Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0405

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн Б.Э, хариуцагч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэртэй, Б.Б-н нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б овогтой Б миний бие 2012 оны Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 100 хувийн саналыг авч сонгогдон, хурлын даргын бүрэн эрхийг амжилттай хэрэгжүүлэн, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг аймгийн түвшинд сүүлийн 2 жил тэргүүлэх байр суурьтай болгон хөгжүүлж, тавьсан зорилгуудаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Гэтэл миний ажил хэрэгч зан, шударга шаардлагыг таслан зогсоох, өөрсдийн хууль бус үйлдэл, үзэл бодлыг чөлөөтэй хэрэгжүүлэхийн төлөө бүдүүлэг аргаар үгсэн хуйвалдан, Монгол Улсын хууль тогтоомж, хурлын байгууллагын дүрэм, дэгийг ноцтой зөрчин, гүтгэлгийн шинжтэй тогтоол үйлдэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн юм.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дахь удаагийн хуралдаанаас гарсан шийдвэрт сумын Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд хориг тавин, түүний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан ээлжит бус хуралдааныг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр товлон, зохион байгуулж, энэхүү асуудлыг эцэслэн хэлэлцүүлэхээр хуулийн хүрээнд асуудал оруулж ирсэн боловч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн 4 бүлэг, Хуралдаанд асуудал оруулахаар бэлтгэх, өргөн мэдүүлэх тухай дэд бүлгийн 19.2 дахь заалт “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 4 дүгээр зүйлийн 4.4, 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.5 зэрэг хууль, дүрэм, дэг зөрчин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Ц.Б гарган, түүний дагуу хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгуулах талаар шаардлага тавьсныг хүлээн авах боломжгүйгээ дээрх эрх зүйн актууд, хурлын дүрмийн 19.8 дахь заалтыг үндэслэн, бүрэн эрхийн хүрээнд тайлбарлан, Засаг даргын хориг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулан, 100 хувийн саналаар хэлэлцүүлэхээр шийдвэр гаргасан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 22.5 дахь заалт зөрчин удаа дараа шаардлага тавьсан боловч уг шаардлага хүлээн аваагүй учир ээлжит бус хурлын үйл ажиллагаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, хурлын ажиллагаа хаасныг албан ёсоор мэдэгдэн, хурлын танхим орхин гарсан болно.

Энэ үед танхимд сууж байсан Ардын намын бүлгийн дарга А.Д хурал хаяснаа албан ёсоор мэдэгдэн, 5 төлөөлөгчийн хамт гарч, 8 төлөөлөгч үлдэн, цааш үргэлжлүүлэн, хурал даргалагчаар Д.Т-г сонгон “Сумын хурлын дарга өөрчлөх тухай” 02 тоот, “Хурлын даргыг сонгон, батлах тухай” 03 тоот тогтоол гарган, гарын үсэг зурж, хурлын нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Н.О тамга дарж, ажил хүлээлцэх комисс байгуулан 2014 оны 01 дүгээр сарын 08-ны дотор ажил хүлээлцэхээр яаравчлан ёсчилсон байна.

Энэхүү үйл ажиллагаа нь хурлын дарга, Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд ноцтойгоор халдан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан заалтуудыг зөрчсөн байна хэмээн үзэж байна.

Ийнхүү баримт нотолгоогүй үндэслэл боловсруулан, өөрсдийн явцуу үзэл бодлоо тулган, ард түмний дуу, хоолой болох хурлын элч төлөөлөгчийн бүрэн эрх, үүргээ умартан, шударга бус, хуйвалдаан зохион байгуулан хууль бус аргаар тэмцэл хийж байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж, Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02, 03 тоот тогтоолыг хүчингүй болгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн гаргуулж өгөхийг хүсье.

2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Засаг даргын хоригийг шийдэх хуралдаан болсон. Тухайн үед хэлэлцэх асуудал маргаантай байснаас үүдэн удааширч эхэлсэн хурлын гишүүдийн санал нийлэхгүй байсан болохоор би хурлыг албан ёсоор хаагаад гарсан хойгуур дахин хуралдаж хурлын даргыг огцруулах санал хураасан байсан. Хурлын дарга хаагаад гарсан л бол тус хурлаас шийдвэр гарах ямар ч боломжгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22.1.4-т зааснаар хурал дээр хэлэлцэх асуудлыг хурлын даргад өргөн барина гэж заасан байдаг. Би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 5 хоногийн дараа хуралдуулаад өгье тэр үед хурлын даргыг огцруулах хүсэлтийг оруулаад хэлэлцүүлж өгье гэж хэлсэн. Тухайн үед хурлын даргаар сонгогдсон хүн миний өрөөнд ороод ирэхэд би эсэргүүцэл үзүүлээд тамга авч зугтаагүй, зөвхөн энэ талаарх асуудлыг шударга шүүхээр шийдүүлнэ гэж бодсон. Намайг ямар хуулийн үндэслэлээр ажлаас халж байгаа нь тодорхойгүй байна. Хурлаас гаргасан шийдвэртээ хурлыг хаяж гарсан гэж хэлээд байгаа энэ худлаа. Хурлын төлөөлөгч зөвхөн санал оруулах эрхтэй, асуудал хэлэлцүүлэх эрх байхгүй. Уг саналыг хурлын даргаас өөр ямар ч хүн хүлээж авах эрх байхгүй.

2015 оны 01 дүгээр сарын 05-ны хурлыг Б.Б өөрөө зохион байгуулсан гэж байна. Тийм зүйл огт болоогүй. Хуулийн дагуу Засаг дарга хориг тавилаа, үүний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг хуралдуулсан.Хурлын дарга санал оруулах эрхтэй байдаг. Засаг захираа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 зааснаар хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа гэж зааж өгсөн. Миний хувьд хурлын төлөөлөгч бас хурлын дарга иймээс надад үйл ажиллагаа явуулах баталгаа байгаа. Энэ тухай хуулинд Засаг дарга хурлын төлөөлөгчийг огцруулахдаа тухайн шатны хурлын төлөөлөгчид хэлж урьдчилан зөвшилцсөн байна гэж заасан байгаа. Ийм зүйл байхгүй зүгээр шууд огцруулсан. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанд 15 хүнээс 8 хүн ирсэн, 53 хувийн ирцтэй байсан. Намайг ажлаас халах тогтоол гаргахдаа 100 хувийн саналаар огцруулав гэсэн байдаг. Хурлын дарга, хурлыг орхиж гарч явсан гэдэгтэй би хэзээ ч эвлэрэхгүй, энэ бол худал зүйл.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б-н нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дахь удаагийн хуралдаанаас гарсан шийдвэрт сумын Засаг дарга М.Ш 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан тул уг асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдаан товлон зарлах, хурлаар хэлэлцэх асуудлыг батлахаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болохоос 7 хоногийн өмнө төлөөлөгч Л.П Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4, хурлын хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.3, хуралдааны дэгийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгүүдэд заасан бүрэн эрхийнхээ дагуу “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх” асуудлыг хэлэлцүүлэхээр Хурлын дарга Б.Б-д өргөн барьсан юм. Хурлын дарга Б.Б нь хурлын хуралдааны дэгийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Л.П-н өргөн барьсан асуудлыг хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэхийг шийдвэрлэж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах боломжгүй бол энэ тухай хариу мэдэгдэх ёстой байтал хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж өөрт холбоотой асуудлыг зориуд, санаатайгаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар огт хэлэлцүүлээгүй. Энэ талаар Л.П-д хариу мэдэгдээгүй байдаг. Түүний энэхүү хууль бус үйлдэл нь хурлын даргаар 2 жил ажиллах хугацаандаа Тэргүүлэгчдийн хуралдаан дээр тэргүүлэгчдийнхээ санал бодлыг сонсолгүй бүх асуудлыг дур мэдэн шийдвэрлэж тогтоол гаргадаг, гарсан тогтоолыг засдаг гэх мэтээр өөртөө дархан эрх тогтоосон байдлынх нь нэг илрэл болсон юм.

Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт заасны дагуу өөрийн тогтоосон дэгийнхээ хүрээнд хуралдаанаа явуулсаар ирсэн билээ. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хурлын дарга Б.Б нь уг хурлын дэгийг зөрчиж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлуулалгүй, хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаанд оруулсан өөртэй нь холбоотой асуудлыг үндэслэлгүйгээр хэлэлцэхээс татгалзаж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт заасныг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхин гарсан юм. Бид “хурал нээлттэй, хүчин төгөлдөр ирцтэй, ямар нэгэн асуудал хэлэлцэж шийдвэр гаргаагүй” учир хурлыг цааш үргэлжлүүлэх тухай албан бичгийг албан ёсоор гардуулан өгөхөд Б.Б нь “миний бүрэн эрхийн асуудал, гацаасан шиг гацаана даа” хэмээн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, хурлын даргын ёс зүйд байж боломжгүй үйлдэл гаргасан юм.

Ингээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон нутаг хариуцсан ажилтнаас чиглэл авч хурлыг үргэлжлүүлэн явуулж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 б дэх хэсэгт заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу хурлын даргыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэсэн.

Б.Б нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хурлын дарга хийхэд сумын ажил сайжирсан зүйлгүй. Төрийн байранд ажлын цагаар олон удаа архи ууж, зодоон цохион үүсгэж, төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчиж байсан. Иргэд сонгогчидтойгоо уулздаггүй. Тэргүүлэгчдийн саналыг тогтоолын төсөлд тусгадаггүй, багаар ажиллах чадваргүй, бүрэн эрхийнхээ хүрээнд оруулсан саналыг хүлээж авдаггүй учир ээлжит бус хуралдаанаас 100 хувийн саналаар огцруулсан болно.

Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас гарсан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Хурлын даргыг өөрчлөх тухай” 02 тоот, “Хурлын даргыг сонгон, батлах тухай” 03 тоот тогтоолууд нь хуульд заасны дагуу гарсан эрх зүйн актууд тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У-н өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02, 03 тогтоолд гомдол гаргасан. Хурлын тухай дэгийг зөрчсөн гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20.1.1, 24.3 гэсэн заалтуудыг зөрчсөн, уг хуулийн 22.1.4, 23.6, 22.1.9 гэсэн заалтуудыг зөрчсөн гэж байна, үүнтэй холбогдуулан тайлбар хийе.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 заалтад сумын тэргүүлэгчид гэсэн үг байна, түүнээс биш дарга гэсэн ойлголт алга. 22.1.1 хурлын хуралдааныг зохион байгуулах, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр зааж өгсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд аймаг сумын хурлын дарга нарыг огцруулахыг тодорхой зааж өгөөгүй байдаг. Тухайн хуулийн 11.1 аймаг, нийслэл, сумын хурлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж заасан байна. Үүнээс үзэхэд хурлын даргыг сонгох, огцруулахад ямар нэгэн үндэслэл зааж өгөөгүй болохоор 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоол хүчин төгөлдөр тогтоол болсон гэж үзэж байна. Б.Б-н хурлаа хаяж гарсан нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан хэсгийг зөрчсөн уг нэхэмжлэл нь хуульд нийцэхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 22.1.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 23 дугаар зүйлийн 23.6, 23.8, 23.9, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит бус хуралдааны “Хурлын даргыг өөрчлөх тухай” 02, “Хурлын даргыг сонгон батлах тухай” 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, түүний ажилгүй байсан хугацааны 5 сар 19 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У давж заалдах гомдолдоо: “Б.Б-н нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй У.Уранчимэг миний би Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн үзэж бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь оролцож ирсэн бөгөөд удаа дараагийн шүүх хуралдаанд шүүхийг хүндэтгэн байнга ирдэг байсан.

Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болох шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах надад огт мэдэгдээгүйн улмаас миний бие тус өдөр шүүх хуралдаанд оролцож чадаагүй шийдвэр гарсанд маш их гомдолтой байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Тэргүүлэгчдийн итгэмжлэлээр Тэргүүлэгч Ц.Батбаатар, У.Уранчимэг нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... оролцуулсан болно” гэж заасан хэрнээ хариуцагч надад хурлын тов мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан явуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Шүүхээс талуудын эрх тэгш мэтгэлцэх нөхцөлийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж үндэслэлгүй гарсан юм. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Гэвч ямар шийдвэр, хууль сурталчилгааг хийгээгүй, санаачлаагүй, чухам хэдийг ажил тасалсан, архи уусан төрийн албан хаагчийн ёс зүйн ямар зөрчил хэдийд гаргасан, захиргааны хариуцлага, сахилгын арга хэмжээ авагдсан эсэх зэрэг зөрчлийг мэдэгдээгүй, түүний тайлбар, саналыг сонсоогүй, баримтжуулаагүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул маргаан бүхий 02 дугаартай тогтоол”-ыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж боломжгүй байна гэж заажээ.

Гэтэл миний өмгөөлөгч Б.Д 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр

-Нэхэмжлэгч Б.Б-г Төв аймгийн Баянцогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болсон “Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ажлын цагаа, ажлын байран дээр архидан согтуурч Төв аймгийн Баянцогт сумын татварын байцаагч н.Б-г зодож танхайрч байсан”-ыг нотлох Төв аймгийн Баянцогт сумын татварын байцаагч н.Б-г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах,

-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болохоос 7 хоногийн өмнө төлөөлөгч Л.П хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу “ИТХ-ын даргыг огцруулах эсэх” асуудлыг хэлэлцүүлэхээр Хурлын дарга Б.Б-д өргөн барьсан байдаг боловч хурлын дарга Б.Б нь хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж өөртэйгөө холбоотой асуудлыг зориуд, санаатайгаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар огт хэлэлцүүлээгүй, энэ талаар Л.П-д хариу мэдэгдээгүй үйл баримтыг нотлох зорилгоор Л.П-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан байдаг.

Иймд шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барин гарсан Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Б.Б-н нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянцогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож буй Б.Э миний бие Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай шийдвэрийг гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан. Шүүхээс Б.Э миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзээд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан билээ.

Миний бие 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүхээс хангаж тус өдрийн 44 дүгээр “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамж гаргасан юм.

Гуравдагч этгээд би 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой зүрхний шигдээс өвчнөөр өвчилж 3-р эмнэлэг, Ачтан эмнэлэгүүдэд хэвтэн эмчлүүлж зүрхний хагалгаа хийлгэн өнөөдрийг хүртэл өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Өвчтэй байх хугацаанд байнгын асаргаа сувилгаанд байсан, бие даан бусадтай харилцах чадвар байгаагүй тул өмгөөлөгчтэй уулзаж, хууль зүйн зөвлөгөө авах боломж надад олдоогүй.

Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан дээр миний бие шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд хүргүүлсэн боловч миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, 44 дүгээр хүчин төгөлдөр захирамжийн биелэлтийг хангалгүй, шүүхээс гуравдагч этгээд Б.Э намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх тухай үндэслэлгүй захирамж гаргасан. Энэхүү захирамжид миний бие 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн захирамжид гомдол гаргах нь” гэсэн гомдол гаргасан боловч анхан шатны шүүхээс миний гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх рүү явуулалгүй шүүх хуралдааныг товлон хэргийг хянан шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх нь миний захирамжид гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх рүү явуулж шийдвэрлүүлэх ёстой байтал өөрсдөө хариу өгнө хэмээн хууль ноцтой зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, дээд шатны шүүхээ үл хүндэтгэсэн байдал гаргасан байна.

Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолд тайлбар ирүүлэхдээ: “Төв аймгийн Баянцогт сумын Даригат 3 дугаар багийн иргэн Б овогтой Б миний 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй холбогдох хэргийг хянан хэлэлцэн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 тоот тогтоол гарган, шийдвэрлэсэн билээ. Уг тогтоолыг давж заалдах гомдол гаргасан хариуцагч У.У, гуравдагч этгээд Б.Э нарын гомдолд дараах хариу тайлбар өгч байна.

Хариуцагч У.У, гуравдагч этгээд Б.Э нар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2.1, 19.2.3, 19.2.6, 49.3 дахь заалтын дагуу хуралдааны товыг лавлан, хуралдаанд оролцох, шүүхээс тавьж буй хууль ёсны шаардлагуудыг биелүүлэх үүрэгтэй. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө хурлын нарийн бичгийн дарга ирц танилцуулахад У.У хүүхэд нь төрөх болсон, Б.Э шалтгаангүйгээр ирээгүй тухай танилцуулж, шүүх хуралдаан эхлүүлэх эсэх тухай хэлэлцсэн. Хариуцагчийн талаас шүүх хуралдаан үл хүндэтгэн, шалтгаангүй удаа дараа хойшлуулж байгаа талаар болон энэ удаад шүүх хуралдаан хуралдуулж өгөхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3, 100.4 дэх заалтын дагуу тавьсныг шүүгчийн зөвлөгөөнөөр хэлэлцэн хуралдах шийдвэр гаргасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2.4 дэх заалтын дагуу оролцогч хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэг хүлээсэн байдаг боловч нотолгоогүй, хариуцлагагүй гомдол гаргасан хэмээн үзэж байна. Ээлжит бус хуралдаан товлон зарлах, түүний бэлтгэл хангах асуудлаар ИТХ-ын Тэргүүлэгчид 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдан холбогдох хууль тогтоомж, “ИТХ-ын дүрэм”, “Дэг”-ийн хүрээнд уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг эцэслэн баталгаажуулж, тогтоосон байдаг.

Уг хуралдаан болохоос 7 хоногийн өмнө хурлын төлөөлөгч Л.П албан ёсны хүсэлт тавьсан гэдэг нь огт үндэслэлгүй, илт худал мэдээлэл болох нь ээлжит бус хурлын хуралдааны тэмдэглэл, хэргийн материал бүрдүүлэх үзлэгээр албан ёсны хүсэлт гаргасан баримт байхгүй байснаар нотлогдсон. Татварын байцаагч Д.Б-тэй архи уун, зодуулсан талаар ямар нэгэн арга хэмжээ авсан шийдвэр байхгүй, уг үйл явдлыг гэрчлэх, баримт, нотолгоо, хохирогч тогтоогдоогүй, ямар нэгэн арга хэмжээ авах хугацаа дуусгавар болсон байна. Шүүгчийн зүгээс хариуцагч талд гэрчүүд, нотлох баримт ирүүлэх хангалттай хугацаа өгсөн боловч шүүх хуралдаан эхэлсэн хойно хүсэлт тавьсныг дээрхи шалтгаанууд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь заалт үндэслэн хүлээн аваагүй.

Дээрх үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2 дахь заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, ИТХ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заалтууд зөрчсөн, туйлын хариуцлагагүй, гүтгэлгийн чанартай гомдлууд хэмээн үзэж байна.

Иймд, дээрх тайлбаруудыг харгалзан Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хянан магадлаж, хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

            Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Хурлын даргыг өөрчлөх тухай” 02 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-г “... иргэд сонгогчдод төр засгийн бодлого шийдвэр сурталчлах, хэрэгжүүлэх ажилд санаачилга гаргадаггүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчтэй хамтарч бүлгээр ажиллах, бусдын саналыг сонсож хамтын шийдвэр гаргах тал дээр дутагдалтай, ажлын цагаар ажлын байрандаа архи уудаг, ажлыг цаг баримталдаггүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн дутагдалтай...” гэж үзэн албан тушаалаас нь огцруулж, мөн өдрийн “Хурлын даргыг сонгон батлах тухай” 03 дугаар тогтоолоор Б.Э-г хурлын даргаар сонгон баталжээ.

            Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Ээлжит бус хуралдааны тов тогтоон, хэлэлцэх асуудал батлах тухай” 76 дугаар тогтоолоор 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар “Сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хориг тавих тухай” 01/184 тоот албан тоотын асуудал хэлэлцэх”-ээр баталсан байна.

            2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ээлжит бус хуралдаанд төлөөлөгч Ц.Б-с хэлэлцүүлэх асуудалд “хурлын дарга Б.Б-ийг албан тушаалаас нь огцруулах” асуудлыг нэмэхээр санал оруулсныг хуралдаан даргалагч Б.Б хүлээн аваагүй байх ба Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудалд дээрх саналыг  оруулж батлуулаагүй, бэлтгэл хангаагүй зэргээр маргаантай байсан тул хуралдаан даргалагч хурлыг албан ёсоор хаалаа гээд гарчээ.

            “Хурлын даргыг өөрчлөх тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын даргыг сонгон батлах тухай” 03 дугаар тогтоолуудаар шийдвэрлэгдсэн асуудлууд нь ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудалд журамд заасны дагуу ороогүй, төлөөлөгчийн бүрэн эрхгүй этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуульд нийцээгүй, мөн хурлын төлөөлөгч Ц.Б үндэслэл судалгаагүй санал гаргасныг хэлэлцэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ба  энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У болон гуравдагч этгээд Б.Э нар давж заалдах гомдолдоо шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх боловч хэргийн 176 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У-н өмгөөлөгч Б.Д-д 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр товыг мэдэгдсэн, гуравдагч этгээд Б.Э-д хурлын товыг мэдэгдэх гэж залгасан боловч утас нь дуудаад авахгүй байсан байна.

            Түүнчлэн хэргийн 168 дугаар талд авагдсан шүүгчийн туслах Э.Ж-н 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлд “... Б.Э-тэй таарахад “би сүүлийн 2 хоног ажил дээрээ ирж ажлаа хийж байна. Биеийн байдал гайгүй болж байгаа.” гэсэн. ... Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Б.Э өөрийн ажлын байрандаа ажил, албан үүргээ гүйцэтгэж байсан болохыг тодорхойлов” гэжээ.

            Дээрх байдлаар гуравдагч этгээд Б.Э нь шүүх хуралдаанд оролцох боломжтой, тов мэдэгдэхээр залгахад утсаа авахгүй байсан ба шүүхээс 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/47 дугаар албан бичгээр түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.  

            Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                    

                                   

                                  

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ