| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0820/Э |
| Дугаар | 1026 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1026
-
Б.Э- т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.Э- ,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э- ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1808020180856 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-н Э
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 11 жил 01 сар 08 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баязүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 жилийн хорих ялаас чөлөөлсөн;
Б.Э- нь 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 23-23 тоотод байрлах иргэн Н.Ө- ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу хүнсний дэлгүүрт нэвтэрч, “Бурхан багш” 1 ширхэг, “Өндөр гэгээн” бурхан 1 ширхэг, “Зуу” нэртэй бурхан 1 ширхэг, “Махгал” бурхан 1 ширхэг, “Очирваань” бурхан 1 ширхэг, “Богдын шангад” зурмал 1 ширхэг, “Тойног” бурхан 2 ширхэг, хонх 1 ширхэг, дамар жижиг гар 1 ширхэг, зэм бумба 1 ширхэг, тахилын цөгц 9 ширхэг, хурган дотортой мөнгөн товчтой дээл, өвлийн савхин куртик зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Э- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э- ийг бусдын 1.160.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Э- ийг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э- ийн 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах шатны шүүхэд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э- би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие энэ хэрэгт сэжиглэгдсэн цагаас эхлэн гэм буруугийн тал дээр ямар нэгэн байдлаар маргаагүй. Хэдийгээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй ч согтуудаа үйлдсэн хууль бус үйлдлийг чин санаанаасаа ойлгон ухамсарлаж, хулгайлсан эд зүйлийг юу ч дутаалгүйгээр сайн дураараа цагдаад хүлээлгэн өгч, гэм хорыг бүрэн арилгасан. Хэдийгээр миний бие урьд өмнө нь ял шийтгэл эдлэж байсан нь үнэн боловч шинэ хуулийн заалтаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдлээ ойлгон хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг сайн дураар арилгасан, мөн 6 сараас 13 насны 3 хүүхэд, эхнэр, өндөр настай эцэг, эхийн хамт эрх чөлөөт амьдралд хөлөө олон амьдрахын тулд хорихоос суллагдсанаасаа хойш бусдын адил шударгаар хөдөлмөрлөж байсан зэргийг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ялтан Б.Э- ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний хувийн байдалд нь тохирсон ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл байхгүй учраас давж заалдах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.
Б.Э- нь 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 23-23 тоотод байрлах иргэн Н.Ө- ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу хүнсний дэлгүүрт нэвтэрч, “Бурхан багш” 1 ширхэг, “Өндөр гэгээн” бурхан 1 ширхэг, “Зуу” нэртэй бурхан 1 ширхэг, “Махгал” бурхан 1 ширхэг, “Очирваань” бурхан 1 ширхэг, “Богдын шангад” зурмал 1 ширхэг, “Тойног” бурхан 2 ширхэг, хонх 1 ширхэг, дамар жижиг гар 1 ширхэг, зэм бумба 1 ширхэг, тахилын цөгц 9 ширхэг, хурган дотортой мөнгөн товчтой дээл, өвлийн савхин куртик зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Н.Ө- ын: “...Эдгээр бурхад нь бүгд шавар болон модон, зурмал бурхад байсан. ...Мөн эхнэрийн хурган дотортой дээл байсан, өнгөрсөн жил 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өвлийн савхин куртик 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” /хх-22-24, 26/, гэрч Д.Цэрэнбүтэдийн: “...дэлгүүрийн хаалгыг гадагш нь хөшөөд онгойлгочихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс гуутай бурхан нэрийг нь мэдэхгүй, гуун дотроо хонх, арцны бойфер, авдар дотор гар дамар, ногоон торгонд ороосон том чан, 3 ширхэг шоо, ясан шоо, хурган дотортой эмэгтэй дээл 1 ширхэг байсан. Эдгээр алдсан зүйлсийг үнэлж мэдэхгүй байна. Хурган дотортой дээлийг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна.” /хх-27-29/, гэрч П.Баярбатын: “...чемодан дотор нь бурхан, ногоон хайрцаганд хурган дотортой дээл зэрэг эд зүйл байхаар нь ... тусдаа амбаарт хийсэн. Тэгээд хулгайн юм байж магадгүй гэж бодоод цагдаад авчирсан.” /хх-30-31/, шүүгдэгч Б.Э- ийн яллагдагчаар өгсөн: “...Баяннамсрай” дэлгүүрээс архи авах санаатай очоод хаалгыг нь нүдсэн, ... хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь цоожтой байсан дэлгүүрийнх хаалганы доод талаас нь гараараа хэд хэдэн удаа хүчтэй татахад цоож нь эвдрээд модон хаалга нь голоороо хугарчихсан. Тэгээд дотогш ороод лангуун дээрээс архи аваад хойд өрөө рүү нь ортол авдар дээр нь олон тооны бурхан, хурган дотортой дээл, дамар, хонх, ясан шоо, савхин куртик, цөгц зэрэг эд зүйлсийг чемоданд хийж аваад гарсан.” /хх-70-71/ гэх мэдүүлгүүд,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн: “15 нэр төрлийн эд зүйлсийг нийт 1.160.000 төгрөг” дүгнэлт /хх-59-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/147 дугаартай гарын мөр шинжилсэн дүгнэлт /хх-40-51/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э- ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Э- нь “ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар” давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.Э- нь “хулгайлсан эд зүйлээ сайн дураар хүлээлгэн өгсөн” гэдэг боловч хулгайн эд зүйлс гэрээс нь олдоход түүний гэр бүлийнхэн нь цагдаад хүлээлгэн өгсөн болох нь Б.Э- ийн аав гэрч П.Баярбатын мэдүүлэг /хх-30-31/-ээр тогтоогджээ.
Мөн Б.Э- нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-88-89, 92-94, 99-100, 104-105/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-96-98/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүнийг засарч хүмүүжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э- ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жил 2 сарын хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Э- ийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э- ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ