Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          22                                       2022/ШЦТ/198

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

хохирогч Б.С , түүний өмгөөлөгч Цацралтуяа,

шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б д холбогдох эрүүгийн 2110022880067 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.Б  /РД............./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Ривер стоун хотхоны гадна машин дотор хохирогч Б.С тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр болон хөлөнд цохиж биед баруун дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч М.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хохирогчийн гаргаж байсан зан авир маш хүнд байдалтай байсан. Уур хүрсэн байсан. Тийм зүйл болно гэж бодоогүй ...Гарын бугалга хөхөрснийг хүлээн зөвшөөрөхгүй байна..” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Б.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө хэрэг явдал болсон. 11 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр болдог. Тухайн өдөр найзуудтайгаа ийш тийшээ гарахгүй гэж байгаад яалтчгүй хэдүүлээ цомхон сууна гэж байгаад Хангарьд ордны ард байдаг караокед орж суугаад тэндээ манай найзууд төрсөн өдөр тэмдэглэж согтууруулах ундааны төрлийн зүйлийг хэрэглэсэн байсан. Тэрнээс гарч өөр караоке орсон. Тэгэхэд мөнгөний тал дээр маргалдсан. Ууж идэж чадахгүй байсан юм бол мөнгөө төл гэснээс болж маргасан. Ерөнхийдөө бие биенээ гэр гэртээ хүргэж өгдөг тул Алтантулгыг ривер резиденсд буулгасан. Тэгэхэд хоёулаа үлдсэн. Өмнө нь машинаас гүйж гараад би явлаа гэж байхад манай найзууд хамтдаа хүргээд өгье, та 2 нэг зүг рүү харих юм чинь гэж хэлсэн. Оруулсан суулгаж байхад надтай юм яриад байсан. Үүрээр нойр хүрсэн байхад писда гээд байхаар нь юм ярихгүй гэж хэрэлдсэн. Бид 2 маргалдсан. Миний нойр хүрээд зүүрмэглэсэн байхад чи миний яриаг сонсохгүй байна гэж хэлээд миний гараас татаж чангаагаад байсан. Гараа татаж аваад сууж байхад намайг цохиод авсан. Чи яаж байна, яагаад намайг ингэж байгаа юм гэхэд чамайг ална гэсэн. Арай гэж тайвшруулж байхад нөгөөдүүлийг хараадах гэж албаар машинаас буулгасан. Машинаас буулгаад хаалгыг нь түгшихэд хөлдөж үхлээ хаалга онгойлго гэж машины ар тал салгаад авсан. Би чамайг оруулахгүй, чи намайг яаж ч магадгүй юм байна гэхэд одоо чамайг ална пизда минь, харж байгаарай гээд байсан. Найз охин руугаа намайг ингээд байна, та нар хурдан гарч ир гэхэд за удахгүй гарлаа гэсэн. Том чулуу барьчхаад цонхыг нь хагалж байгаад чамайг ална гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ гэд айсан сууж байхад манай найз гарч ирсэн. Манай найз гарч ирэхэд юу ч болоогүй юм шиг, яагаа ч үгүй гээд байсан. Найзуудыгаа хараад тайвширч уйлаад нүд улайж, хөхөрсөн байсан. Найзууддаа энэ хүнийг намайг цохьсон талаар хэлэхэд М.Б  би цохиогүй гэж хэлсэн. 28-29-нд шилжих шөнө шууд цагдаад мэдэгдээгүй, яагаад гэвэл шоконд орсон байсан. Хоёрдугаарт манай хүүхэд байгаа, дээрээс нь маргааш ажилтай, яах билээ гэж байтал манай найзууд гэрт хүргэж өгсөн. Манай гэрийн гадаа юу ч болоогүй юм шиг чи ирж байна уу, түлхүүргүй хөлдөж үхлээ гэж хэлэхэд нь наад асуудлаа эцэг, эхдээ хэл гэж хэлсэн. Над руу байн байн залгаад намайг унтуулаагүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  3. Хохирогч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр миний төрсөн өдөр болоод талбайн хажуу талын караокед хамтран амьдрагч М.Б  болон миний найз Халиун, Отгонцэцэг, Мөнхцацрал, Уянга, Алтантулга нарын хамтаар тэмдэглэсэн юм. ...бие биенийгээ хүргэж өгөөд Ривер стоун хотхонд нэг найзыгаа 04 цагийн орчим хүргэж өгөөд машин дотор М.Б  бид 2 үлдсэн юм. Учир нь манай найзууд зарим нь буугаад зарим нь нэгийгээ оруулж өгөх гээд явсан хойно бид 2 маргалдсан. М.Б  хажуунаас хөөш пизда минь энэ  тэр гээд татаж чангаагаад байсан. ...Тэгээд би сонсож сууж байгаад бага зэрэг зүүрмэглэчихсэн. Гэтэл гэнэт хажуунаас намайг хөөш чи намайг сонсохгүй байгаа юм у пизда минь гээд миний баруун нүд рүү цохьчихсон ...М.Б  миний баруун талын нүд орчим нэг удаа гараараа цохьсон. Толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Мөн хөл гуя хэсэгт бас цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
  4. Гэрч Т.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр өдөр найзын маань төрсөн өдөр болоод бид бие биенийгээ хүргэж өгөөд явж байгаад хамгийн сүлд найз Алтантулгыг ХУД-ын 3-р хороо, Ривер стоун хотхоны гэрт нь би найз Халиун, Мөнхцацрал нарын хамт оруулж өгөөд гэрт нь ороод бараг 30-40 орчим минут болоод байж байтал над руу Сэндэндулам залгаад хурдан гарч ирээрэй, намайг М.Б  зодоод айна гэсэн. Бид 3 яараад гараад иртэл машины гадна М.Б , дотор нь Сэндэндулам машиныг дотроос нь түгжчихсэн сууж байсан. Бид нар ирээд яав ийв гэхэд М.Б  намайг зодчихлоо гээд хаалга онгойлгосон. Сэндэндуламын баруун нүд нь улайсан байдалтай уйлчихсан байж байсан. М.Б  болохоор би чамайг зодоогүй шүү дээ ямар худалч юм бэ чи гээд гүрийгээд байсан. тэгж байгаад М.Б  өөрөө машинд суухгүй цааш алхаад явчихсан. ...сая зодуулчихаад машин дотор уйлаад бүгдийг ярьсан. Тэр яриагаар бол нилээн олон удаа зодуулж байсан юм байна гэж ойлгосон. Тэрнээс өмнө нуугаад бидэнд хэлдэггүй байсан юм шиг байнлээ. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
  5. Гэрч Б.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оноос хойш М.Б  гэх залуутай үерхэж 2018/05 сард хүүтэй болсон. Тэр болтол 2020 он хүртэл бид хамтдаа амьдарч байсан юм. Манайд тэд нар амьдарч байхдаа М.Б  нь архи уухаараа их агсам, хэл амаар биднийг доромжилдог, тавилга сав эвдэлдэг тийм хүн байсан. Эгчийг маань ч зодож цохьсон... дараа нь эгчийг маань барьж аваад зоддог болсон. ...эгч маань надад зодуулсан тухайгаа огт хэлдэггүй нуугаад байдаг байсан байнлээ. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болохоор би хүүхдийг нь аваад гэртээ хоносон юм. Гэтэл өглөөгүүр эгч төрсөн өдрөөсөө ирсэн ба тэгэхдээ М.Б д зодуулаад нүд ам нь хөхрөөд аймаар болсон байхыг бол хараагүй. Гэхдээ бага багаар яргалж зоддог юм шиг санагддаг. Эгч бид хоёрт туслах хүн байхгүй. ....Ер нь М.Б д би эгчийнхээ өмнөөс гомдолтой байгаа тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
  6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №07 дугаартай:

“Б.С ын биед баруун дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

7. Шүүгдэгч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би тухайн үед Сэндэндуламыг нэг удаа л нүүрэн тус газарт нь цохисноос өөрөөр гар хүрээгүй. Тийм ч сүртэй зодоон бол болоогүй юм. Сэндэндулам энэ асуудлаас хойш гэртээ ирээгүй. Надтай холбоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (62-64 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Ривер стоун хотхоны гадна машин дотор хохирогч Б.С тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. Мөн уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэрэг хамаарна. ...” гэж,

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Б , хохирогч Б.С  нар нь хэрэг учрал үйлдэгдэх үед хамтран амьдрагч буюу гэрлэлтийн баталгаагүй боловч дундаасаа хүүхэдтэй, хамт амьдардаг байсан болох нь тогтоогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд ийнхүү хамтран амьдагч байхдаа шүүгдэгч М.Б  нь хамтран амьдрагч Б.С ын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, гуя хэсэгт цохих үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 07 дугаартай дүгнэлт болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч нь хохирогч Б.С д гэмтэл учруулахыг хүсэж цохих үйлдэл идэвхитэй хийснээс үүдэн хохирогчид гэмтэл учирсан буюу цохих үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг хохирогчид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.С  нь шүүх хуралдаанд “...хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй..” гэж мэдүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан улсын яллагчийн зүгээс 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан боловч шүүгдэгч М.Б  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

              Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч М.Б г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү. Хэдийгээр шүүгдэгч нь ажилгүй хэдий ч 450.000 төгрөгийг олж төлөх боломжтой” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

              Учир нь шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б  нь эрхэлсэн тодорхой ажилгүй буюу орлогын эх үүсвэргүй, мөн хохирогч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбар зэргээр тэрээр шүүхээс тогтоолгосон хүүхдийн тэтгэмжийн мөнгийг төлж барагдуулдаггүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, биелэх боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

              Шүүгдэгч М.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч М.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. М.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  4. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.Б д сануулсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР