Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

    2022       03             22                                     2022/ШЦТ/199

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

хохирогч М.М ,

өсвөр насны шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч А.Будханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Аод холбогдох эрүүгийн 2210000000068 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Амгалан цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О.А /РД:................./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч О.А нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуулийн зааланд М.М тэй сагс тоглож байгаад маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж биед хамар ясны хугарал, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруул, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Өсвөр насны шүүгдэгч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч М.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн үед хувцсаа сольж байсан. О.Аын ах нь манай дүүг заамдаад боогоод, хавираад байсан. Ах нь над руу дайраад байхад нь бид нар болилоо гэхэд энэ 2 хүүхэд хажуугаас орж ирж цохьсон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  3. Хохирогч М.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн заал найзуудын хамт авсан. Ингээд 20 цагийн үед эхнэр Энхзул, дүү Билгүүн, найз Эрдэнэбаяр бид 4 авсан нөгөө талын шийдэн дээр танихгүй хүмүүс заал авсан. Ингээд гурвын эсрэг гурав  тоглосон. Тоглож байхад Билгүүнийг тус 3 залуугийн ах нь боосон байхаар нь очоод салгасан. Тэгээд ингэж тоглохгүй гэж хэлээд явъя гээд хувцасаа өмсөж байсан. Тэгтэл тус гурван залуугийн нэг өөдөөс орилоод ирсэн. Нэг өндөр залуу гэнэт хажуу талаас хамар луу нэг удаа цохиж хамраас цус гарч хавдсан. Тэгээд гэмтэл очиж үзүүлэхэд хамар хугараад 3 оёдол тавиулсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

Гэрч С.Энхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бол сагс тоглоогүй бөгөөд манай хэд өөр гурван залуутай гурвын эсрэг гурав сагс тоглосон юм. Тоглож байхдаа тэр гурван танихгүй залуугийн нэг нь сагс тоглож байгаад гүйж байгаад унасан чинь нэг залуу нь өмөөрөөд дүү яагаад түлхэж байна гээд Билгүнийг тэр ах гэх залуу нь боогоод авсан. Тэгээд бид хэд явъя гээд хувцасаа солиод заалнаас гарах гэтэл нэг өндөр залуу нь миний дээгүүр гар нь яваад М.М гийн нүүр лүү цохиж мөн тэр ах  нь бас дайраад байсан. ...М.М г О.А гэх өндөр залуу нь цохьсон. Тэр залуугийн төрсөн ах бололтой залуу бас дайраад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1267 дугаартай:

“-М.М гийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруул, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41.-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

4. Өсвөр насны шүүгдэгч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хамт тоглож байсан 3 залуугийн 2 залуу тоглож байхад түлхэж унагаасан. Тэгэхээр нь надаас нэг намхан залуу намайг ална шүү сда минь гээд түлхэж унагаахаар нь яаж тоглоод байгаа юм гээд зодох гэхээр нь тэр залуугийн нүүр лүү мангасдсан чинь тэр залуугийн хараас нь цус  гарсан. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 60 дахь тал), суралцагчийн хөгжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62-66 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.А нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуулийн зааланд М.М тэй сагс тоглож байгаад маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж биед хамар ясны хугарал, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруул, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл өсвөр шүүгдэгч О.А нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж дүрмийн бусаар тоглолоо гэх шалтгааны улмаас хохирогч М.М г гараараа цохиж түүний биед гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өшиглөх, гараараа цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруул, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу цохьсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоотой байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт 262.800 төгрөгийн нийт 14 ширхэг баримт гаргаж өгсөн байх ба 355.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд талуудаас гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн бичгийн баримтаар тогтоогдлоо.

Иймд өсвөр насны шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний насны онцлог, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал /...17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Амгалан цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аыг 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Харин өсвөр насны шүүгдэгч О.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

О.Аод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аыг 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, О.Аыг энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргүүдээс гарахыг хориглосугай.

 

  1. О.Аод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хохирогч М.М д нийт 355.000 /гурван зуун тавин таван мянга/ төгрөгийг нөхөн төлснийг дурдсугай.

 

  1. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Аод сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Өсвөр насны шүүгдэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

  1. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР