Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1028

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Насанжаргал,

яллагдагч Г.Г-, түүний өмгөөлөгч К.Жархынбек,

хохирогчийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1294 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн эсэргүүцлээр Г.Г-холбогдох эрүүгийн 1809019380653 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Г-н Г,

 

Яллагдагч Г.Г- нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээвэр хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Н- маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Г.Г-ийн өмгөөлөгч К.Жархынбек шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: “...Гэмт хэрэг гарсан гэх өдрөөс өмнө Ж.Н-  нь хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Учир нь, түүний биед учирсан гэмтэл нь өмнө учирсан эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр Ж.Н- ийн биед “ахар сүүлний 3 дугаар нугалам их бие хэсгээр зөрүүтэй хөндлөн хугарал...” гэмтэл нь шинэ гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг нарийвчлан тогтоогоогүй бөгөөд энэ талаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлээгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн шинжээч эмч Б.Даваасүрэн дүгнэлтдээ “...гэмтлүүд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн атлаа мэдүүлэгтээ “намайг үзэхэд шинэ гэмтэл байсан” гэсэн нь эргэлзээ төрүүлж байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, яллагдагч Г.Г-холбогдох эрүүгийн 1809019380653 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Г-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичиг эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2-д “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...” гэжээ. Шүүгчийн захирамжид нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээч томилох гэсэн ганц үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д  “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шийдвэрлэж болно...”, мөн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1-д “...шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх...” гэж заасан нь нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээчийг шүүх буюу шүүгч шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шинжээч эмч Даваасүрэнгийн дүгнэлт, мэдүүлэг зөрүүтэй бол гэм буруугийн шүүх хуралдаан дээр түүнээс асууж тодруулах, зөрүүг арилгах бүрэн боломжтой байсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг удирдлага болгосон атлаа ... хуулийн ямар заалт, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг яаж зөрчсөн талаар дурдаагүй. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1294 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Г-холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

Прокурор Ш.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Яллагдагч Г.Г- нь хохирогчийг заамдаж, шахаад хана руу түлхсэнээс үүдэж ахар сүүлэнд гэмтэл учруулсан. Хохирогчийн биед учирсан ахар сүүлний гэмтлийг шинжээч эмч шинэ гэмтэл гэж мэдүүлсэн байдаг. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх саналтай” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байгаа. Иймд Г.Г-холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

Яллагдагч Г.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч эмэгтэй миний ээж шиг хүн байгаа юм. Би түүнийг зодсон асуудал болоогүй. Ажлын өрөөний хаалга онгорхой, үүдэнд ажлын хоёр хүн суудаг, чагнаад сууж байсан, гэрчээр ч мэдүүлэг өгсөн байдаг. Нарантунгалаг манай өрөөнөөс зүгээр л гараад явсан. Тухайн өдрийн маргааш нь Нарантунгалаг нийтийн цэвэрлэгээнд ирж биеийн хүчний ажил хийсэн. Ажлын газрын камерын бичлэгт тодорхой бичигдсэн байгаа. Хохирогч эмчийн магадлагаагаар 3-4 удаа чөлөө авч байсан” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч К.Жархынбек давж заалдах шатны шүүхэд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Н- ийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнөх өвчний түүх, эмчийн магадлагааг Зам тээврийн хөгжлийн яам болон бусад ажиллаж байсан байгууллагуудаас гаргуулах, Ж.Н- ийн биед учирсан ахар сүүлний 3-р нугаламын их бие хэсгээр зөрүүтэй, хөндлөн хугарал гэмтэл нь архаг гэмтэл мөн эсэхийг тогтоолгохоор дахин шинжээч томилуулж тогтоолгох, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас Ж.Н- ийн 2018 оны 4 дүгээр сарын 16-наас өмнө эмчилгээ, шинжилгээ, үзлэгт хамрагдаж байсан баримтуудыг гаргуулах хүсэлтийг бичиж, мөрдөгчид энэ талаар танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүссэн. Гэтэл уг хүсэлтүүдийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй шалгах, шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтас хэрэгт хавсаргана” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжээчид Ж.Н- ийн өвчний түүх болон урьд нь авагдсан зураг, шинжилгээг цуглуулсны үндсэн дээр ахар сүүлний хугарал гэмтэл нь хуучин, эсхүл шинэ гэмтэл болохыг тогтоох шаардлагатай тул шүүх хуралдаанаар нөхөн нотлох баримт бүрдүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй. ...Ж.Н- ийн … ахар сүүлний хугарал гэх гэмтэл нь хуучин эсхүл шинэ гэмтэл болохыг тогтоох шаардлагатай тул шүүх хуралдаанаар нөхөн нотлох баримт бүрдүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй. Тиймээс хяналтын прокурорын “шүүх буюу шүүгч шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой” гэх эсэргүүцэл үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг мөрдөгч, прокурор зөрчиж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн талаар прокурор доор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй: 1.1-т оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх” гэж заасныг тус тус хяналтын прокурор зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хэргийг прокурорт буцаах тухай 1294 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч К.Жархынбекийн гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай...” гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шаардлагатай гэж үзвэл хэргийг прокурорт буцаахгүйгээр шинжээч томилох эрх нь нээлттэй бөгөөд хохирогчийн өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргах  ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой, шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай бол  гэрч, шинжээчийг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар  хянан хэлэлцэх боломжтой гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх боломжой байна.

 

Иймд прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.Г-холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1294 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Г-холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд  буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Г.Г-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

       ШҮҮГЧИД                                                            Н.БАТСАЙХАН

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ