Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00372

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00974 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1102 дугаар магадлалтай,

Д.Бгийн нэхэмжлэлтэй,

Н-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 097 4601 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн Ньд бага ангийн менежер хийж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр захирлын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, тухайн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг Д.Б хүлээн зөвшөөрөхгүй, тус дүүргийн шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, давж заалдах гомдол гаргасан ч тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Д.Бг ажилд нь томилсон тушаал, шийдвэр гаргасан байдаг. Энэ хугацаанд Д.Б нь тодорхой хугацаанд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй, ажил эрхлэх эрхээрээ хохирсон гэж үзэж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ороод 9 дүгээр сард нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ийм учраас хариуцагчийн буруутай үйлдлээс болж хохирсон гэж үзээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох ажилгүй байх хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байх хугацааны цалин хөлсийг 8 035 630 төгрөг гэж гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр би нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад ажилгүй байх хугацааны цалин хөлсөнд 7 097 460 төгрөг байна гэж гаргасан. Тухайн бодолтыг хийхдээ дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар бодсон. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундаж нь 2017 оны 6, 7, 8 сарын дунджаар 3 сарын цалин нийтдээ 2 630 971 төгрөг, 1 сарын дундаж цалин 876 990 төгрөг, өдрийн дундаж цалин нь 40 790 төгрөг. Нийт ажлаагүй байх хугацаа нь 174 хоног гэж тооцоод 7 097 460 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, шаардлагыг тодруулсан.

Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын байгууллагаас гарган өгсөн баримттай нь танилцахад 10, 11, 12 сард ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон, 1 500 000 төгрөг авсан байдаг, өөрөө ч хэлдэг. Үүнээс хойш ажил олгогч нь нийгмийн даатгалыг нь төлөхгүй явсаар, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ хүнийг ажилд авсан гэдэг нь нийгмийн даатгалын бөглөгдсөн байдлаас харагдаж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмж авсан нь тухайн хүний ажлаас халагдсан асуудалтай холбоотой болохоос биш ажилгүй байх хугацааны цалин хөлстэй холбоотой асуудал биш, энэ бол тусдаа маргаан. Тухайн үед хариуцагч байгууллагаас төлөөгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсан учраас энэ дүнгээс нь бодсон. Ажил олгогчийн буруутай үйлдэл, шийдвэрээс болсон гэж үзэж байгаа, сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Нь нь нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дундаж цалин хөлс бодох хугацаагаа өөрөө тодорхойлсон гэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нийгмийн даатгалын газрын лавлагаанаас харахад 7, 8, 9 сараас бодно гэж харж байгаа. Энэ хүн 10,11,12 сард ажилласан гэдэг нь харагдаж байгаа, ажилгүйдлийн тэтгэмж 1 886 335 төгрөг авсан түүнээс гадна энэ хүн цалин хөлс нэмээд нөхөөд авсан, тэгэхээр энэ хүн төсвөөс гарч байгаа мөнгийг хууль бусаар давхар авчихсан учраас нэхэмжлэл үндэслэлгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг буруу бодсон. 2017 оны 7, 8, 9 сарын цалин маань үндсэндээ 9 сарын сүүлээр ажлаас халагдсан юм чинь 7, 8, 9 сарыг хуулиар зохицуулагдаж байгаа учраас түүнийхээ дагуу явна. 7 сард нь бол 6 сарын амралтын мөнгөнөөс 1 231 710 төгрөг аваад нийгмийн даатгалаас төлөгдөх ёстой гэдэг үүднээс 6, 7 сарыг хуваагаад үндсэн цалин дээр нэмээд бодчихсон. 6 дугаар сарын мөнгө цалин хөлсөнд хамааралгүй учраас энэ мөнгийг хасаад 7 сард 553 132 төгрөгийг авсан байгаа, 8 сард 292 991 төгрөг, 9 сард болохоор 417 132 төгрөг, эд нарын нийлбэрээр бодно.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн  зөвшөөрөхгүй, тухайн үед 1 өдрийн цалин 19 585 төгрөг болж байгаа үүний дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээс нэлээд хэдэн төгрөг хасагдана, мөн ажилгүйдлийн тэтгэмжийг 10, 11, 12 сард авсан. Мөн 10, 11, 12 сарынхаа цалинг нөхөөд авсан учраас төсвөөс гарсан мөнгийг 2 авч байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00974 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нь”-иас 6 577 472.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 520 032.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгч Д.Бгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Нь”-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нь”-иас улсын тэмдэгтийн хураамжид 120 188.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1102 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00974 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1102 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь үндэслэл бүхий хуулийн дүгнэлт хийж хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй ба ИХШХШтХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-т ...” гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлсийг тодорхой тусгасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа цалин хөлсийг бодохдоо “дундаж цалин хөлс бодох журам”-ыг баримтлаагүй ба энэ талаар шат шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Б нь Ньд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 097 4601 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч үнийн дүнг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй их мөнгө нэхэмжилж байна гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 6 577 472.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй, цалин хөлсийг бодохдоо дундаж цалин хөлс бодох журмыг баримтлаагүй...” гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02892 дугаартай шийдвэрээр Д.Бг Нийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосон ба ажил олгогч 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/64 дугаартай Захирлын тушаалаар Д.Бг бага ангийн сургалтын менежерээр томилсон байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 дугаар сарын 15-наас ажилд томилсон 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно гэж, 36 дугаар зүйлийн 36.1.2.-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, дундаж цалин хөлс тодорхойлох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, маргаантай үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг зөв тодорхойлж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Ажилтан ажлаас халагдсан үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж авсан, ажилгүй байх хугацаандаа өөр ажил эрхэлж, цалин хөлс авсан нь ажил олгогчийг хуульд заасан үүргээ биелүүлэхээс чөлөөлөхгүй, түүнчлэн анхан шатны шүүх ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалинг үндэслэн дундаж цалин хөлсийг тооцсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тооцох журмыг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00974 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1102 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД