Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн *******-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......... оны .......дүгээр сарын ..........-нд ......... аймгийн ..........суманд төрсөн, .......... настай, ........ б............ боловсролтой, .......... мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ...... аймгийн .... сумын ......багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, .......... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Д овгийн *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 15,9607 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 4.845.333 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.  /яллах дүгнэлтэд бичигдснээр/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Иргэний нэхэмжлэгч Б.Б-н: “...Иргэн ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-р тал/,

Гэрч Д.Ө-н: “...Манай нөхөр ******* нь 2021 оны 7 дугаар сард Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газрын ойгоос шургааг моднуудыг бэлтгэсэн юм. Тухайн үед манай нөхөр ******* нь надад хэлэхдээ сумын байгаль хамгаалагч амарчихсан юм шиг байна модоо бэлтгэсний дараа мод бэлтгэх эрхийн бичиг авахаас гэж ярьж байсан юм. Тэгсэн манай нөхрийн ойгоос бэлтгэсэн моднуудыг Тэлмэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Г эргүүл, хяналт шалгалтаар 2021 оны 7 дугаар сард хөдөөгүүр явж байгаад мэдчихсэн юм. Тухайн моднуудыг ажлынхаа зав чөлөөгөөр ганцаараа хийж бэлтгэсэн юм. Ойгоос хийж бэлтгэсэн моднууд нь 4 метр гарангийн урттай хуурай нарийхан 300 ширхэг хар мод байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-р тал/,

Гэрч  М.О-н: “...******* ах 2021 оны 7 дугаар сарын сүүлчээр миний 97056670 дугаарын утас руу залгаад би Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газраас мод бэлтгэсэн намайг сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г ойгоос бэлтгэсэн моднуудаа ачаад сумын төв рүү Засаг даргын Тамгын газрын хашаанд буулга гэсэн, ахын дүү ахдаа машинаараа миний бэлтгэсэн модыг ачаад өгөөч гэж гуйсан юм. Тухайн үед би ******* ахад зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн Маяти маркийн 49-12 ЗАН улсын дугаартай автомашинаар Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газарт бэлтгээд модноос гаргаад цагаалчихсан байсан 4 метр урттай, хуурай, шургааг моднуудыг өөрийнхөө автомашинаар 2 удаа сумын төв рүү тээвэрлэж сумын Засаг даргын тамгын газрын хашаанд буулгаж байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 38-р тал/,

Гэрч Ж.Г-н: “...Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах, мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Нуур багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч Б.О, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт сумын Засаг даргын тамгын газрын Хантар маркийн 00-65 ЗАН улсын дугаартай автомашинаар хяналт шалгалтаар ажилласан юм. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед Тэлмэн сумын Нуур багийн нутаг Шивэртий гэх газарт очтол тухайн газарт иргэн ******* ойгоос шургааг мод бэлтгээд тухайн моднуудаараа хадлангийн хашаа барих гээд газарт цувуулаад тавьчихсан өөрөө хажууд нь гэр бүлийнхээ хүний хамт байсан юм. Тухайн үед би *******-с тухайн моднуудынх нь эрхийг бичиг гоожинг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсныг тогтоосон юм. Тухайн шургааг моднуудыг ******* Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газраас 2021 оны 07 дугаар сарын эхээр ганцаараа бэлтгэсэн гэж бид нарт өөрөө хэлсэн юм. Тухайн моднууд нь шинэс төрлийн 4.50 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хэрэглээний хуурай шургааг моднууд байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-41-р тал/,

Гэрч Б.О-н: “...Тухайн үед байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Г бид хоёрын зүгээс иргэн *******-с тухайн моднуудынх нь эрхийн бичиг гоожинг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан. Тухайн шургааг моднуудыг ******* нь Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газраас 2021 оны 7 дугаар сарын эхээр ганцаараа бэлтгэсэн гэж өөрөө ярьж байсан. ******* нь шалгуулах үедээ бид нарт тухайн шургааг моднуудыг Шивэртий гэх газарт хадлангийн талбай хаших зорилгоор ойгоос бэлтгэсэн гэж хэлж байсан юм. Тухайн моднууд нь шинэс төрлийн 4.50 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хэрэглээний хуурай 300 ширхэг шургааг мод байсан юм. Тэлмэн суманд надаас өөр байгаль хамгаалагч байхгүй. Миний зүгээс иргэдэд хэрэглээний болон галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог...” гэсэн  мэдүүлэг /ХХ-ийн 43-44-р тал/,

Гэрч Б.П-н: “...Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед Тэлмэн сумын Нуур багийн нутаг Шивэртий гэх газарт очтол тухайн газарт манай багийн иргэн ******* нь ойгоос шургааг мод бэлтгээд  тухайн моднуудаараа хадлангийн хашаа барих гээд газарт цувуулаад тавьчихсан байсан. Тухайн үед байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Г *******-с тухайн шургааг модны эрхийн бичиг гоожинг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос зөвшөөрөлгүйгээр 4 метр гарангийн урттай, хуурай, нарийвтар, шинэс төрлийн 300 орчим тооны шургааг моднуудыг бэлтгэсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 27 дугаартай: ”...Иргэн ******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод / мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангилалын хувьд хэрэглээний хуурай шургааг мод байна. Уг моднууд нь 15.9607 метр, куб хэрэглээний хуурай шургааг мод байна. Иргэн ******* ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байна. Тухайн моднуудыг 2021 оны 7 дугаар сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой. Мод бэлтгэсэн гэх Тэлмэн сумын Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газар ойн сангийн 1-р мужлалд хамаарна. Байгалийн цогцолбор газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр, куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168.655 төгрөг байна. ******* ойгоос хийж бэлтгэсэн дээрх моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 м3  шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168.655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303.579 төгрөг, бэлтгэсэн 15,9607 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 4,845,333 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт  /ХХ-ийн 52-54-р тал/,

Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Ж.Г-н 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07-04-335/02 дугаартай “...Экологи-Эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 27 тоот дүгнэлтээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын нэг дүгээр хавсралтаар баталсан нэг шоо.метр модны “Экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр бүх төрлийн хуурай модны 1 дүгээр мужийн 1 шоо.метр шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь түлээний босоо хуурай модонд -168,655 төгрөг байхаар тогтоосон боловч тайлбарын дагуу түлээний мод -1,8 итгэлцүүрээр үржүүлэхэд 168,655х1,8=303,579 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн түлээний мод 15,9607м3-ээр үржүүлэхэд 303,579х15,9607м3=4,845,333 төгрөг болж байна” гэж тогтоосон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”-ийн дагуу 4,845,333Х3=14,535,999 төгрөгийг иргэн *******-р нөхөн төлүүлэх, актаар тогтоосон төлбөр болох 14,845,999 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлж бүрэн барагдуулахыг иргэн *******д сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт, /хх-ийн 53-р хуудас/

мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:

Д овгийн ******* нь урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

Д овгийн ******* иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа,

Гэрч Б.П-н “...*******-г сургуульд сурсан өдрөөс эхлэн таньдаг болсон. Мөнхчулуун нь төлөв даруу зантай, хүнтэй эвсэг харьцаатай, хүнд тусархуу зан байдалтай хүн байгаа юм. Эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багт мал маллаж амьдардаг. Хүүхэд нь Улаанбаатар хотод цэвэр ус түгээдэг байгууллагад ажилладаг. Амьдралын түвшин дунд зэрэг амьдралтай...” гэсэн зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.  

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

            Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 15,9607 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж ойн санд 4.845.333 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэсэн  гэмт хэрэг үйлдсэн болох нь :

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн асан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 09 дугаартай улсын байцаагчийн акт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт,

гэрч Ж.Г-н “...******* ойгоос шургааг мод бэлтгээд тухайн моднуудаараа хадлангийн хашаа барих гээд газарт цувуулаад тавьчихсан өөрөө хажууд нь гэр бүлийнхээ хүний хамт байсан юм. Тухайн үед би *******-с тухайн моднуудынх нь эрхийг бичиг гоожинг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн байсныг тогтоосон юм...”, гэсэн,

гэрч Д.Ө-н: “... манай нөхөр ******* нь надад хэлэхдээ сумын байгаль хамгаалагч амарчихсан юм шиг байна модоо бэлтгэсний дараа мод бэлтгэх эрхийн бичгээ авахаас гэж ярьж байсан юм. Тэгсэн манай нөхрийн ойгоос бэлтгэсэн моднуудыг Тэлмэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Г эргүүл, хяналт шалгалтаар 2021 оны 7 дугаар сард хөдөөгүүр явж байгаад мэдчихсэн юм....” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Өөрөөр хэлбэл зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд ургаа мод унанги мод эсэхээс үл хамааран иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Хууль бусаар мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Цагаан дугуй” гэх газрын ой нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай “...Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Цагаан дугуй” гэх газар ойн сангийн 1 дүгээр мужлалд хамаарна. Байгалийн цогцолборт газар нутагт хамаарна....” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэтэл шүүгдэгч дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 15,9607 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Шүүгдэгч ******* хууль бусаар мод бэлтгэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангаж байх ба шүүгдэгч  өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Би 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 7 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Цагаан дугуй гэх газраас 300 ширхэг шургааг бэлтгэсэн. Би эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй талаар мэднэ. Би модоо бэлтгэчихээд дараа нь мод бэлтгэх эрхийн бичгийг авчихаж болох байх гэж бодоод модоо бэлтгэчихсэн, тухайн үед манай суманд Ковид 19 өвчний халдвар ихээр гарч байсан учраас сумын төв рүү ороогүй юм. Би мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн цагаан өнгийн цахилгаан моторт хөрөөгөөр бэлтгэсэн бөгөөд, модоо цагаалахдаа цагаан өнгийн татлагаар татаж өөрийн биеэр чирч цагаалсан...” /хх-ийн 73-74-р хуудас/ гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр 4,845,333 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 4,845,333 төгрөг гэж үзнэ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 14,535,999 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч хохирогчид төлөх хохирлын зарим хэсгийг төлсөн мөн зарим хэсгийн нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь:

2021 оны 12 дугаар сарын 16...”-ны өдрийн төрийн сангийн 100091500914 дугаартай дансанд 4,845,600 төгрөгийг *******-с төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...”,

 “...Яллагдагч ******* би 2021 оны 7 дугаар сард Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Цагаан дугуй” хэмээх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 24 тоот дүгнэлтээр ойн санд 4,845,333 төгрөгийн хохирол учирч үүнийг 3-аар үржиж 14,535,999 төгрөгөөс

2021 оны 11 дүгээр сарын 25-нд 4,845,333 төгрөг

2022 оны 12 дугаар сарын 25-нд 4,845,333 төгрөг

2023 оны 12 дугаар сары 25-нд 4,845,333 төгрөг  нөхөн төлж барагдуулахаар иргэний нэхэмжлэгч бид харилцан тохирлоо...”  гэсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь ******* нь ойн санд учруулсан хохирол болох 14,535,999 төгрөгөөс 2021  оны 12 дугаар сарын 16-нд 4,845,333 төгрөгийг төлсөн нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны гүйлгээний баримтаар нотлогдож байх тул нийт хохирол болох 14,535,999 төгрөгөөс  4,845,600 төгрөгийг  хасаж тооцон, үлдэх хохирол болох 9,690,399 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15,9607 метр куб 300 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн нас гүйцсэн 1 тооны хул зүсмийн морь, Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн бариултай, цагаан өнгийн цахилгаан хөрөөг  тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хууль бусаар бэлтгэсэн 15,9607 м3 эзлэхүүнтэй, 300 ширхэг  мод, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 12 тооны адууг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож 50,3 метрийн урттай цагаан өнгийн уяаг устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн *******-г улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д

зааснаар шүүгдэгч *******-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 4,845,600 /дөрвөн сая намайн зуун дөчин таван мянга зургаан зуу/ төгрөгийг төрийн санд төлсөн болохыг дурдаж, гэрээнд заасан хугацаанд шүүгдэгчээс 9,690,399 /есөн сая зургаан зуун ерөн мянга гурван зуун ерөн ес/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,  эвлэрлийн гэрээг хэрэгт хавсаргасугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 15,9607 метр куб 300 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн нас гүйцсэн 1 тооны хул зүсмийн морь, Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн бариултай, цагаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 5,30 метрийн урттай цагаан өнгийн уяаг устгасугай.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

10. Шийтгэх  тогтоол  хүчин   төгөлдөр   болмогц   гэмт   хэрэг   үйлдэж олсон

15,9607 м3 эзлэхүүнтэй, 300 ширхэг  мод, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 12 тооны адууг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай прокурорын  тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ