Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          28                                       2022/ШЦТ/221

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Г.Мижиддорж,

хохирогч Ц.б , түүний өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч М.В , түүний өмгөөлөгч Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.В д холбогдох эрүүгийн 2210001560122 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.В  /РД:...................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.В  нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Рүл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн оффис дотор хохирогч Ц.Б өөрийн эхнэр Э.Гантуяатай хардан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогчийн хувийн гар утсанд хадгалагдаж буй иргэн Э.Гантуяатай харилцсан мессеж, захидал харилцааны нууцад хүчээр халдаж, улмаар тус утсанд хадгалагдаж байсан дээрх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүкийн Архангай аймгийн нэгдсэн группт өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр байршуулах замаар бичиглэл, бичлэг хийн задруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч М.В гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг Мөнхбаярын М.В  гэдэг. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. Эхнэртэйгээ суугаад 10 жил болж байна. 8 настай охинтой, энэ хугацаанд бид 2019 оноос эхэлж миний бартераар авсан байранд хамт амьдарч эхэлсэн. 2021 оны 6 сар хүртэл эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарсан. 2021 оны 1 сараас эхлэн бидний гэр бүлийн харилцаанд илт өөрчлөлт орж, манай эхнэр надтай байнга хэрүүл өдөж, орж гардаг болж эхэлсэн. Тухайн үед юу болоод байгаа гадарлаж байсан. 2021 оны 6 дугаар сарын 09-нд манай эхнэр намайг ажилдаа яваад ирэхэд гэрээс бүх юмаа аваад явсан байсан. Гэр бүлээ авч үлдэх, хүүхдээ өнчрүүлэхгүй байя гэж бодсон. Би эхнэртээ хайртай, хүүхдээ өнчрүүлэхгүй гэдэг үүднээс амьдарч байсан байраа түрээслүүлчхээд Гантуяагийн аав, ээжийн гэр рүү араас нь нүүж очсон. Гэр бүлээ аварч үлдэх чин хүсэл байсан тул эхнэр хүүхдийнхээ араас нь очсон. Нөгөө талаас нь салахгүй, дагасан, нойтон хамуу шиг ярьж байсан. Миний зорилго гэр бүлээ авч үлдэх зорилготой байсан. 12 дугаар сарын 29-нд манай эхнэр аавындаа очоод хоночих гэж хэлсэн. Аавынд байж байгаад манай эхнэр намайг яагаад аавындаа очоод хоночих гэж байгаа юм бол гэж бодоод буцаж очсон. Гэтэл манай эхнэр машинаа асаагаад гараад явахад нь араас нь дагасан. 3, 4 дүгээр хорооллын Скай гэх буудлын гадна очоод машиныхаа хучлагыг гаргаж ирж хучаад тортой юм бариад буудал руу орсон. Тэр буудалд Ц.Б гэх залуу байсан юм байна лээ. Тэнд ямар хүн байгааг мэдэж байсан ч гэсэн тэр өдөр орж хэрүүл хийгээгүй. Эхнэртэйгээ маргалдаж байх үед хүмүүс цагдаа дуудаж би баривчлагдаж Зөрчлийн хэргээр 7 хоног баривчлагдсан. 12 сарын 30-нд би энэ залуутай уулзах гэж ажил дээр нь очихоос өмнө объект заруулах гэсэн юм гэж дуудсан. Яагаад гэвэл энэ хүнтэй яах гэж уулзах гэж байгаагаа хэлэх юм бол надтай уулзахгүй зугтаах, энэ асуудлыг шийдэхгүй хэмжээн хүрэх байх гэж бодсон тул объект заруулна гэж дуудсан. 12 сарын 29-нд тийм явдал болсон тул 30-ны өдөр намайг манай аав гэрээс гарахгүй байсан. Гарна гэж зүтгээд байсан болохоор манай аав яалт ч үгүй намайг дагаад явсан. Намайг хэрэг төвөгт орчих вий, хүн зодох вий гэдэг үүднээс намайг дагаж явсан. Энэ залуутай уулзаад эхнэрийнхээ зургийг харуулахад эхлээд танихгүй гээд байсан. Тэр явцдаа энэ залууг цохиход танина, уулздаг гэж хэлсэн. Гэр бүлийн асуудлаар хэрэлдэж байгааг оффисын хүмүүс нь харсан байх, гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Болд-Эрдэнийн өөртөө итгэлтэй байгаа юм бол чатыг харъя гэж хэлэхэд надад утасны кодоо тайлж, Fasebook-ийн кодоо тайлж өгсөн. Миний бодсоноос бэлгийн харилцаа нь гүн гүнзгий байсанд нь миний уур хүрч, бачимдсан. Тэр үед юу болж байгааг ойлгох боломж өгөхгүй болтол шийдвэр гаргах чадваргүй болтол чатыг нь харж шоконд орсон. Миний зургийг энэ залуу руу явуулж энэний хаагуур нь гарах юм бэ гэж бичсэнийг хараад үнэхээр их шоконд орсон. Хохирогчийг цохисноо хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 3 сарын 08 буюу мартын 8-ны баяраар баяр тэмдэглэж ээн залуутай гадуур хоносон байсан. 3 дугаар сарын 12-нд нэг хаалга, нэг шинжилгээгээр хүүхэдтэйгээ ковид 19 өвчин туссан гэдгээ мэдсэн. 6 сард явсан байсан эхнэртэйгээ бэлгийн харилцаанд ороогүй байхад манай эхнэр үр хөндөлт хийлгэсэн байсан. Сая намар бэлгийн замын халдварт өвчин авсан. Ийм ийм шалтгаанууд хохирогчийг цохих шалтгаан болсон. Миний эхнэртэй чаталж байсан чатнаас энэ бүгдийг мэдсэн. Хохирогчийг тйим итгэлтэй байгаа юм бол манай эхнэртэй харьцдаггүй гэдгээ үзүүл гэхэд энэ залуу өөрөө утасны кодыг, fac ebook-ийн кодыг тайлж өгөхөд нь үзсэн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх заруулъя гэх дуудлагын дагуу оффис дээрээ ирж тавагтай идээ, кофегоор зодуулсан. 2021 оны 3 сараас Гантуяатай мессеж бичсэн. Тухайн үед нөхөртэй гэдгийг нь мэдээгүй, надад тэр талаар хэлээгүй. Бүх чатан дээрээ нөхөртэй гэж дурдаж байгаагүй, энэ талаар нотлох баримт байгаа. 30-ны өдөр ирж зодсон. 2-3 удаа цохисон гэж байна. Үндсэндээ нүүр ам руу өшиглөсөн, татаж чангааж зөндөө олон цохисон. Тухайн үед шоконд орсон. Гэнэт гэрээ хийнэ гэж бодоод ирсэн чинь хурлын өрөөнд 2 хүнд зодуулсан. Шоконд орж нүүр ам руугаа өшиглүүлсэн. Дахин зодуулахгүйн тулд утсаа өгсөн. Сошиалаар тавьсан фостонд маш их гомдолтой байна. Манай ажил албан тушаал, аймгийн засаг дарга байсан гэж миний эцгийн нэрийг, Америкийн франчайз гэх 1200 агент ажиллуулдаг бизнесийн facebook-ийг таглаж, ремаксын группээр, Архангай аймгийн групп болон маш олон группээр цацаж, цацсан видео бичлэг, зураг хөрөгт нь 1800 лайк, шэйр авсан. Үүнээс хойш сэтгэл санааны маш их дарамттай, маш олон хүн залгасан. Манай аав 2020 оны 6 дугаар сарын 19-нд тал харвасан, хэвтэрт байдаг хүн, одоо болтол би аавыгаа асардаг. Би аав, ээжтэйгээ хамт амьдардаг, ганц бие хүн. Тэр хүн рүү маш олон дуудлага ирсэн, маш олон хүн дайрсан, манай оффисын нэр хүнд, миний нэр хүндэд халдсан. Би доороо 14-15 хүн ажиллуулдаг. Тодорхой хэмжээнд тусалж дэмждэг. Түүнтэй холбоотойгоор оффисын үйл ажиллагаа маш их тасалдаж, нэр хүнд унаснаас болж маш их алдагдалд орсон. Нэр хүндэд халдсанд эмзэглэж байна. Нөхөртэй гэж надад хэлээгүй, 3 сарын 08-нд тэр хүнтэй уулзаагүй, хоноогүй, 2022 онд нэг ч удаа уулзаагүй, царайг нь хараагүй, хамт кино үзсэн гэж байцаагчид баримтгүй зүйл хэлсэн байна.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  3. Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр над руу үл таних эрэгтэй хүн залгаад найзаас чинь дугаарыг чинь авлаа танхайхаар 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө заруулах гэсэн юм гээд утсаар ярьсан. Би гадуур ажилтай явсан тул завгүй байна гэтэл маргааш гадаад явах гээд байна яаралтай уулзах хэрэгтэй байна гээд байсан учир цаг тохироод өдрийн 15-16 цагийн хооронд манай офисс дээр уулзахаар болсон. Намайг лифтэнд суугаад 7 давхарт гартал хажууд мөн 2 хүн суусан бөгөөд тэр хүмүүс буухын алдад надаас “чи Ц.Б үү” гэсэн. Намайг тиймээ гэхэд түрүүний ярьсан хүн байнаа гээд бид хамтдаа оффис орсон. Би тэр 2-ыг ширээнд суулгаад ажлынхаа хүмүүст цай хийж өгөөрэй гэчихээд би өөрөө ажилтныхаа бэлдсэн гэрээг аваад ширээний ард суусан ба нөгөө 2 хүний залуу нь миний өөдөөс хараад суусан. Харин аав нь гэх настай хүн болохоор миний хажууд хаалга хаасан байрлалтай суусан. Би ямар объект байна гэрээгээ хийх үү гэтэл өөдөөс тэр залуу над руу утаснаасаа миний танил эмэгтэй болох Гантуяагийн зургийг харуулаад таних уу гэхээр нь танина гэтэл чи энэ хүнтэй уулзсан байна энэ тэр гээд ямар ч тайлбарлах боломж олгохгүйгээр ширээний цаанаас босч ирээд намайг зодож цохьсон. Энэ үед аав нь миний гар хөлийг барьж байгаад хүүгээ цохиулсан. Тэгж байгаад тэр залуу толгойн зүүн хэсэгт хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохьсон. Би буйдан дээр аавтай нь зэрэгцээд сууж байхад хүү нь олон удаа цохьсон бөгөөд намайг өөрийгөө хамгаалаад толгойгоо дараад хөлөө өргөхөд аав нь миний төмсөг рүү гараараа 2 удаа хүчтэй цохьсон. Энэ үеэр цай оруулж ирсэн манай оффис админ Золзаяа орж ирсэн бөгөөд намайг хачин царайтай сууж байгааг анзаараад гадаа гараад цагдаа дуудаж хоолонд орохоор явсан ажилтнуудаас Болдбаатар гэх залууг дуудсан байсан. Тэр хооронд би учрыг нь олохгүй шоконд ороод нүүрээ дараад сууж байтал бас нүүр лүү М.В  гэх залуу өшиглөсөн. Тэгснээ гар утсаа гаргаж өг гээд авснаа надаас кодыг нь асууж  нээгээд Гантуяа бид нарын чатыг гаргаад байж байтал манай ажилтан Болдбаатар ороод ирсэн. Тэр намайг харчихаад цагдаа хурдан дууд гэсэн байх гарчихаад орж ирсэн. Тэгээд чатыг нээгээд чи манай эхнэртэй уулзсан байна, би чиний гэрт очно, чулуун овоо руу дагуулж явна, тэнд чамайг ална гэсэн хүн байгаа, чи энэ хүнийг нөхөртэй гэж мэдсээр байж уулзсан байна. Чиний амьдралыг там болгоно сошиалаар од болгоно гэх мэтээр хэлж тэрхүү яриагаа тэр аав хүү хоёр утсаараа бичлэг хийж байсан. 1 цаг орчим иймд байдал үргэлжилсэн бөгөөд Болдбаатар учрыг нь олох гээд чадаагүй. Тэгж байтал бидний чимээ шуугианаар доор суудаг харуул гарч ирээд биднийг гар гэсэн учир гадна гарч үүдний шатаар буугаад доорхи зогсоол дээр очтол цагдаа ирсэн. Тэндээсээ бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаа дээр ирээд би өргөдөл гаргаж мэдүүлгээ өгчихөөд доор сууж байтал нөгөө М.В  гэх залуу гарч ирээд хамт тамхилах уу гэхээр нь хамт цагдаагийн хэлтсийн гадна тамхи татаж байтал мөн л хэрүүл хийж намайг санамсаргүй зогсож байтал маш хүчтэй хөлөөрөө төмсөг хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөсөн. Би маш их өвдөлт мэдэрсэн тул газар эвхрээд унаан. М.В  тахиа татаад босооч пизда минь, гомдлоо тат гээд хараад зогсоод байсан. Арай гайгүй болохоор нь орж ирээд Болдбаатарын мэдүүлэг өгч дуусахыг хүлээсэн. Тэр хооронд миний бичлэгийг хийж түүн дээрээ өөрөө нөхөртэй гэдгийг нь мэдэж байсан байна шүү дээ гэх зэргээр тайлбарлаад өөрөө яриад бичээд байсан. Намайг хүчээр би энэ эмэгтэйг нөхөртэй гэдгийг мэдэж байсан гэж хэл гээд шахаад байсан. Тэрийгээ сошиалд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25, 27-29 дэх тал)
  4. Гэрч Г.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдөр ажил дээрээ 13 цагийн үед ирсэн ба ирэхэд оффист хүн байгаагүй. Ирээд 1 цаг орчим болж байтал манай салбарын захирал Ц.Б 14 цаг өнгөрч байхад над руу залгаад 2 гэрээ бэлдэж байгаарай гэж мессеж бичсэн. Өөрөө 15 цаг өнгөрч байхад гаднаас үл таних 2 хүний хамтаар орж ирсэн. Орж ирээд тэр 3 цаад хурлын өрөө рүү орсон. Тэнд тэр 3 юм яриад байх шиг байсан. Би цай аваад орох гэж явтал “ёо ёооё” гэх чимээ 2-3 удаа гарсан. Би орж 2 аягтай усаа тавьчихаад хартал Ц.Б нөгөө 2 хүнтэй ширээний 2 талд өөд өөдөөсөө хараад суучихсан нүрээ дарчихсан хальт харахад нүүр нь улайж хавдсан юм шиг харагдсан. Хамт байсан 2 хүнийх нь залуу нь хараагаад чамайг ална аа, од болгоно гэх зэргээр чанга дуугарч ярьж байсан. Намайг байхад бол цохиж зодоогүй. Би тэгэхээр нь гялс гараад хамт ажилладаг Болдбаатар, Ням-Адъяа, Буяннэмэх гурвыг 3 давхарт хоол идэж байна гэхээр нь гүйж очоод Болдбаатарыг сэмхэн дуудаад болсон үйл явдлыг хэлсэн. Тэгээд бид 2 өрөөндөө орж ирээд би үүдэнд үлдээд Болдбаатар дотогш орсон. Би тэр даруй цагдаа дуудсан. Бараг 1 цаг орчим тэр өрөөнд хэрэлдэж муудалцаад байх шиг чимээ гарсаар байсан. Тэгж байтал доор үлдсэн 2 ажилтан дээш гарч ирээд цагдаа ирэхгүй байгаа бол гээд хамгаалалтын ажилтан тэр давхарт явж байхаар нь дуудаж ирүүлсэн. Хамгаалалтын ажилтан орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд нөгөө 4 өрөөнөөс гараад доошоо буусан. Бид цонхоор доош хараад байж байтал тэр хэдийг гарахтай зэрэгцээд цагдаагийн машин ирж харагдсан. Тэгээд машинд суулгаад аваад явахыг би цонхоор л харсан. Ямар ч байсан хараагдаад л чамайг од болгоноо гэж байсан. яг юунаас болж маргалдаад байгааг нарийн мэдээгүй. ...Залуу нь чанга чанга дуугарч Болд-Эрдэнийг сүрдүүлж орилж байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал)
  5. Гэрч Ч.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 3 хүүхэдтэй бөгөөд миний хүү М.В  том нь юм. М.В  2014 онд Гантуяа гэх эмэгтэйтэй танилцан улмаар гэр бүл болж дундаасаа 7 настай охинтой 7 жил хамт амьдарч байгаа албан ёсны гэр бүл юм. Гэтэл жил гаруйн өмнөөс эхнэр Гантуяа нь гэртээ тогтохгүй байгаад байгаа бололтой л байдаг ч эхнэр бид 2-ын зүгээс мэдээгүй юм шиг л байдаг байсан. Гэтэл өнгөрсөн 12 сараас хүү маань манай эхнэр өөр хүнтэй болчихжээ, тэр хүнийг нь олж уулзана аа гэж надад хэлсэн. Тэгээд ааш зан нь хувирч тогтворгүй болсон. Тэгэхээр нь би хүүгээ тайвшруулах гэж хичээн хөдөө хүртэл 10 хоног авч явсан. Хүүдээ таарч тохирохгүй бол сал гэж зөвлөсөн. Тэгтэл хүү маань хадмындаа эхнэрээ дагаж очоод гэртээ хааяа ирэн очин байсаар байсан. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манайхаас эхнэр Гантуяагийн явалдаад байгаа залууг олж уулзана гээд гарах гэхээр нь би хориглоод явуулахгүй байсан. Тэгтэл заавал явна гээд байхаар нь би дагаад хамт гарсан. Хүү тэр хүнийх нь утасны дугаарыг олчихсон байсан. Тэгээд Ц.Б гэх залуугийн ажил дээр нь буюу Морьтон цогцолборын 7 давхарт гараад иртэл Ц.Б байхгүй байсан. Тэгэхээр нь байр заруулах гэсэн юм уулзах хэрэгтэй байна гэж хүү тэр залуу руу утсаар яриад хүрээд ирэхээр нь бид 2 лифтэнд тааралдан хамт өрөөнд нь орсон. Өрөөнд нь ороод бид ширээний 2 талд суусан. М.В  эхнэрийнхээ зургийг тэр залууд үзүүлээд таних уу гэтэл “ танина “ гэсэн. Тэгтэл хүү та нар намайг их доромжиллоо яаж ингэж чадаж байна аа, манай эхнэр миний гэртээ сууж байгаа зургийг чамд явуулаад би гарч чадахгүй байна гэж байхад чи нөхөртэй гэдгийг мэдсээр байж уулзаад байхдаа яадаг юм гэхэд Ц.Б өөрийгөө өмөөрсөн өнгө аястай зүйл хэлж нөхөртэй гэж мэдээгүй гэсэн чинь хүү уурлаж ширээний цаанаас босч ирээд тэр залуугийн нүүрэн тус газар нь 1 цохиод авсан. Би дахиж цохиулахгүй гэж хориглон аль болох хааж зогссон. Би хүүгээ хэрэг төвөгт орчихвий гэж дагаж явсан. Тэнд ороод миний хүү тэр залууд хандаж яагаад чиний амьдралд орж байгаа юм бэ, эхнэрийг маань нөхөртэй гэж мэдсэн биз дээ гэх мэтээр ярьж утсан дээрх бичлэгт, тэр залуугийн устан дээрх манай бэртэй чаталсан чат зэргийг үзээд маргалдаад бараг 30-40 орчим минут болсон. Тэгж байгаад би хүүгээ явъя гээд дагуулаад гарах гэтэл хүү байж бай одоохон гэсээр удсан. Тэгж байгаад гартал үүдэнд харуул хамгаалалтын ажилтан орж ирсэн бөгөөд бид лифтэнд суугаад Болд-Эрдэнийг дагуулаад өөрийнх нь аав ээж дээр чинь очиж уулзъя гээд гарсан. Тэгтэл гадаа үүдэнд цагдаа ирээд би нарыг аваад явсан. Цагдаа дээр ирээд мэдүүлэг өгчихөөд би машинд сууж байсан. Тэр хооронд М.В  бас тэр залууг өшиглөчихсөн гэж цагдаагаас сонссон. Нүдээрээ хараагүй ээ. Би тэр залууг огт зодож цохиогүй ээ. Харин ч хүүгээ тэр залууг зодож цохиод гэмтээчихвий гэж л дагаж явсан юм шүү дээ. Харин нэг удаа Болд-Эрдэнийг элгээ тэвэрчихсэн сууж байхад нь чи яахаараа хүний гэр бүл үймүүлж байдаг новш вэ гээд гараараа нэг удаа цохьсон. Тэрнээс өөрөөр огт хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал)
  6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1156 дугаартай:

“Ц.Б биед дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал)

7. Гэрч Э.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед нь л мэдсэн. Яаж мэдсэн гэхээр тэр өглөө манай гэрээс М.В  гараад явсан бөгөөд манайхаас гараад аавындаа очсон юм билээ. ...хэдийд нь гэдгийг мэдэхгүй манай гэрт байхдаа миний утсыг үзчихсэн  байсан байгаа юм. Тэгж байхдаа Ц.Б бид 2-ын чаталж байсан чат зэргийг үзсэн байсан. Тэрийгээ надад хэлэхгүй байж байгаад тэр өдөр Болд-Эрдэнийг ажил дээр нь дуудаж ирүүлээд зодсон байсан. Энэ тухай би өөрийнх нь Архангайн группт оруулсан постноос нь харж мэдсэн. Тэр пост нь Ц.Б бид 2-ыг явалдсан гэж бичсэн пост байсан юм. Энэ тухай Ц.Б бол надад хэлээгүй. Би ч ярихаасаа ичээд өнөөдрийг болтол тэр хүнтэй яриагүй. ...2020 оны 01 дүгээр сарын сүүлээс чатаар харилцаж биенийгээ мэдэх болсон. Маш олон жил бид холбоогүй байсан. Ерөнхийдөө 10 жилд байхдаа л биенийгээ мэддэг байсан. Хүүхдийн үерхлээр нэг зуны 1-2 сар үерхэж байсан. Тэгж байгаад энэ удаа ганц нэг уулзаж хамт сууж юм ярьсан. Тэгсээр сүүлдээ найз болохоор хааяа ярьж чаталдаг байсан. Тэр явцдаа 2-3 удаа л уулзаж бэлгийн харилцаанд орсон. Би М.В гаас салаад тусдаа амьдардаг болсноос хойш тэр хүнтэй холбогддог болсон. Тэгэхдээ би түүнд нөхөр хүүхэдтэй байж байгаад таарч тохирохгүй салчихсан гэдгээ хэлсэн юм. Тэгэхээр тэр хүн намайг нөхрөөсөө салчихсан л гэж бодож байсан байх. Гэхдээ бидний дунд хайр сэтгэлийн холбоо бол байхгүй. Хэн хэнийгээ ойлгож ярилцдаг тийм л найзууд байсан. Тэрийг бол М.В  ойлгохгүй юм байна лээ. ...М.В  маш их эрх, ааштай маш дураараа. М.В  бол ээжийнхээ үгнээс гардаггүй ээжийн л хүүхэд юм. 2 ихэр дүүтэй. Бид 3 түрээсийн байранд амьдарч байсан. Өөрт нь таалагдахгүй бол шууд л уурлана, зоддог. Охиндоо бол зодож цохихгүй ч гэсэн ширүүн дориун харьцаатай. Тэдний гэр бүл ч гэсэн хоорондоо ээж аав нь эв найрамдал муутай. Эрүүл согтуугийн алинд ч хамаагүй л намайг зодож байсан. Би тэвчээртэй хүлээж уучилдаг байсан. Одоо бол хамт байхаас үнэхээр айж байна. Ийм том асуудал болж байж л салах байсан юм байлгүй дээ. Одоо энэ хүнтэй амьдрах битгий хэл хамт байх ч хүсэл алга болсон байна. Олон жилийн туршид намайг зовоож айлгаж дарамталж амьдарсан даа. Өөрөө гэр бүлээс гадуурх харилцаатай байх явдал тэр хүнд маш олон байсан. Би мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг байсан. Хэлэхээр бас л би зодуулаад өнгөрдөг байсан. Бүх зүйлийг яг өөр шигээ л бодож намайг буруутгадаг. Тэгтэл би хэзээ ч тэр хүн шиг замбараагүй амьдарч байсангүй. Бүх л зүйлийг амьдралаа тэр хүнд л зориулсан. Тэр хүн өөрөө л намайг ийм болгосон. Би маш их гомдож байгаа. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

8. Гэрч Р.Сэмжидийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Мөнхбаяр бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй бөгөөд нэг охин 2 хүүтэй. М.В  бол миний том хүү юмаа. 2014 онд Гантуяа гэх охинтой гэр бүл болоод хойш хоорондоо таарч тохирохгүй хэрүүл маргаантай байх болсон нь бидэнд мэдэгдээд байсан. Бид 2 аль болох гэр бүлийн асуудалд нь оролцохгүй гэж хичээдэг байсан. 2021 оны 12 дугаар сарын 28-ны орой хүү М.В  залгаад Гантуяа өөр залуутай буудалд орох гэж байхад нь би буудлын гадаа бариад авсан чинь цагдаад намайг бариад өгчихлөө, одоо БГД-ийн цагдаагийн 1 дээр байна хүрээд ирээч гэсэн. Нөхөр бид 2 батлан даалтаар гаргаж авсан. Тэгж хоноод нөгөөдөр нь М.В  гэрээсээ Гантуяагийн явалдаад байгаа залууг би олсон очиж уулзана, ална гээд байхаар нь аав бид 2 нь аргадаж зэмлэж үзээд сүүлдээ очно гээд дийлдэхгүй байхаар нь аав нь дагаад хамт явъя гээд өглөө гарсан. Тэгснээ үдээс хойш тэр залуутай уулзахаар боллоо гэж гэртээ ирж цайгаа уучихаад явсан. Тэгээд орой ирэхдээ уулзсан талаараа яриад ирсэн. Надад тэр залууг 2 цохьсон, галаа өгчих гэхээр нь би өшиглөчихсөн гэж хэлсэн. Утсыг нь аваад би тэр 2-ын харилцсан чатыг утсан дээрээ хуулж авсан гэж бас хэлсэн. Гэртээ ирээд Гантуяатай уулзсан Ц.Б гэх залуутай уулзсан талаараа ярилцах гэсэн юм шиг байсан. Тэгтэл нөгөөх нь ойлголцоогүй гэсэн, тэгээд л олж ирсэн бичлэг болон зураг чатаа өөрийнхөө хувийн фэйсбүүктээ тавьчихсан байсан. М.В гийн сэтгэл зүй тухайн үед маш хүнд байсан болохоор бид тайван байлгах гэж их хичээсэн. Тэр асуудлаас хойш хүү маань манайд л байгаа. Одоо овоо гайгүй болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

9. Шүүгдэгч М.В агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Гантуяа гэх эмэгтэйтэй 2015 онд гэр бүл болоод дундаасаа 7 настай охинтой болсон юм. ...2021 оны 01 дүгээр сараас эхлэн манай эхнэр гэртээ тогтвор муутай болоод ааш зан нь өөрчлөгдсөн. Тэгээд би түүнийг өөр хүнтэй болсон гэдгийг 6 сард мэдсэн ба тухайн үед өөрт нь хэлээд боль гэж сануулсан. ...2021 оны 6 дугаар сард манай эхнэр охиноо аваад саллаа гээд гэрээсээ явчихсан. Би араас нь байраа түрээслүүлчихээд түүний гэрт буюу СХД-ийн 41-р хороо, 17-52 тоотод очиж амьдарсан. ...Болд-Эрдэнэтэй уулзахаар ажил дээр нь объект заруулъя гэж дуудаж Морьтон цогцолборын РХХК-ийн оффист ирүүлсэн. ...тэр залуутай анх удаа уулзсан. Өөдөөс буруугаа хүлээхгүй танай эхнэрийг би яаж мэддэг юм энэ тэр гэхээр нь миний дургүй хүрээд 2 удаа нүүрэн тус газар нь гараараа цохьсон. Тэгээд эхнэрийнхээ зургийг өөрт нь үзүүлэхэд танина гэсэн. Би та 2 яагаад гэр бүл үймүүлээд яваад байгаа юм бэ гэтэл үгүй л гээд байсан. тэхээр нь утсыг нь аваад өөрөөр нь кодыг нь тайлуулж аваад  тэр хоёрын чатыг үзсэн. Тэгээд чатыг гүйлгэж үзээд би утсан дээрээ заримыг нь хуулж авсан. Тэгэхэд Ц.Б манай эхнэртэй харилцаж байхдаа нөхөртэй гэдгийг нь мэдэж байсан байна лээ. Тэр битгий хэл манай эхнэр намайг араас зургийг маань аваад гарч чадахгүй байна гэж тэр залууд явуулж байсныг мэдсэн. ...бид бараг 1 цаг орчим хэрүүл маргаан болж тэдний оффист байж байгаад хамтдаа гадаа гарсан. Учир нь манай эхнэрийн ах Ганзориг бидний байдлыг мэдээд намайг тэр залууг дагуулаад Чулуун овоонд хүрээд ир гээд байхаар нь би дагуулж очих гээд гарсан. Тэгтэл гадаа үүдэнд цагдаа ирсэн байсан учир бид хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирж байцаалт өгөх явцад Ц.Б гаръя юм ярья гэхээр нь хамт гараад гадна намайг даапаалсан байдалтай надаас галаа өг гээд тамхи зуугаад зогсохоор нь хөлөөрөө нэг удаа төмсөг хэсэгт нь өшиглөчихсөн. Тэгтэл эвхрээд газар унасан. ...одоо сошиал дээр энэ бичлэг байхгүй. Би гомдсондоо тэр хүний тухай бичлэгийг хийсэн. ...хийсэн хэргээ би хүлээж хариуцлагаа хүлээнэ ээ ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал)

10. Цахим сүлжээнд тавьсан мэдээллийн хуулбарууд (хавтаст хэргийн 101, 105-112 дахь тал)

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 84-85 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.В  нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Рүл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн оффис дотор хохирогч Ц.Б өөрийн эхнэр Э.Гантуяатай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ гэх шалтгааны улмаас гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

улмаар хохирогчийн гар утсанд хадгалагдаж буй мессеж буюу захидал харилцааны нууцад хүчээр халдаж, дээрх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд буюу Архангай аймгийн нэгдсэн групп гэх хуудсанд хохирогчийн зөвшөөрөлгүйгээр байршуулж хувь хүний нууцад халдаж задруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Ц.Б “...Гантуяагийн зургийг харуулаад таних уу гэхээр нь танина гэтэл чи энэ хүнтэй уулзсан байна энэ тэр гээд ямар ч тайлбарлах боломж олгохгүйгээр ширээний цаанаас босч ирээд намайг зодож цохьсон. ...Тэгж байгаад тэр залуу толгойн зүүн хэсэгт хэд хэдэн удаа гараа зангидаж байгаад цохьсон. Би буйдан дээр аавтай нь зэрэгцээд сууж байхад хүү нь олон удаа цохьсон ...хамт цагдаагийн хэлтсийн гадна тамхи татаж байтал мөн л хэрүүл хийж намайг санамсаргүй зогсож байтал маш хүчтэй хөлөөрөө төмсөг хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал)

            тухайн үйл баримтыг харсан гэрч Ч.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Б өөрийгөө өмөөрсөн өнгө аястай зүйл хэлж нөхөртэй гэж мэдээгүй гэсэн чинь хүү уурлаж ширээний цаанаас босч ирээд тэр залуугийн нүүрэн тус газар нь 1 цохиод авсан. ...Цагдаа дээр ирээд мэдүүлэг өгчихөөд би машинд сууж байсан. Тэр хооронд М.В  бас тэр залууг өшиглөчихсөн гэж цагдаагаас сонссон. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал) зэргээс шүүгдэгч М.В  нь хохирогч Ц.Болд-Эрдэний биед халдсан буюу гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хохирогчийн биед гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн цохих, өшиглөх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд дух, зүүн төмсөг, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, хамрын нуруу зүүн сарвуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлүүд үүссэн, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1156 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан, шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйл баримтын талаар маргадаггүй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Уг гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулахыг хүсэж цохих, өшиглөх зэрэг идэвхитэй үйлдэл хийснээс үүдэн хохирогчид гэмтэл учирсан буюу цохих үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг хохирогчид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзнэ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, уг гэмт хэрэг нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг санаатайгаар хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан идэвхитэй үйлдэл хийсэн байх объектив болон субъектив шинжийг хангахыг шаарддаг ба хувь хүний нууцыг олж авсан, дамжуулснаар төгсдөг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хувь хүний нууцыг олж мэдсэн этгээд нь өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байх ба ийнхүү бусдад задруулсан үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүд юм.

Хувь хүний нууц гэдэгт Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар “Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэж тодорхойлсон бөгөөд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдтэй.

Захидал харилцааны нууц гэдэгт захидал, цахилгаан илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг,

Хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан гэдэгт хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэрэг хууль бус аргаар болон хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж өөрийн эзэмшилд авсныг,

Бусдад дамжуулсан гэдэгт хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлснийг,

Хувь хүний нууцыг задруулсан гэдэгт амаар буюу бичгээр, яриа, захидал, тайлбар бичих, унших зэргээр будад дамжуулах, мэдээлэх үйлдлийн улмаас хуль хүний нууц ил болсныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч М.В д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй буюу хохирогчийн зөвшөөрлийн үндсэн дээр өөрөөр нь гар утасных нь кодыг тайлуулж цахим захидлуудыг авсан гэж шүүх хуралдаанд маргаж оролцдог.

Хэргийн үйл баримт болон шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэвэл хохирогч Ц.б  болон Э.Гантуяа нарын хооронд харилцаж буй цахим зурвасууд нь хувь хүний захидал харилцааны нууцад хамаарах бөгөөд шүүгдэгч М.В гийн хувьд тэрээр уг цахим зурвасуудыг авахын тулд хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн, цохиж зодсон буюу хууль бус аргаар олж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б өгсөн...кодоо сайн дураараа гаргаж өгсөн зүйл байхгүй. ...тухайн үед оффис дээр зодож байхад маш их дарамталж, сүрдүүлж, ингэж хэл, тэгж хэл гэж 2 утсаар бичлэг хийж байгаад зодсон. Маш их сүрдүүлж дарамталсан. ...Чамайг ална, тална гэж сүрдүүлж, дарамт учруулж байж миний гар утсыг авсан ...Утсаа нээ гэж хэлээд нээлгэсэн” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хуралдаанд шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн “...Хохирогчийг цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар тогтоогдож байна.

Шүүхээс хохирогчид хууль сануулж авсан дээрх мэдүүлгийг хэргийн бодит үйл баримтыг мэдүүлсэн үнэн зөв мэдүүлэг гэж дүгнэн тухайн үед хохирогч сайн дураараа утасныхаа кодыг тайлж өгөөгүй харин шүүгдэгчийн дарамт шахалт, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас дахин зодуулахгүйн тулд биеэ хамгаалах үүднээс утасныхаа кодыг тайлж өгсөн гэж шүүх үзэв.

Хэдийгээр шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогчийг зодоогүй, хүч хэрэглээгүй, сайн дураараа утасныхаа кодыг тайлж өгсөн гэх боловч шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн шүүгдэгчийн дээрх мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй буюу эх сурвалж тодорхойгүй байх тул шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлээгүй буюу шүүгдэгчийг хувь хүний захидал харилцааны нууц мэдээллийг хууль бусаар олж авсан гэж дүгнэлээ.

Улмаар шүүгдэгч нь дээрх захидал харилцааны нууц мэдээллийг олж авсныхаа дараа хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг өөрийн эхнэртэй нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэсэн утга бүхий тайлбар бичиж олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкт өөрийн цахим хаягаар бичлэг болон зурган хэлбэрээр нийтэлсэн болох нь хэрэгт авагдсан нийтлэлийн хуулбар (хавтаст хэргийн 105-109 дэх тал)-уудаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.В  нь хохирогчийн утсан дээрх эхнэртэйгээ харьцсан зурвасуудыг, мөн хохирогчийн бичлэгийг сөрөг тайлбартайгаар олон нийтэд мэдээлэх нь хохирогчийн нэр хүндэд хохирол учруулна гэдгийг мэдэж байсан буюу түүний нэр төрд халдах зорилгоор олон нийтийн сүлжээнд түүний зөвшөөрөлгүй мэдээлсний улмаас хохирогч Ц.Б хувь хүний захидал харилцааны нууц ил болсон буюу цахим сүлжээ хэрэглэгчид уг нийтлэлийг цааш тараасан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч М.В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн тухайд, хэдийгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.В  болон гэрч Э.Гантуяа нар нь гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй буюу гэр бүл болох нь тогтоогдож байгаа болов ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч Э.Гантуяагийн “...Би М.В тай 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд бид албан ёсны гэр бүл юм. 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс хойш бид таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сард манай эхнэр охиноо аваад саллаа гээд гэрээс явчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал) зэргээр хэрэг учрал үйлдэгдэх үед Э.Гантуяа нь шүүгдэгч М.В гаас тусдаа амьдарч байсан буюу гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй боловч түүнээс салж байгаа талаараа хэлэн тусдаа амьдарч байжээ. 

Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сараас эхлэн шүүгдэгч болон түүний эхнэр нарын хооронд хамтын амьдрал байгаагүй гэж шүүх үзлээ.

Улмаар Э.Гантуяа нь хохирогч Ц.б д нөхөр болох М.В гаас салсан талаараа хэлсэн байх ба шүүгдэгч болон Э.Гантуяа нарын хамтын амьдралгүй байх хугацаанд хохирогч Ц.б , Э.Гантуяа нар нь дотно харилцаа үүсгэсэн байна.

Шүүгдэгчийн хувьд тэрээр эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул хохирогч Ц.б , Э.Гантуяа нарын дотно харилцааг гэр бүлээс гадуурх харилцаа гэж үзсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж улмаар хувийн нууцтай холбоотой мэдээллийг цахим сүлжээгээр тараажээ.

Гэр бүлийн гишүүдийн харилцаа болон хүмүүс хоорондын харилцааг нэг бүрчлэн хуулиар нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд заншлын хэм хэмжээгээр зохицуулагдах асуудлыг шүүх тайлбарлаж үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй хэдий ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийг шүүгдэгчийн эхнэртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учраас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэдэг.

Гэтэл тухайн хэрэг учрал үйлдэгдэх үед хохирогч Ц.б  нь Э.Гантуяаг нөхрөөсөө салсан буюу хамтын амьдрал дуусгавар болсон гэж итгэсэн учраас түүнтэй дотно харилцаа үүсгэсэн талаараа мэдүүлдэг тул хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нь учир дутагдалтай буюу хууль зүйн үндэслэлгүйг тайлбарлах нь зүйтэй.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хавтаст хэрэгт 12 ширхэг эмчилгээ болон шатахууны төлбөртэй холбоотой 5.638.140 төгрөгийн баримт гаргаж өгчээ.

Шүүх хуралдаанд хохирогч “...би 3.816.700 төгрөгөөр багц шинжилгээнд хамрагдсан. Хүнд зодуулсан тул дараа нь үүсэх эрсдэлийг хэлж мэдэхгүй тул урьдчилан сэргийлэх зорилгоор бүтэн биеийн багц шинжилгээнд хамрагдсан” гэж тайлбарладаг ба шүүх урьдчилан сэргийлэх зорилгоор багц шинжилгээнд хамрагдсан 3.816.700 төгрөгийн баримтыг үнэлээгүй болно.

Учир нь дээрх багц шинжилгээг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 хоногийн дараа хийлгэсэн буюу гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан шууд үр дагавар биш харин хожим хохирогчийн эрүүл мэндэд учирч болох хор уршигтай холбоотойгоор уг шинжилгээг хийлгэсэн байх тул гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол хор уршигт тооцоогүй болно. Иймд хохирогчийн нийт нэхэмжилсэн 5.638.140 төгрөгөөс 3.816.700 төгрөгийг хасаж тооцон 1.821.440 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаар завсарлага авсан бөгөөд шүүхээс тогтоосон 1.821.440 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Харин хохирогч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэлийн баримт гаргаж өгөөгүй тул түүний нэр төр, алдар хүндтэй холбоотой гэм хорын хохирол болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний болон бусад зардлуудыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.В  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл буюу гэр бүлийн харилцаанаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан М.В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоов.

 

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.В  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

Мөн шүүгдэгч М.В гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн

          мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан,

          13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.В г 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.В д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус бүр нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг  01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хугацаанд М.В г Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдээс гарахыг хязгаарласугай.

 

  1. М.В д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргагдан ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.В гаас хохирогчид нийт 1.821.440 /нэг сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг нөхөн төлснийг дурдсугай.

 

  1. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаалах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг М.В д сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

 

  1. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.В д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР