Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 57

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 08 өдөр                Дугаар 57                                         Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Д.Энх-Амар,

Хохирогч Н.Мөнхбат,

Шүүгдэгч М.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч М.Баярсайханд холбогдох 201617000189 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн харьяат, 1988 оны 06 дугаар сарын 22-нд төрсөн, 28 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж ах нарын хамт амьдрах, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛМ88062211 регистртэй, Хавхчин овгийн Мижидийн Баярсайхан

   

Холбогдсон хэргийн талаар:/яллагдагчаар татах тогтоолоор/

 

Шүүгдэгч М.Баярсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байх Моннис ХХК-ны барилга барьж байсан хашаанд иргэн Н.Мөнхбатыг зодож бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.Баярсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 18-ны орой би архи уучихаад инженерүүдийн амарч байгаа гэрт орж Мөнхбат ахтай маргалдаж, түүнийг цохисон. Мөнхбат ах манай компанид талбайн даамал хийдэг бөгөөд хааяа намайг ажилдаа хоцрох юм уу, архи үнэртүүлээд ирэхэд зэмлэж, загнадаг байсан. Архи ууснаас болж ийм асуудал гаргасандаа гэмшиж байна.. гэв. 

 

          - Хохирогч Н.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: М.Баярсайхан манай компанид 10 сараас эхлэн ажиллаж байгаа. Манай компани чинь 3 өөр компани нийлсэн байгаа юм. Урьд нь М.Баярсайхан ажилдаа архи үнэртүүлж ирдэг, мөн хааяа ажлаасаа хоцорч ирдэг байсан. Барилга бол онцгой нөхцлийн газар учраас согтуу хүн ажиллаж болохгүй. Ийм учраас би Баярсайханд сануулж загнаж, зэмлэж байсан. Үүнээс болж л архи уугаад миний хөмсөг рүү цохисон байх. Миний хохирлыг барагдуулсан болохоор одоо бид эвлэрч, нотариатаар орж эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй ...гэв. 

 

           - Хохирогч Н.Мөнхбат хэрэг бүртгэлтэнд  өгсөн мэдүүлэгтээ:  Би Баруун-Урт сумын төвд Моннис ХХК-ны барилга барьж байгаа. 2016.06.18-ны орой ажлаа дуусгаад барилгын хашаанд байх гэртээ унтаж байтал шөнө 01 цагийн үед манайд мужаан хийдэг Баярсайхан гэдэг залуу согтуу ганцаараа орж ирээд “гэрлээ асаа, бос” гээд бахираад байхаар нь би түүнийг “ одоо харьж амар “ гэхэд Баярсайхан явахгүй байхаар нь би гэрлээ асаасан. Гэтэл Баярсайхан шилтэй пиво барьчихсан нилээн согтуу миний орон дээр ирж суугаад “ намайг бос “ гээд хөнжлөөс чангаагаад байхаар би боссон. Хувцасаа өмсөөд түүнтэй маргалдаж улмаар зууралдаад бид хоёр гэрээс гарч барьж байгаа барилгын хашааны баруун талд бие биеэ заамдалцаж боолцсон. Тэгээд зууралдаад байж байтал Баярсайхан миний хоёр нүдний гол хэсэг рүү толгойгоороо 2 удаа мөргөсөн. Гараараа 2-3 удаа цохисон. Миний хувьд эрүүл байсан учраас түүнийг зодож цохисон зүйл байхгүй. Ингээд цагдаа дуудсан. Миний хувьд Баярсайханыг ажил мэргэжлийн хувьд удирдаж ажилладаг. Түүнийг ажлын цагаас хоцрох, хааяа архи үнэртүүлчихсэн ирэхэд нь зэмлэж загнаж байсан тохиолдол байгаа. Өөр бид хоёрын хооронд маргалдаж муудсан тохиолдол байхгүй. Ямар нэг өс хонзон байхгүй... гэжээ/хх-04/.  

- Гэрч Д.Жүгдэргарав хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016.06.18-ны өдөр бид ажил дуусаад Батхуяг инженер, Мөнхбат даамалын хамт Моннис ХХК-ны барилга баригдаж байгаа хашаанд гэрт унтаж байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад Баярсайхан гаднаас согтуу орж ирж миний унтаж байсан орон дээр суучихаад гэрлээ асаа гээд бахираад байхаар нь би түүнийг харьж амар гэсэн. Тэгтэл Баярсайхан эргээд Мөнхбатын орон дээр очиж суугаад мөн л гэрлээ асаачих гээд байсан. Мөнхбат удалгүй гэрлээ асаасан. Гэнэт Баярсайхан Мөнхбат хоёр хоорондоо маргалдаж зууралдаж байгаад гэрээс гараад явсан. Би араас нь хувцасаа өмсөөд гараад очиход хашааны гадаа тэр хоёр хоорондоо зууралдаад газар уначихсан Баярсайхан доор нь Мөнхбат дээр нь гарчихсан байхаар нь би салгах гээд очтол Мөнхбатын хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад Баярсайханыг харь гээд түлхсэн чинь Баярсайхан явахгүй эргэж ирээд Мөнхбаттай зууралдаад байсан. Мөнхбат Баярсайхан нарыг гэрийн гадаа зууралдаад байх үед би л ганцаараа байсан. Гэр дотор Батхуяг гэж манай нэг инженер байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Баярсайхан архи уусан нилээн согтуу байсан. Мөнхбат бол архи уугаагүй эрүүл байсан. Баярсайхан Мөнхбатыг цохисон эсэхийг мэдэхгүй. Намайг гэрээс гараад очиход Мөнхбатын хөмсөг нь сэтэрсэн цус гарсан байсан. Түүний нүдийг Баярсайхан цохисон байж магадгүй... гэжээ. /хх-06/  

 

- Гэрч Д.Батхуяг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016.06.18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Ур сумын төвд Моннис ХХК-ний барилгын ажил явагджа байсан хашаанд Н.Мөнхбат, Жүгдэргарав нарын хамт амарч байсан юм. Гэтэл шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна хүмүүс шуугилдаад байхаар нь сэртэл Мөнхбат манайд ажилладаг Баярсайхан нар хоорондоо зууралдчихсан, зодолдсон байдалтай, Мөнхбатын хөмсөг нь сэтэрч цус гарсан байсан. Тэгтэл цагдаа орж ирээд гарцгаасан. Мөнхбат бол эрүүл байсан. Баярсайхан нилээд согтуу, өөрийгөө удирдах чадвар бараг байхгүй болчихсон байсан. Тэр хоёрыг хэн нь хэнийгээ яаж цохисон эсэхийг би мэдэхгүй. Тэр хоёрыг гадаа муудаад гэрлүү орж ирэхэд нь л би сэрсэн. Юунаас болж маргалдсан талаар би сайн мэдэхгүй. Н.Мөнхбат нь Баярсайханы удирдах ажилтан тул загнаж зэмлэж байсан тохиолдол бол байсан... гэжээ /хх- 31/.

- Яаралтай тусламжийн хуудас.2016.06.19/ хх- 08/ 

           - Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 305 тоот актын дүгнэлтэнд: 1.Н.Мөнхбатын биед зүүн хөмсөгний дээр болон баруун гарын чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 09/

 

- М.Баярсайханы Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-20 /

 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт. /хх-21 /

 

-  М.Баярсайханы иргэний үнэмлэхний лавлагаа. /хх-22/

 

- Эвлэрсэн тухай гэрээ /2016.09.07/ зэрэг болно.

 

 

Шүүгдэгч М.Баярсайхан нь 2015 оны 06 сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 багийн нутаг дэвсгэр дэх Моннис ХХК-ны барилга барьж байсан хашаанд иргэн Н.Мөнхбатыг зодож бие махбодид нь “зүүн хөмсөгний дээр болон баруун гарын чигчий хуруунд шарх “ бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Баярсайханы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Мөнхбат, гэрч Д.Батхуяг, Д.Жүгдэргарав нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 305 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч М.Баярсайхан нь өөрийн удирдах ажилтан Н.Мөнхбатыг “ ажилчидтайгаа муухай харьцдаг, өмнө өөрийг нь зэмлэж, загнаж байсан “ зэрэг асуудлаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь гэрч Д.Батхуягийн “ Н.Мөнхбат нь Баярсайханы удирдах ажилтан тул загнаж зэмлэж байсан тохиолдол бол байсан” гэх, Д.Жүгдэргаравын “Баярсайхан доор нь Мөнхбат дээр нь гарчихсан байхаар нь би салгах гээд очтол Мөнхбатын хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Баярсайхан архи уусан нилээн согтуу байсан. Мөнхбат бол архи уугаагүй эрүүл байсан”/хх-06/ гэх, шүүгдэгч  М.Баярсайханы “Мөнхбат бол манай дарга юм. Ажлын үеэр намайг загнаж ажлын талаар их өө хайдаг байсан. Тэгээд би түүнд дургүй хүрдэг байсан. Тэр өдөр архи уучихаад урьдын намайг загнаж байсныг бодоод л түүнтэй маргалдсан ” /хх-18/ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдсон байна. 

Иймд М.Баярсайханыг тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.Баярсайханд холбогдох хэрэгт бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Харин энэ хэргийн хохирогч Н.Мөнхбат нь шүүгдэгч М.Баярсайхантай сайн дураараа эвлэрсэн нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн “М.Баярсайхан нь хохирогч Н.Мөнхбатад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 1.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирол арилсан тул бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Иймд Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх эвлэрлийн гэрээгээр нотлогдох бөгөөд М.Баярсайхан нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

М.Баярсайхан нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь түүний болон хохирогч Н.Мөнхбат, гэрч Д.Жүгдэргарав, Д.Батхуяг нарын мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай тогтоогджээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй талаар заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан хийгээд хуулийн дээрх зүйл хэсгүүдэд өөрөөр ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ гарч буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, М.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Шүүгдэгч М.Баярсайхан энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Н.Мөнхбат түүнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хавхчин овгийн Мижидийн Баярсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч М.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Шүүгдэгч М.Баярсайхан энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Н.Мөнхбат түүнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан шүүгдэгч М.Баярсайханд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН