Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

    2022       03             22                                     2022/ШЦТ/204

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч С.У, М.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.У , М.М нарт холбогдох эрүүгийн 2110014830178 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

  1. Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг, Борнуур суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 91-08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.У  /РД:........./.
  2. Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Супер ган хаалга” ХХК-д хаалга доторлогч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 01 дүгээр хороо, Толгойт 99-15а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.М /РД:.............

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч М.М, С.Унар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн эцсийн хойд талын Туул голын эрэг дээр амарч байсан хохирогч Ч.Анударийн цүнхтэй эд зүйлс болон бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 498.400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч С.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Шүүгдэгч М.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  3. Хохирогч Ч.Анударийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёр майханд хоносон бөгөөд тухайн үед архи дарс уугаагүй эрүүл байсан. Би унтахдаа утас, цүнх хоёроо майхны хаалганы хажууд тавьсан байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 7 дугаар сарын 20-ны өглөө 06 цагт сэрээд утасныхаа сэрүүлгийг харах гэтэл утас цүнх хоёр байхгүй байсан. Тэгсэн майхны хажууд 2 архи уучихсан байртай залуучууд миний утсыг барьчихсан гүйж байхаар нь араас нь гүйж очоод өөрийнхөө утсыг авсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)
  4. Гэрч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би найз охин Анугийн хамт Туул голын эрэг дээр майхан барьж хоносон бөгөөд маргааш өглөө нь буюу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өглөө Анугийн гар утас, гар цүнх нь байхгүй олдохгүй байсан. Гэтэл манай майхны хажуугаар 2 хүн яваад холдоогүй байсан болохоор би араас нь дуудаад очих гэтэл цааш гүйгээд явсан болохоор хойноос нь хөөгөөд айлын хашаа даваад орж байсан тул би тус хашаанд ороход өсвөр насны 2 хүүхэд нуугдаад сууж байсан. Би тус 2 хүүхдээс гар утас хаана байна гэж асуухад нэг залуу нь манай найз охин Анугийн саарал өнгийн айфон 6 загварын гар утас, бэлэн 200.000 төгрөг, гар цүнхийг тус тус гаргаж өгсөн ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
  5. “Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар 05-ны өдрийн №ХУ2-21-353 дугаартай: “...хулгайд алдсан эд зүйлсийг 298.400 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
  6. Шүүгдэгч М.М  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хэрэг болдог өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би найз Уламбаярын хамт Туул гол руу явж байхад майхан дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн унтаж байсан бөгөөд майхных нь гадна хаалга салхинд дэрвэх үед үүд хэсэгт нь эмэгтэй хүний цүнх, гар утас харагдсан тул би найз Уламбаяртай тохиролцон эхлээд би гар утсыг нь Уламбаяр эмэгтэй хүний цүнхийг нууцаар авсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал)
  7. Шүүгдэгч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр найз Мөнх-Эрдэнэтэй уулзаж загасны уурга аваад гол явж байхад голын эрэг дээр улбар шар өнгийн майхан байсан бөгөөд бид хоёр хажуугаар нь өнгөрөхөд салхинд тус майхны хаалга нь дэрвэж хагас онгойход үүд хэсэгт нь эмэгтэй хүний цүнх, гар утас харагдсан тул дөхөөд очиход дотор нь эмэгтэй эрэгтэй 2 хүн унтаж байхаар нь би найз Мөнх-Эрдэнэтэй ярилцан тохиролцож эхлээд Мөнх-Эрдэнэ гар утсыг нь эмэгтэй хүний гар цүнхийг нь тус тус нууцаар яваад Яармагийн шинэ эцсийн хажууханд явж байхад араас танихгүй эрэгтэй хүн бид 2 дээр ирээд та хоёр авсан юм аа буцаагаад өг гэж хэлэхээр нь эмэгтэй хүний гар цүнх болон гар утсыг нь өгсөн. Гэтэл удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дахь тал).

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40, 45 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41, 49 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М, С.Унар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн эцсийн хойд талын Туул голын эрэг дээрээс хохирогч Ч.Анударийн цүнхтэй эд зүйлс буюу гар утас, үнэртэй ус, нүдний шил болон бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 498.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс түүний эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээнээс дээш хохирлыг хохирогчид учруулсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.М, С.Унар нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг гэдгийг мэдсээр байж хохирогч Ч.Анударийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох цүнхтэй эд зүйлсийг түүний зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч,хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцохоос гадна шүүгдэгч нар нь хохирогчийн эд зүйлсийг авахаар урьдчилан үгсэн тохиролцсон байх тул дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч М.М, С.Унарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Анударьд 498.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...цүнх, 200.000 төгрөг, утас гэх мэт зүйлсээ бүрэн бүтэн авсан тул ямарваа нэгэн гомдол санал байхгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 71 дэх тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.У, М.М  нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдал шүүгдэгч С.У /...18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг.../, шүүгдэгч М.М  /...19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Супер ган хаалга” ХХК-д хаалга доторлогч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг/ зэргийг тус тус харгалзан С.У , М.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар үйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

              Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

              Шүүгдэгч С.У, М.М  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С.У , М.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан С.У , М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У, М.М  нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тус бүр 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Шүүгдэгч С.У, М.М  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар С.У, М.М  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдгээрт сануулсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 
  8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.У, М.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР