| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0077/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2124000000076 дугаартай хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт: *********************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Шар бэлчрийн адаг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 9,856 м3 түлшний хуурай мод бэлтгэж байгаль экологид 1,662,263 төгрөгийн шууд хохирол учруулсан, тухайн хууль бусаар бэлтгэсэн модыг Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Шар бэлчрийн адаг” гэх газраас тус багийн “Баруун булаг” гэх газар хүртэл “Бонго” маркийн 06-84 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Шар бэлчрийн адаг” гэх тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 9,856 м3 түлшний хуурай мод бэлтгэж байгаль экологид 1,662,263 төгрөгийн хохирол учруулж, бэлтгэсэн модыг Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “Баруун булаг” гэх газар хүртэл Бонго маркийн 06-84 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэргийн үйл баримт нь:
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн *******ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 19/,
Гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/21 дугаар урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх удирдамжийн биелэлтийг хангах мөн Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт хяналт шалгалтаар ажилласан. Хяналт шалгалтаар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Булгийн тархи” гэх газарт түлээний мод бэлтгэсэн байсныг очиж үзэхэд тухайн моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан. Тэр моднуудыг цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 10-нд гарсан хойно бэлтгэсэн болов уу гэмээр хөрөөдлөгөтэй моднууд байсан ба ойролцоогоор 2 бонго галын түлээ болохоор харагдаж байсан. Модыг хэн бэлтгэсэн болохыг шалгаж тогтоохоор манай байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б нар мотоциклоор айлаас сураглах гээд явсан. Тэр хоёр Баян-Айраг багийн иргэн Ч.Д гэдэг хүнтэй уулзаад тэр модны талаар асуухад ******* мод гэж хэлсэн байсан. ******* нь манай байгаль хамгаалагч Б.О мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болох нь тогтоогдсон. Ш ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэх асуудлыг шалгуулах гэж цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгаль хамгаалагч Б.О надад хэлэхдээ ******* нь 2021 оны 07 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, Баян-Айраг багийн засаг дарга М.Б, Нуур багийн засаг дарга Б.П, нарын хамт Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт Ойн тухай хууль, Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтаар явсан. Хяналт шалгалтаар бид нар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Булгийн тархи” гэх газарт түлээний мод бэлтгэсэн байсныг очиж үзсэн юм. Тухайн моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хуурай, шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Тухайн моднууд нь ойролцоогоор 2 “Бонго” галын түлээ болохоор харагдаж байсан юм. Тэгээд тэр үед тухайн модыг хэн бэлтгэсэн болохыг шалгаж тогтоохоор Баян-Айраг багийн засаг дарга М.Б хамт мотоциклоор айлаас сураглах гэж Баян-Айраг багийн иргэн Ч.Д гэдэг хүнтэй очиж уулзаад тэр модны талаар асуухад ******* ойгоос бэлтгэсэн мод гэж хэлсэн юм. ******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй юм. Тухайн үед би сумынхаа БОХ-ын улсын байцаагчид дээрх галын түлээний модыг ******* гэх хүн ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн байна гээд хэлж байсан юм. Тэгээд манай сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Гийн зүгээс ******* ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэх асуудлыг шалгуулах гэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Иргэн хүн ойгоос мод бэлтгэх талаар сумын байгаль хамгаалагчид хандаж байгаа тохиолдолд байгаль хамгаалагчийн зүгээс мод бэлтгэх эрхийн бичгийг тухай бүрт нь олгож байгаа. Миний зүгээс 2021 оны 07 дугаар сард иргэдэд ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг олгож байсан юм. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Босоо модыг огтолж, бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ, харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэж болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Баян-Айраг багийн засаг дарга М.Б нарын хамт Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар явсан. Хяналт шалгалтаар бид нар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Булгийн тархи” гэх газарт түлээний мод бэлтгэсэн байсныг очиж үзсэн юм. Тухайн моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хуурай, Шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Модыг хэн бэлтгэсэн болохыг шалгаж тогтоохоор байгаль хамгаалагч Б.О М.Б хоёр мотоциклоор айлаас сураглах гэж яваад Баян-Айраг багийн иргэн Ч.Д гэдэг хүнтэй очиж уулзаад тэр модны талаар асуухад тэр хүн манай хүргэн ******* ойгоос бэлтгэсэн мод гэж байна гэсэн. Тухайн үед сумын байгаль хамгаалагч Б.О ах хэлэхдээ ******* надаас 2021 оны эхний 07 дугаар сарын байдлаар ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд ярьж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 28/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Тэлмэн сумын БОХ-ын улсын байцаагч Ж.Г, байгаль хамгаалагч Б.О, Нуур багийн засаг дарга Б.П нарын хамт Тэлмэн сумын Өгөөмөр, Шургах, Баян-Айраг, Нуур багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар явсан юм. Хяналт шалгалтаар бид нар явах үедээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Булгийн тархи” гэх газарт түлээний мод бэлтгэсэн байсныг очиж үзсэн юм. Тухайн моднууд нь 1.50-1.60 метрийн уртаар тайрч бэлтгэсэн хуурай, Шинэс төрлийн галын түлээний моднууд байсан юм. Модыг хэн бэлтгэсэн болохыг шалгаж тогтоохоор байгаль хамгаалагч Б.О ах бид хоёр мотоциклоор айлаас сураглах гэж яваад Баян-Айраг багийн иргэн Ч.Д гэдэг хүнтэй очиж уулзаад тэр модны талаар асуухад тэр хүн манай хүргэн ******* ойгоос бэлтгэсэн мод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр айлаас мотоциклтойгоо буцаж яваад БОХ-ын улсын байцаагч Ж.Г ахтай уулзаад “Булгийн тархинд” хураалгаастай байгаа модыг ******* ах ойгоос бэлтгэсэн гэж хадам ээж Ч.Д нь хэллээ гээд хэлж байсан юм. Тухайн үед сумын байгаль хамгаалагч Б.О ах хэлэхдээ ******* надаас 2021 оны эхний 07 сарын байдлаар ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд ярьж байсан юм. Тэгсэн 2021 оны 07 дугаар сарын 25-ны үеэр ******* ах миний утас руу 80233261 гэсэн дугаараас залгаад ах нь Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчрийн адаг” гэх газраас 2021 оны 07 дугаар сарын 15-20-ны хооронд өвөлжөөндөө энэ өвөл хэрэглэх жаахан галын түлээний мод бэлтгээд тэр модоо “Булгийн тархинд” хураагаад хаячихсан байсан юм. Тэгсэн та нар миний бэлтгэсэн модыг 2021.07.22-ны өдөр эргүүл, хяналт шалгалтаар явж байгаад очоод үзсэн байна ах нь тэр моднуудыг бэлтгэхдээ гоожин эрхийн бичиг авч чадалгүй бэлтгэсэн юм. Одоо мод бэлтгэх эрхийн бичгээ авч болох болов уу тэр модны асуудал яахаар болж байна гээд асууж байсан юм. Харин би тэр үед ******* ахад та тэр модныхоо асуудлыг байгаль хамгаалагч Б.О ахтай ярихгүй юу гээд хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 30/,
Гэрч Ч.Д* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүргэн ******* нь 2021 оны 07 дугаар сарын эхээр өвлийнхөө галын түлээний модыг ойгоос бэлтгээд Баян-Айраг багийн нутаг Монолын түрүү гэх газарт булгасан байсан юм. Тэгсэн манай хүргэний ойгоос бэлтгэсэн модыг манай байгаль хамгаалагч О, манай Баян-Айраг багийн засаг дарга Б нар 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр манайд мотоциклтой хүрч ирээд надаас асуухаар нь би тэр хоёрт манай хүргэн ******* ойгоос бэлтгэсэн мод байгаа юм гээд хэлж байсан. ...Тухайн үед манай хүргэн ******* мод бэлтгэх эрхийн бичгээ авч чадаагүй гээд надад ярьж байсан юм. Манай хүргэн ******* ойгоос бэлтгэсэн моднууд одоо манай гэрийн гадаа байна. ******* тухайн моднуудаа өвөлжөөн дээрээ буулгахаар хулгайд алдчих гээд энд гэрийнхээ гадаа буулгасан юм. Уг моднууд нь хуурай галын түлээний моднууд харагдаж байна лээ. Манай хүргэн ******* тухайн моднуудыг өөрийнхөө цагаан өнгийн “Бонго” гэдэг байх машинаар тээвэрлэж байсан. Гэхдээ тэр машинаа манай хүргэн Тосонцэнгэл сум руу хүнд зарчихсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаартай “...******* ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний хуурай мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь MNS 5413:2011 Монгол улсын стандартаар түлшний мод нь 5-24 см голчтой 2,20 см хүртэл урттай мод түлшний модонд хамаарах. Уг моднууд 9,856 метр куб түлшний хуурай мод байна. ******* ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Тухайн модыг 2021 оны 07 сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг, тоолуурын хүснэгт /хх 38-39/
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай “...Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчрийн адаг” гэх нэртэй газар нь байгалийн цогцолбор газар 1 дүгээр мужлалд хамаарна. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 36 дугаартай дүгнэлтэд тусгагдсанаар 2 дугаар мужлалд хамаарна гэсэн учир нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот Улсын Их Хурлын тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумын нутгийг дамжин орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангилалд багтаасан. Өнөөдрийг хүртэл хамгаалалтын захиргаа байгуулагдаагүй газар нутаг дээр байгалийн цогцолбор газрын хилийн цэс тогтоосон зураг тавигдаагүй нутгийн иргэд мэдэхгүй, УИХ-ын тогтоол хэрэгжээгүй гэж үзэн 2-р мужлалд багтаасан. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб түлшний хуурай экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчрийн адаг” гэх нэртэй газраас бэлтгэсэн 9,856 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модны 1 дүгээр мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хуурай модонд 168,655 төгрөг итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг болж бэлтгэсэн мод 9,856 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,662,263 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /хх 48-49/, хэргийг газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,
Шалгаж буй 1. N49 12201, Е9768771. 2. N49 109828 E97.55992 цэгүүд нь Тэлмэн сумын нутаг мөн бөгөөд Булнай нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байна гээд мэргэжлийн хяналтын байцаагч гэж тамга дарсан газар нутгийн зураглал зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч *******: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны хооронд Завхан аймгийн Тэлмэн сум Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчрийн адаг” гэх газарт түлээний мод бэлтгээд зусландаа буулгасан юм. Миний бэлтгэж зусландаа буулгасан байсан модыг Тэлмэн сумын байгаль орчны байцаагч Гантөмөр ирж үзээд зургийн дараад явсан байсан. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сумын төв орж мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Би мод бэлтгэхдээ эрхийн бичиг аваагүй дараа нь очиж авсан. Миний бэлтгэсэн мод газар унасан байсан унанги мод байсан. 7-8 ширхэг босоо мод унаж авсан. Энэ моднуудаа 160 см урттай тайрсан эдгээр моднууд нь бүгд хуурай галын түлээний зориулалттай бэлтгэсэн мод байсан. Би мод бэлтгээд зуслан руугаа зөөхдөө ямар нэгэн байдлаар эрхийн бичиг аваагүй байсан. Тэгээд зуслан дээрээ буулгачхаад маргааш нь сум орж эрхийн бичиг авсан. Би өөрийн гэртээ өвөл галын түлээнд зориулан мод бэлтгэж авсан. Би модоо бэлдчихээд дараа нь эрхийн бичгээ авчихна гэж бодоод модоо бэлтгэсэн юм. Би хууль сайн мэдэхгүй байсан болохоор ийм зүйл болчихлоо. Би буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би модоо ганцаараа бэлтгэсэн. Би модоо Хятад улсад үйлдвэрлэсэн бензинээр ажилладаг цагаан өнгийн хөрөөгөөр бэлтгэсэн. Тэгээд өөрийн эзэмшлийн 06-84 ЗАН дугаартай “Бонго” маркийн машинаар зөөсөн. Би 2021 оны 07 дугаар сарын 15-аас 20-ны хооронд уулнаас мод ачиж зөөсөн машинаа 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Тосонцэнгэл сумын нэг хүнд 500,000 төгрөгөөр зарсан. Миний машин муудаад мотор нь цохих гээд байхаар сэлбэгт зарчихсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Шар бэлчрийн адаг” гэдэг газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 9,856 м3 түлшний шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.
Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч ******* улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр “Шар бэлчрийн адаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 9,856 метр куб түлшний шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь 9.856 м3 хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1,662,263 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,986,789 төгрөгийн хохирол ойн санд учирсан байх бөгөөд шүүгдэгч нь 4,986,789 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь түүний “...Модыг бэлтгэхдээ ашигласан хөрөө нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “bongofrontier” маркийн 06-84 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш болох нь гэрч Ч.Д “...Манай хүргэн ******* тухайн моднуудыг өөрийнхөө цагаан өнгийн Бонго гэдэг байх машинаар тээвэрлэж байсан. Гэхдээ тэр машинаа манай хүргэн Тосонцэнгэл сум руу хүнд зарчихсан юм...” гэсэн шүүгдэгчийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 15-аас 20-ны хооронд уулнаас мод ачиж зөөсөн машинаа 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Тосонцэнгэл сумын нэг хүнд 500,000 төгрөгөөр зарсан. Миний машин муудаад мотор нь цохих гээд байхаар сэлбэгт зарчихсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “...bongofrontier маркийн 06-84 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд монголд орж ирсэн, хуучин, үнэлгээ 1,000,000 төгрөг...” гэсэн магадлалаар “bongofrontier” маркийн 06-84 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 9.856 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ойн санд учруулсан хохиролд 4,986,789 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт ******* зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 9,856 м3 түлээний хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид ойн санд учруулсан хохиролд 4,986,789 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ