Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1397

 

 

 

 

 

 

 2021         12          14                                    2021/ШЦТ/1397

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч А.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Т-ын Ө-т холбогдох эрүүгийн 2106 03003 2221 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:хх000000, Б овогт Т-ын Ө.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т.Ө нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.М-тэй “тээврийн хэрэгсэл мөргөж шахлаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, уруулын салстын язарсан шарх, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч С.М-ийн өгсөн мэдүүлэг /хх-16-23/, гэрч Г.Бүтэнбаярын өгсөн мэдүүлэг /хх-32-33/, гэрч А.Дандаабаярын өгсөн мэдүүлэг /хх-42-43/, гэрч Ө.Буян-Очирын өгсөн мэдүүлэг /хх-45/, гэрч Т.Өлзийпэрэнлэйгийн өгсөн мэдүүлэг /хх-47/, гэрч П.Мөнхбулганы өгсөн мэдүүлэг /хх-56-59/, гэрч Н.Серикжаны өгсөн мэдүүлэг /хх-62-64/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 8154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-66-67/, Т.Ө-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-86-87/, Т.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-110-111/, шинээр гарган шийтгэлийн хуудас 1 хуудас бүхий баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ө-ын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.М-тэй “тээврийн хэрэгсэл мөргөж шахлаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, уруулын салстын язарсан шарх, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.М-ийн өгсөн: “...2021 сарын 8 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед би машинаа бариад найз Серикжан, Нямдорж, Булган нарын хамт ажлаасаа гараад Баянзүрх дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эх рүү явж байсан чинь филдэр маркийн тээврийн хэрэгсэл шахаад ороод ирэхээр нь би баруун тал руугаа гудамж руу эргэсэн чинь шууд ард талаас мөргөчихсөн юм. ... Тэгээд бид нар машинаасаа буусан. Тухайн миний машин мөргөдөг хүмүүс мөн адил дөрвүүлээ буугаад ирсэн бөгөөд над руу дайраад байхаар нь жолоо барьж явсан залууг нь би 1-2 удаа нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон, мөн ард талаас нь бууж ирсэн залууг нь 1-2 удаа толгой нүүр хэсэг рүү нь цохисон эгээд замын цагдаагийн алба хаагч нар ирээд хэмжилт хийж байгаад яваад өгсөн. Цагдаагийн алба хаагч яваад өгсөн чинь хаанаас гарч ирсэн юм мэдэхгүй, надаас хөгшин ах нар гараад ирсэн зогсож байсан. Тухайн ах нар над руу болон манай найзууд руу би та нарыг ална гэх мэтээр дайрч эхэлсэн бөгөөд намайг халзан толгойтой ах миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа алгадсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг сүүлд нэрийг нь мэдсэн Өлзийбаяр гэх залуу миний нүүрэн тус газарт хүчтэй цохиж учруулсан. Би тухайн үед Өлзийбаярт цохиулаад хэсэг хугацаанд ухаан алдаж унасан. Өлзийбаяр гэдэг нь халзандуу ахыг хэлж байгаа юм. Тухайн үед надтай хамт явж байсан Серикжан, Мөнхбулган нар намайг Т.Ө-т цохиулаад унахыг харсан байсан.” гэх мэдүүлэг /хх-16-23/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бүтэнбаярын өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед гэр лүүгээ харих гээд явж байх үед автобусны буудал дээр хэдэн хүмүүс бужигнаад байсан. Тэгээд ойртоод хартал манай ангийн хүүхдийн дүү Серикжан тэнд байж байсан. Серикжаныг дуудаад юу болсон талаар асуухад энэ машинтай ах нар бид нарыг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм уу гэхэд, дуудсан ахаа гэхээр нь цагдаа иртэл явуулахгүй санаатай нөгөө хүмүүс нь машинд суугаад зугтаагаад явахаар нь өөрийнхөө 21-77 УНӨ улсын дугаартай Приүс 30 маркийн машинаар нөгөө хүмүүсийг явуулахгүй санаатай хааж зогсоод, буугаад уулзах гэтэл миний жолооч талын хаалга руу мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-32-33/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Дандаабаярын өгсөн: “...Дарь эхийн зам дээр явж байхад нэг машинтай залуучууд урдуур орж ирээд огцом тоормосоо гишгэж мөргүүлсэн. Буян-очир ах буусан чинь ахад мөргүүлсэн машинд сууж байсан 4 залуу бууж ирээд ахыг заамдаж машин руу түлхсэн. Тэгээд Өлзийпэрэнлэй ах буугаад тэр хүмүүсийг салгасан. Тэгээд цагдаа ирээд 2 жолоочийн бичиг баримтыг хураан авч явсан. Тэр үеэр Өлзийбаяр ах хүрч ирсэн. Замын цагдаа нар явсны дараа тал нь шар, тал хар үстэй залуу Өлзийбаяр ах руу учир битүүлэг шалтгаанаар нүүрээ өгөөд дайраад байсан. Тэгсэн Өлзийбаяр ах нүүр рүү нь гарын алгаараа түлхчихсэн. Тэр жолооч залуу газар унаад өгсөн. Тэгээд хоорондоо салаад Буян-очир ах бид 2, ахын машинд суугаад явж байхад хажуугаар Өлзийбаяр өөрийн машинтайгаа өнгөрсөн. Тэгсэн чинь Өлзийбаяр ахын урдуур приүс 30 маркийн машин хөндөлсөж зогссон. Тэгээд баахан залуучууд араас нь хөөгөөд байсан болохоор сандарсандаа лриүс 30 машиныг мөргөсөн юм шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-42-43/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Буян-Очирын өгсөн: “...Дандаабаяр, Өлзийпэрэнлэй, Орхоноо ах бид нар Орхоноо ахыг Дарь эх рүү хүргэж өгөх гээд явсан. Замдаа явж байгаад тоёота пит маркийн машинтай шахалцаад нөгөө машины жолооч огцом тоормослоод би зогсож чадалгүй араас нь мөргөсөн. ... бид хэд замын цагдаа дуудаад, Өлзийпэрэнлэй ах Өлзийбаяр ахыг дуудтал өөрийн axio машинтай хүрээд ирсэн. Тэгээд замын цагдаа яваад өгсний дараа Өлзийбаяр ах пит автомашины жолоочтой уулзана гээд нөгөө хэдэн залуучууд дээр очсон. Тэгээд би мөргөлдсөн машинаа замаас холдуулах гээд сууж байтал Өлзийбаяр ахын очсон газар нь зодоон болж эхэлсэн. Тэгээд би машинаа байрлуулах гээд хөдөлж байхад Өлзийбаяр, Өлзийпэрэнлэй ах гүйж ирээд өөрийнхөө машиндаа суугаад хөдлөөд явж байсан чинь араас нь приүс-30 машин хүрж ирээд урдуур нь шахаад зогссон. Тэгсэн чинь Өлзийбаяр ах тэр машиныг мөргөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-45/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Өлзийпэрэнлэйгийн өгсөн: “...Буян-Очирын филдэр маркийн машинд Дандаабаяр, Орхоноо, Буян-Очир бид 4 гэр рүүгээ харих гээд явсан. Тэгээд Дарь эхийн зам дээр явж байтал Буян-Очир замдаа нэг машинтай шахалцсан юм шиг байсан. Буян-Очир тэгээд зогсож чадалгүй араас нь мөргөсөн. Тэгээд Дандаабаяр буухад нөгөө 4 залуугаас 2 нь Дандаабаяр луу дайрсан. Тэгэхээр нь би буугаад салгасан. Тэгээд би өөрийн дүү Өлзийбаярыг дуудсан. Тэгтэл тэр залуучууд хүн дуудаад байх шиг байсан. Тэгээд олон залуучууд бужигнаад зодоон болохоор нь Өлзийбаяр машиндаа суугаад би хамт суугаад зугтсан. Тэгээд хөдлөөд явж байтал урд приүс-30 хөндөлсөөд зогссон. Тэгээд боржур руу шахаад хөдлөх гэтэл тэр машиныг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-13-14, 47/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мөнхбулганы өгсөн: “...манай найзууд үсээ засуулчхаад 22 цагийн орчимд Мөнх-Эрдэнэ ахын ажил тарахаар түүний 43-99 УАН улсын Хонда фит автомашинд сууж гэр, гэртээ харих гээд Дарь эхийн зүг явж байхад Мөнх-Эрдэнэ ах өөрийн автомашинаар өөр нэг автомашинтай шахалцаад яваад байсан ба гудамж руу орох гэхэд Мөнх-Эрдэнэ ахын автомашиныг араас нь мөргөсөн. Тэгээд бид нар автомашин мөргөлдсөн талаар цагдаад дуудлага өгчхөөд хүлээж байхад мөнгөлөг саарал өнгийн Тоёота аллекс автомашин ирж, 36-37 орчим насны халзандуу залуу бууж ирээд манай найзуудыг янз бүрийн үг хэлж дарамтлаад байсан. Удалгүй замын цагдаа ирээд хэмжилт хийгээд явсан. Замын цагдааг явсны дараагаар 36-37 орчим насны халзандуу залуу миний хажууд зогсож байсан Мөнх-Эрдэнэ ахын нүүрэн тус газарт нэг удаа маш хүчтэй цохиж унагаасан ба цохиулсны улмаас Мөнх-Эрдэнэ ах хэсэг хугацаанд ухаан алдсан. Энэ үед миний таньдаг ах Бүтэнбаяр нь эхнэр, хүүхэд болон найз Амгаа ахын хамт явж байгаад бид нарыг зодуулж байгааг хараад ирсэн байсан. Тэгээд Амгаа ах цагдаа дууд гэж хэлэхэд манай найзуудыг зодсон залуучууд автомашиндаа суугаад зугтсан ба харин Мөнх-Эрдэнэ ахыг зодсон 36-37 орчим насны халзандуу залуу автомашиндаа суугаад зугтах гэж байхаар нь Бүтэнбаяр ах өөрийн эзэмшлийн 21-77 УНӨ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота приус-30 автомашинаар зугтах замыг нь хааж зогссон. Тэгтэл тэр залуу зугтах гээд холдохгүй болохоор автомашинаараа Бүтэнбаяр ахын автомашиныг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-56-59/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Серикжаны өгсөн: “...Би найз Нямдорж, Мөнхбулган нарын хамт засуулчхаад 22 цагийн орчимд манай найзууд Мөнх-Эрдэнийн ажпаас түүний 43- 99 УАН улсын Хонда фит автомашинтай гэр, гэртээ харих гээд явсан ба Сансарын гэрлэн дохиотой уулзвараар Дарь эхийн уулзвар руу эргээд явж байхад 68-26 УБН улсын дугаартай, саарал өнгийн Тоёота фейлдер загварын автомашин Мөнх- Эрдэнийн автомашины хажуугаар шахаж урд, хойноо ороод явж байгаад гудамж руу орох гэхэд Мөнх-Эрдэнийн автомашиныг мөргөсөн. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгчхөөд цагдаа хүлээгээд байж байхад Мөнх-Эрдэнэтэй маргалдсан залуу гар утсаараа яриад хүн дуудаад байх шиг байсан ба удалгүй саарал өнгийн суудлын автомашинтай /улсын дугаар, загварыг нь санахгүй байна/ үл таних дөрвөн залуу ирээд манай найзуудад хандаж ‘‘зодолдох юу, яах юм, гудамж ороод сайхан зодолдъё” гэх мэт үг хэлээд байж байхад мөн дахиад мөнгөлөг саарал Тоёота аллекс автомашинтай үл таних хоёр залуу нэмэгдэж ирсэн. Сүүлд ирсэн хоёр залуугийн нэг нь болох 36-37 орчим насны халзандуу залуу нь хүрч ирээд “ална шүү та нарыг, яасан хүйтэн царайтай пизданууд вэ” гэж хэлээд дарамтлаад байж байхад замын цагдаа ирж болсон асуудлын талаар тодруулаад хэмжилт хийгээд явсан. Замын цагдааг явсны дараагаар 36-37 орчим насны халзандуу залуу нь манай найз Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар гараараа цохиход тэрээр газар унасан.” гэх мэдүүлэг /хх-56-59/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 8154 дугаартай:

1. С.М-ийн биед тархины доргилт, уруулын салстын язарсан шарх, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” /хх-66-67/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ө-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэртээ амарч байхад манай төрсөн ах Т.Өлзийпэрэнлэй нь 22-23 цагийн орчимд над руу утсаар яриад “Буян-Очир автомашинтай мөргөлдчихлөө, одоо яах вэ” гэж хэлэхээр нь би байгаа газар болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь эх рүү очсон. Намайг очиход замын цагдаа ирчихсэн хэмжилт хийж байсан ба замын цагдаа явсны дараагаар би Буян-Очирын автомашинтай мөргөлдсөн автомашины залуучуудад хандаж “та нар зодолдож цагдаа, шүүх болж байхаар ганц гупер дээр тохиролцож болоогүй юм уу? гэж хэлснээс болж тэдгээр залуучуудтай маргалдсан. Тэгээд маргалдах явцдаа сүүлд нэрийг нь мэдсэн Мөнх-Эрдэнэ гэх залууг би нэг удаа алгадаж цохисон.” гэх мэдүүлэг /хх-86-87/,

 

Шүүгдэгч Т.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-110-111/, зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Ө-ын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.М-тэй “тээврийн хэрэгсэл мөргөж шахлаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед халдаж эрүүл мэндэд нь тархины доргилт, уруулын салстын язарсан шарх, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч С.М-ийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч Т.Ө нь хохирол төлбөрт 400.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч Т.Ө-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч С.М  нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Т.Ө-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Т.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Ө-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Т.Ө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Ө нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

         5. Хохирогч С.М  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

           

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Ө нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС