Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/230

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          29                                       2022/ШЦТ/230

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Б.Хурц,

өсвөр насны шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Хд холбогдох эрүүгийн 2210002810119 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ..................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З.Х /РД:................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч З.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Саруул өргөө хотхон, 43а байрны орцонд Э.Дийг төрсөн эгчид нь архи өгсөн байна гэх шалтгаанаар нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр халдаж түүний эрүүл мэндэд 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Өсвөр насны шүүгдэгч З.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийг оюуны хомсдолтой гэдгийг нь тухайн өдөр мэдээгүй. Миний эгч удаа дараа өмнө нь хамт архи уудаг байсан. Тэр өдөр архи уусан. Эгч болохоор архи уухгүй гэж хэлж чадахгүй, оюуны хомсдолтой. Өмнө нь намайг зодчихлоо гэж хэлдэг байсан. Э.Дийг яв гэж 2-3 удаа хэлээд байхад гарахгүй байсан. Оюуны хомсдолтой байсан гэдгийг мэдээгүй байсан. Миний буруу...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Э.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 19-ийн автобусны буудал дээр Эгшиглэнтэй таарсан бөгөөд тэр согтуу явж байсан. Тэгээд би хүргэж өгөх гээд цагдаа эгчтэй таараад хамт гэр рүү нь хүргэж өгсөн. Эгшиглэнг гэрт нь оруулаад өгтөл дүү гэх залуу нь миний нүүр рүү цохиж газар унагаан дээрээс өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал)
  3. Гэрч Д.Энх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...43 дугаар байрны 1 давхрын жижүүрийн хажуу талын хаалгыг тогшиход нэг залуу хаалга тайлсан ба “энэ дагуулж явж архи өгдөг гэснээ Э.Д гэх залууг учир зүггүй нүүр рүү нь цохиж унагаад дээрээс нь дэвссэн...араас нь гартал дахиад Э.Дийг унагаасан дээрээс нь өшиглөж байсан...” гэсэн (хавтаст хэргийн 11-13 дахь тал)
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1909 дугаартай:

“-Э.Дийн биед 2 нүдний зовхинд цус хуралт, :өөлөн эдийн няцрал, дух, уруул, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-33 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 57 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч З.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Саруул өргөө хотхон, 43а байрны орцонд Э.Дийг төрсөн эгчийг нь дээрэлхсэн мөн архи уулгасан гэх шалтгаанаар нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр халдаж түүний эрүүл мэндэд 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл тухайн үед болсон үйл явдлыг харсан гэрч Д.Энх-Отгоны мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/-ээр өсвөр насны шүүгдэгч З.Х нь хохирогч Э.Дийн нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Улмаар өсвөр насны шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол учирсан, уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой талаар шинжээчийн 1909 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/-д тусгасан байх ба өсвөр насны шүүгдэгч нь хохирогчийг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргадаггүй. Иймд өсвөр насны шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Өсвөр насны шүүгдэгч З.Хын хувьд тэрээр хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх идэвхитэй үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учирсан буюу өсвөр насны шүүгдэгчийн цохьсон идэвхитэй үйлдэл хохирогчид учирсан гэмтэл хооронд шалтгаант холбоо байх тул өсвөр насны шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан хохирогч Э.Дийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 58 дахь тал/, өсвөр насны шүүгдэгч З.Хын төрсөн эгч З.Мишээлийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 72 дахь тал/-аар хохирогч болон өсвөр насны шүүгдэгчийн төрсөн эгч нар нь f71 буюу оюуны хүндэвтэр хомсдолтой болох нь тогтоогдож байна.

Харин мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч З.Х нь хохирогчийг сэтгэцийн өвчтэй гэдгийг мэдээгүй байсан талаараа тогтвортой мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч З.Х нь хохирогчийг оюуны хомсдол өвчтэй гэдгийг мэдээгүй буюу түүнийг эрүүл саруул хүн хэрнээ оюуны хомсдолтой эгчийг нь дээрэлхэж зодсон мөн архи уулгасан гэж ойлгосны улмаас хохирогчийн эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулжээ.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтуудаас шүүх хохирогчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Учир нь нь хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан байх боловч хохирогч нь f71 буюу оюуны хүндэвтэр хомсдолтой болохыг тодорхойлсон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 58 дахь тал/ авагдсан байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв, өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримт гэж үнэлээгүйг тайлбарлах нь зүйтэй.

Харин шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч З.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дарийхүү мөрдөнө шалгах ажиллагааны явцад 198.000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзсэн болно.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал /...17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг.../, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгч нь тухайн хэрэг учрал болох үед хохирогчийг оюуны хомсдол өвчтэй гэдгийг мэдээгүй байсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан З.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.

              Өсвөр насны шүүгдэгч З.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

  Өсвөр насны шүүгдэгч З.Хд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч З.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Хыг ялаас чөлөөлсүгэй.
  3. З.Хд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нийт 198.000 /нэг зуун ерөн найман мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дарийхүүд нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР