Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2015/0391

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

Ц.Н-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй, Ц.Н-н нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Циенхорол овогтой Намжилмаа миний бие осолд орсны улмаас тахир дутуугийн групп тогтоолгож, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 70 хувьтай учир хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарагддаг. Миний бие 2014 оны 06 дугаар сарын 02 болон 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмнэлгийн нурууны тасагт нурууны мэс засалд орж нурууны протез хийлгэсэн. Мэс заслын нөхөн төлбөрийг авахаар Цагаанчулуут сумын нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэнд хандсан боловч Засгийн газрын тогтоолоор баталсан өвчний жагсаалтад байхгүй учир нөхөн олговор өгөх боломжгүй гэсэн учир Завхан аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг бичгээр Монгол Улсын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Завхан аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс ирүүлсэн бөгөөд мөн Засгийн газраас баталсан тогтоолын жагсаалтад байхгүй тул нөхөн олговрыг олгох боломжгүй гэсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж монгол улсад хиймэл эрхтэн, засал эмчилгээ, протез, ортепед хийлгэсэн бол үнийг эхний удаад 100 хувь, цаашид нийгмийн даатгалын шимтгэл үргэлжлүүлэн төлж байгаа бол протез, ортепедийн эдэлгээний хугацаа дууссан тохиолдолд үнийг бүрэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол 2 дахь удаад үнийн 50 хувийг нийгмийн даатгалын байгууллага тус тус нөхөн төлнө” гэж заасан бөгөөд энэ хуулийг дагаж гарсан 2010 оны “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ протез ортпед-ний жишиг үнийн жагсаалтыг батлах тухай” нийгмийн хамгааллын сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 16-д “нурууны хиймэл үе болон протез хийлгэсэн бол 4500000 төгрөг байхаар” тус тус заасан байна. Хэдийгээр миний бие үйлдвэрлэлийн осолд тооцуулаагүй боловч Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 100 хувь хөнгөлөн олгох гэсэн заалтад хамаарч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг дагаж гарсан Засгийн газрын 2012 оны 153 тоот “протез” ортпедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг тогтоох тухай тогтоолд нурууны протезийн жишиг үнийг тусгаагүй байгаа нь өөр хууль тушаалд тусгайлан заасан байгаатай холбоотой бөгөөд нэгэнт Монгол Улсын хуулиар тогтоосон учир дээр дурдсан нөхөн олговрыг авах эрхтэй гэж миний бие үзэж байна. Иймд, нурууны протезын үнэ 4500000 төгрөгийг нөхөн олгох захиргааны актыг гаргахыг даалгуулах шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багийн иргэн Ц.Н-н нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Ц.Н нь хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар хөгжлийн бэрхшээлтэй болсон, 2014 онд нурууны протез хийлгэж, төлбөрийг нөхөн авахаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу манай байгууллагад хандсан юм. Уг асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.3-д зааснаар нөхөн олгохдоо хуулийн 5.4-д заасан /энэ хуулийн 5.1-д заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална/ заалтыг баримталдаг бөгөөд энэхүү асуудлыг зохицуулсан Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор баталсан журамд нурууны протезийг нөхөн төлбөр авах протезод хамруулаагүй, жишиг үнийг батлаагүй байгаа юм. Зөвхөн энэ журамд заасан протез /хиймэл эрхтэн/, ортопед /тусгай хэрэгсэл/-үүдийг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас шипрлэн, программд оруулдаг бөгөөд халамжийн хэлтсүүд хууль, журмын дагуу иргэнээс материалыг бүрдүүлэн программд шивж, дээрх шипр бүхий протез, ортопедүүдийг санхүүжүүлэх эрхтэй байдаг. Ц.Н-н гомдлын талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.М-д албан тоот хүргүүлж, биечлэн уулзаж, асуудлыг тавьсан бөгөөд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар хариу өгсөн учир энэ тухай Ц.Н-д хариуг хүргүүлсэн болно. Тус хэлтэс нь иргэний энэхүү асуудлыг шууд шийдэх эрх хэмжээгүй, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох эсэх талаар ямар нэгэн шийдвэрийг гаргадаггүй, хууль журмыг үндэслэн, холбогдох материалыг иргэнээс бүрдүүлэн авч, санхүүжилтийг олгодог байгууллага билээ. Гэтэл иргэн Ц.Н-н нэхэмжлэл нь уг хөнгөлөлтийг олгох талаар хэлтсийн даргын шийдвэрийг гаргуулахаар /захиргааны акт гаргахыг даалгах/ хандсан нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд уг иргэний асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын тогтоолыг өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудлын хариуцагч нь дээрх шийдвэрийг гаргагч байгууллага байх ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр Ц.Н-д уг мөнгийг олгохоор гарлаа ч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шийдвэрийг хэрэгжүүлэх ямар ч эрх хэмжээгүй юм. Миний хувьд өөрийнхөө боломж, бололцоогоороо энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьж ажилласан. Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэд хүртэл албан тоотоор энэ асуудлын талаар албан бичиг явуулж, хариуг нь иргэн Ц.Н-д хүргүүлсэн байгаа. Нурууны протез болохоор нуруундаа буюу дотор суулгадаг хэрэгсэл, харин нурууны бэхэлгээ нь нурууны гадна чиг болгож бэхэлдэг, авч болдог буцаагаад хийж болдог тусгай хэрэгсэлд ордог зүйл байдаг. Энэ нурууны бэхэлгээ болоод бусад хэрэгслүүдийг нийлүүлэх тендерийг ерөнхий газраас зарлаад тендерээр нийлүүлэх эрхтэй болсон компани тусгай хэрэгслүүдийг оруулж ирээд тэндээс авсан хүмүүс холбогдох зураг хөрөг, бичиг баримтаа бүрдүүлж ирээд манайх мөнгө гаргаж асуудлыг шийддэг. Нурууны протезыг ортопедээр гаргах гэхээр хоорондоо өөр өөр зүйлүүд байгаа, нэг болохоор тусгай хэрэгсэл, нэг нь хиймэл эрхтэн юм. Энд яригдаад байгаа асуудал болохоор хиймэл эрхтэн буюу протез юм. Нөгөө талаараа үнийн дүнгийн хувьд ч хоёр өөр юм байгаа. Тэгэхээр нурууны үе хийлгэсэн хүнд нурууны бэхэлгээний хөнгөлөлт олгож болохгүй. Өөрөөр дүйцүүлээд олгох нурууны өөр төрлийн протезын хөнгөлөлт байхгүй байгаа” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан иргэн Ц.Н-н “Нурууны протезийн үнэ 4 500 000 төгрөгийн хөнгөлөлтийг нөхөн олгох талаар захиргааны акт гаргахыг Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Миний бие Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн талаар гомдол гаргаж байна. Учир нь, Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д Нийгмийн халамжийн сангаас үзүүлэх хөнгөлөлт буюу үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг 3 жил тутамд 1 удаа 100 хувь болгохоор 5.4-д дээрх хөнгөлөлтийн хэмжээг олгох журмыг засгийн газар батлахаар тус тус зохицуулсан боловч нурууны протезын тухай заалтыг хууль зөрчин орхигдуулж иргэдийг хохироон хуулиас илүү журамтай болсон нь Монгол Улсын хуулийг зөрчиж байна гэж иргэний хувьд үзэж байна.

Нэгэнт Монгол Улсын Засгийн газрын тогтоолд нурууны жишиг үнэ гэж тогтоогоогүй орхигдсон учир ижил төсөөтэй хуулийг шүүх, тухай шүүгч хэрэглэх боломжтой байсан. /Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хөнгөлөлтийн жишиг үнийг тогтоосон нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2010 оны 168/457 дугаар тушаалын 16-д заасан нурууны хиймэл үе хийлгэсэн тохиолдолд 4500000 төгрөгийг олгохоор заасан жишиг үнийг/ хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг дагаж гарсан Засгийн газрын 2012 оны 153 тоот “протез, ортпедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг тогтоох тухай” тогтоолд нурууны протез ортпедийн жишиг үнийг тусгаагүй байгаа нь өөр хууль журамд тусгайлан заасан байгаатай холбоотой бөгөөд нэгэнт Монгол Улсын хуулиар тогтоосон учир дээр дурдсан нөхөн олговрыг авах эрхтэй гэж миний үзсэн гомдлын хариуг бүрэн шийдвэрлээгүй зөвхөн нөхөн олговрыг олгохгүй байх боломж тэр талын хууль журам заавар тогтоолуудыг нэг бүрчлэн дурдаж хуулиас давж гарсан Монгол Улсын Засгийн газрын тогтоолын холбогдох заалтуудыг мөрдөж, аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.А-н шүүхэд мэдүүлсэн мэдүүлгийг бүрэн хангаж төрийн байгууллагын албан тушаалтнуудад илүү үйлчилж эрүүл мэнд, эдийн засаг, бие сэтгэлийн хувьд хохирч олон жил өвдөж шаналсан Монгол Улсын иргэн миний эрхийг анхан шатны шүүх хамгаалж чадаагүй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:  

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь заалтыг баримтлан хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүх Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Ц.Н нь 2006 онд осолд орж, нуруундаа гэмтэл авсан байх бөгөөд Завхан аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2010 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1960 дугаарт актаар хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсаныг тогтоож, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр тодорхойлж, үнэмлэх олгожээ.

            Уг ослын улмаас 2014 оны 06 дугаар сарын 02, 23-ны өдрүүдэд Ц.Н Гэмтэл согог судлалын үндэсний төвд нугас чөлөөлөх мэс засал хийлгэж, нуруундаа 4 860 000 төгрөгийн хиймэл суулгац суулгуулсан болох нь баримтуудаар нотлогдож байх ба нэхэмжлэгчээс Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст холбогдуулж “нурууны протезын үнэ 4 500 000 төгрөгийн хөнгөлөлтийг нөхөн олгох тухай захиргааны акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

            Нэхэмжлэгч “... Монгол Улсын Засгийн газрын тогтоолд нурууны жишиг үнэ гэж тогтоогоогүй орхигдсон учир ижил төсөөтэй хуулийг шүүх, тухайн шүүгч хэрэглэх боломжтой байсан” гэж давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тодорхойлжээ.

            Анхан шатны шүүх “Засгийн газрын 2012 оны “Протез, ортпедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг тогтоох тухай” 153 дугаар тогтоолд нурууны протезын жишиг үнийг тогтоогоогүй, мөн Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 1.5.1-д заасан хөнгөлөлт, тусламжид хамрагдах протезод хамаарахгүй учраас уг протезын үнийг нөхөн олгох талаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, энэ талаар иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,       3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох”-оор тус тус зааснаас үзвэл Ц.Н нь уг хуулийн дагуу тусламж, хөнгөлөлтийг Нийгмийн халамжийн сангаас авах эрх бүхий этгээд мөн бөгөөд мөн зүйлийн 5.4 дэх заалтаар Засгийн газар зөвхөн тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг батлахаар тогтоожээ.

Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор тогтоосон протез, ортпедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтаар хязгаарлагдахгүйгээр нэхэмжлэгч Ц.Н нь дотоодод хийлгэсэн протезын үнийг 100 хувь нөхөн авах эрхтэй болохыг дээрх хуульд заасан бөгөөд анхан шатны шүүх уг хуулийн үзэл баримтлалыг үл харгалзан, хуулийг явцуу утгаар тайлбарлан хэрэглэж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд хамрагдаагүй гэсэн үндэслэл зааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт эдлэх хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.М-д хаягласан хариуцагч Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 266 дугаар албан бичигт “... Протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын 153 дугаар тогтоолд нурууны протез гэж заагаагүйгээс халамжийн ХҮМ программд шипр нь суугаагүй, олгох боломжгүй байдал үүсээд байна. ... хуульд нэгэнт дотоодод хийлгэсэн протезын үнийг 100 хувь нөхөн олгоно гэж заасаар байхад журамд байхгүй гэх нь өөрөө хууль зөрчиж байна гэсэн нь ч үндэслэлтэй” гэж дурдсан, мөн Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/445 дугаар албан бичгээр хариу ирүүлэхдээ нурууны үений протезын хэрэгслийг тусгаагүй байгаа талаар судалж, нэмж оруулах талаар анхаарч ажиллахаа мэдэгдсэн зэргээс үзэхэд хариуцагч болон түүний дээд шатны байгууллага нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг үгүйсгээгүй, хариуцагчийг эрх хэмжээгүй гэж үзэхээргүй байна.  

Иймд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Засгийн газар тусламж хөнгөлөлтийн хэмжээг батлахаар заасан ч Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтад нурууны протезын жишиг үнийг тогтоогоогүй тул төсөөтэй зохицуулалт болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 168/457 дугаар тушаалын 16-д заасан нурууны хиймэл үе буюу протез хийлгэсэн тохиолдолд 4 500 000 төгрөгийг олгохоор заасан жишиг үнийг адилтган баримталж, нэхэмжлэгч Ц.Н-н хуулиар олгогдсон эрхийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нурууны протезын үнэ 4 500 000 төгрөгийн хөнгөлөлтийг нөхөн олгохыг Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

                                  

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ