Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0803/З |
Дугаар | 128/ШШ2019/0077 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2019/0077
2019 оны 01 сарын 30 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох
Гуравдагч этгээд: Д.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Д.Мыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, түүний өмгөөлөгч М.н, П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Д.М нь 2003 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн албанд 15 жил ажиллахдаа дараах ажил, албан тушаалыг эрхэлж ирсэн. Үүнд:
1. 2003 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт улсын байцаагч,
2. 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Улсын Мэргэжлийн Хяналтын газарт улсын байцаагч,
3. 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт хэлтсийн дарга,
4. 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт Геологи, уул уурхайн хkяналтын улсын ахлах байцаагч,
5. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,
6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолоор санал болгосны дагуу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн б/178 дугаар тушаалаар тус газрын Кадастрын хэлтстийн даргын албан тушаалд тус тус томилогдон ажилласан.
Миний бие төрийн албанд 15 жил ажиллахдаа ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, төрийн албан хаагчийн ажил, албан тушаалыг аливаа сахилгын зөрчилгүйгээр нэр хүндтэйгээр хашиж ирсэн билээ.
Улмаар биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х*******д хандаж, эмчилгээ хийлгэх боломжоор хангаж өгөхийг хүсч өргөдөл гаргасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн б/191 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтын дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн юм.
Түр чөлөөлөгдсөнөөс хойш хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэснээр миний эрүүл мэндийн байдал сайжирч, албан ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болсон тул 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х*******д хандан, өөрийн эрхэлж байсан ажилдаа буцаж орох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хангаж, Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж өгөхийг хүссэн өргөдлийг гаргасан боловч ямар нэг хариу өгч, шийдвэрлээгүй.
Ингээд энэ талаарх гомдлыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гаргасан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 921 дүгээр албан бичгээр ...Д.Мыг ажлын байраар хангах талаар авсан арга хэмжээгээ 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор мэдэгдэж хариу ирүүлэхийг даалгасан байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х******* нь хуульд заасан хугацаанд миний гаргасан хүсэлтэд болон Төрийн албаны зөвлөлийн албан бичигт хариу өгөхгүй байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу захиргааны чөлөөтэй байгаа ажилтан тухайн үндэслэл, шалтгаан арилсны дараа урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй гэж Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тайлбарласан байна.
Иймд иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж, ажил албан тушаалд эгүүлэн томилох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Д.Мыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.М шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Д.М би өөрийн эрхэлж байсан ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн эрхлэх хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, Төрийн албаны зөвлөлд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус бичгээр гаргасан бөгөөд миний хүсэлтийг огт шийдвэрлэхгүй байгаа атлаа тус газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд сул орон тоо гарсан гэж үзэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18/15 дугаар тогтоолоор санал болгосны дагуу Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд хууль зүйн үндэслэлгүй томилсон нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна.
Учир нь миний бие тухайн албан тушаалд тавигдах бүхий л шаардлагыг хангаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ажил, албан үүргээ үргэлжлүүлэн эрхлэх боломжтой тухай Б/112 дугаар тушаал гарахаас даруй 70 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж хүсэлт гаргасан тул Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 4-т Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сул орон тоо гарсан гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд...заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түр орлон гүйцэтгэгч Д.Д нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тусгай шаардлагыг хангаагүй этгээд тул Улсын Дээд Шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд заасны дагуу сул орон тоо гарсан гэж үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
Тодруулбал, Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Д нь тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй тул түүнийг Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14 дүгээр зүйлийн а-д заасан тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөн журмын в-д заасан удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт томилох эрх бүхий этгээд буюу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэх үүрэгтэй ба уг салбар зөвлөл нь сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэх үүрэгтэй атал хуульд заасан дээрх ажиллагааг огт явуулалгүйгээр Ажилд томилох тухай Б/112 дугаар тушаалыг гаргасан нь хууль зөрчжээ.
... Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/, Газрын тосны газрыг /хуучин нэрээр/ нэгтгэж, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар болгон нэгтгэж, улмаар тус агентлагийн бүтэц орон тооны дээд хязгаарыг 185 албан хаагчтай байхаар тогтоож өгсөн.
Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудын дагуу хоёр агентлаг нэгдэж өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, мөн хуулийн 24.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсан болно.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар иргэн Д.Мыг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолоор санал болгосны дагуу Агентлагийн даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай б/178 дугаар тушаалаар Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилсон.
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.М өргөдөл гаргаж эрүүл мэндийн байдлын улмаас албан ажлаа хийх боломжгүй болж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.
Мөн эмчийн дүгнэлтээр нурууны сэртэн, үе хоорондын гэмтэл оноштой болсон бөгөөд удаан хугацаанд эмчилгээ хийлгэж сувилуулах шаардлагатай болж албан ажлаа үргэлжлүүлээд эмчилгээ хийлгэх боломж тааруу байсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлж, эмчилгээ сувилгаа хийлгэх боломжоор хангаж өгөхийг хүссэн.
Хүсэлтийг хүлээн авч Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д Хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, 8.4-д Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, 23.5-д Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэх заалтууд болон Д.Мын бичгээр гаргасан өргөдлийг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд байгаад тооцохоор Агентлагийн даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн албанаас түр чөлөөлөх тухай б/191 дүгээр тушаал гаргаж шийдвэрлэсэн.
Дээр дурдсан сул орон тоо гарсантай холбогдуулан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/9386 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Дийг томилсон.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 18/15 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 14-ийн а-д заасан журмыг баримтлан Кадастрын хэлтсийн даргад Д.Дийг томилуулахаар санал болгосон.
Авлигатай тэмцэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05/7642 дугаар албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Нэр дэвшүүлэх тухай 18/15 дугаар тогтоол болон дээр дурдсан хуулиудыг үндэслэн Д.Дийг тус агентлагийн Кадастрын хэлтсийн даргаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай б/112 дугаар тушаалаар томилсон. Энэ акт нь хуульд нийцсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй болно.
Нэгэнт өвчний учир биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон нөөцөд байгаа албан хаагч буцаж ажилдаа орох тохиолдолд 1 жилээс доошгүй хугацааны дараа холбогдох хүсэлт гаргах ёстой гэсэн хуулийн зохицуулалттай байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр эс үйлдэхүй гаргаагүй, мөн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч Д.Мыг эрүүл мэндийн улмаас удаан хугацаанд эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэх өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн б/191 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, 23.5-д Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж тус тус заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд байгаад тооцжээ.
Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3.3-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэдэгт дараахь тохиолдлыг тооцно гээд, 3.3.1-д Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 23.1.2-т заасан үндэслэлээр албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, 23.2, 23.4-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, 23.3-т заасан үндэслэлээр түр чөлөөлөх, эсхүл албан хаагч өөр албан тушаалд сонгогдох буюу томилогдох гэж заасны дагуу төрийн албанд сул орон тоо бий болсон.
Улмаар сул орон тоо бий болсонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18/15 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05/7642 дугаар албан бичиг зэргийг үндэслэн гуравдагч этгээд Д.Дийг Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн б/112 дугаар тушаалаар томилсон.
Нэхэмжлэгч Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ...өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж сувилуулах шаардлагатай болж, нөөцөд бүртгэсэн тул төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд түүнийг томилох боломжтой байна. Харин энэ тохиолдолд төрийн албанд сул орон тоо гараагүй тул Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилох боломжгүй бөгөөд сул орон тоо гарсан албан тушаалд нөөцөөс нэр дэвшиж томилогдох боломжтой гэж үзэхээр байна.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд тухайн акт нь нэхэмжлэгч Д.Мт ямар нэгэн байдлаар эрх олгож, үүрэг үүсгэсэн зохицуулалтгүй, зөвхөн гуравдагч этгээд Д.Дт чиглэж гарсан захиргааны акт байна.
Түүчлэн уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байх тул уг тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.
Иймд Д.Мын гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн б/112 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, ажил албан тушаалд эгүүлэн томилох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Д.Мыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь анх тус шүүхэд Ажил албан тушаалд эгүүлэн томилох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Д.Мыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ажил албан тушаалд эгүүлэн томилох тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Д.Мыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн б/191 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг үндэслэн Д.Мыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу эрүүл мэндийн улмаас удаан хугацаанд эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлжээ.
Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч биеийн эрүүл мэндийн улмаас 1 жилээс дээш хугацаагаар төрийн албанаас түр чөлөөлөгдөх, төрийн албаны нөөцөд байх, улмаар төрийн албанд буцаан томилогдох харилцааг Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 23 дугаар зүйл, 17 дугаар зүйлд тус тус нарийвчлан зохицуулж өгсөн байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон бол захиргааны санаачилгаар түр чөлөөлнө, 23.5-д Энэ зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн ... төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмнэлгийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж тус тус зааснаас үзвэл Д.М нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 23.3.1-д зааснаар түр чөлөөлөгдсөн тул тухайн үеэс мөн хуулийн 23.5-д зааснаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно.
Харин төрийн жинхэнэ албан хаагч 1 жилээс бага хугацаагаар түр чөлөөлөгдсөн бол энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу ажил, албан тушаал хэвээр хадгалагдана гэж ойлгох бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.М нь 1 жилээс доош хугацаагаар буюу нийт 6 сар 18 хоногийн хугацаанд түр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй байна.
Гэтэл хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр ...нэгэнт өвчний учир биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон нөөцөд байгаа албан хаагч буцаж ажилдаа орох тохиолдолд 1 жилээс доошгүй хугацааны дараа холбогдох хүсэлт гаргах ёстой гэсэн хуулийн зохицуулалттай гэж тайлбарласан нь Төрийн албаны тухай хуульд заасантай нийцэхгүй байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн б/192 дугаар тушаалаар Д.Дийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн б/112 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилжээ.
Үүнээс үзвэл, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч өөрийн эрхэлж байсан ажилдаа эргэн орох хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргах үед гуравдагч этгээд нь Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан байна.
Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтэд болон Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байгаа Д.Мыг ажлын байраар хангах ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа болон танд хандсан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа Төрийн албаны зөвлөлд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны дотор хариу ирүүлнэ үү гэх Гомдол шийдвэрлүүлэх тухай 921 дугаартай албан бичигт хариу өгөөгүй мөртлөө нэхэмжлэгч Д.Мыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Дийг Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилжээ.
Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 3.3-д төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэх бөгөөд 3.1-д уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухай албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ гэж зааснаар гуравдагч этгээдийг Кадастрын хэлстийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэх хугацаанд буюу тухайн албан тушаалын сул орон тоонд эргэн орж ажиллах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасаар байхад хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлэлгүй, шийдвэрлэхгүй орхисон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, Төрийн албаны зөвлөлөөс өөрт нь хандсан Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичигт дурдсан асуудлыг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Мыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, Засгийн газрын 2011 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.8-д Төрийн жинхэнэ албан хаагч ... эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгүүлнэ гэж тус тус заажээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн б/191 дүгээр тушаалаар Д.Мыг Кадастрын хэлтсийн албан тушаалаас түр чөлөөлж, уг албан тушаалд сул орон тоо гарсантай холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн б/192 дугаар тушаалаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дэд даргаар ажиллаж байсан Д.Дийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь дээр дурдсан Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйл 17.1-д заасныг болон Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Энэ талаар хариуцагчаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18/15 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14-ийн а-д заасныг баримтлан Кадастрын хэлтсийн даргад Д.Дийг томилуулахаар санал болгосны дагуу томилсон гэх боловч тус журмын 14-ийн a-д Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно гэж зааснаар тухайн албан тушаалын сул орон тоонд эргэн орж ажиллах хүсэлтээ өгсөн нэхэмжлэгчийг болон тухайн байгууллагад ажиллаж байгаа бусад албан хаагчдаас сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус журмыг зөрчиж томилсон болох нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/15 дугаар албан бичгийн хавсралт баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагчаас Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-д заасны дагуу тухайн албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулсан гэх боловч гуравдагч этгээд Д.Д нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан сорилын урьдчилсан шалгалтад тэнцээгүй хэрнээ хожим дахин шалгалт өгч тэнцсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах тухай журамд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн ажил, албан тушаалдаа эргэн ажиллах хүсэлтийг хуульд заасан хугацаа, журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаж, Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Засгийн газрын 2011 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам, Улсын Их Хурлын 2003 оны Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг тус тус зөрчиж сонгон шалгаруулалт явуулж, Д.Дийг Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд томилсон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/112 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Мыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ