Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0495

 

“Эй Ди Ти” ХХН-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Эй Ди Ти” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 43 дугаар зүйлийн 43.4-д заасныг тус тус баримтлан Өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-д хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ““Эй Ти Ди” ХХН нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-д заасан шаардлагыг хангасан учир уг хуулийн 5.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн татварын албанд сайн дураар бүртгүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон байна.

Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь хуулийн этгээдийн хувьд орлогын албан татварын тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авна” гэж, мөн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-ын 7 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д зааснаар буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь татварын тайлангаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөл бүрдсэн эсхүл “X” тайлан ирүүлж буйг татвар төлөгчийн хариуцсан татварын улсын байцаагч нь тодорхойлсон бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасахаар зохицуулжээ. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул тус нөхөрлөлийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасах үндэслэлгүй байна.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх хугацаандаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг өөрсдөө тодорхойлон гаргаж байсан бөгөөд уг тайлангаар гарсан өрийг төлөх нь зүйн хэрэг бөгөөд татварын албанаас хууль бусаар оногдуулсан зүйл байхгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс “Эй Ди Ти” ХХН-д хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.7 ““нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг”, 4 дүгээр зүйлийн 4.1 “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасны дагуу дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч “Эй Ди Ти” ХХН-ийн “хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах” тухай шаардлагыг захиргааны хэргийн шүүх захиргааны акттай холбоотой маргаан гэж үзэж хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан үндэслэл илэрсэн гэж үзэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасны дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.

Тиймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн тухайн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяалан хянан шийдвэрлэдэг маргаан гэж үзэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41, 43 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь буруу байна.

Хоёр. “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хэдийгээр нэхэмжлэгч “Эй Ди Ти” ХХН өөрөө 2013 оны жилийн эцсийн байдлаар 56.673.000 төгрөгийн хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан болзлыг хангасан гэж үзэж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг гаргасан, түүнийх нь дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Эй Ди Ти” ХХН-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ олгосон нь баримтаар тогтоогдсон боловч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохооргүй байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан “үйлчилгээ үзүүлсэн”-д хамааруулах үйл ажиллагаанд нэхэмжлэгч “Эй Ди Ти” ХХН-ийн эрхэлдэг өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хамааруулаагүй байна.

Энэ тохиолдолд татварын байгууллага нэхэмжлэгч “Эй Ди Ти” ХХН-ийг татвар төлөгчөөр бүртгэн авах хууль зүйн үндэслэлгүй байжээ.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч байгууллагын “Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбоотой хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглэлгүй, алдаа гаргасныг зарлуулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Эй Ди Ти” ХХН-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс өмгөөллийн “Эй Ди Ти” ХХН-д хууль бусаар ногдуулсан 12.490.940 төгрөгийн татварын өрийг хэрэгсэхгүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн зүйлийн 6.2-т заасныг баримтлан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс “Эй Ди Ти” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР