Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          28                                       2022/ШЦТ/222

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 2210000000262 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б  /РД:................./.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ..............тоотод Одгэрэлтэй маргалдсан шалтгааны улмаас хохирогч Э.Энхцолмон, Б.Ганхөлөг нарын нүүрэн тус газар гараараа цохиж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Э.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай нөхрийн найзууд болох Ганхөлөг эхнэр Мөнхцэцэгийн хамт, Б.Б  ганцаараа манайд ирсэн. Тэд нар 1 шил архи авчирсан.ба архийг манай нөхөр Одгэрэл, Б.Б , Ганхөлөг нар ууж, Мөнхцэцэг бид 2 нэг нэг лааз пиво уусан. Тэд архиа дуусгаад манайд байсан архийг ууж дуусгаад мөн монгол архинаас уусан юм шиг байна лээ. Тэр үед Б.Б  агсрах гээд байсан ба би би унтлагын өрөө рүү орж ор засаж байсан чинь том өрөөнд пир пар гээд явсан гараад хартал Б.Б  манай нөхөр Одбаяр 2 зууралдчихсан ноцолдоод байж байсан. Тэгээд Ганхөлөг бид 2 салгаад 2 тийш нь болгоод би Б.Б д чи одоо болчихоо айлд ирчихээд ингэж болохгүй хүүхэд уйлаад байна гэж хэлэхэд юм хэлэхгүй харж зогсож байгаад шууд миний нүд рүү гараараа 1 удаа цохиод авсан. Тэгэнгүүт би газар унасан чинь Ганхөлөг яаж байгаа юм бэ гэхэд манай нөхөр Одбаяр зууралдаад авсан би тэгэхээр нь нөхрөө салгаж аваад жижиг өрөө рүү авч ороод дотроос нь түгжчихсэн, гаргаагүй. Тэгсэн гадаа пижигнээд орилолдоод байсан ба ...Ганхөлөгийг харахад нүүр ам нь битүү цус болчихсон байсан. ...Цагдаа Б.Б ийг аваад явсан. Миний хамар хугарсан, зүүн нүд хавдсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-12 дахь тал)
  3. Хохирогч Б.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай найзууд болох Одгэрэл, Б.Б  бид нар Одгэрэлийн гэрт уулзцгаасан. Би эхнэр Мөнхцэцэг найз Б.Б ийн хамт Одгэрэлийн гэрт очсон бөгөөд бид гурвыг очиход Одгэрэл эхнэр Энхцолмонгийн хамт байсан. Бид гурав очихдоо дэлгүүрээс Номад гэсэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи тэгээд ундаа чихэр чипс зэргийг айлд очиж байгаа хүмүүс гээд авч очсон юм. Б.Б , Одгэрэл бид гурав тэр Номад нэртэй архийг хувааж уусан. Харин Одгэрэлийн эхнэр Энхцолмон, манай эхнэр Мөнхцэцэг хоёр архи уугаагүй, лаазтай пиво ганц ганцыг л уусан байх. Бид гурав архиа ууж дуусгаад Монгол архи уусан юм шиг байна лээ. Дараа нь сонсоход Монгол нэмж уусан гэж хэлсэн. Би сайн мэдэхгүй байгаа юм. Бараг тасарчихсан юм шиг байна лээ. Тэгсэн юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Одгэрэл Б.Б  хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байсан бөгөөд тэр хоёрын голоор салгах гээд Энхцолмон орсон. Тэгсэн Б.Б  Энхцолмонгийн нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж Б.Б ийг бариад холдуулсан. Энхцолмон Одгэрэлийг аваад жижиг өрөө рүү орсон. Тэгж байтал Б.Б  над руу дайраад агсраад миний хамар луу цохиж авсан. Тэрийгээ бол бүдэг бадаг санаад байгаа яг цустайгаа холилдчихоод л ухаан санаа бүрэн сэргэсэн байх. Энхцолмон гарч ирээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-147 дахь тал)
  4. Гэрч Л.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед манай найзууд болох Б.Б , Ганхөлөг нар эхнэр хүүхэдтэйгээ хамт манайд ирсэн. Б.Б ийн эхнэр ирээгүй. Ганхөлөг л эхнэрийн хамт ирсэн. Манайд их удаан ууцгаасан юм яриад л уугаад байсан. Б.Б ийн эхнэр байхгүй байсан болохоор уур нь хүрсэн байж магадгүй мөн өмнөх өдөр нь Ганхөлөг бид 2 уулзаж ганц 2 пиво уусан байсан Б.Б ийг дуудаагүй юм тэрийг уулзахдаа хэлсэн чинь уусныхаа дараа намайг дуудаагүй, намайг юу гэж муулав гэж үгээр идээд байсан. Тэгсэн удалгүй Б.Б ийн эхнэр Алтантуяа ороод ирэхэд Б.Б  утсаа яагаад авахгүй байгаа юм бэ гэж эхнэр рүүгээ агсараад байхаар нь би дундуур нь орж боль гэж хэлээд болиулсан. Нэг мэдсэн Б.Б  бид ноцолдсон, юунаас болж муудалцсан, хоорондоо барилцаад авчихсан ноцолдоод байсан. Яг юунаас болсныг санахгүй байна. Энэ үед манай эхнэр Энхцолмон дундуур орж Б.Б  одоо боль тайвшир гэхэд Б.Б  манай эхнэрийн шууд нүүр рүү нь цохиод авсан. Тэгэнгүүт би уурлаад дайрахад Энхцолмон намайг аваад жижиг өрөөнд оруулсан. Тэгсэн намайг жижиг өрөөнд оруулсан хойгуур Б.Б  Ганхөлөгийг зодчихсон байсан. Удалгүй цагдаа ирээд Б.Б ийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал)
  5.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2593 дугаартай:

“-Э.Энхцолмонгийн биед хамар ясны хугарал.хамрын нуруу, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2594 дугаартай:

“-Б.Ганхөлөгийн биед хамар ясны хугарал.хамрын таславчийн мурийлт, дээд доод уруулын дотор салстад няцрал, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамарна

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), дипломын хуулбар (хавтаст хэргийн 134 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 133 дахь тал), хохирогч Ж.Ууганжаргалын “...2.500.000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэсэн, хохирогч Б.Отгонболдын “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тус тус бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 154-155 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ..............тоотод Одгэрэлтэй маргалдсан шалтгааны улмаас хохирогч Э.Энхцолмон, Б.Ганхөлөг нарын нүүрэн тус газар гараараа цохиж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. Мөн уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б  нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч Э.Энхцолмон, Б.Ганхөлөг нартай маргалдаж, улмаар Э.Энхцолмон, Б.Ганхөлөг нарын нүүрэн тус газарт гараараа цохиж тус тус гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч нарт гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өшиглөх, шилээр цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2593, 2594  дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч нарт гэмтэл гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Энхцолмон, Б.Ганхөлөг нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Э.Энхцолмон, Б.Ганхөлөг нарын “...найз Б.Б  нь хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тус тус бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 108-109 дэх тал), хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 106 дахь тал) зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Б.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б ийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Б.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б д сануулсугай.       

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР