот өвчний түүх болон 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн мэс заслын тэмдэглэлийг авч үзэхэд, давсагны ёроол хэсэгт 2 см урагдалтай, давсагны хөндийд цусан бүлзэнтэй байжээ. Ингээд мэс заслын дараах онош нь хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэсэн байна. Иймд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Давсагны хананы урагдал гэмтэл авсан хүний хэвлийн доод хэсгээр өвдөх, улмаар хэвлийн хөндийд шээс орж, хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэж, зовиур бүр нэмэгдэнэ. Зовиур нэмэгдэхийн хэрээр атиралдаж унах, мөн явж чадахаа больж өвдөх зовиур илэрнэ...” гэх мэдүүлэг /хх-78/,

 

Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүх, эмч нарын зөвлөгөөний шийдвэр, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хх-79-92/,

 

Шүүгдэгч М.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэг хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

Хохирогч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ын зүгээс: “...Би Б.Э-ыг маргалдаж, зодож, цохисон зүйл байхгүй.” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдохгүй байна гэж үзэж байна.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 7199 дугаартай дүгнэлтэд гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байна. Хохирогч урьд мэдүүлэхдээ 13 цагт орж ирээд л намайг өшиглөсөн гэж мэдүүлдэг. Тэгэхэд шүүхийн хэлэлцүүлэгт би зодоод дараа нь намайг өшиглөсөн гэж байна. Мөн тухайн зодоон болсон гэрч нарыг оролцуулах шаардлагатай байсан байна. Шинжээчээс хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх вэ гэхэд нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Унах, цохиход үүснэ гэж байна. Болорын хувьд санаатайгаар өшиглөх үйлдэл болох уу гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан цаг хугацаа хэрэг гарсан байдлыг нарийвчлан тогтоогоод үнэхээр буруутай үйлдэл байвал гэм бурууг тогтоогоод нэг бол мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байж тогтоосон нь зүйтэй байна.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э-ын өгсөн: “...Тэгэхэд “чамд ямар хамаатай юм, мөнгө өг” гээд гэдэс рүү удаа дараа баруун хөлөөрөө өшиглөсөн. Би шууд эвхрээд унасан. Тэгээд нөгөө М.Б гэдэг залуу гараад явсан. Би гэртээ хөдөлж чадахгүй шалан дээр орой 19 цаг хүртэл хэвтэж байхад эхнэр орж ирээд 103 дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Тэр үед М.Б нэлээн согтолттой байсан. Тэр үед миний давсаг руу 1 удаа өшиглөсөн. Би эмнэлэгт ирээд яаралтай давсагны хагалгаанд орсон. Дотуур цус их алдсан, “давсаг 2 язралттай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-15-20/, ... гэрч М.Тодбаатарын өгсөн: “...Түргэн тусламжийн машинд Эрдэнэцогт надад хандаж хэлэхдээ “нөгөө дүү чинь орж ирээд намайг өшиглөсөн, би 3-4 цаг шээс гарахгүй хэвтлээ” гэж хэлсэн. Нөгөө дүү гэж М.Б-ыг хэлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-27-28/, ... гэрч Г.Алтанбаярын өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр би цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Лхашидын хамт Сүлд-116 машинтай эргүүлийн чиглэлд 24 цаг үүрэг гүйцэтгэсэн. Тус өдөр 18 цагийн үед “Дарь-Эхийн нийтийн байранд зодоон болоод байна” гэж дуудлага мэдээлэл хүлээн авч, дуудлаганд очиж шалгахад ... тэр эрэгтэй нь тус байрны 2 дугаар давхарт өөрийнхөө амьдардаг өрөөндөө “босож чадахгүй байна, хэвлийгээр өвдөөд байна” гээд хэвтэж байсан. Яагаад өвдөөд байгаа талаар асуухад “М.Б сая миний хэвлий рүү өшиглөчихлөө, би шээж чадахгүй байна” гэсэн. Ингээд би тухайн нийтийн байранд байсан хэн нэгэн хүний утсаар 103 руу залгаад түргэн тусламж дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-70-71/, ... гэрч Ц.Тунгалагийн өгсөн: “...Тэгээд машин дотор явж байхдаа Б.Э-оос “юу болсон юм бэ” гэж асуухад Б.Э нь Тодоод хандаад “Яагаав, танайд ирээд байдаг М.Б пацан намайг өшиглөсөн” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-72-73/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 7199 дугаартай дүгнэлтэд: “...Б.Э-ын биед давсагны ханын урагдал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-34-36/, ... шинжээч эмч М.Аригуунтөгсийн өгсөн: “...Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 7083 тоот өвчний түүх болон 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн мэс заслын тэмдэглэлийг авч үзэхэд, давсагны ёроол хэсэгт 2 см урагдалтай, давсагны хөндийд цусан бүлзэнтэй байжээ. Ингээд мэс заслын дараах онош нь хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэсэн байна. Иймд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Давсагны хананы урагдал гэмтэл авсан хүний хэвлийн доод хэсгээр өвдөх, улмаар хэвлийн хөндийд шээс орж, хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэж, зовиур бүр нэмэгдэнэ. Зовиур нэмэгдэхийн хэрээр атиралдаж унах, мөн явж чадахаа больж өвдөх зовиур илэрнэ...” гэх мэдүүлэг /хх-78/, Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүх, эмч нарын зөвлөгөөний шийдвэр, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хх-79-92/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Шүүгдэгч М.Б-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр гудамжны 225 тоот нийтийн байранд хохирогч Б.Э-той хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “архины мөнгө өгсөнгүй” хэмээн маргалдаж, улмаар баруун хөлөөрөө хэвлий, давсаг тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд давсагны ханын урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамирын зүгээс: “...Б.Э нь тухайн цаг хугацаанд М.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэгт бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгаж байгаа. Энэ болсон процессыг шалгахын тулд хэн нь хэнийгээ зодсон бэ гэх шалтгаант холбоотой байж, энэ асуудал нэгтгэгдэх шаардлагатай учир мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэх тайлбарыг гаргах боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн бол эсхүл хэд хэдэн яллагдагч нэг гэмт хэрэгт үйлдсэн бол хэргийг нэгтгэнэ.” гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийг тайлбарыг хүлээн авах боломжгүй учир шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б-ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Хохирогч Б.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогтой М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                            

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар М.Б-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-т авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС