Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

 

 

 

 

 

 

 

    2022        03            22                                    2022/ШЦТ/203

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Д.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.О т холбогдох эрүүгийн 2210000000213 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Амгалан амаржих газарт мэс засал мэдээгүйжүүлэлтийн эрчимт эмчилгээний тасагт эмч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 75-102 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.О  /РД:....................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О  нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Руби дэнт” шүдний эмнэлгийн амралтын өрөөнд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Б ийг нөхөртэйгөө хардаж нүүрэн тус газар руу нь аягаар цохиж, биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  1. Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр миний ажиллаж байгаа Хан-Уу дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байранд байрлалтай Руби Дент шүдний эмнэлэг дээр 0,75 граммын соёрхол нэртэй 1 шил архитай орж ирсэн. Тэр үед би өвчтөн үзээд завгүй байсан. Д.О  эмч сувилагч нар амралтын өрөө рүү ороод сууж байгаад надад архи хийж өгсөн. Би хүн үзэж байна гэж хэлсэн чинь тоохгүй маяглаад бай чи эхлээд 3 татчихаад хүнээ үзчих гэж хэлэхээр нь би 3 хундага архи уучихаад цагийн хүмүүсээ үзэж дуусгаад амралтын өрөө рүү орсон чинь Д.О  дахиж надад архи хийж өгөөд татчих гэж хэлэхээр  нь би за гэж хэлсэн. Надтай хам ажилладаг сувилагч Цэцэгмаа эгч бас архи ууж байсан. Ингээд Д.О  Цэцэгмаа бид 3 нэг шил архиа хувааж уугаад ярьж сууж байсан чинь Д.О  чи миний нөхөртэй явалдаад байгаа юм биш үү, мэдэж байна, та хоёрын харьцаж байсан чатыг чинь уншсан гэж хэлэхээр нь би Д.О т чи буруу ойлгоод байна чиний нөхөр бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн чинь Д.О  намайг хэл амаар доромжлоо танхайраад байхаар нь би Д.О т хандаж хохино гэж хэлсэн чинь Д.О  ширээн дээр байсан аяга барьж аваад миний нүүрэн тус газар шидсэн чинь миний зүүн хөмсөгний дээд талаас цус гарахаар нь би доош тонгойгоод хэвтэж байсан чинь миний хөл гар луу өшиглөсөн гэж сувилагч Цэцэгмаа надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)
  2. Гэрч С.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...захирлын найз болох эмч Д.О  гэх эмэгтэй ирээд ажлын арын амралтын өрөөнд 1 шил Соёрхол нэртэй архи хувааж ууж байгаад Д.О  эмч манай захирал Б.Б т чи манай нөхөртэй явалдсан гэж маргаан үүсээд байж байгаад Б.Б  захирал руу Д.О  эмч аяга шидээд хөмсөг хэсэг нь зүсэгдсэн. Тэгээд цагдаа дуудаад ирсэн...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2727 дугаартай:

“-Б.Б ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

4. Шүүгдэгч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би найз Б.Б ийн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Руби дент нэртэй шүдний эмнэлэг дээр очиж Б.Б тэй уулзах гэж очсон. Уулзах шалтгаан нь гэвэл нөхөр Наранбуян маань миний найз Б.Б тэй гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсныг нь би утаснаас нь тэр хоёрын харилцаж байсан мессежийг нь уншсан. Тэр өдөр нөхөр маань Ховд аймагт явж байсан болохоор би ярилцах гэж Б.Б тэй уулзсан. Сэтгэл санаа маань хэцүү байсан учраас би замаараа нэг шил соёрхол архи аваад Б.Б , Цэцэгмаа бид гурав хувааж уусан. ...бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би ширээн дээр байсан аяга барьж аваад Б.Б  рүү шидсэн чинь духыг нь оночихсон. Тэгээд яаралтай түргэн тусламжийн эмч ирээд үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваа явсны дараа цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал).

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлол (хавтаст хэргийн 51-52 дахь тал), зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О  нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Руби дэнт” шүдний эмнэлгийн амралтын өрөөнд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б ийг нөхөртэйгөө хардаж, улмаар маргалдан нүүрэн тус газар руу нь аягаар цохиж, биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.О  нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б ийг нөхөртэйгөө хардан маргалдаж улмаар түүн рүү аяга авч шидэн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ширээн дээр байсан аягыг авч хохирогч руу шидсэн идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан буюу шүүгдэгчийн үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хооронд шалтгаант холбоо байх тул түүнийг дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Д.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэгт хохирогч нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогчийн “...миний бие 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найз Д.О тэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар миний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Д.О  нь миний хохирлыг барагдуулж надаас уучлалт гуйсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 79 дэх тал) авагдсан. Мөн шүүгдэгч нь хохирогчид 1.202.000 /нэг сая хоёр зуун хоёр мянга/ төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн 2 ширхэг дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлэээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.О  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Амгалан амаржих газарт мэс засал мэдээгүйжүүлэлтийн эрчимт эмчилгээний тасагт эмч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг.../ эрхэлсэн тодорхой ажилтай, нийгмийн даатгал төлдөг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Д.О ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Д.О т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Д.О т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.О т сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР