Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0736/З |
Дугаар | 128/ШШ2019/0076 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2019/0076
2019 оны 01 сарын 30 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: СС ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалын СС ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., түүний өмгөөлөгч Ц.Др, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СС ХХК-ийнзахирал Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Залаатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газар ашиглах эрх олгогдсон. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалаар уг газар эзэмших эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэг. Манай байгууллага нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18/04 тоот албан хүсэлтээр Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд газар ашиглах эрхтэй 1.0 га газартаа аялал жуулчлалын зориулалттай төслийнхөө үйл ажиллагааг эхлүүлэх болсон тухайгаа мэдэгдсэн байдаг.
Гэвч уг мэдэгдлийн хариу болох Богдхан уулын дархан цаазат газрын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 992 дугаар албан бичигт СС ХХК-д олгосон Дархан цаазат газарт газар ашиглах эрхийн гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалын дагуу хүчингүй болгосон тухай дурдсан ба уг актын хуулбарыг хавсралтаар хүргүүлсэн байсан.
Өмнө нь Байгаль орчны яам болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалыг хүргүүлж байгаагүй, цуцлах болсон тухай огт мэдэгдээгүй атлаа 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 992 дугаар албан бичигт манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан тухай дурдаж, хавсралтаар хүргүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан А/113 дугаар актын тухай анх олж мэдсэн.
Бид Байгаль орчны яам болон Дархан цаазат газрын захиргааны ажилтнуудаас асуухад манайх өмнө нь мэдэгдлүүдээ хүргүүлээд явж байсан гэх боловч өдийг хүртэл манай байгууллага дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар захиргааны акт ирж байгаагүй, мэдэгдэж байгаагүй болно.
Энэ нь Захиргааны байгууллага гаргасан актын тухай мэдэгдэх зарчмыг зөрчсөн, газар ашиглах эрхийг цуцлах талаар урьдчилсан сонсгол огт хийгээгүй, зөвшилцөх боломжоор хангалгүйгээр захиргааны акт гаргасан ба 2018 оны 08 дугаар сарын 01-ний дотор газрыг чөлөөл гэсэн шаардлага нь захиргааны байгууллагын мэдэгдэх зарчмыг зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэж байна.
Хоёр. Манай СС ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай газар нутгийн Залаатын ам нэртэй газарт 1 га талбайг 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрхийн гэрчилгээг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу авсан ба өнөөдрийг хүртэл хугацаанд тус газарт төсөл, үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Мөн төслийн хүрээнд шаардлагатай төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлүүд болон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тодорхой үйл ажиллагааг эхлүүлэхэд цаг хугацааны хувьд удаашралтай байсан ч бид тус ашиглах эрхийн гэрчилгээтэй газартаа шаардлагатай ажиллагаанууд хэрэгжүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулаад байгаа билээ.
Тухайн газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар төсөл хийгдсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, газар ашиглах эрхийн гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу ашиглаж ирсэн. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалаар газрыг цуцалсан нь газар ашиглах эрх дуусгавар болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Учир нь актын үндэслэлд дурдсанаар СС ХХК нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасны дагуу 50 метр зайд онцгой хамгаалалтын бүс тогтоож, хашаа барьсан бөгөөд онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж бариагүй, газар хагалаагүй, тэсэлгээ хийгээгүй, газар тариалан эрхлээгүй, ашигт малтмал хайгаагүй, олборлоогүй, зэгс, шагшуурга, мод огтлоогүй, элс, хайрга, чулуу аваагүй, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгээгүй, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулаагүй ба тус заалтыг мөрдөж үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Иймд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Усан сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж зааснаар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын мужид хамаарагдаж байна гэжээ.
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д ус хангамжийн эх үүсвэр гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг хэлнэ гэжээ.
Манай компанийн ашиглаж буй газарт уг хуулийн 3 дугаар зүйлд заасан худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламж байхгүй болно. Мөн Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын муж гэдэг нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасны дагуу худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийн гаднах хамгаалалтын бүсийг хэлнэ гэж байх тул энэ бүсэд хамаарахгүй байна.
Голын эрэг орчмын амьдрах чадвартай бургас модыг сүйтгэх эрсдэлтэй гэжээ. Манай компани Богдхан уулын Дархан цаазат газарт ашиглаж байгаа 1 га газар нь аялал жуулчлалын зориулалттай билээ. Аливаа аялал жуучлалын үйл ажиллагаа явуулахын тулд нэн тэргүүнд тавигдах шаардлага бол мэдээж байгалийн унаган төрхтэй, ногоон байгууламж бүхий, аялагч, жуулчид амрах, байрлахад тохиромжтой, тав тухтай орчин байдаг билээ. Энэ үүднээс манай компани тус газрын унаган төрхийг алдагдуулах үйл ажиллагаа огт хийгээгүй бөгөөд тухайн газарт шинээр ногоон байгууламж байгуулж, мод суулгаж, байгалиа хамгаалах талаас ажиллаж байгаа билээ.
Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц. Үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартын 5.1.2-т Эдэлбэр газрын байршлыг сонгохдоо гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсээс гадагш сонгоно, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д гол, мөрний урсац бүрэлдэх эх гэж гадаргийн урсацийн үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг хэлнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, тус газар нь өндөр уулсын бүс, сав газрын эх хэсэг биш бөгөөд голын дагуух газар билээ. Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсээс гадагш сонгоно гэж заасан байна. Уг стандарт нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зориулалттай орон сууц, үйлчилгээнд тавигдах шаардлага бөгөөд төслийн хүрээнд бид стандарт, нормын дагуу аялал жуулчлалын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөөд байна.
Мөн тус газар нь MNS 6426:2013 стандартын 5.1.2-т хамгаалагдсан ойн сан бүхий газраас 200 метрээс гадагш байна гэж заасан. Ойн сан бүхий газар гэдэг нь Ойн тухай хуульд зааснаар ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлнэ гэжээ. Иймд тус газар нь ойн сан бүхий газарт орохгүй бөгөөд тус газар нь ойгоор бүрхэгдсэн, ой доторх газар биш болохыг анхаарч үзнэ үү.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлүүд үүсээгүй байхад хариуцагч Усны тухай хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаал нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, урьдчилан мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, зөвшилцөх боломж, нөхцлөөр хангалгүйгээр хууль бус үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсны улмаас манай байгууллага өнөөдөр хуульд заасан журмаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж цаг, хугацаа болон хөрөнгө, мөнгөний хохирол амсаад байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай A/113 тоот тушаалын СС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол, мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж, 22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэмийг зөрчихийг хориглоно, 22.4-т Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж тус тус заасан.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12.1-д газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэж заасан.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 дүгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох саналыг тус тус үндэслэн СС ХХК-ийн1,0 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/113 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар нэхэмжлэгч СС ХХК-д Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах Залаатын аманд 1,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/407 дугаар гэрчилгээ олгожээ.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 дүгээр саналыг тус тус үндэслэн усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж буй 24 аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дотор СС ХХК-ийндээрх газар хамрагджээ.
Нэхэмжлэгч СС ХХК нь маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ захиргааны байгууллага гаргасан актынхаа тухай мэдэгдэх зарчмыг зөрчсөн, ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлүүд үүсээгүй байхад Усны тухай хуульд заасан үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 дүгээр албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэж тус тус тайлбарлан маргасан байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1401 дүгээр албан бичигт ...СС ХХК нь газар дээрээ хашаа барьсан, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул хяналт, шалгалт хийж акт үйлдээгүй болно гэх тайлбараар болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч компани нь дархан цаазат газрын дэглэм, горимыг зөрчиж, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчилсөн гэх үйл ажиллагаа явуулаагүй болох нь тус тус тогтоогдсон бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Үүнээс дүгнэвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 12.1-д газар хагалах ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэж заасныг, мөн хуулийн 40.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 40.1.2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа ноцтой зөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг буруутгаж, түүний ашиглаж байсан газрын эрхийг бүхэлд нь дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Түүнчлэн маргаан бүхий А/113 дугаар актад Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасныг үндэслэсэн төдийгүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 1401 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичигт нэхэмжлэгч нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1-д заасныг зөрчиж байсан нь мэдээллийн сангийн зургаас илэрхий харагдаж байсан гэж дурджээ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 1401 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн маргаж буй газрын зурагт нэхэмжлэгч компанийн 1,0 га газар нь голын эргээс 20 метр зайтай байх боловч шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч СС ХХК нь онцгой хамгаалалтын бүсээс өөрийн газрыг хязгаарлаж дахин хашаа татсан байсан бөгөөд уг бүсэд барилга байгууламж барих зэргээр Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон.
Хэдийгээр хариуцагч нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрхтэй байх боловч Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглох заалтуудын яг алийг нь нэхэмжлэгч зөрчсөн, ямар зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн татсан хашаа нь голын эргээс хичнээн зайтай байгааг шалгалгүй дээрх нийтлэг үндэслэлийг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн Усны тухай хууль 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсаны дараа хариуцагчаас 2016 оны А/220 дугаар тушаалаар нэхэмжлэгчид маргаж буй газрыг олгосон атлаа хожим Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, дээрх захиргааны актыг гаргасан нь шударга ёсонд нийцэхгүй юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг Аялал, жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ гэснийг маргаан бүхий актад үндэслэсэн байх боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болоход ямар хамааралтай болох нь тодорхойгүй. Нөгөөтэйгүүр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэмийг зөрчсөн гэх боловч дээрхээс аль хэсгийг нэхэмжлэгчид тухайлан хамааруулсныг хариуцагч тайлбарлаагүй, тухайн бүсийн дэглэмийн аль заалтыг хэрхэн зөрчсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.
Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан уг онцгой хамгаалалтын бүсэд ямар үйл ажиллагаа явуулж байсан, хэдэн удаагийн зөрчил гаргаж байсан талаарх нотлох баримтыг хариуцагчаас хэд хэдэн удаа шаардахад гаргаж өгөөгүй, ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана ... Энэ хуулийн зохицуулалтыг төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа зайлшгүй харгалзах ёстой байж... гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг захиргааны байгууллага зөрчсөн болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах буюу сонсгох ажиллагаа явуулах, ингэхдээ тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцуулах талаар заажээ.
Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 432 дугаар, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 586 дугаар, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 967 дугаар мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан гэх боловч уг мэдэгдлүүдийг нэхэмжлэгч хүлээн авсан нь тодорхойгүй, газрын эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэж нэгэнт шийдвэр гаргасны дараа мэдэгдэл хүргүүлсэн зэргээс үзвэл захиргааны байгууллагыг сонсгох ажиллагаа хийсэн гэж боломжгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын СС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр товлосон бөгөөд шүүх хуралдааны товыг түүнд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д заасныг үндэслэн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СС ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын СС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйли йн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ