Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0222/Э |
Дугаар | 2022/ШЦТ/221 |
Огноо | 2022-03-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., 13.10.1., 13.11.1., |
Улсын яллагч | Г.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/221
2022 03 28 2022/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Г.Мижиддорж,
хохирогч Ц.б , түүний өмгөөлөгч Л.Чинбат,
шүүгдэгч М.В , түүний өмгөөлөгч Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.В д холбогдох эрүүгийн 2210001560122 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.В /РД:...................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.В нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Рүл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн оффис дотор хохирогч Ц.Б өөрийн эхнэр Э.Гантуяатай хардан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн хохирогчийн хувийн гар утсанд хадгалагдаж буй иргэн Э.Гантуяатай харилцсан мессеж, захидал харилцааны нууцад хүчээр халдаж, улмаар тус утсанд хадгалагдаж байсан дээрх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүкийн Архангай аймгийн нэгдсэн группт өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр байршуулах замаар бичиглэл, бичлэг хийн задруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“Ц.Б биед дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал)
7. Гэрч Э.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед нь л мэдсэн. Яаж мэдсэн гэхээр тэр өглөө манай гэрээс М.В гараад явсан бөгөөд манайхаас гараад аавындаа очсон юм билээ. ...хэдийд нь гэдгийг мэдэхгүй манай гэрт байхдаа миний утсыг үзчихсэн байсан байгаа юм. Тэгж байхдаа Ц.Б бид 2-ын чаталж байсан чат зэргийг үзсэн байсан. Тэрийгээ надад хэлэхгүй байж байгаад тэр өдөр Болд-Эрдэнийг ажил дээр нь дуудаж ирүүлээд зодсон байсан. Энэ тухай би өөрийнх нь Архангайн группт оруулсан постноос нь харж мэдсэн. Тэр пост нь Ц.Б бид 2-ыг явалдсан гэж бичсэн пост байсан юм. Энэ тухай Ц.Б бол надад хэлээгүй. Би ч ярихаасаа ичээд өнөөдрийг болтол тэр хүнтэй яриагүй. ...2020 оны 01 дүгээр сарын сүүлээс чатаар харилцаж биенийгээ мэдэх болсон. Маш олон жил бид холбоогүй байсан. Ерөнхийдөө 10 жилд байхдаа л биенийгээ мэддэг байсан. Хүүхдийн үерхлээр нэг зуны 1-2 сар үерхэж байсан. Тэгж байгаад энэ удаа ганц нэг уулзаж хамт сууж юм ярьсан. Тэгсээр сүүлдээ найз болохоор хааяа ярьж чаталдаг байсан. Тэр явцдаа 2-3 удаа л уулзаж бэлгийн харилцаанд орсон. Би М.В гаас салаад тусдаа амьдардаг болсноос хойш тэр хүнтэй холбогддог болсон. Тэгэхдээ би түүнд нөхөр хүүхэдтэй байж байгаад таарч тохирохгүй салчихсан гэдгээ хэлсэн юм. Тэгэхээр тэр хүн намайг нөхрөөсөө салчихсан л гэж бодож байсан байх. Гэхдээ бидний дунд хайр сэтгэлийн холбоо бол байхгүй. Хэн хэнийгээ ойлгож ярилцдаг тийм л найзууд байсан. Тэрийг бол М.В ойлгохгүй юм байна лээ. ...М.В маш их эрх, ааштай маш дураараа. М.В бол ээжийнхээ үгнээс гардаггүй ээжийн л хүүхэд юм. 2 ихэр дүүтэй. Бид 3 түрээсийн байранд амьдарч байсан. Өөрт нь таалагдахгүй бол шууд л уурлана, зоддог. Охиндоо бол зодож цохихгүй ч гэсэн ширүүн дориун харьцаатай. Тэдний гэр бүл ч гэсэн хоорондоо ээж аав нь эв найрамдал муутай. Эрүүл согтуугийн алинд ч хамаагүй л намайг зодож байсан. Би тэвчээртэй хүлээж уучилдаг байсан. Одоо бол хамт байхаас үнэхээр айж байна. Ийм том асуудал болж байж л салах байсан юм байлгүй дээ. Одоо энэ хүнтэй амьдрах битгий хэл хамт байх ч хүсэл алга болсон байна. Олон жилийн туршид намайг зовоож айлгаж дарамталж амьдарсан даа. Өөрөө гэр бүлээс гадуурх харилцаатай байх явдал тэр хүнд маш олон байсан. Би мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг байсан. Хэлэхээр бас л би зодуулаад өнгөрдөг байсан. Бүх зүйлийг яг өөр шигээ л бодож намайг буруутгадаг. Тэгтэл би хэзээ ч тэр хүн шиг замбараагүй амьдарч байсангүй. Бүх л зүйлийг амьдралаа тэр хүнд л зориулсан. Тэр хүн өөрөө л намайг ийм болгосон. Би маш их гомдож байгаа. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)
8. Гэрч Р.Сэмжидийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Мөнхбаяр бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй бөгөөд нэг охин 2 хүүтэй. М.В бол миний том хүү юмаа. 2014 онд Гантуяа гэх охинтой гэр бүл болоод хойш хоорондоо таарч тохирохгүй хэрүүл маргаантай байх болсон нь бидэнд мэдэгдээд байсан. Бид 2 аль болох гэр бүлийн асуудалд нь оролцохгүй гэж хичээдэг байсан. 2021 оны 12 дугаар сарын 28-ны орой хүү М.В залгаад Гантуяа өөр залуутай буудалд орох гэж байхад нь би буудлын гадаа бариад авсан чинь цагдаад намайг бариад өгчихлөө, одоо БГД-ийн цагдаагийн 1 дээр байна хүрээд ирээч гэсэн. Нөхөр бид 2 батлан даалтаар гаргаж авсан. Тэгж хоноод нөгөөдөр нь М.В гэрээсээ Гантуяагийн явалдаад байгаа залууг би олсон очиж уулзана, ална гээд байхаар нь аав бид 2 нь аргадаж зэмлэж үзээд сүүлдээ очно гээд дийлдэхгүй байхаар нь аав нь дагаад хамт явъя гээд өглөө гарсан. Тэгснээ үдээс хойш тэр залуутай уулзахаар боллоо гэж гэртээ ирж цайгаа уучихаад явсан. Тэгээд орой ирэхдээ уулзсан талаараа яриад ирсэн. Надад тэр залууг 2 цохьсон, галаа өгчих гэхээр нь би өшиглөчихсөн гэж хэлсэн. Утсыг нь аваад би тэр 2-ын харилцсан чатыг утсан дээрээ хуулж авсан гэж бас хэлсэн. Гэртээ ирээд Гантуяатай уулзсан Ц.Б гэх залуутай уулзсан талаараа ярилцах гэсэн юм шиг байсан. Тэгтэл нөгөөх нь ойлголцоогүй гэсэн, тэгээд л олж ирсэн бичлэг болон зураг чатаа өөрийнхөө хувийн фэйсбүүктээ тавьчихсан байсан. М.В гийн сэтгэл зүй тухайн үед маш хүнд байсан болохоор бид тайван байлгах гэж их хичээсэн. Тэр асуудлаас хойш хүү маань манайд л байгаа. Одоо овоо гайгүй болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)
9. Шүүгдэгч М.В агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Гантуяа гэх эмэгтэйтэй 2015 онд гэр бүл болоод дундаасаа 7 настай охинтой болсон юм. ...2021 оны 01 дүгээр сараас эхлэн манай эхнэр гэртээ тогтвор муутай болоод ааш зан нь өөрчлөгдсөн. Тэгээд би түүнийг өөр хүнтэй болсон гэдгийг 6 сард мэдсэн ба тухайн үед өөрт нь хэлээд боль гэж сануулсан. ...2021 оны 6 дугаар сард манай эхнэр охиноо аваад саллаа гээд гэрээсээ явчихсан. Би араас нь байраа түрээслүүлчихээд түүний гэрт буюу СХД-ийн 41-р хороо, 17-52 тоотод очиж амьдарсан. ...Болд-Эрдэнэтэй уулзахаар ажил дээр нь объект заруулъя гэж дуудаж Морьтон цогцолборын РХХК-ийн оффист ирүүлсэн. ...тэр залуутай анх удаа уулзсан. Өөдөөс буруугаа хүлээхгүй танай эхнэрийг би яаж мэддэг юм энэ тэр гэхээр нь миний дургүй хүрээд 2 удаа нүүрэн тус газар нь гараараа цохьсон. Тэгээд эхнэрийнхээ зургийг өөрт нь үзүүлэхэд танина гэсэн. Би та 2 яагаад гэр бүл үймүүлээд яваад байгаа юм бэ гэтэл үгүй л гээд байсан. тэхээр нь утсыг нь аваад өөрөөр нь кодыг нь тайлуулж аваад тэр хоёрын чатыг үзсэн. Тэгээд чатыг гүйлгэж үзээд би утсан дээрээ заримыг нь хуулж авсан. Тэгэхэд Ц.Б манай эхнэртэй харилцаж байхдаа нөхөртэй гэдгийг нь мэдэж байсан байна лээ. Тэр битгий хэл манай эхнэр намайг араас зургийг маань аваад гарч чадахгүй байна гэж тэр залууд явуулж байсныг мэдсэн. ...бид бараг 1 цаг орчим хэрүүл маргаан болж тэдний оффист байж байгаад хамтдаа гадаа гарсан. Учир нь манай эхнэрийн ах Ганзориг бидний байдлыг мэдээд намайг тэр залууг дагуулаад Чулуун овоонд хүрээд ир гээд байхаар нь би дагуулж очих гээд гарсан. Тэгтэл гадаа үүдэнд цагдаа ирсэн байсан учир бид хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирж байцаалт өгөх явцад Ц.Б гаръя юм ярья гэхээр нь хамт гараад гадна намайг даапаалсан байдалтай надаас галаа өг гээд тамхи зуугаад зогсохоор нь хөлөөрөө нэг удаа төмсөг хэсэгт нь өшиглөчихсөн. Тэгтэл эвхрээд газар унасан. ...одоо сошиал дээр энэ бичлэг байхгүй. Би гомдсондоо тэр хүний тухай бичлэгийг хийсэн. ...хийсэн хэргээ би хүлээж хариуцлагаа хүлээнэ ээ ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал)
10. Цахим сүлжээнд тавьсан мэдээллийн хуулбарууд (хавтаст хэргийн 101, 105-112 дахь тал)
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 84-85 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.В нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Рүл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн оффис дотор хохирогч Ц.Б өөрийн эхнэр Э.Гантуяатай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ гэх шалтгааны улмаас гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
улмаар хохирогчийн гар утсанд хадгалагдаж буй мессеж буюу захидал харилцааны нууцад хүчээр халдаж, дээрх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд буюу Архангай аймгийн нэгдсэн групп гэх хуудсанд хохирогчийн зөвшөөрөлгүйгээр байршуулж хувь хүний нууцад халдаж задруулсан үйл баримт тогтоогдлоо.
Прокуророос дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Ц.Б “...Гантуяагийн зургийг харуулаад таних уу гэхээр нь танина гэтэл чи энэ хүнтэй уулзсан байна энэ тэр гээд ямар ч тайлбарлах боломж олгохгүйгээр ширээний цаанаас босч ирээд намайг зодож цохьсон. ...Тэгж байгаад тэр залуу толгойн зүүн хэсэгт хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохьсон. Би буйдан дээр аавтай нь зэрэгцээд сууж байхад хүү нь олон удаа цохьсон ...хамт цагдаагийн хэлтсийн гадна тамхи татаж байтал мөн л хэрүүл хийж намайг санамсаргүй зогсож байтал маш хүчтэй хөлөөрөө төмсөг хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал)
тухайн үйл баримтыг харсан гэрч Ч.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Б өөрийгөө өмөөрсөн өнгө аястай зүйл хэлж нөхөртэй гэж мэдээгүй гэсэн чинь хүү уурлаж ширээний цаанаас босч ирээд тэр залуугийн нүүрэн тус газар нь 1 цохиод авсан. ...Цагдаа дээр ирээд мэдүүлэг өгчихөөд би машинд сууж байсан. Тэр хооронд М.В бас тэр залууг өшиглөчихсөн гэж цагдаагаас сонссон. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал) зэргээс шүүгдэгч М.В нь хохирогч Ц.Болд-Эрдэний биед халдсан буюу гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хохирогчийн биед гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн цохих, өшиглөх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлүүд үүссэн, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1156 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан, шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйл баримтын талаар маргадаггүй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Уг гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулахыг хүсэж цохих, өшиглөх зэрэг идэвхитэй үйлдэл хийснээс үүдэн хохирогчид гэмтэл учирсан буюу цохих үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг хохирогчид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзнэ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, уг гэмт хэрэг нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг санаатайгаар хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан идэвхитэй үйлдэл хийсэн байх объектив болон субъектив шинжийг хангахыг шаарддаг ба хувь хүний нууцыг олж авсан, дамжуулснаар төгсдөг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хувь хүний нууцыг олж мэдсэн этгээд нь өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байх ба ийнхүү бусдад задруулсан үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүд юм.
Хувь хүний нууц гэдэгт Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар “Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдтэй.
Захидал харилцааны нууц гэдэгт захидал, цахилгаан илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг,
Хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан гэдэгт хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэрэг хууль бус аргаар болон хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж өөрийн эзэмшилд авсныг,
Бусдад дамжуулсан гэдэгт хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлснийг,
Хувь хүний нууцыг задруулсан гэдэгт амаар буюу бичгээр, яриа, захидал, тайлбар бичих, унших зэргээр будад дамжуулах, мэдээлэх үйлдлийн улмаас хуль хүний нууц ил болсныг тус тус ойлгоно.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч М.В д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй буюу хохирогчийн зөвшөөрлийн үндсэн дээр өөрөөр нь гар утасных нь кодыг тайлуулж цахим захидлуудыг авсан гэж шүүх хуралдаанд маргаж оролцдог.
Хэргийн үйл баримт болон шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэвэл хохирогч Ц.б болон Э.Гантуяа нарын хооронд харилцаж буй цахим зурвасууд нь хувь хүний захидал харилцааны нууцад хамаарах бөгөөд шүүгдэгч М.В гийн хувьд тэрээр уг цахим зурвасуудыг авахын тулд хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн, цохиж зодсон буюу хууль бус аргаар олж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б өгсөн “...кодоо сайн дураараа гаргаж өгсөн зүйл байхгүй. ...тухайн үед оффис дээр зодож байхад маш их дарамталж, сүрдүүлж, ингэж хэл, тэгж хэл гэж 2 утсаар бичлэг хийж байгаад зодсон. Маш их сүрдүүлж дарамталсан. ...Чамайг ална, тална гэж сүрдүүлж, дарамт учруулж байж миний гар утсыг авсан ...Утсаа нээ гэж хэлээд нээлгэсэн” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хуралдаанд шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн “...Хохирогчийг цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар тогтоогдож байна.
Шүүхээс хохирогчид хууль сануулж авсан дээрх мэдүүлгийг хэргийн бодит үйл баримтыг мэдүүлсэн үнэн зөв мэдүүлэг гэж дүгнэн тухайн үед хохирогч сайн дураараа утасныхаа кодыг тайлж өгөөгүй харин шүүгдэгчийн дарамт шахалт, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас дахин зодуулахгүйн тулд биеэ хамгаалах үүднээс утасныхаа кодыг тайлж өгсөн гэж шүүх үзэв.
Хэдийгээр шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогчийг зодоогүй, хүч хэрэглээгүй, сайн дураараа утасныхаа кодыг тайлж өгсөн гэх боловч шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн шүүгдэгчийн дээрх мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй буюу эх сурвалж тодорхойгүй байх тул шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлээгүй буюу шүүгдэгчийг хувь хүний захидал харилцааны нууц мэдээллийг хууль бусаар олж авсан гэж дүгнэлээ.
Улмаар шүүгдэгч нь дээрх захидал харилцааны нууц мэдээллийг олж авсныхаа дараа хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг өөрийн эхнэртэй нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэсэн утга бүхий тайлбар бичиж олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкт өөрийн цахим хаягаар бичлэг болон зурган хэлбэрээр нийтэлсэн болох нь хэрэгт авагдсан нийтлэлийн хуулбар (хавтаст хэргийн 105-109 дэх тал)-уудаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.В нь хохирогчийн утсан дээрх эхнэртэйгээ харьцсан зурвасуудыг, мөн хохирогчийн бичлэгийг сөрөг тайлбартайгаар олон нийтэд мэдээлэх нь хохирогчийн нэр хүндэд хохирол учруулна гэдгийг мэдэж байсан буюу түүний нэр төрд халдах зорилгоор олон нийтийн сүлжээнд түүний зөвшөөрөлгүй мэдээлсний улмаас хохирогч Ц.Б хувь хүний захидал харилцааны нууц ил болсон буюу цахим сүлжээ хэрэглэгчид уг нийтлэлийг цааш тараасан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч М.В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн тухайд, хэдийгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.В болон гэрч Э.Гантуяа нар нь гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй буюу гэр бүл болох нь тогтоогдож байгаа болов ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч Э.Гантуяагийн “...Би М.В тай 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд бид албан ёсны гэр бүл юм. 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойш бид таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сард манай эхнэр охиноо аваад саллаа гээд гэрээс явчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал) зэргээр хэрэг учрал үйлдэгдэх үед Э.Гантуяа нь шүүгдэгч М.В гаас тусдаа амьдарч байсан буюу гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй боловч түүнээс салж байгаа талаараа хэлэн тусдаа амьдарч байжээ.
Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сараас эхлэн шүүгдэгч болон түүний эхнэр нарын хооронд хамтын амьдрал байгаагүй гэж шүүх үзлээ.
Улмаар Э.Гантуяа нь хохирогч Ц.б д нөхөр болох М.В гаас салсан талаараа хэлсэн байх ба шүүгдэгч болон Э.Гантуяа нарын хамтын амьдралгүй байх хугацаанд хохирогч Ц.б , Э.Гантуяа нар нь дотно харилцаа үүсгэсэн байна.
Шүүгдэгчийн хувьд тэрээр эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул хохирогч Ц.б , Э.Гантуяа нарын дотно харилцааг гэр бүлээс гадуурх харилцаа гэж үзсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж улмаар хувийн нууцтай холбоотой мэдээллийг цахим сүлжээгээр тараажээ.
Гэр бүлийн гишүүдийн харилцаа болон хүмүүс хоорондын харилцааг нэг бүрчлэн хуулиар нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд заншлын хэм хэмжээгээр зохицуулагдах асуудлыг шүүх тайлбарлаж үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй хэдий ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийг шүүгдэгчийн эхнэртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учраас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэдэг.
Гэтэл тухайн хэрэг учрал үйлдэгдэх үед хохирогч Ц.б нь Э.Гантуяаг нөхрөөсөө салсан буюу хамтын амьдрал дуусгавар болсон гэж итгэсэн учраас түүнтэй дотно харилцаа үүсгэсэн талаараа мэдүүлдэг тул хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нь учир дутагдалтай буюу хууль зүйн үндэслэлгүйг тайлбарлах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хавтаст хэрэгт 12 ширхэг эмчилгээ болон шатахууны төлбөртэй холбоотой 5.638.140 төгрөгийн баримт гаргаж өгчээ.
Шүүх хуралдаанд хохирогч “...би 3.816.700 төгрөгөөр багц шинжилгээнд хамрагдсан. Хүнд зодуулсан тул дараа нь үүсэх эрсдэлийг хэлж мэдэхгүй тул урьдчилан сэргийлэх зорилгоор бүтэн биеийн багц шинжилгээнд хамрагдсан” гэж тайлбарладаг ба шүүх урьдчилан сэргийлэх зорилгоор багц шинжилгээнд хамрагдсан 3.816.700 төгрөгийн баримтыг үнэлээгүй болно.
Учир нь дээрх багц шинжилгээг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 хоногийн дараа хийлгэсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан шууд үр дагавар биш харин хожим хохирогчийн эрүүл мэндэд учирч болох хор уршигтай холбоотойгоор уг шинжилгээг хийлгэсэн байх тул гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол хор уршигт тооцоогүй болно. Иймд хохирогчийн нийт нэхэмжилсэн 5.638.140 төгрөгөөс 3.816.700 төгрөгийг хасаж тооцон 1.821.440 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар завсарлага авсан бөгөөд шүүхээс тогтоосон 1.821.440 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Харин хохирогч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэлийн баримт гаргаж өгөөгүй тул түүний нэр төр, алдар хүндтэй холбоотой гэм хорын хохирол болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний болон бусад зардлуудыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.В нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл буюу гэр бүлийн харилцаанаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан М.В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.В цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Мөн шүүгдэгч М.В гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан,
13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР