| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0845/э |
| Дугаар | 2020/ШЦТ/917 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/917
2020 12 21 2020/ШЦТ/917
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Шүүгдэгч Ж.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл
Иргэний хариуцагч Г Э,
Насанд хүрээгүй хохирогч С О хууль ёсны төлөөлөгч Д С тэдгээрийн өмгөөлөгч Г.Минжмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхим хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Ж У холбогдох эрүүгийн 2003000000355 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .. дугаар цэцэрлэгт багш ажилтай, Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х Ж У, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.У нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр .. дүгээр байрны хойд замд “Тоёота Приус” маркийн 44-.. УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай С О мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2003000000355 тоот эрүүгийн хэргээс:
Шүүгдэгч Ж.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр найзынхаа машиныг бариад явж байсан. Урт цагааны урд зам дээр зүүнээс баруун чиглэлд явж байхад харах хөдөлгөөнийг хязгаарлагдсан том хар машины цаанаас гэнэт нэг хүүхэд хурдтайгаар гарч ирсэн. Тэгээд би тоормос гишгэхэд хүүхэд газарт унасан. Би машинаас бууж хүүхдийг аваад замын хажуугийн хашлага дээр сууж байхад ах нь гээд 9 настай эрэгтэй хүүхэд хүрч ирсэн. Тэр хүүхэд эгчээ бид хоёр ингээд гэртээ оръё манай аав, ээж хоёрт битгий хэлээч гэж бүр уйлаад гуйгаад байсан. Тэгэхээр нь бид нар тэгж болдоггүй юм гэж хэлж тайвшруулан аавынх нь дугаарыг аваад болсон явдлын талаар аавд нь залгаж хэлсэн. Мөн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудаж цагдаагийн газарт мэдэгдсэн гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ийм зүйл болсонд итгэхгүй байна. Тухайн үед манай хүүхэд маш их айсан байсан. Би хүүхдээ тэгж айж байхыг урд өмнө огт харж байгаагүй. Миний хүзүүнээс зуурчхаад тавихгүй байсан. Мөн манай хүүхдийн ааш авирт маш их өөрчлөлт орж байна. Хичээлээ хийхгүй гэж үзэг балаа шидэж хараалын үгс хэрэглэдэг болоод байна гэв.
Иргэний хариуцагч Г Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Намайг Г.Э гэдэг би 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Болж байгаа нөхцөл байдлыг ойлгож байна намайг уучлаарай. Би эмчилгээний зардлаас төлөхгүй гэж хэлээгүй. Эмчилгээний зардлаас төлнө. Өмнө 200.000 төгрөг ч өгч байсан. Одоо би зээлтэй байгаа мөн хоёр хүүхдээ тэжээж байгаа зэргийг харгалзан үзэж та бүхэн машиныг минь битгий битүүмжлээч гэж хүсэж байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч С О “...ахтайгаа хамт гадаа тоглох гээд гарсан юм, тэгээд байрныхаа хойд талын “...” гэдэг тоглоомын талбай дээр очиж тоглосон. Тэгээд ах найз нартайгаа искүтэрээр уралдаж тоглоод байхаар нь би цэнхэр байрны хажууд байдаг тоглоомын талбай орох гээд ахыгаа үлдээгээд ганцаараа явсан юм. Тэгээд байрны голд байдаг замаар гарч байхад миний зүүн гар талаас нэг машин ирж мөргөсөн, зүүн хөлний өвдөг рүү мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Иргэний хариуцагч Г Эын “...У машин жолоодоод би урд нь суугаад ард М суучихсан Их дэлгүүрийн хойно байдаг нарийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад гэнэт бид нарын баруун талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд нэг эрэгтэй хүүхэд гүйгээд гараад ирсэн, тэр үед У ч тоормос гишгээд нөгөө хүүхдийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Ослын улмаас бусдад учирсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10242 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. С О биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн тавхайн долоовор, дунд, чигчий, хурууны өлмий ясанд цууралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлхгүй.
5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Тоёото Приус маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлээр явж байгаад ертөнцийн зүгээр хойд талын байр руу эргэж ороход гарцнаас гүйн гарч ирж байгаа явган зорчигчийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөж, газарт унагаад автомашин зогсов” гэсэн тэмдэглэл /хх-ийн 16 хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай үйл баримтыг тогтоосон гэж шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Ж.Уыг гэм буруу болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.У нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр ..дүгээр байрны хойд замд “Тоёота Приус” маркийн 44-.. УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай С О мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч С О мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д С мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10242 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Уыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай С О мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Ж.У нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч Ж.Ут ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Мөн Ж.Уын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д С нь нийт 6.882.000 төгрөг нэхэмжилсэнээс хохирогчид багш хөлсөлсөн 1.760.000, өмгөөлөгч авсан 3.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 322.000 төгрөг, хохирогчийн ээж хүүхдээ асарсаны улмаас худалдагч хөлсөлж ажилуулсан 1.300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 500.000 төгрөг байна.
Шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг тогтоож 6.882.000 төгрөг нэхэмжилснээс сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Г Э хохиролд 200.000 төгрөгийг төлсөнийг хасаад нийт 6.107.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Уаас гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Уын “В” ангиллын 12263.. дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х Ж Уыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ут оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарсугай.
6. Шүүгдэгч Ж.Уын “В” ангиллын 12263.. дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Уаас 6.107.000 төгрөгийг /зургаан сая нэг зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д Сд олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГА