Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 006/2014/0043/З |
Дугаар | 221/МА2015/0056 |
Огноо | 2015-01-28 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0056
2015 оны 1 сарын 28 өдөр Дугаар ДЗШ/МА2015/0056
Д.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Д.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г , хариуцагч НДХД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М , Л.С , хариуцагч нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б , Ч.Э , хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 60 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч НДХД-ын гаргасан давж заалдах гомдлоор, Д.С-ийн нэхэмжлэлтэй, ДУА-ийн НДХД болон улсын байцаагч Ч.Э , Э.Д , Б.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...НДХД-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5* дугаар тушаалаар намайг төрийн албанаас халсан. Энэ тушаалыг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гардан авч, Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Уг зөвлөл нь миний өргөдлийг хянаж үзээд дээрх 5* дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн учраас эрх зүйн хувьд хүчин төгөлдөр шийдвэр биш гэсэн хариу ирсэн... Миний хувьд ДВ аудит ХХК-ийн захирал Б.У гаас 800.000 төгрөгийг 2012 оны намар 09 дүгээр сард мөнгөний хэрэг болж, хувьдаа зээлж авсан. Уг мөнгийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан, нийгмийн даатгалын хөрөнгөөс хувьдаа завшсан гэж үзэж арга хэмжээ авсныг ойлгохгүй байна. Хэрэв ингэж үзвэл цагдаа, хууль хяналтын байгууллага шалгаж, миний гэм бурууг хэлэлцэж, шүүхээр нотлогдож шийдсэний дараа энэ асуудлыг шийднэ гэж бодож байна. Иймд, Дархан-Уул аймгийн НДХД-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5* дугаар, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, төрийн албанд урьд байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 2.100.000 төгрөг, мөн ажилласан хоногт амралтын мөнгийг бодож, гэм буруутай этгээдээс бүрнээр гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Дархан-Уул аймгийн НДХД-ын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тушаал, мөн улсын байцаагч нарын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар актыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.С нь ажиллах хугацаандаа хариуцсан аж ахуйн нэгжийнхээ нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр ирсэн мөнгийг хувьдаа ашиглан, нийгмийн даатгалын санг хохироон, тухайн байгууллагын ажиллагсадын нийгмийн баталгааг алдагдуулсан ёс зүйн ноцтой зөрчил гаргасны улмаас НДХД-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5* дугаар тушаалаар төрийн албанаас халагдсан. Д.С нь 2012 оны 08 дугаар сард Говьсүмбэр аймгаас шилжин ирсэн иргэний тэтгэврийн хувийн хэргийг дундаас нь авч 50.000 төгрөг хахуульд авч, хувьдаа ашигласан, улмаар тэтгэвэрийн дэвтрийг нь өөрт нь өгөлгүй удааж байгаад, тэтгэврийг бөөнөөр нь авч өгөн дундаас нь 400.000 төгрөг зээллээ хэмээн авч, албан тушаалын давуу байдлаа ашиглан тэтгэвэр авагчийг хохироосон... үйлдэл гаргаж байсан бөгөөд Хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээж, Төрийн албаны тухай хуулийн дагуу шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан нь илэрсэн тул төрийн албанаас халагдсан... гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын улсын байцаагч Э.Д , Б.Б , Ч.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...ДВ аудит ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, ажиллагсадын нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах шаардлага тавихад байгууллагын нягтлан бодогч н.У танай хэлтсийн байцаагч Д.С д шимтгэлийн орлого болох 800.000 төгрөг өгснийг хасч, үлдэгдлийг тооцно гэж гомдол гаргасан... Д.С нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байх тул ДВ аудит ХХК-тай тооцоо нийлснээр тухайн компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого болох 800.000 төгрөгийг төлөх нь зүйтэй гэж дүгнэн, улсын байцаагчийн актаар төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 102 тоот актыг бичсэн... Уг акт эрх зүйн хувьд хүчин төгөлдөр гэжээ.
Гуравдагч этгээд Э.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2010 оны 09 дүгээр сард эрүүл мэндийн даатгалын байцаагчаар ажилд орсон. 2011-2014 оны хооронд хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс ажилдаа эргэж орохдоо Эрүүл мэндийн орлого, хамрагдалт хариуцсан байцаагчаар орсон гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн НДХД-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5* , 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тушаалууд, Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 102 тоот актыг тус тус хүчингүй болгож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн хамрагдалт, орлого хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн ажилгүй байсан хугацаа /2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх/-ны цалин 3.787.472 төгрөгийг ДУАНДХ-ээс гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ДУА-ийн НДХД Л.Э-ээс 35100 төгрөг, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Э , Э.Д , байцаагч Б.Б нараас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Э давж заалдах гомдолдоо: ...Д.С д авсан арга хэмжээ нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас шууд халж байгаа асуудал биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж байгаа асуудал юм. Д.С дээр дурдсан үйлдлүүдээрээ нийгмийн даатгалын ажилтны ёс зүйг ноцтой зөрчсөн болох нь шалгагдан тогтоогдсон бөгөөд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын ёс зүйн хороогоор хэлэлцэгдэн тогтоогдсон асуудал юм. Нийгмийн даатгалын байгууллагын байцаагчийн баримтлах үйл ажиллагаа, ёс зүйн зарчим нь тусгай хууль тогтоомжоор зохицуулагдсан, түүнийгээ ёсчлон биелүүлэхээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч билээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-т шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэл орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, ёс зүйн хэм хэмжээг зөрчих... эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын... хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан. Үүний дагуу байцаагч Д.С-ийн удаа дараагийн зөрчилд нь сахилгын арга хэмжээ авсан байхад төрийн жинхэнэ албанаас халсан мэтээр ойлгон шийдвэрлэсэн нь буруу юм.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...түүний гаргасан зөрчил тогтоогдсон тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзан гаргасан зөрчилд тохирсон... шийтгэлийг ногдуулах нь хуульд нийцэх байжээ гэжээ. Д.С-ийн гаргасан зөрчил нотлогдон тогтоогдсон. Шүүх энэ хэсэгт Иймд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3 заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж... тушаалуудыг хүчингүй болгож, ...албан тушаалд нь эгүүлэн тогтоож... гэжээ. Дээрх хуулийн заалтууд тухайлбал, 15 дугаар зүйлийн 15.1.7-д албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэсэн, 26.1.3-д Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн заалтууд байна. Гэтэл шүүх эдгээр заалтыг баримтлан ажилд нь эргүүлэн тогтоож байгаа нь ойлгомжгүй бөгөөд нийгмийн даатгалын санд орох мөнгийг ашигласан ёс зүйн зөрчил давтан гаргасан этгээдийн талд гарсан гэж үзэж байна.
Д.С нь ДВ аудит ХХК-аас шимтгэлд төлөхөөр авч ирсэн 800.000 төгрөгийг 2011 оны намар авч, 3 жил гаруй хугацаанд ашигласан нь нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогч даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн /ажил олгогчийн итгэлийг алдахуйц үйлдэл гаргасан/, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг зөрчсөн тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-ийн 2-т заасныг үндэслэн улсын байцаагчийн акт тавьсан. Гэтэл уг актыг мөн хүчингүй болгосон нь үндэслэлгүй, ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй байна. Иймд, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны болж чадаагүй учир хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ДУАНДХ-т улсын байцаагч ажилтай Д.С нь 2012 оны 08 дугаар сард Говьсүмбэр аймгаас шилжин ирсэн иргэний тэтгэврийн хувийн хэргийг дундаас нь авч, тэтгэвэр хариуцсан байцаагчид хэлж, хурдан зохицуулж өгнө хэмээн 50.000 төгрөг авч хувьдаа ашигласан, улмаар тэтгэврийн дэвтрийг нь өгөлгүй удааж байгаад 2013 оны 02 дугаар сард ХААН банкинд дагуулан очиж, тэтгэврийг нь бөөнөөр авахуулан дундаас нь 400.000 төгрөг зээллээ хэмээн авч албан тушаалын давуу байдлаа ашиглан тэтгэвэр авагч иргэнийг хохироосон үндэслэлээр НДХД-ын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 111 тоот тушаалаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байна.
Дээрх тушаал гарснаас хойш түүнийг аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр авч ирсэн 800.000 төгрөгийг авч ашигласан зөрчил гаргасан гэж үзэж, НДХД-ын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5* тоот тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх хариуцагчийг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолыг зөрчсөн гэж буруу дүгнэлт хийжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд улсын байцаагч Д.С-ийн гаргасан зөрчлийн талаар НДХД-ын зөвлөлийн хурлаар 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцсэн байх бөгөөд уг хурал дээр Д.С нь ...би бас дуугүй хүн биш. Би гадна дотноос өчнөөн юм сонсож байгаа. Тэвчээртэй явж байгаа. Би энэ албан тушаалыг чамд өгснөөр чамтай албан тушаал булаацалдаагүй. Надад танил талын хүрээ олон байна. Олон хүнээс чамайг сонсож байна. Чи нэг талын өнцгөөс хараад байна. Би иргэн хүнээс мөнгө зээлсэн. Чи урьд нь ямар хүн байснаа санах хэрэгтэй. Эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг ингэж шийдэж болохгүй. Би гомдолтой. Чи энэ ажлаа хий. Сайн явахыг чинь харъя. Төрийн албандаа удаан ажиллаарай чи гэж хэлээд орхин гарсан байна. Д.С нь тухайн хуралд үг хэлэх, тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй боловч тэрээр дээрх эрхээ эдлээгүй. Харин ч ... Чи энэ ажлаа хий. Сайн явахыг чинь харъя. Төрийн албандаа удаан ажиллаарай чи гэж хэлээд хурлыг хаяж явсан байна. Иймд хариуцагчийг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолыг зөрчиж, тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх гэрч Б.У гаас хувийн журмаар мөнгө зээлсэн гэж нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхэд Б.У нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...Иргэний журмаар байгуулсан зээлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Яагаад гэвэл Сэлэнгэд авч өгсөн 800.000 төгрөгийг би байгууллагын мөнгөнөөс авч өгсөн. Энэ мөнгө нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө шүү гэж хэлээд өгсөн. Д.С байгууллагынхаа хурлаар орсны дараа над руу утсаар яриад хувийн журмаар мөнгө зээлсэн гээд хэлээд өгөөч, чи тэгээд хэлчихвэл би шүүхэдмээр байна гэж байсан. Сүүлд бас манай гэрт ирж уулзаад баахан уйлж байгаад явсан. Сүүлд нөхөр нь хүртэл аав ээж рүү ярьсан, өөр нэг согтуу хүн утсаар яриад дарамталж байсан. Би Д.С д энэ мөнгийг байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө шүү, та боломжоороо цувуулаад ч гэсэн төлөөрэй гэж хэлж байсан. Би мөнгөө нэхэж ажил дээр нь зөндөө очиж байсан. Ажлын газрын, хажууд суудаг хүмүүс нь бараг мөнгөний асуудлаар очиж байгааг анзаарсан байх. Өмнө нь би Д.С д 200.000 төгрөг хувиасаа зээлж байсан. Тэгээд буцааж авах гэж зөндөө удсан, нэхэх болгонд худлаа үнэн шалтаг тоочоод өгөхгүй байсан. Тийм учраас би дахиж 800.0000 төгрөг хувиасаа өгнө гэж байхгүй шүү дээ. Би тэр 800.000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө шүү, сар сараар нь цувуулаад ч болов төлөөрэй гэж хэлсэн. Одоо ч хүртэл 800.000 төгрөгөө төлөөгүй л байна гэж мэдүүлсэн байна.
Дээрх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Д.С-ийг иргэн Б.У гаас хувийн журмаар мөнгө зээлсэн гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн дээрх мөнгийг авахаар удаа дараа нэхэмжлэгчид хандаж, нийгмийн даатгалын шимтгэлдээ төлөх гэж байгаа тухайгаа хэлж, шаардаж байжээ.
Шүүхэд нэхэмжлэгч Д.С ДВ аудит ХХК-ийг хариуцан ажилладаггүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч гэрч Б.У гийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг 2011 оныг дуустал хариуцан бичсэн байгааг дурдах нь зүйтэй. /хх-ийн 240-241 дүгээр хуудас/
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн Төрийн албан хаагчид хориглох зүйл гэсэн 15 дугаар зүйлийн 15.1.7, Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрмийн Тав дахь хэсгийн 23, 24 дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэв.
Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 15.1.6 дахь хэсгийг баримталсан явдал нь тухайн тушаалыг бүхэлдээ хүчингүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд тухайн тушаалдаа зохих залруулгыг хийснийг буруутгах үндэслэлгүй.
2. Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Э , Э.Д , Б.Б нарын гаргасан 2014 оны 07 сарын 02-ны өдрийн 102 тоот актын тухайд:
Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5-д нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 6-д нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нийгмийн даатгалын байцаагчийн гарсан шийдвэр болох 102 тоот актын талаарх гомдлоо эхлээд нийгмийн даатгалын дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах ёстой байна. Дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн эсхүл дээд шатны байгууллага гомдлыг шийдвэрлээгүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэнэ.
Иймд, нийгмийн даатгалын байцаагчийн 102 дугаар актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Нэхэмжлэгч 102 дугаар актыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэхийг хүсэж, гомдол гаргасан гэх боловч /хэргийн 66-67 дахь тал/ уг гомдолд 102 дугаар актыг хүчингүй болгуулах талаар дурдаагүй, тийм шаардлага гаргаагүй, түүнчлэн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ёс зүйн хорооноос Д.С д өгсөн хариу албан бичигт улсын байцаагчийн актын талаар дурдагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг
1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан НДХД-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5* дугаар, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ДУАНДХ-ийн эрүүл мэндийн хамралт, орлого хариуцсан байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Д.С-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.С-ийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР