Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2024000920095 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ********************************

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хийморь хорооллын 6-2 тоотод байрлах Г.О эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж хүрэн өнгийн дан дээл 1 ширхэг, хурган дотортой хүрэн өнгийн торгон дээл 1 ширхэг, хөх өнгийн сэгсүүргэн дээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Б.Ад 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хийморь хорооллын 6-2 тоотод байрлах Г.О эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж хүрэн өнгийн дан дээл 1 ширхэг, хурган дотортой хүрэн өнгийн торгон дээл 1 ширхэг, хөх өнгийн сэгсүүргэн дээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч Б.А 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг үйл баримт нь:

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хот руу гэр бүлийн хамт 2018 онд явсан. Миний нэг гэр Их-Уул сумын Баян-Ухаа баг Хийморийн 6-2 тоотод байдаг. Би Их-Уул суманд 2019 оноос хойш огт ирээгүй байж байгаад 2020 оны 10 угаар сарын 19-ний өдөр өөрийн төрж өссөн сумандаа ирсэн. Тэгээд би Баян-Ухаа баг Хийморийн 6-2 тоотод өөрийнхөө гэрт ортол манай гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Баян-Ухаа багийн Хийморийн 6-2 тоотод миний нэр байдаг цагаан өнгийн 8х10 метр квадрат бүхий байшин байдаг. Тэр байшингийнхаа цонхнуудыг би модоор таглачхаад явсан. Гэтэл хаалганы хажуу талд байх жижиг хэмжээтэй салхивчаар нь хулгайч орчихсон байсан. Гэрээс юу юу алга болсныг нь мэдэхгүй байна. Би гэртээ орсон даруйдаа гэр орноо цэвэрлээд янзалчихсан. Манай гэрийн хаалганы цоож эвдэрхий байсан. Би хаалгандаа цоож дэлгүүрээс худалдаж авч хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Г.О нь Улаанбаатар хотод нэг хувийн компанид амьдралын шаардлагаар ажил хийж тэндээ амьдарч байгаа юм. Манай үндсэн гэр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хийморь хорооллын 6-2 тоотод байдаг. Манайх Улаанбаатар хотоос 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрт буюу байшинд маань хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Бид Улаанбаатар хот руу явахдаа байшингийнхаа цонхнуудыг банз мод хадаж таглачхаад явсан байсан. Тэгээд ирээд байшингаа шалгаж үзэхэд хаалганы хажуу талд байх жижиг хэмжээтэй салхивчаар нь хулгайч орчихсон байсан. Гэрээс юу юу алга болсныг нь тухайн үедээ мэдээгүй юм. Тэгээд дараа нь гэр орноо янзалчхаад юмаа бүртгэж үзэхэд манай гэрээс хүрэн өнгийн торгон гадартай дан дээл 1 ширхэг, хүрэн өнгийн торгон гадартай хурган дотортой дээл 1 ширхэг, хөх өнгийн торгон гадартай сэгсүүргэн дээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг тус тус алга болсон байсан. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгч мэдэгдсэн юм. Харин манай гэрт хүн удаан хугацаагаар байсан бололтой тамхины иш, пивоны сав зэрэг үлдсэн байсан. Манайх Улаанбаатар хот явахдаа гэрийнхээ буюу байшингийнхаа цонхнуудыг банз модоор таглаж хадчихаад гадна талынхаа хаалгыг цоожоор гадна талаас нь цоожилчхоод явсан юм. Харин 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхэд манай байшингийн гадна талын хаалганы цоож эвдэрсэн Онгорхой байсан ба цонхнуудын таглаж хадсан банз бүтэн, хажуу талын хаалганы хажуу талд байх буюу үүдний таамбарын жижиг цонх хагарч түүгээр хүн орсон байдалтай байсан. Би хөх өнгийн торгон гадартай сэгсүүргэн дээлээ 300.000 төгрөгөөр үнэлнэ, хүрэн өнгийн торгон гадартай дан дээлээ 200.000 төгрөгөөр үнэлнэ, хүрэн өнгийн торгон гадартай хурган дотортой дээлээ 200.000 төгрөгөөр үнэлнэ, мөнгөн хазаараа 500.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би гэрээсээ хулгайд алдсан зүйлсээ тоо ёсоор нь бүрэн бүтэн хүлээж авсан одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 34-37/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 7-16/ , эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 17-24/, хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 25/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 40-42/

Шинжээчийн эд зүйлийн үнэлгээний 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай “...Хөрөнгийн нэр хүрэн өнгийн торгон гадартай дан дээл /гоёлын хуучивтар хүн өмсөж хэрэглэж байсан/ хохирогчийн ханш 200,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 100,000 төгрөг, дундаж үнэлгээ 100,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 100,000 төгрөг, хөрөнгийн нэр хүрэн өнгийн торгон гадартай дан дээл /гоёлын хуучивтар хүн өмсөж хэрэглэж байсан/ хохирогчийн ханш 200,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 100,000 төгрөг, дундаж үнэлгээ 100,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 100,000 төгрөг, хөх өнгийн торгон гадартай сэгсүүргэн дээл хохирогчийн ханш 300,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 300,000 төгрөг, дундаж үнэлгээ 300,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 300,000 төгрөг, дан суртай мөнгөн хазаар /шинэ цагийн хуучивтар хэрэглэж байсан/ хохирогчийн ханш 500,000 төгрөг, 2021 оны байдлаарх ханш 500,000 төгрөг, дундаж үнэлгээ 500,000 төгрөг, тоо ширхэг 1, үнэлгээ 500,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт /хх 54-55/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******: “...Би хулгайн хэрэгт ял шийтгэгдэн Орхон аймагт ялаа эдэлж байгаад 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаад 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд хүрч ирсэн. Тэгээд өөрийн найз нартайгаа болон Их-Уул сумын архи уудаг гэх хүмүүстэй хамт архи ууж хэсэг явсан. Би одоо сайн санахгүй байна. Архи их ууж байсан учраас өдөр хоногийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэж бодож байна. Би тэр өдөр архи ихээр уучхаад Их-Уул сумын Гандан хийдийн хойд талд байх эзэнгүй хашаан дотор тасарчихсан унтаж байсан. Бороо бага зэрэг шивэрч байсан учраас би сэрсэн. Тэгээд тухайн айлд оръё гэж бодоод үүдийг нь нүдтэл цоожтой байсан. Хашаан дотор цагаан өнгийн шавар байшин байсан. Нэг модон амбаар байсан. Тэгээд байшинг эргэж тойрч үзтэл зүүн талын ханан дахь ертөнцийн зүгээр жижиг цонх нь шилгүй байсан бөгөөд хоёр ширхэг банз тавиад хадчихсан байсан. Тэгэхээр нь би банзыг нь хуу татаад цонхоор нь ороод борооноос түр зуур хорогдсон. Тэгээд тэр айлд хэсэг зуур унтчихаад өглөө үүр цайж байх үед сэрээд гэр дотор байсан 2 ширхэг цоожгүй модон авдрыг нь онгойлгож үзэхэд дотроос нь нэг ширхэг ягаан өнгийн дан дээл, нэг ширхэг хөх өнгөтэй нэхий дээл, нэг ширхэг хүрэн өнгөтэй хурган дотортой дээл байсныг нь авсан. Мөн бурхны шүүгээний нүдийг нь онгойлгож үзэхэд нэг ширхэг морины хазаар байхаар нь авчихсан. Мөнгөн хазаар байсан юм. Ямар материалаар хийсэн хазаар гэдгийг нь мэдэхгүй байна. Мөнгөн хазаар шиг л байсан. Тэгээд дээрх зүйлсийг цагаан өнгийн мяндсан шуудайнд хийж тэр айлаас гарсан. Тэгээд шуудайтай зүйлсээ тэр айлаас нэлээн зайтай Их-Уул суманд байх нэг эзэнгүй хашаанд аваачаад хашаан дотор байсан эвдэрхий хөргөгчийн төмөр хайрцаг дотор нь хийж нуусан. Тэгээд 10 гаруй хоногийн дараа очиж авсан. Тэгээд цагдаад баригдсан юм. Би тэр айлаа одоо олно оо. Байшинг нь гаднаас нь харвал танина. Би өөрөө тухайн айлд орсон учраас сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хийморь хорооллын 6-2 тоотод байрлах Г.О эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж хүрэн өнгийн дан дээл 1 ширхэг, хурган дотортой хүрэн өнгийн торгон дээл 1 ширхэг, хөх өнгийн сэгсүүргэн дээл 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болохыг давхар нотолж байна.

Прокуророос шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч ******* Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хийморь хорооллын 6-2 тоотод байрлах Г.О эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 3 ширхэг дээл, мөнгөн хазаар 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч байгаа үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн засаг дарга Б.С 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай “...Тус багийн иргэн ******* нь ам бүл-4 эгч дүү нарын хамт багтаа байнга оршин суудаг нь болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолтоор шүүгдэгч ******* нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багт байнга оршин суудаг болох нь нотлогдож байх тул түүнд оногдуулсан 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой ******* хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг тоолж, хяналтдаа байлгахыг Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  ******* авсан хувийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ