| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 155/2017/00678/И |
| Дугаар | 00038 |
| Огноо | 2017-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 00038
Н.Т, З.Т нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.З, нэхэмжлэгч Н.Т, З.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч Д.С нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 802 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.Т, З.Т нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Л-т холбогдох
3,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Н.Т, З.Т нар нэхэмжлэлдээ: ... 2014 оны 10 дугаар сард Ц.Л-ын 15,000,000 төгрөгийн хашаа байшинг урьдчилгаа 5,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2015 оны 9 сард өгөхөөр тохирч худалдан авсан. ...2015 оны 9 сард үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй болсон учраас тодорхой хугацаагаар хойшлуулах санал тавьсан боловч тохиролцоогүй тухайн байшингаас гарсан. Гарахдаа урьдчилгаа болгон өгсөн 5,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг байшинд суусан хугацааны түрээс болгож, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг тухайн байшинг зарсны дараа авна гэж тохиролцоод гарсан. ...Гэтэл 3,000,000 төгрөгийг өгөөгүй. ...Иймд Ц.Л-с 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т, Т нарын нэхэмжлэлтэй 2017.07.03-ны өдөр танилцаад /хүлээн аваад/ эс зөвшөөрч байна. ...Би урьдчилгаа 5 сая төгрөг аваагүй. Энэ хүний эгч, ах хоёр манай эхнэртэй хамт ажилладаг байсан. Миний томилолтоор явах тушаал гарсан, өнөө маргаашгүй нүүх болоод яаруу хугацаанд зарсан гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 802 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ц.Л-с гэрээний гүйцэтгэл болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.Т, З.Т нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62,950 / жаран хоёр мянга есөн зуун тавь / төгрөгийг хариуцагч Ц.Л-с гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Л давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйл буюу худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн байна. Миний бие Н.Т, З.Т нараас огт мөнгө аваагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд биет байдлын доголдолгүй эд зүйл хүлээлгэн өгнө. Түүнтэй холбоотой баримт бичиг болон материалыг худалдан авагч талд шилжүүлнэ гэсэн байдаг. Огт мөнгө өгөөгүй хүмүүсийг 1 жил байшиндаа амьдруулж, түрээсийн гэрээ байгуулаагүй болохоор төлбөр нэхэмжлээгүй билээ. Мөн 2015 онд байшин суллаж өгөхдөө бичлэг хийсэн. Шүүх тухайн бичлэгийг нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Бичлэг дээр танд 5,000,000 төгрөг өгсөн, 2,000,000 төгрөг түрээс, үлдэх мөнгө 3,000,000 төгрөг авна гэсэн утга бүхий үг байхаас иргэн Ц.Л би мөнгө авсан гэх ямар ч утга байхгүй билээ. Иймд ...шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Т, З.Т нар “...2014 оны 10 дугаар сард Ц.Л-т хашаа байшингийн урьдчилгаанд 3,000,000 төгрөг өгснөө буцаан гаргуулах” нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...ямар ч мөнгө аваагүй” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны үед нотлох баримтаар “сиди” бичлэг гаргаж өгснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу үзлэг хийж бэхжүүлэлгүй үнэлснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчжээ.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дуу, дүрс бичлэгт үзлэг хийж, бичигдсэн яриаг бичмэл хэлбэртэй болгож, уг бичлэгт юу сонсогдож байгаа талаар тэмдэглэл үйлдэж хариуцагчид танилцуулаагүй, хариуцагчийг нотлох баримт гаргаж мэтгэлцэх боломжоор хангаагүй, уг нотлох баримт нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр “сиди” бичлэгийг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Л-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНБАТ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Б.СОСОРБАРАМ