| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0304/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/329 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0304/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Б-ийн Д-т холбогдох эрүүгийн 1818004750353 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт Б-ийн Д /РД: ............./, ......... оны ....... дугаар сарын .......-ны өдөр ........ аймгийн .......... суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...., ...., ..... хамт ......... аймаг, .........сум, .... дүгээр баг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........ оны ..... дугаар сарын .....-ны өдөр ....... аймгийн ...... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” цэнгээний газрын гадна иргэн Ц.Ш-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун зүүн нүдний зовхи, хацар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...үл таних Б.Д гэх хүүхэн Ц бид 2-ын хажуугаар өнгөрөхдөө “чи юу гээд байгаа юм бэ” гээд над руу дайрахаар нь би “юу болоод байгаа юм бэ” гэхэд намайг барьж аваад хана мөргүүлээд, газар унагаад нүүр лүү өшиглөсөн. Тэгээд намайг босгоод миний хувцсыг ураад дахин газар унагаад нүүр лүү өшиглөсөн. Би хамраас гарсан цусаа хараад хэсэг ухаан алдчихсан гэх хохирогч Ц.Ш-н мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- ...Б.Д нэг охинтой маргаж байгаад тэр охиныг газарт унагаад өшиглөж цохиод салахгүй байсан. Тэгээд нөгөө зодуулсан охин босоод явах гэтэл Б.Д зууралдаад ноцолдсон гэх гэрч Х.Х-ын мэдүүлэг /хх-ийн 17-18/,
- ...Үйлчилгээний төвийн арк дотор Б.Д нэг шар үстэй хүүхэнтэй зодолдоод байхаар нь У, Х бид 3 очиж салгасан. Тэгээд тэр шар үстэй хүүхэн босоод “Сатурн” цэнгээний газар луу явахад Д араас нь очоод дахиад зодоон цохион хийсэн гэх гэрч У.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- ...Ц.Ш нь надтай мөрлөлцөхөөр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд Ц.Ш аман дотроо үглэхээр нь би араас нь очоод цээж рүү нь өшиглөж газарт унагаад нүүр лүү нь гараараа цохиод, нүүр болон нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн гэх шүүгдэгч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29/,
- Ц.Ш-ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун зүүн нүдний зовхи, хацар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ….. оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ш-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун зүүн нүдний зовхи, хацар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан боловч шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Ш-н бичсэн “Миний бие Б.Д-тай сайн дураар эвлэрсэн. Цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 52/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР